Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн: Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм DNN.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Монголын Үндэсний Радиогийн 90 жилийн ой тохиож байна. Та анх Монголын радиод орж ажилласан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний Монголын үндэсний радиод орсон шалтгаан бол би цаг уурын мэргэжлийн хүн байсантай холбоотой. Цаг уур дотроо олон янз. Сенотикч буюу цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаад үйлдвэрлэлд явуулдаг мэргэжил юм. Нийтлэг ард түмэн цаг агаарын прогноз гаргадаг гээд ойлгочихдог. Би яг энэ чиглэлийн инженер.

Их сургууль төгсөөд цаг агаарын прогноз гаргадаг байхдаа аав, ээж хоёрыгоо боддог байсан. Үүнийг яаж тэдэнд ойлгомжтой хүргэх вэ. Тэр үед Гончигжавын Чулуунбат, Батмөнхийн Чулуунбат, Доржийн Билгээ гээд Монголын үндэсний радиогийн аварга нэвтрүүлэгчид байлаа.

Тэдэнд бид цаг уурын прогнозоо бичээд өгчихдөг. Тэд Улаанбаатараас ярьж байна гэдэг шиг тийм гоё хоолойгоор уншдаг. Тэр гоё хоолойгоор ярих нь чухал биш. Зүгээр хүн хоорондоо ярьж байгаа юм шиг байвал аав, ээж минь илүү ойлгоно доо гэсэн бодол төрсөөр энэ тухайгаа 1985 онд ХАА-н редакцийн дарга байсан Мятавын Цагаан ахад ярьсан юм. М.Цагаан гуай намайг гурван ч удаагийн радиогийн томилолтоор нөгөө алдарт бүдүүн хоолойт сэтгүүлч Базарын Цэдэндамба, Дүгэрийн Амбасэлмаа, мал аж ахуйн чиглэлээр хамгийн олон жил ажилласан сэтгүүлч П.Галсан нартай хамт явуулсан.

Аав, ээждээ ойлгомжтойхон шиг цаг агаарын прогнозоо хүргэх юм сан гэсэн бодол, мэргэжлийн сэтгүүлчдийг дагаж гурван хавар хөдөө томилолтоор явахад л аяндаа радиод татагдсан. Тэр гуравтай явсан нэвтрүүлгүүдийг редакторлосон М.Цагаан гуай “Наашаа хүрээд ир” гэсэн. Би 1990 оны аравдугаар сарын 1нд Цаг уурын хүрээлэнгээс гарч, радиод орсон. Хоёр дахь нь амьдралын шалтгаантай. Гэр бүлийн хүн бид хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг байлаа. Тэр үед орон сууцтай болох УИХ-ын гишүүн болохоос хэцүү ажил байсан. Байгууллага бүрт орон сууцны оочерт нэр бичээстэй. Мөнгөөр худалдаж авдаггүй. Тухайн байгууллагад төрөөс орон сууцыг хуваарилдаг байв. Тэр үед МУСГЗ Мөнхийн Шийрэв гэж радиогийн захирал байсан хүн надад хоёр жилийн дараа байртай болгож өгнө гэж амласан юм. Гэхдээ би байрныхаа мөнгийг олж өгөөд байртай болсон. Яг тэр үед зах зээлд шилжсэнээр орон сууцыг хуваарилах бус мөнгөөр худалдаж авдаг зарчимд шилжсэн. М.Шийрэв дарга би чамд байр авч өгнө гээд авчирсан. Яаж мөнгө олох вэ гэлээ. Хамгийн мөнгөтэй газар нь Эрдэнэтийн “ГОК” байлаа. Миний дотны найз Ш.Отгонбилэг Эрдэнэтийн ГОКын захирлаар очсон байв. Эрхүүгийн Их сургуульд сурч байхдаа захидлаар танилцсан. Унаган багын найз маань танилцуулж байсан юм. Тэр найз дээрээ очиж үнэн учраа хэлсэн. Найз маань нэвтрүүлэг хийгээд өгчих, байр авч өгье гэсэн. “Эрдэнэтийн эрдэнэ” гэсэн цуврал 20 нэвтрүүлэг хийж өгөөд хоёр өрөө байртай болж байлаа. Би 2011 онд Монголын радиогоосоо тэтгэвэртээ гарсан. Одоо “Малчин” телевиздээ мөн 10 гаруй жил ажиллаж байна.

-Тантай хамт ажиллаж байсан эрхэм хүмүүсээ дурсвал?

-Мятавын Цагаан нь Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн. Аав нь улсын аварга малчин хүн байсан юм билээ. Үндсэн мэргэжил нь малын бага эмч. Радиод ХАА-н редакц гэж байсан. Түүний даргаар бурхан болтлоо ажилласан сэтгүүлчийн авьяастай хүн байлаа. Манай редакцид. алдарт Базарын Цэдэндамба, Д.Галсан, Дэлгэрийн Пэлдэн гээд домог болсон улсууд байлаа. Д.Пэлдэн гуай Хүүхэд залуучуудын редакцид байсан. Бямбажавын Хүрэлбаатар яруу найрагч, ЦэрэнжамцынДашдамба, Цэндийн Чимэддорж гээд бий. Манай Л.Мөнхтөр, Дан.Нямаа, санхүүч Д.Энхболд бид дөрөв үлдсэн байна. Жигжидийн Навч сүүлд орж ирсэн. Өндөр Баяраа гэгч нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан нь Завхан аймгийн Идэр сумын хүн. Үндсэн мэргэжил нь инженер. ХААн редакцид яг мэргэжлийн сэтгүүлч хүн бараг байгаагүй. Бүгд өөрийнхөө авьяасаар радиогийн сэтгүүлчийн хөдөлмөрт шамдсан. Тэр ч утгаараа амжилт бүтээл гаргасан хүмүүс юм.

-Зундуйн Дорж гуайтай таныг ойр дотно байсан гэж сонссон?

-З.Дорж ахтай би хамт ажиллаж байгаагүй. Ах уран зохиолын редакцид байсан. Бид ойр дотно байсан. Агуу авьяастай гайхамшигтай хүн байв. 1990 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмаар Сүрэнхорын хээр гэдэг гайхалтай хурдан азарга тасархай түрүүлсэн юм. Тэр орой нь автын осолд орж өнгөрсөн. Маргааш өглөө нь ажил цуглахад Ц.Дашдамба, би, Ц.Чимидорж бид гурав уйлалдан, бичгийн машин дээр нулимсаа гоожуулаад сууж байхад З.Дорж ах орж ирээд гараад явсан. Бид нэвтрүүлгээ хийгээд орой гартал З.Дорж ах тааралдаад ах нь юм хийнэ гээд л явсан. Маргааш нь мундаг том найраглал бичсэн байсан. Зөндөө ойр дотно хамт явсан. З.Дорж ахын “Нас тогтох сайхан” гээд шүлэг бий.

-Та түүнтэй нь адилханаар шүлэг бичсэн байдаг даа. Уран бүтээлийнх нь тоглолт дээр уншсан байдаг юм билээ?

-Уран бүтээлийн тоглолт дээрээ намайг дуудаж шүлгийг маань уншуулж байсан.Ш.Сүрэнжав ах бид ойрхон сууж байлаа. Намайг “Нас өтлөх сайхан”аа уншиж өг гэлээ. “Нас тогтох сайхан нь” өөрийнх нь шүлэг.

“Айлд уригдсан ч суудал доошлохгүй

Ах захын хүндлэлд өргөгдөөд

Агсам тавьсан ч хүн үнэмшихгүй

Алдар хүндийн мананд бүрхэгдээд нас ахих сайхан гэж” би “Нас өтлөх сайхан аа” адилхнаар бичиж байсан. Үеийнхнээсээ миний хамгийн ойр дотно явсан хүн бол Ч.Чимэддорж. Бид хоёулаа хүний ганц хүү. Сэтгэл их эмзэг. Байнга л хамт явдаг байлаа. Цэрэнжамын Дашдамба гэж гайхалтай сайхан авьяаслаг дэндүү сайхан сэтгэлтэй хүн байв. “Сумын заан” гээд шүлгээрээ алдаршсан Чимэдравдангийн Мягмарсүрэн гэж манай өрөөнд суудаг. Доржийн Гомбожовын шавь байлаа. Гайхамшигтай.

-Танд олон л хөгжилтэй зүйл тохиолдож байсан байх. Сүхбаатарын улсын аварга адуучныд очиж байсан түүхээ дурсвал?

-Базарын Цэдэндамба гуайтай хамт Дарьгангын алдарт адуучин шар Банди гэдэг айлд очсон юм. Хаврын хуйсагнуур дөрөвдүгээр сард л байсан. Б.Цэдэндамба, Шарбанди ах хоёр хуучин танил, найзууд тул дундаа нэг шил юм тавиад хуучиллаа. Тэр үед “R7” гэж байгаагүй. Том дөрвөлжин магнитофон буюу радиогийн дуу хураагч үүрч явдаг байсан. Түүнийгээ асаачихаад тэр хоёр хуучилж, шар Банди гуайн эхнэр ууцны тарган мах тогоон дээр үйсэн юм. Б.Цэдэндамба ах намайг “Шаагаа, миний хүү наадахаа унтраачих. Дараа нь матдаг золиг байгаа юм” гэсэн нь хамгийн инээдтэй нь. Яагаад гэхээр Б.Цэдэндамба ах өмнө нь хөдөө явж байгаад айлд буугаад, дуу хураагчаа асаагаад яриагаа аваад, нөгөө айл нь хүндэтгээд нэг шил юм гаргаад ууж суухдаа дуу хураагчаа унтраахаа мартсан байна лээ. Бүх яриа нь сайнтай муутайгаа хураагдчихсан. Томилолтоос ирээд монтажчинд хальсаа өгдөг байлаа. Монтажны хүн онцгүй байсан юм шиг байгаа юм. Б.Цэдэндамба гуай ингэж ярьсан гээд удирдлагад матчихсан. Тэгээд Радиогоос хөөгдөөд дараа нь буцаж орсон юм билээ. Энэ нь надад сануулга, сургамж болж, би ярилцлага аваад дуусахаараа шууд унтраадаг болсон.

Радиогийн хүн болоход гурван том хүн нөлөөлсөн. Галсан ах бол дэндүү хашир, хашрын хашир хүн. Айлд ороод ярилцлага аваад төгсгөлд нь за болно, та маш зөв ярилаа гэж хэлдэг, үүнийгээ нэвтрүүлгээсээ хасдаггүй байсан. Д.Амбасэлмаа эгч алдаа гаргана гэж байхгүй дээ. Би Д.Амбасэлмаа эгчид ганцхан удаа магтуулсан байдаг юм. Тэр жил Монголын зүүн хагаст нь их зудтай жил байсан. Төв аймгийн урд талаар явж байгаад Хэрлэн баян улаан ордог юм. Социализмын үед отрын бүс байлаа. “Хөх ам” гэдэг газар Төв аймгийн Баянцагааны нэг малчных байгаа гэж сонсоод очсон юм. Бүрэнхий болохоос өмнөхөн Д.Амбасэлмаа гуайг сугадаж аваад хамт явъя, хүйдсэн дээр хальтраад уначихна гэсэн чинь “Овоо ш дээ. Хүйдэс гэдэг нь тэс хөлдүү болсон үхрийн баасыг хэлдэг. Би чамайг чинь хүйдэс гэж мэддэггүй байх гэж бодсон” гэж намайг тоосон юм. Түүнээс хойш эгч, дүү шиг нөхөрлөж ирсэн дээ.

Л.МИНЖМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *