Categories
мэдээ соёл-урлаг

М.Одончимэг, Г.Ундармаа нар Төрийн ордонд зочлов

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн өнөөдөр Төрийн ордноо “Х ТҮЦ” прадокшны жүжигчин МУГЖ И.Одончимэг, “Шинэ үе” прадокшны жүжигчин МУСТА Г.Ундармаа нарыг хүлээн авч, хийж буй сайн үйлсэд талархал илэрхийллээ. “Х ТҮЦ ” прадокшны жүжигчин И.Одончимэгийн хувьд “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин жүжигчин Г.Ундармаа”Итгэлийн танхим-2″ төслөө нээсэн билээ. Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, мөн эмэгтэйчүүдийн төлөө юм. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэг та бүхэндээ баярлаж байна. Цаашид энэ талаар хамтарч ажиллах болно” гэлээ. Түүнчлэн хоёр жүжигчин бүсгүй сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.

Г.Ундармаа: Танхимаа тохижуулах материалаа 100 айлаас өөрөө татсан

“Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж ерөөсөө бодсонгүй. Мөн Одноо эгч бид хоёрын хийсэн ажлыг бусдад таниулж, талархаж байгаад маш их баярлаж байна. Ер нь бид үзэгчдийнхээ өгсөн мөнгөөр “Шинэ үе” прадокшнаас цалингаа авдаг. Бидний ажил мянган үзэгчийн өмнө явагддаг. Үзэгчид маань бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг. Бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлж чадахгүй учраас тодорхой хэмжээнд бидний зүгээс тус байх ёстой гэж бодсон. Харин тэр тус маань эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулья гэдэг санаа. Эмнэлгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй үйлчлүүлдэг юм билээ. Би аавыгаа үзүүлэхээр явж байхдаа хүндрэл бэрхшээлийг нь маш сайн ойлгосон. Тэгээд л маргаашнаас нь эмнэлгийнхээ талбайг аваад, зургаа гаргаж эхэлсэн. Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар мөнгө хайж эхэлсэн. Ингэж явсаар хоёр ажлаа амжилттай хийж дуусгасан. Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхасын 220 метр квадрат талбайг тохижууллаа. Энэ хугацаанд уйлах, инээх ч үе гарсан даа. Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амжиргаа улаан болгож, 100 айлаас бүх материалаа өөрөө явж татдаг байлаа. Өөрөө явахаар наймаачид овоо хямдруулаад өгчихдөг юм”

И.Одончимэг: Бид үлгэр дуурайлал болох ёстой

“Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь шууд Улаанчулуутын хогын цэг дээрээсээ хүрээд ирлээ. Ний, нуугүй хэлэхэд би энэ талаар бодож явдаг байсан л даа. Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодсоор явлаа. Надад нэг зүйл ажиглагдсан. Ялангуяа уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой юм байна гэдэг. Бас уриалан дуудагч байх ёстой. Бидэнд хазгай гишгэх эрх байдаггүй. Олны танил хүмүүст нийгмийн хариуцлага гэж байдаг. Би тэрийг их сайн ажиглаад нийгэмд тустай үйл хэрэг хийхийг зорьсон. Улаанбаатар хотын захын хороололд маш хүнд амьдрал байдаийг өөрийн нүдээр харж явсан. Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг. Яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд дэмжлэг маш хэрэгтэй байгааг өөрийн нүдээр олж харсан. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их. Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг. Тэнд өдрийн хоолоо яаж олж идье гэж байгаа хүмүүс гэрчилгээ, бичиг баримт хөөцөлдөөд явах ямар ч чадваргүй. Тэнд маш олон сургуульд явдаггүй хүүхдүүд байна. Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгосон. Би ч төсөлд оролцоод ялсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ. Энэ нь цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *