Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Монголын анхны эмэгтэй олимпийн аварга тамирчин У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр: Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа DNN.mn

Өнгөрсөн пүрэв гаригт Франц Улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийсэн “Парис-2024” Зуны XVII удаагийн паралимпийн наадамд таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Энэхүү паралимпийн наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцож байна. Тус наадмын эхний медалийн эзэд тодорч, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн К44 ангилалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн АШТ-ний алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав “Парис-2024” паралимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, Монголын тамирчдын салхийг хагалсан юм.

Түүний жинд 12 тамирчин өрсөлджээ. Тэрээр эхний тойрогтой хийлээд Египетийн тамирчин Салма Али Абд Ал Монеем Хассан, Мексикийн тамирчин Жессика Гарсиа, Ираны тамирчин Захра Рахими нарыг ялсан юм.Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпийн тав дахь медаль, гурав дахь алтыг хүртсэн, эмэгтэй тамирчдын анхдагч нь болж буй юм.

У.Сүрэнжав нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат. Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртэж байжээ.

Паралимпын алтан медальт, ОУХМ У.Сүрэнжавын аав, аймгийн аварга малчин Д.Уламбаяртай малчны хотноос нь утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.


-Таны охин У.Сүрэнжав “Парис-2024” XVII дахь удаагийн зуны паралимпийн наадамд таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд амжилттай оролцож, Монголын анхны алтан медалийн эзэн болж, Төрийнхөө алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Танд болон танай гэр бүлд нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна.

Охинд минь тусалж, дэмжиж ирсэн багш дасгалжуулагч, Таеквондогийн холбоо болон Үндэсний шигшээ багийн нийт хамт олонд нь талархлаа илэрхийлье. Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Намайг Доржийн Уламбаяр гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Гол эхийн аманд нутагладаг, олон жил мал малласан, эгэл жирийн малчин хүн.

Монгол Улсын анхны эмэгтэй олимпийн аварга охиноороо маш их бахархаж байна.

Гол усаараа манайд цуглаж, охины маань аваргын төлөөх тэмцээн, медаль авах агшныг хамтдаа үзэж, одоо ч сум, орон нутгийнхан нэмж ирсээр байна. Баяр хүргэж, баярын үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа. Олон ч хүн утсаар холбогдож, баяр хүргэж байгаад баяртай байна.

-Охиныгоо паралимпоос алтан медаль авах байх гэж бодож байв уу?

-Охиндоо итгэж, найдаж байлаа. Энэ жил манай охин бэлтгэл, сэтгэл зүй сайтай байсан. Охин маань ч өөрөө алтан медаль авсандаа сэтгэл их өндөр байна лээ.

-У.Сүрэнжав хэзээнээс таеквондогоор хичээллэх болов. Та бүхэн охиноо хэр дэмжиж ирсэн бэ?

-Арван жилээсээ эхлээд л таеквондогоор хичээллэж ирсэн. Охиныг минь анх таеквондод дурлуусан багш нарт нь баярлалаа. Өөрийн хичээл зүтгэлээр, тасралтгүй таеквондогоороо хичээллэж ирсний хүчинд багш, дасгалжуулагч нарынхаа ачаар охин минь амжилт гаргалаа. Бэлтгэл сургуулилтаа хийх явцдаа охин минь шантарч байгаагүй.

Бидний зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс бусдаар охиноо нэг их дэмжиж чадаагүй. Өөрөө л дуртай болохоор шантралгүй бэлтгэлээ хийдэг байсан. Охин минь өмнө нь олон тэмцээнд амжилттай оролцоход тэр бүрд нь бид гэр бүлээрээ бөөн баяр болдог байлаа. Олимпод анх удаа ороод л 24 насандаа ийм өндөр амжилт үзүүлсэнд нутаг усаараа, Монгол түмнээрээ баярлаж байгааг харах эцэг хүний хувьд үгээр хэлэхийн аргагүй их жаргал, их хувь хишиг юм даа гэж баярлаж сууна.

-Таны удамд тамирчин хүн бий юу. Охиныхоо аваргын төлөөх тэмцээнийг үзээд сууж байхад танд юу бодогдож байв?

-Манай удамд яг тамирчин хүн байгаагүй. Өвөг дээдсээс улбаатай барилддаг бөх хүмүүс байсан.Их гоё

сайхан байлаа. Охиныхоо идэвх зүтгэл, чармайлт, ийм л юманд хүрнэ гэсэн зорилго, сэтгэлийн хатыг нь бишрээд л сууж байлаа. Охин минь багаасаа аав, ээждээ туслаж, мал маллаж өссөн болохоор хатуужил суусан. Хатуужил нь энэ үед илүү гардаг юм байна гэдгийг ойлгосон. Хурдны морь унаж байгаагүй ч моринд их сайн.

-Охин нь багадаа ямар хүүхэд байв. Охиныхоо ямар зан чанараар бахархдаг вэ?

-Охин минь багадаа даруу төлөв зантай маш сайн хүүхэд байсан. Сэтгэл их сайтай. Арван жилдээ хичээлдээ ч сайн байлаа.Нэг юманд чиглэсэн бол тэр зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг. Мундаг хүүхэд төрүүлж, зөв сайхан хүн болгож өсгөсөндөө баярлаж байна. Охин минь уйгагүй бэлтгэл хийж, би тасралтгүй олон жил оторт явлаа.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ. У.Сүрэнжав таны хэд дэх хүүхэд вэ?

-У.Сүрэнжав манай гурав дахь хүүхэд, 2000 онд төрсөн. Манайх дөрвөн охин, хоёр хүү гээд нийт зургаан хүүхэдтэй. Бага нь энэ жил дөрөвдүгээр ангид орж байна. Манайх ам бүл наймуулаа.

-Энэ зун У.Сүрэнжав гэртээ очиж чадсан уу?

-Охин маань нэг удаа ирээд Отгонтэнгэр хайрхандаа мөргөөд явсан.

-Олимпийн алтан медаль авснаас нь хойш охинтойгоо холбогдож чадсан уу. Хэзээ Монголдоо ирэх вэ?

-Охинтойгоо холбогдсон. Энэ сарын 5,6 гээд Монголдоо ирнэ гэсэн.

Л.МИНЖМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *