Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, бага ангийн багш М.Оюунцэцэгтэй бага ангийн боловсролын талаар ярилцлаа.
-Монгол Улсад зургаан настай хүүхэд сургуульд элсдэг журам мөрдөгдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн энэ стандарт Монгол Улсад хэр тохиромжтой байна вэ?
-Манай улс зургаан настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлж эхлээд 17 жил өнгөрлөө. Манай орны хувьд суурин болон нүүдэлчин амьдрал хосолдог учир амьдралын хэв маягаас шалтгаалаад бүрэн тохирдоггүй. Хот суурин газрын хүүхдүүд гэрээсээ сургуульд хамрагдах боломжтой учраас тохиромжтой. Харин хөдөө, орон нутгийн зургаан настнууд боловсрол эзэмшихийн тулд аймаг, сумын төвийг барааддаг. Зургаан настнууд дотуур байранд амьдрахад хэтэрхий балчирддаг учир гэр бүлийн аль нэг гишүүн хамт явдаг. Энэ нь эргээд гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлөх хандлага ажиглагддаг. Уг нь зургаан настай хүүхдийн онцлогт нь тохирсон заах арга зүйг олчихвол ямар нэгэн бэрхшээл байхгүй. Эдгээр хүүхдүүдийн онцлог нь сургуулийн өмнөх боловсролоосоо дөнгөж орж ирсэн байдаг учир сууж давтуулахаас илүү тоглоомын аргаар, хөгжөөнт хэлбэрээр удаан хэмнэлтэй хичээл заах нь хамгийн тохиромжтой байдаг.
-2005 оноос хойш төрсөн хүүхдүүдийг индиго, кристал гэх зэргээр нэрлэх болсон. Энэ хүүхдүүд тухайн оноос өмнө төрсөн хүүхдүүдээс ямар онцлогтой юм бэ?
-Хоорондоо их ялгаатай. 2005 оноос хойш төрсөн хүүхдүүд загнуулах, зэмлүүлэх, биед нь хүрэхэд маш дургүй байдаг. Хэрэв тэдэнтэй ингэж хуучны аргаар харьцвал тэд улам зөрүүдлэх хандлагатай. Харин нийгмийн хөгжил орчноос шалтгаалсан давуу тал олон бий. Техник, технологийн хөгжлийг маш хурдан сурч, чадамгай ашигладаг. Үүнийгээ дагаад гадаад хэлний дуудлага, суурь мэдлэг аяндаа бүрэлдчихсэн байдаг. Сэтгэхүйн хурд сайтай ч анхаарал төвлөрөх хугацаа нь богино байдаг.
-Тийм хүүхдүүдийн хичээлийг яаж давтуулбал үр дүнтэй вэ?
-Түрүүнд хэлсэнчлэн ийм онцлогтой хүүхдүүдэд загнах, цохих гэх мэт хүч хэрэглэх нь хамгийн буруу. Хүүхдийнхээ онцлогт тохируулах хэрэгтэй. Бүх хүүхэд хэвэнд цутгасан мэт ижилхэн байдаггүй. Нэг анги 40 сурагчтай гэвэл 40 өөр арга барилаар заана. Тэд 40 өөр хугацаанд тухайн агуулгыг эзэмшинэ гэсэн үг. Хүйсийн хувьд ч ойлгож, тусган хүлээн авах чадвар өөр, өөр байдаг. Эрэгтэй хүүхэд анги ахих тусам сурлагын чанар, бүтээмж нь өсөж байдаг. Харин эмэгтэй хүүхдүүд харьцангуй жигд байдаг учир суурийг нь тавихдаа анхаарах хэрэгтэй. Миний ажилласан 22 жилийн туршлага дээр үндэслэвэл хүүхдүүдийн хичээлийн мэдлэг чадварт нь анхаарахаас гадна тэдний авьяас чадварыг багаас нь хөгжүүлэх нь тохиромжтой. Энэ талаар эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ сонирхлын дагуу сургалтад хамруулахыг зөвлөдөг. Хүүхэд бүжгийн, шатрын гэх мэт өөрийн сонирхсон дугуйландаа хамрагдаад ирэхээр хичээлдээ ч идэвхтэй болж сурлага нь сайжирч хичээлээ давтах урам зоригтой болдог. Харьцангуй биеэ дааж эхэлснээр өөртөө итгэх итгэл бүрэлдэж, эмх цэгцтэй болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.
-Зургаан настай хүүхдүүд сургуульд орохдоо сургуулийн өмнөх боловсролоосоо ямар чадвар эзэмшсэн байх ёстой вэ?
-Энэ тал дээр эцэг эхчүүдийн дунд нэг том буруу хандлага ажиглагддаг. Зургаан настай хүүхдийг сургуульд орохоос нь өмнө уншуулж, бичүүлж сургах түргэвчилсэн сургалтад хамруулдаг. Ийм сургалтуудад уншлагын буруу техник эзэмшүүлж, насны онцлогийг харгалзаагүй заах арга ашигласнаас болж хүүхэд хичээл давтах дургүй болох сөрөг үр дагавар их гардаг. Түүний оронд хүүхдийнхээ насны хөгжил, онцлогт тохирсон дуу, шүлэг цээжлүүлж ой тогтоолтыг нь хөгжүүлэхэд анхаарах нь хамгийн чухал. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт тусгасан чадваруудыг эзэмшүүлсэн байхад л хангалттай. Тэр агуулгад хүүхэд бичиж сурахаас өмнө гар, хурууны хөгжлийг бэлдэж насанд нь тохирсон дасгал ажиллуулдаг. Бага насны хүүхдээ наснаас нь өмнө уншиж, бичүүлж сургахад яарах зүйл байхгүй.
-Зарим эцэг, эх хүүхдээ бага наснаас нь гадаад хэл эзэмшүүлэх сонирхолтой байдаг. Энэ нь хэр оновчтой вэ?
-Хүүхдийг багаас нь эх хэлийг бүрэн эзэмшүүлсний дараа гадаад хэл заах нь тохиромжтой. Монгол хэлээ сурна, судална гэдэг хоёрдогч хэлийг судлах суурь нь болно. Энэ тал дээр боловсролын системийн нэг алдаа бий. 1983-1985 оны хүүхдүүд I-III ангидаа монгол бичгээр хичээл заалгуулж байгаад IV ангиасаа кирилл үсгээр хичээллэх болсон. Ийм боловсролын системийн алдаанаас үүдэж тэр үеийн төгсөлтийнхөн зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг байсан. Эдгээрээс харахад хүүхдийг туршилтад аль болох бага өртөөсэй гэж хүсдэг. 5-6 насны хүүхдүүд цээжлэх чадвар, ой тогтоолт сайтай байдаг. Тэгэхээр хүүхэлдэйн кино, үлгэрийн ном, дуут тоглоом зэргээр дамжуулж авиа дуудлагаар гадаад үг тогтоолгож болно. Одоо манай боловсролын тогтолцоогоор бол улсын сургуульд I-IV ангид монгол хэлний суурь мэдлэгийг бий болгосны дараа V ангиас эхлэн англи хэлний хичээл ордог. Энэ нь хамгийн тохиромжтой үе юм.
-Бага насны хүүхдүүдэд багшаас гадна эцэг, эхийн олгож буй хүмүүжил төлөвшилт чухал үүрэгтэй. Эцэг эхчүүд ямар зан, чанарт анхаарах хэрэгтэй вэ?
-Бага насны хүүхдэд өөрийн гэсэн үнэлэмж тогтоогүй байдаг учир эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулж болохгүй. Хэрэв ингэвэл тухайн хүүхэд багшийгаа үл хүндлэх, үгэнд нь орохгүй байх магадлалтай. Тиймээс бүх шатны боловсролын багшийг хүндлэх хэрэгтэй. Мөн замын хөдөлгөөний тухай, гарцаар гарах зуршлыг багаас нь эцэг эх гэр бүлээр нь дамжуулж боловсрол олгох нь зүйтэй. Ингэвэл бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл ч мөн буурна. Зөвхөн сургууль, багш нар хүүхдүүдэд ногоон гэрэл, цагаан шугамаар гарахыг заасан ч багаас нь сургах хамгийн чухал. Эцэг эхчүүд багшийг заах хэрэгтэй гэдэг ч өөрсдөө бага насны хүүхдэдээ үлгэр жишээ болж хэвшүүлэх хэрэгтэй. Ингэвэл бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл ч буурна. Хүүхэд ганцаараа зам хөндлөн гарахдаа гарцаар гардаг бол том хүн дагуулж явахаараа гарцгүй газраар гардаг. Гэр бүлийн хүмүүжил, суурь дадал хэвшээгүй тохиолдолд бид зөвхөн онол заагаад бодитой үр дүнд хүрнэ гэдэг хэцүү. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдээ бага насанд нь зөв дадал хэвшлээр хүмүүжүүлэх нь чухал.
-Манай орны боловсролын систем учир дутагдалтай байна гэж хүмүүс ярьдаг. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?
-Ерөнхийдөө манай боловсролын систем хүнд хөтөлбөртэй. Их зүйлийг богино хугацаанд заахаар төлөвлөдөг. Ангиудаас шалгалт авч багш нарыг уралдуулдаг. Тиймээс багш нар хөтөлбөрөөсөө гадна маш ачаалалтай ажилладаг. Сургалтын хөтөлбөрөөс гадуур нэмэлт агуулгаар хүүхдүүдээ шахаж хүндрүүлэх тохиолдол ч бий. Тэгэхээр хөтөлбөрийг арай удаан болгож хөнгөвчлөх шаардлагатай байна. Мөн мaнай боловсролын системийн хамгийн том дутагдал бол гадаадын улсын хөтөлбөрийг улс үндэстнийхээ сэтгэхүйн онцлогийг харгалзалгүй шууд авч хэрэгжүүлдэг. Тэгэхээр монгол хүүхдүүдэд, хөрсөн дээр буухын тулд урт хугацаа шаарддаг. Эрх баригч нам солигдох тутамд төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт даган шинэчлэгдэж байдаг. Үүнийг дагаад хуучин хөтөлбөр үр дүнгээ өгч амжаагүй байхдаа шинэ хөтөлбөрөөр солигддог. Энэ нь багш болон хүүхдүүдэд хүндрэлтэй. Одоо манай салбарт урт хугацааны зорилт, төлөвлөгөө дутагдаж байна.
Б.ЗАЯА