Categories
мэдээ нийгэм

М.Мөнхшүр: ЗТХЯ-ны Г, М нар хувийн таарамжгүй харьцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн

2018 оны наймдугаар сарын 9-ний орой буюу өчигдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг та бүхэнд хүргэе. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнд олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан гэх ташаа мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон. Г, М нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтоох боломжтой. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан тодорхой хугацааны дараа гардаг байгаа. Цагдаагийн байгууллагын 102 утсанд бол 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр 21.45 минутад ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтоох боломжтой юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *