Categories
мэдээ нийгэм

М.Цогзолмаа: 50 дугаар сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаа НОК-ын шийдвэрийг зөрчсөнөөр хэд хэдэн багш ковидын халдвар авчихаад байна

Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын Зөвлөх багш М.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Коронавирусийн халдвартай холбоотойгоор мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг Нийслэлийн 50 дугаар сургуулийн үйлдвэрчний хороо зөрчиж хурал хийснээс хэд хэдэн багш ковидын халдвар авсан гэх мэдээлэл бий. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юү?

-Нийслэлийн онцгой байдлаас гаргасан дүрэм журамд зааснаар коронавирусийн халдварын үед 20-иос дээш тооны иргэн цуглуулж хурал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл энэ шийдвэрийг манай сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаа багш зөрчиж 100 гаруй хүнтэй хурал зохион байгуулсан. Уг хурлыг хууль бусаар зохион байгуулахын сацуу хоёр цаг гаруй хуралдаад биднийг тараахгүй байна гэсэн мэдээллийг уг хуралд суусан багш нарын төлөөлөл надад мэдэгдсэн. Энэ хурал дээр захирал миний биеийг албан тушаалаас нь буулгах, цаашлаад М.Цогзолмаа захиралтай хамтран ажиллахгүй гэсэн гарын үсэг цуглуулахын тулд уг хурлыг зохион байгуулсан юм билээ. Багш нар олон цагаар хуралдсан хурал тарахгүй байгаа учраас намайг ирж тарааж өгөхийг хүссэн. Миний бие одоогоор эрүүл мэндийн шалтгаантай байгаа ч багш нарынхаа эрүүл мэндийн төлөө очиж уг хурлыг тараасан. Тухайн хурал 15 цагаас зарлагдаж 16 цагаас ахлах ангийн цахим хичээл орох байсныг тасалдуулсан. Үнэхээр асуудал байгаа бол надтай нээлттэй ярилцаж болно. Гэхдээ хүүхдүүдийн сурах эрхийг зөрчиж, багш нарын эрүүл мэндийг эрсдэлд оруулан хууль бус хурал зохион байгуулсанд харамсаж байна. Үйлдвэрчний хороон дарга Х.Болормаад “Та ажил олгогчтой зөвшилцөж уг хурлыг хийх байсан. Та ковидын нөхцөл байдлын үед мөрдөх дүрэм журмыг зөрчиж хурал зөвөлгөөн хийснийхээ хариуцлагыг үүрэх хэрэгтэй. Танд хариуцлага тооцно” гэдгээ хэлсэн. Холбогдох байгууллагын удирдлагууд уг албан тушаалтанд зохих хариуцлага оногдуулах байх хэмээн итгэж байна.Уг хуралд оролцсон багш нараас хэд хэдэн багш нар коронавирусийн халдвар авсан.

-Ковидын үед эрүүл мэндийн байгууллага болоод боловсролын байгууллагын эмч, багш нар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Дээрээс нь багш нар толгой дараалан ковид тусч байгаа нь хүний нөөцийн дутагдалд оруулж байна уу?

-Хүний нөөцийн асуудал үнэхээр тулгамдсан. Хоёр жил орчим цахимаар хичээллэсэн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах асуудалд анхаарч ажиллаж байгаа энэ үед сургуулийн багш нар шил шилээ даран коронавирусийн халдвараар өвдөж байгаа нь эргээд хүүхдүүдийн сурах эрхэд нөлөөлнө. Одоогоор танхимын болон цахим сургалт хосолж байгаа учраас коронавирусийн халдвар авсан багш нараа цахимаар хичээлээ орох зохицуулалт хийсэн. Биеийн байдал нь хүнд, халдвар нь хүндэрсэн бол цахимаар ч хичээлээ орох боломж байхгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энэ бол ганцхан манай сургууль дээр ч тулгамдаад байгаа асуудал биш. Монгол Улсын хэмжээнд нийт СӨБ,ЕБС-иудын багш нарын нэлээд хэсэг нь хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авч хүний нөөцийн дутагдалд орохоор байна. Ийм цаг үед хүн бүр, сургууль бүр халдвар хамгааллын дэглэмээ сахиж, нэг ч гэсэн хүүхэд, багш, ажилтнаа халдвар авахаас урьдчилан сэргийлж ажиллах, УОК, НОК, ЭМЯ-наас гаргасан дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай байна. Уг дэглэмийг зөрчсөн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох ёстой.

-Та боловсролын байгууллагад хичнээн жил ажилласан бэ. Ямар туршлагатай хүн бэ?

-Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори 23 дугаар сургуульд 23 жил ажилласан. Энэ хугацаанд 20 жил сургалтын менежерээр ажилласан байна. Миний бие 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн захирлаар томилогдсон. Ажлаа хүлээн аваад есөн сар болж байна. Хэдийгээр богино хугацаа боловч олон ажил амжуулсан байна. Нэгдүгээрт, сургуулиа цахим сургууль болголоо. Хоёрдугаарт, эко сургууль болох зорилт дэвшүүлэн хэд хэдэн ажил хийлээ. Аль болох бүтээлч, шинэлэг ажлууд хийлээ. Энэ хугацаанд сургуулийнхаа 31 бүлгийн эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн цахимаар уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Манай сургууллийн 70-80 хувь нь залуу багш нар учраас тэдний хөгжлийн төлөө шат дараатай олон ажил зохион байгуулсан. Мөн сургуулийнхаа алсын хараа, стратеги төлөвлөгөө, зорилго зорилтоо хамт олонтойгоо хэлэлцэж, захирлын 100 хоногийн тайланг тавьж, хамт олон болон эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авсан.Энэ хугацаанд тус сургуульд олон жил ажилласан хэсэг бүлэг багш нар болон үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаа тэргүүтэй, бага боловсролын сургалтын менежер Б.Амар, нийгмийн ажилтан Р.Онон, нягтлан бодогч Ж.Жаргалмаа нарын хүмүүс сургуулийн захирлыг татан буулгах ажиллагааг зохион байгуулалттай явуулж байгаад харамсаж байна.

-Багш нартайгаа үл ойлголцсон асуудал бий юү?

-Миний хувьд 50 дугаар сургуулиа 23 дугаар сургууль шигээ хөгжүүлэхийг зорьсон. Миний бие уг албан тушаалд томилогдохдоо боловсролын ялгааг арилгах, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургууль болгох Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа эхлүүлсэн. Цахим сургууль болгохын тулд SOS 50 систем болон олон улсын Moodle системийг нэвтрүүлсэн. Энэ систем бол дэлхийн 260 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж байгаа систем юм. Богино хугацаанд ийнхүү цахим сургууль болж байгаа учраас багш нар тэр хэрээр ачаалалтай ажилласан. “Ковид-19” цар тахлын үед сургалтын үйл ажиллагаа бүрэн цахимд шилжсэн. Манай сургуулийн хувьд нэг захирлаар 10 жил удирдуулсан учраас тэр арга барилд нь дадчихсан байсан нь анзаарагдаж байна. Тиймээс шинэчлэлтэд дургүй нэгэн хэвийн байдлаар ажиллаж, зүгээр сууж байгаад цалин авах дуртай сонирхол бүхий хүмүүст миний удирдах арга барил, ажлын ачааллаар шахаж байгаа нь таалагдаагүй байж магадгүй. Алсын хараа, зорилгоо тодорхойлчихсон учраас захирал хүний хувьд багш нараа хурдтай, мэдрэмжтэй ажиллах шаардлага тавьж байсан нь асуудал дагуулсныг үгүйсгэхгүй. Энэ бол хүүхдүүдийн төлөө, сурах үйлсийн төлөө хийж байгаа алхам юм.

Иймээс боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан та энэ асуудалд анхаарч, Үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаагийн УОК-ын шийдвэрийг зөрчсөн явдалд хариуцлага тооцох ёстой юм биш үү.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *