Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас жил бүр нийтэлдэг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексээр Монгол улс өмнөх оноос 21 байраар ухарч, 180 улсаас 109-д жагсав. Ингэснээр ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн 34 жилийн түүхэндээ анх удаагаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний “хүнд нөхцөл байдалтай” улс орнуудын тоонд орж, Малайз, Бурунди, Эквадор, Нигер зэрэг улсуудтай зэрэгцлээ.
Хэдийгээр Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ нийт оноогоороо авторитар дэглэмтэй зарим улсаас хараахан дээгүүр байгаа боловч, хэвлэл мэдээллийн ЭДИЙН ЗАСГИЙН болон УЛС ТӨРИЙН хараат бус байдлаараа эрс доголдсоныг олон улсын судалгаа гэрчлэв. Тухайлбал, хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагаанд үзүүлж буй эзэмшил, харьяаллын нөлөөлөл, засгийн газрын бодлого, зар сурталчилгааны түншлэл зэрэг эдийн засгийн хараат бус байдлын үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийн 180 орноос 150-д жагсаж, Орос, Палестин, Индонез, Судан, Алжир зэрэг улсуудтай зэрэгцээд байна.
Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн