Categories
мэдээ нийгэм

М.Цукерберг: Сонгуульд хэн нэгэн этгээд нөлөөлөхөөс хамгаалахын тулд бид бүх чадлаараа ажиллах болно

Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Цукерберг өнгөрсөн мягмар гаригт Конгрессын сонсголд оролцож, анх удаа сенатчдын өмнө мэдүүлэг өглөө. Хар хөх хослол өмссөн тэрбээр Фэйсбүүкийн хөх өнгө бүхий зангиагаар гоёсон байв. Тэрбээр хоёр тэрбум гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг талаараа тайлбар өгсөн нь энэ. Сонсгол таван цаг орчим үргэлжилсэн агаад түүний мэдүүлгийг сенатын хууль зүй, худалдаа, шинжлэх ухаан, дэд бүтцийн байнгын хороод хамтран сонсчээ. М.Цукерберг сонсголын өмнө хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид хувь хүний мэдээлэл, аюулгүй байдал, ардчилалтай холбоотой олон асуудлын өмнө ирээд байна. Фэйсбүүк идеалист агаад бүхнийг өөдрөгөөр хардаг компани юм. Компани байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг хооронд нь холбоход бүх анхаарлаа хандуулж, илүү сайжруулах гэж ажилласан. Гэвч өнөөдөр бид олон сайн зүйл хийхэд ашиглагдаж буй зүйлсийг хүмүүс буруугаар ашиглахаас сэргийлж чадаагүйг харж байна. Бид өөрсдийн үүрэг, хариуцлагыг бүрэн ухаараагүй байсан нь маш том алдаа. Энэ бүхэн миний алдаа юм. Би Фэйсбүүкийг үүсгэж, үйл ажиллагааг нь хариуцаж байгаа учраас болж буй бүхий л үйл явдалд хариуцлага хүлээнэ” гэжээ.

Өмнөд Дакотагийн Бүгд Найрамдах Намын сенатч, худалдааны байнгын хорооны дарга Жон Дюн сонсголыг нээж үг хэлэв. Тэрбээр “Өнөөдрийн сонсгол бол онцгой үйл явдал. Хороод хамтарч сонсгол хийх нь онцгой ховор тохиолдол. Бас ганц гүйцэтгэх захирал АНУ-ын сенатын гишүүдийн өмнө мэдүүлэг өгөх нь онцгой үйл явдал. Гэхдээ Фэйсбүүк өөрөө онцгой компани. Сар бүр тус нийгмийн сүлжээг хоёр тэрбум гаруй хүн хэрэглэдэг. Энэ бол миний сонгогдсон муж болох Өмнөд Дакотагийн хүн амаас 1500 гаруй дахин их тоо” гэв. Тэрээр М.Цукербергт хандан “Таны түүх бол Америк мөрөөдлийн жишээ. Гэхдээ нөгөө талаас танд хариуцлага байх ёстой. Мөрөөдөл тань бусдын хувийн мэдээлэлд аюул учруулж байгаа эсэхийг хянах нь таны үүрэг. Бид таныг сонсож байна, Америк орон сонсож байна, магадгүй дэлхий сонсож байгаа байх” гэсэн юм.

Сонсголын үеэр М.Цукербергээс бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээ хэрхэн явагддагаас эхлээд маш олон асуултыг сенатчид тавьж байлаа. Тэрбээр “Компанийнхаа үнэ цэнийг хамгаалж, гарсан алдаануудыг залруулна” гэдгээ амласан юм. М.Цукерберг “Бид Фэйсбүүкийг буруу зорилгод ашиглахаас сэргийлж чадаагүй. “Кэмбриж Аналитик” компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг устгасан гэж итгэн, шалгаагүй орхисон нь бидний том алдаа байсан” гэв. Тэрээр мөн Фэйсбүүкийн одоогийн үнэ төлбөргүй хувилбар цаашид ч үргэлж хэвээрээ байна хэмээн мэдэгдсэн ч зар сурталчилгаагүй, төлбөртэй нийгмийн сүлжээ болгох боломжийг нээлттэй үлдээсэн байна. Харин АНУ-ын сенатчид түүнийг хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах амлалтаа олон жилийн турш биелүүлж чадаагүй, цаашид биелүүлж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. М.Цукерберг хариулахдаа “Бид үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлж чадаагүй нь том алдаа. Энэ миний алдаа, намайг өршөөнө үү. Миний бие Фэйсбүүкийг үүсгэн байгуулсан, компаниа удирддаг. Энэ компанид юу ч тохиолдсон үүрэг хариуцлагыг нь би хүлээх ёстой. Хүмүүсийг зөвхөн хооронд нь холбоно гэдэг нь хангалтгүй. Энэ холболтыг зөв зохистой түвшинд нь хийх ёстой. Хүмүүст санал бодлоо илэрхийлэх боломжийг нь олгохоос гадна, бусдыг хохироох, буруу мэдээлэл тараахаас сэрэмжлэх шаардлагатай. Бид хийх ёстой өөрчлөлтүүдийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ би үүнийг зөв зохистойгоор хийхээ амлаж байна. Үүнд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах үндсэн үүрэг маань багтаж байгаа. “Кэмбриж Аналитик” дээр үүнийг бид хийж чадаагүй” гэжээ.

Асуулт, хариулт хэлбэрээр явагдсан тус сонсголыг нээлттэй явуулсан юм. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн сэдэв нь нийгмийн сүлжээний компаниудыг хянах, зохицуулах тухай асуудал байв. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш аливаа улс орны сонгууль, улс төрийн үйл явцад нийгмийн сүлжээг ашиглаад нөлөөлөх эрсдэл их өндөр байсан гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар фэйсбүүк дахь хуурамч аккаунт, хуурамч мэдээллийг ашиглаад америкийн нийгэмд тулгамдсан зарим хурц асуудлыг дэвэргэх, иргэд сонгогчдыг талцуулах үйлдэл хийгдэж байсан гэж АНУ-ын Засгийн газар үзэх болсон. Үүнтэй холбогдуулан хоёр сарын өмнө ОХУ-ын 19 иргэний эсрэг хориг тавьж буйгаа зарлаж байсан билээ.

2000 оноос хойш ямар нэгэн төрийн хяналтгүйгээр дээр нь асар их хэмжээний ашиг олж, баяжсан нийгмийн сүлжээний компаниудыг удирдан зохицуулах, хянах, тэр байтугай санхүүгийн утгаараа татвар ногдуулах тухай асуудал маш хүчтэй хөндөгдөх болсон билээ. Фэйсбүүк компанийг үндэслэгч М.Цукербергийг Конгрессын байнгын хороо дуудаж мэдүүлэг авах тухай асуудал урьд нь яригдаж байсан бол өчигдөр ийнхүү тэрбээр өөрөө Конгрессын гишүүдэд тайлбар өгсөн нь энэ. Нэг талаар үүнийг мэдүүлэг гэж хэлж болох юм. Учир нь М.Цукербергийн хувьд Фэйсбүүк компани өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах, нийгмийн сүлжээ, улс төрийн зорилгоор фэйсбүүкийг ашиглан улс төрийн янз бүрийн худал хуурамч мэдээлэл цацахаас сэргийлэх ёстой байсан юм. Тэрбээр “Бид үүнийгээ чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Уучлал гуйж байна. Нийгмийн сүлжээг аливаа улс орны засгийн газар, компаниуд, хувь хүмүүс улс төрийн зорилгоор ашиглахын эсрэг илүү хяналттай байх ёстой. Манай компанийн хувьд аль эрт энэ чиглэлээр технологи боловсруулж ирсэн. Тухайлбал, хуурамч аккаунттай хүнийг яаж таних уу, үнэхээр тэр хүний аккаунт, профайл мөн эсэхийг шалгадаг тусгай аппликэйшн программуудыг удахгүй нэвтрүүлнэ” гэсэн байна. М.Цукербергийн хувьд Фэйсбүүк компанийг анх үндэслэн байгуулж байх үедээ хэдэн жилийн дараа байгууллагыг нь Засгийн газраас зайлшгүй хянах шаардлагатай болно гэдгийг мэдэж байсан” гэжээ. Тэрбээр Фэйсбүүк компаниа байгуулах тухай санаагаа анх 2004 онд оюутны дотуур байранд байхдаа олсноо дурдахдаа “Би Фэйсбүүкийн тусламжтайгаар хүмүүс найз, нөхөд, гэр бүлтэйгээ болон мөн дэлхийн хүн амтай мэдээлэл солилцох боломж олгосон. Гэхдээ энэ маань эргээд эрсдлийг дагуулдаг болохыг сайн ойлгож байна. Тийм учраас манай компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах төдийгүй улс төрийн зорилгоор олон аккаунт энд тэнд үүсгэж, түүгээрээ дамжуулан хуурамч мэдээллийг олон нийтийн дунд цацсанаар хэрэглэгчид болон иргэд хоорондоо байр суур нь зөрчилддөг, муудалцдаг, хагалан бутаргадаг зүйлээс би сэргийлэх шаардлагатай гэдгийг мөн ойлгосон” гэжээ. Тэрээр мөн “Оросуудын зүгээс Фэйсбүүк компани болон нийгмийн сүлжээг ашиглан хүчтэй дайралт ирж байдаг. Энэ нь бас нэг талаар зэвсгийн өрсөлдөөн маягийн зүйл өрнөж буйг харуулж буй” гэсэн байна. Энэ нь юуны өмнө Америкийн улс төрд Оросын нөлөө бий гэсэн байр суурьтай Конгрессын гишүүдэд тусгайлан зориулж хийсэн тайлбар гэж үзэх хүн байгаа аж. Нөгөө талаас ирэх арваннэгдүгээр сард АНУ-д Конгрессын сонгууль болно. Энэхүү сонгуулиас урьтаж ямар нэгэн байдлаар нийгмийн сүлжээнээс дайралтууд орж ирж болзошгүй гэсэн анхааруулга гэж ойлгож болох аж.

Ингээд сонсголын үеэр анхаарал татсан зарим сенатчдын асуултад М.Цукерберг хэрхэн хариулсныг товчлон хүргэе.

Сенатч Дик Дюрбин: Та өнгөрсөн шөнө хоносон буудлынхаа нэрийг бидэнтэй хуваалцахдаа таатай байх уу?

М.Цукерберг: Үгүй.

Д.Дюрбин: Энэ долоо хоногт та бусадтай мессэж солилцсон бол хэнтэй бичсэнээ бидэнд хэлэхгүй юу?

М.Цукерберг хариулах гэж тэвджээ.

Д.Дюрбин: Миний бодлоор эндээс бүх юм харагдаж байна. Хувийн мэдээлэлд хандах эрх, хэм хэмжээ, дэлхий даяар амьдарч байгаа хүмүүсийг хооронд нь холбох нэрийн дор хэр их мэдээлэлд халдсан нь эндээс харагдаж байна.

М.Цукерберг: Би таны дүгнэлттэй санал нийлж байна. Хүн бүр өөрийнхөө мэдээллийг хэрхэн ашиглагдаж байгааг мэдэх эрхтэй гэж би бодож байна.

Сенатч Д.Сулливан: Та өөрийгөө дэндүү их хүчтэй болсон гэж бодохгүй байна уу?

М.Цукерберг: -Таны асуултын гол санаа нь Америкчуудын бахархлыг төрүүлэх байх.

Сенатч О.Хатч: Фэйсбүүк үргэлж үнэгүй хэвээр байх уу?

М.Цукерберг: Тийм ээ, Фэйсбүүкийн үнэгүй хувилбар байсаар байх болно.

Сенатч О.Хатч: Тэгвэл хэрэглэгч төлбөр төлдөггүй үйлчилгээг үргэлжлүүлэн авч явахын тулд яах ёстой вэ?

М.Цукерберг: Сенатчид аа, бид сурталчилгаа явуулна.

Сенатч Л.Грахам: Фэйсбүүк нь монополь компани мөн үү?

М.Цукерберг: Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Бидэнд Apple, Google, Amazon зэрэг олон өрсөлдөгч бий.

Сенатч Л.Грахам: Сая дурдсан компаниуд Фэйсбүүктэй ижил үйл ажиллагаа явуулдаг уу?

М.Цукерберг: Үгүй ээ, өөр зарчмаар ажилладаг.

Сенатч Б.Нельсон: Миний ойлгосноор хэрэв би хувийн мэдээлэлд минь үндэслэсэн сурталчилгаа харахыг хүсэхгүй бол Фэйсбүүкт төлбөр төлөх ёстой гэсэн үг үү?

М.Цукерберг: Тийм ээ, тэр үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар ийм сонголт байхгүй. Харин зар сурталчилгаанд суурилсан бизнес загварын ачаар бид дэлхийг тэр чигт холбож, хүн бүрт бусадтай харилцах эрхийг нь үнэгүй олгох боломж бий.

Сенатч Д.Фейнштейн: Фэйсбүүк цаашид АНУын сонгуульд гаднаас хэн нэгэн этгээд нөлөөлөхгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

М.Цукерберг: 2018 оны хамгийн чухал ажлуудын маань нэг бол энэ юм. Түүнчлэн компаниа үүсгэсэн цагаас хойш 2016 оны сонгуулийн үеэр ОХУ хэрхэн нөлөөлж буйг түргэн мэдэж чадаагүйдээ хамгийн их харамсч байгаа. Энэ жилийн хувьд зөвхөн АНУ гэлтгүй Энэтхэг, Бразил, Мексик, Пакистан, Унгар зэрэг олон оронд сонгууль болно. Тиймээс эдгээр сонгуульд хэн нэгэн этгээд нөлөөлөхөөс хамгаалахын тулд бид бүх чадлаараа ажиллах болно.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *