НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.
-Ардчилсан нам шинэ даргатай болоод найман сар боллоо. Энэ хугацаанд намын бүтэц, зохион байгуулалтаа яагаад хийхгүй байна вэ?
-Гурван жил орчим тал тал тийш харж, зөрчилдсөн талуудыг эвлүүлэх нь амаргүй байгаа байх. Намын даргад ямар нэг бодлого, төлөвлөгөө байгаа байх гэж найдаж байна.
-Энэ сарын 28-нд ҮБХ-ны хуралдаан товлогдсон нь бас л маргаан дагуулах шиг боллоо. Өөрсдийгөө ҮБХ-ны дарга гэж байгаа Ж.Батсуурь, Д.Ганбат, А.Мөнхбаяр нарын хэн нь ч хүчин төгөлдөр бус гээд танай намынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа харагдсан. Намын даргад ҮБХ-ны хурлыг товлон зарлах эрх нь бий биз дээ. Эсвэл Л.Гантөмөр хүчгүй байна уу?
-Санаа зовох асуудал байхгүй. Бид одоо бол албан ёсны даргатай болсон. Намын даргыг Дээд шүүх бүртгэж авахдаа холбогдох хууль, журам, манай намын Үндсэн дүрэмд тулгуурлан шийдвэр гаргасан. Бүртгүүлэх хүсэлтэд хоёр талаас нэгдсэн ҮБХ-ны хурлын тогтоол, шийдвэрүүд, мөн тэр хурлаар сонгогдсон ҮБХ-ны дарга Ж.Батсуурийн гарын үсэгтэй албан тоотууд явсан. Тиймээс ямар ч маргаан байхгүй. Улс төрийн орон зай хайсан хэсэг нөхөд АН-ын асуудал шийдэгдээгүй мэт бусдыг төөрөгдүүлж байгаа асуудал.
-Д.Ганбат гишүүн Улсын дээд шүүхэд албан бичиг илгээсэн гэх юм. Үүнийг дахиад л нам хагалах оролдлого гэж харах хүмүүс ч байсан. Танай нам шинэ даргыгаа Дээд шүүхэд бүртгүүлээд сонгуулиас хойших маргаандаа цэг тавьчихаагүй юм уу?
-Цэг тавьсан. Хэдхэн хүн зориуд асуудал мэт харагдуулж байна. Гэхдээ дахин хэлье, явуургүй зүйл.
-Ер нь АН-ын шинэчлэлийг яаж явуулах ёстой вэ. Танд ямар гарц шийдэл байна вэ?
-Яаралтай цахим нам болох ёстой. Үүд хаалгаа нээж үзэл санаа нэгтэй шинэ хүмүүс олноор оруулж ирэх хэрэгтэй байна. Мөнгөний нам, халамжийн нам биш болсноо зарлах. Баруун төвийн бодлого, үзэл баримтлал дээр тууштай байхаа зарлах. Намын удирдлагууд болон Улс төрийн зөвлөл нь нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаар байр сууриа илэрхийлж, гишүүд дэмжигчдэдээ луужин болох шаардлагатай.
гэх хэр нь огт өөр өөр үзэл, ойлголттой хүмүүс дүүрсэн байна. Путины түрэмгийллийг дэмжээд, халамжийн бодлого яриад, уул уурхайн төслүүдийн эсрэг тэмцэл өрнүүлээд явах улс энэ нам дотор олон байна. АН ийм бие организмтай байж таарахгүй.
-Сүүлийн үед танай намд клубүүд шинээр мэндэлж байна. Уг нь АН фракцгүй нам гэж зарлаж байсан шүү дээ. Гэтэл клуб нэртэй фракцууд олноор төрж, ашиг сонирхлын бүлэглэлүүд намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлнө гэх шүүмж яваад эхэлжээ. АН хүчтэй улс төрийн хүчин болоход клубүүдийн үүрэг, оролцоо ямар байх ёстой юм бэ?
-Клубийн системийг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжингүй орнуудын улс төрийн тогтолцоонд клубүүд ихээхэн үүрэг рольтой явж ирсэн. Манай нам тухайн үеийн коммунист нам буюу одоогийн МАН-ы бүтцийг дуурайж, засаг захиргааны нэгжид тулгуурласан, салбарласан, нүсэр бүтцийг бий болгосон. Улмаар дунд шат буюу аймаг, дүүргүүдэд дархан эрхтэй ноёд, вангууд бий болсон. Дээрээ байдаг фракцууд нь албан тушаал хувааж авдаг эрх ашгийн нэгдэл болсон. Одоо түүнийг засч, зөв хөгжүүлэх боломж гарч ирж байна. Нэг үзэл баримтлалтай нам байлаа гэвч, дотроо хөгжлийн бодлого, хөтөлбөр дээр ялгаа гардаг. Олон ургальч, ардчилсан зарчим шүү дээ. Түүгээрээ клуб, фракцад хуваагдах нь жам ёсны асуудал. Харин 2017 онд намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ “фракцгүй нам” гэж зарласнаас хойш хязгааргүй эрх дархтай намын даргатай, дотоод ардчилалгүй болж, дараалсан олон ялагдал хүлээсэн. Клубүүд нь намд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх ач холбогдолтой. Яаж вэ гэдгийг хэлье. АН-ын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо. ҮБХ байнга хуралдаад байж чадахгүй тул, өдөр тутамдаа намын бодлого, шийдвэрийг тодорхойлох 30-аад хүнтэй Улс төрийн зөвлөл ажилладаг. Тэгэхээр Улс төрийн зөвлөлд ядаж нэг төлөөллөө оруулж чадсан клуб, бүлгийг “фракц” гэж ойлгох хэрэгтэй. ҮБХ дээр дор хаяж арав, хориул байж байж төлөөллөө оруулна шүү дээ. Ингэснээр УТЗ нь фракцуудын хамтын шийдвэр гаргах талбар болно. Харин УТЗ дээр шийдвэр гаргахдаа олонхоор хүч түрэх зарчмаар биш, зөвшилцлийн зарчмаар шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. Тэгж байж хамтын удирдлага, дотоод ардчилал хангагдана.
-“АН өнгөрсөн 30 жил МАН-ын бүтэц, загвараар явж ирсэн. Цаашид энэ хэвээр явбал амжилт олохгүй” гэж танай намын залуучууд дуугарах боллоо. Тэгэхээр АН-ын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?
-МАН бол хойноос импортлогдсон нам шүү дээ, түүхэн талаас нь харвал. Харин АН бол 1990 онд монголчуудын хүсэл зоригоор бий болсон нам. Энэ намын унаж босч яваа түүх нь өөрөө Монголын ардчилсан тогтолцооны уналт босолтын тусгал. Үзэж туулах юмаа үзэж туулаад явж байна. Үндсэндээ анх Ардчилсан хувьсгалд гар бие оролцсон эхний үеийнхэн гуч гаруй жил АН-ын улс төрийг тодорхойлоод одоо хүссэн хүсээгүй дараа үедээ шилжүүлэх цаг нь ирж байна. Дараа үе нь хараахан сайн бэлтгэгдээгүй байгаа ч, би бол цаг хугацааны асуудал гэж бодож байна. Ардчилал, эрх чөлөөний хоёрдугаар давлагааг АН-ын шинэ залуу үе манлайлна гэдэгт итгэлтэй байна.
-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. АН ялалт байгуулахын тулд ямар бодлогоор өрсөлдөх ёстой вэ?
-Өөх ч биш, булчирхай ч биш байдлаар бол ялагдана. Үзэл баримтлалаа маш тодорхой зарлаж, чөлөөт нийгмийн үзэл санаатай хүмүүсийг сайтар татах хэрэгтэй. Тэд нийгэмд олонх биш ч, үнэнч, идэвхтэй сонгогчдод нөлөөлнө. Итгэл үнэмшлээ дагадаг хүмүүс сонгуулиас аль зургаан сарын өмнө л сонголтоо хийсэн байдаг. Түүний тулд бас АН дотроосоо үзэл санааны зөрчилтэй, популист, социалист, большевик, “ард түмнээ халамжилна”, “Монгол ялна” гээд байгаа улстөрчдөө голлох сонгуульт албан тушаалаас холдуулах хэрэгтэй. Ус, тосоороо ялгарна гэсэн үг. Харин сонгуульд ялахын тулд хэдийгээр үзэл баримтлалын хувьд зөрүүтэй ч, бусад улс төрийн хүчнүүдтэй эвсэж, эрх баригчдын эсрэг сөрөг хүчний нэгдсэн эвсэл байгуулах ёстой.
-Саяхан НИТХ-ын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх тан руу салаавч гаргасан талаар нийгмийн сүлжээнд нэлээд шуугьсан. Танаас уучлал гуйсан уу?
-Гуйсан. Би уул нь үер усны асуудлаар хотын дарга Сумъяабазараас тодорхой асуулт асуух гэж байсан юм. Баярмөнх төлөөлөгч тэгж урдуур нь орох хэрэггүй л байсан юм. Хотын даргын бүтэлгүй менемжентийн үр дагаврыг, баасыг цэвэрлэх гэж нийслэл, дүүргийн албан хаагчид, цэргийнхэн гэх мэт олон зуун хүн нойр хоолгүй ажилласан. Түүндээ ядарч, бас бухимдалтай байсан байх.