Categories
мэдээ нийгэм

М.Шижирбаяр: “Нар мон” компанийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу хүчингүй болгосон

“Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр тэргүүтэй холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нар-Мон” ХХК-д 27598 м кв газрыг аж ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар газрын эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар худалдаа, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар 62794 м2 газрын эзэмших эрхийг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Харин нийслэлийн Засаг даргын 2020 оны А/505 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр “Нар-Мон ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг эзэмшихдээ тухайн дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшихдээ тухайн газрын дуудлага худалдаа болон жил бүр төлөх ёстой газрын төлбөрийг төлөөгүй. Гэтэл “Нар-Мон” ХХК-ийнхан өөрсдөө тайлбарлахдаа бид төлбөрөө цаг тухай бүрд нь төлж байхад төрийн байгууллага шалтгаангүйгээр цуцаллаа гэж байсан. Тус компани мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4532 м2 газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж шийдвэрлэсэн. Энэ компанийн газрын төлбөр төлсөн актыг маргаан үүсгээд буй 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа газрын акт хэмээн тайлбарлаад байгаа. Олон нийтийг харахад газрын баримт төлсөн юм шиг боловч үнэн хэрэгтээ тухайн компанийн эзэмшдэг өөр нэг газрын төлбөрийн акт байгаа юм” гэв.

“Нар-Мон” компани дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авах ёстой байдаг. Компани жил бүр нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмшиж, ашигладаг. Гэтэл тус компани байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тодруулбал, гэрээний дагуу газрын төлбөрийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албад төлөөгүй. Энэ нь газрын эрхийг цуцлах үндсэн шалтгаан болсон. Мөн уг компанид газрын зөвшөөрлийг олгох үед дүүргийн болон нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан аж. Энэ нь анхнаасаа хууль зөрчин олгосон газар болохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэллээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал “Нар-Мон ХХК-ийн тухайд газар эзэмших эрхтэй байсан. Газрын тухай хуулиар төрийн өмчийн газрыг тодорхой болзол нөхцөлтэйгөөр эзэмшиж байгаа учраас захирамжийн дагуу гэрээ байгуулдаг. Гэрээнд газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн Газрын тухай хуулийн 35.3-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээдэг юм. Газар эзэмшигч гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй. Тухайн компани энэ үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ шийдвэр гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй боловч тус компани шүүхэд нэхэмжлэх гаргасан асуудал байхгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн А/506 дугаар захирамжаар 22,6 га газрыг “Тавантолгой түлш” ХХК-д сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрлэлд агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Манай компани нийслэлийн 220 гаруй мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажилладаг. Бид түлшээ нөөцлөх, хадгалах хүрээнд газрын асуудлыг Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад удаа тавьж байсан. Улаанбаатар хотын нэг өдрийн хэрэгцээнд 3000-5000 тонн түлш шаардлагатай байдаг. Иймд түлшээ нөөцлөх, агуулахад хадгалах хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг ашиглана” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *