Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг: 2020 оны төсөвт ЖДҮХС-д хуримтлуулах мөнгө тусгагдаагүй орж ирсэн

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-2020 оны төсөвт ЖДҮХС-гийн асуудал хөндөгдсөн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид асуулттай хэвээрээ байгаад байна. Та энэ дээр хариулт өгөхгүй юу?

-УИХ 2020 оны төсөв хэлэлцэх үеэр Сангийн яам бүх сангуудыг нэгтгэх асуудлуудыг оруулж ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бол жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ очвол маш хэрэгтэй сан. Мэдээлэлд ойрхон хүмүүс энэ сангаас мөнгө зээлж, энэ сан үеийн үед буруу замаар явж ирсэн. Тиймээс энэ санг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх журмыг яам нь гаргачихсан байхад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг ингэж нийлүүлж болохгүй. Тусад нь үлдээх ёстой гэсэн байр сууриа Ж.Ганбаатар гишүүн бид хэд нийлээд нэгдсэн чуулганаар хатуу илэрхийлсэн л дээ. Улмаар бидний санал дэмжигдэж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бие дааж үлдсэн. Сая Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд шалгаруулалтад явуулахад яг жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 43 аж ахуйн нэгж зээлээ авсан. Тэд баяртай байгаагаа илэрхийлж, талархлын мессэж бидэнд ирүүлсэн.

-2020 оны төсөвт ЖДҮХС-д хэчнээн төгрөг төсөвлөгдсөн юм бэ?

-Ер нь улсын төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хуримтлуулах мөнгө бол маш бага буюу бараг тусгагдаагүй орж ирсэн. Энэ санд мөнгө тусгагдах ёстой. Багаар бодоход 50 тэрбум төгрөг тусгагдах ёстой. Тусгагдахдаа улсын төсвийн 10 хувь нь ч юм уу энэ санд очдог байх ёстой гэсэн байр суурийг баримталсан. Гэхдээ улсын төсөв амаргүй байгаа энэ үед ингэж төсвийн тодорхой хувийг ЖДҮХ санд үлдээх бололцоогүй. Гэхдээ ЖДҮХС-д буцаан олголтоос мөнгө орно.

-Энэ санд мөнгө тусгагдахгүй гэсэн үг үү?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр мөнгө тусгах ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлээд ямар ч байсан тодорхой мөнгийг тусгана. Гэхдээ хангалтгүй байгаа. Бидний зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Энэ хоёр санд очих мөнгө нэмэгдсэнээр ажлын байр бий болгох, эргээд бичил бизнес, жижиг дунд үйлдвэрэл хөгжиж дэвших маш чухал ач холбогдолтой шүү дээ. Тиймээс бид энэ асуудалд анхаарч байгаа. Гэхдээ санхүүжилт хангалттай хэмжээнд биш байгаа. Тиймээс бид ирэх оны төсөвт дахин тодотгол хийвэл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөнд оруулах бололцоотой.

-Гадаад, дотоодын эх үүсвэрээс хөрөнгө татах бололцоо хэр байдаг вэ?

-Гадаад дотоодын эх үүсвэрээс хөрөнгө татах бүрэн бололцоо байгаа гэдгийг салбарын сайд болон Сангийн сайд ч ярьж байгаа. Энэ бололцоон дээр Эдийн засгийн байнгын хороо шахаж ажиллана.

-Ер нь улс орны хөгжил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих асуудалд чиглэдэг л дээ. Хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй байгаа асуудлыг та хөндлөө. Гишүүд өөрсдөө ЖДҮХС-гаас зээл авах боломжгүй болсон шүү дээ. Тиймээс төсөв дээр энэ санд мөнгө төсөвлөхгүй байна уу гэх хардлага бас байна л даа…

-Энэ удаа харин ч дэвшил гарчихсан байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээл маш өндөр шалгууртай байсан. Тиймээс жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид авч чадахгүй байсан. Харин өнөөх өндөр шалгуурт нь нийцдэг томоохон аж ахуйн нэгжүүд хэдэн тэрбумаар нь авчихсан асуудал гарсан шүү дээ. Ер нь Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаарх сүүлийн 10 жилийн судалгааг харахад мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан үүний нэг илрэл. Эрх мэдэлтнүүд энэ мөнгийг дараа нь өөрсдөө авахын тулд өөрсдөдөө тохирсон дэндүү өндөр шалгуур тавьдаг. Жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд тэр шалгуурыг нь хангаж чаддаггүй асуудал байдаг. Тийм учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлийн яамнаас журмаа өөрчилсөн. Тус журмаар яг жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид зээлийн шалгуурт тэнцэж, хөнгөлөлттэй зээл авах зөв журам гарсан. Энэ журам хэрэгжээд явж байгаа учраас маш том дэвшил гарсан. Үүнийг жижиг дунд үйлдвэрлэлийг тойрсон шуугианы бас нэг нааштай үр дүн гэж харж байгаа. Тэр өндөр шалгуурыг намсгасан учраас эерэг хандлагууд гарч байна. Очих ёстой эзэндээ хөнгөлөлттэй зээл маань очиж чадаж байгаа.

-Ипотекийн зээлийн асуудлаар та үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж байсан энэ талаар тодруулбал?

-2013-2017 оны үед Монголбанк энэ хөтөлбөрийн зээлийг дангаараа санхүүжүүлж байсан. Энэ нь ихээхэн үр дүнтэй байсан. Шинээр олон залуу гэр бүл орон сууцтай болсон. Гэтэл одоо ипотекийн санхүүжилт нь тодорхойгүй болчихжээ. БХБ-ын сайд “Ирээдүй өв” сангаас санхүүжүүлэх тухай мэдэгдээд л, үүнийг нь Сангийн сайд нь үгүйсгээд л. Монголбанк нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд эндээс гарахаа мэдэгдээд л тодорхойгүй болчихоод байна л даа. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд Засгийн газрын энэ эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувь болгож бууруулсан. Ингэснээр банкуудын өөрийн эх үүсвэрээс Засгийн газрын санхүүжилтийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр найман хувийн ипотекийн зээл олгох энэ журам үйлчилж эхэлсэн. Энэ хүрээнд 430 орчим тэрбум төгрөг гарч ирж байгаа. Бидний хийсэн ажил зорилтот бүлэгтээ хүрсэн үү гэдэг эргэлзээтэй байгаа шүү дээ, тиймээс энэ асуудлыг хөндсөн.

-Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан. Энэ өдрийн талаар таны бодол…

-Энэ бол маш чухал зүйл. Монгол Улс түүхээрээ бахархдаг. Өнөөдөр дэлхий биднийг Их эзэн Чингис хаанаар мэддэг болсон. Тийм учраас энэ өдөр монгол бахархлын өдөр, монгол түүхийн өдөр юм. Дэлхий дахинаа тусгаар тогтнолоо баталгаажуулж, их түүхийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн аугаа хүн бол Чингис хаан учраас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх нь хамгийн зөв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *