Categories
мэдээ нийгэм

М.Мөнгөнцоож: Литийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа учраас ойрын жилүүдэд эрэлт нь өснө

Лити хэмээх метал сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Энгийнээр товчхон ойлгуулахад бидний хэрэглэдэг батарейн түүхий эд гэж ойлгоход болно. Монголын байгальд буй энэхүү эрдэс баялгийн төсөл дээр ажиллаж буй “Оюуны ундраа” группийн уул уурхай хариуцсан ерөнхий менежер М.Мөнгөнцоожтой ярилцлаа.

-Танай байгууллага хэзээнээс литийн хайгуул хийж эхэлсэн бэ. Төсөл тань ямар шатандаа явж байгаа вэ?

-Манай байгууллага уул уурхайн салбарт сүүлийн 15 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай анхны төсөл, молибденийн далд уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амжилттай хэрэгжсэн. Хоёр дахь төсөл болох зөвхөн үндэсний инженерүүдийн босгосон гянт болдын уурхай маань Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллаж байна. Бид литийн Геологи хайгуул, судалгааны ажлыг 2009 оноос хийж эхэлсэн. Монгол Улсад литийн илрэлүүд Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудад тогтоогдсон байдаг. Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гянт болд болон литийн илрэл бүхий талбай дээр анх геологи хайгуулын цогц судалгааны ажлыг эхлүүлж, ордын нөөцийг тогтоон, баяжигдах чанарын туршилт судалгааг хийж дуусгаад байна.

-Жилдээ хэдэн тонн баяжмал гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулах вэ?

-Жилд ойролцоогоор 15 мянган тонн литийн карбонат гэх бүтээгдэхүүн болон гурван мянган тонн гянт болдын баяжмал гаргаж авах хүчин чадалтайгаар техник-эдийн засгийн үндэслэлээ хийж байна. Манай төсөл олон улсын стандартад нийцсэн жишгээр металлурги, хагас үйлдвэрлэлийн туршилтаа Герман, Австрали улсын нэр хүндтэй лабораториудад хийлгэсэн. Анхны бүтээгдэхүүн буюу литийн карбонатаа лабораторийн түвшиндгаргаад авчихсан. Одоогоор төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

-Литийг хэрхэн олборлодог юм бэ?

-Лити нь металлууд дундаас хамгийн хөнгөн, өвөрмөц металл. Энерги хуримтлуулах чадвараараа бусад металлаас хамгийн сайндаа ордог. Дэлхий дээр литийн олборлолтын ихэнхийг жижиг давст нуурын ханасан уусмалаас авдаг юм. Үндсэн сонгодог эрдэс нь шингэн хэлбэртэй нуурын ёроолд уусмал хэлбэрээр байдаг ба энэ ордын төрлийг брайн (brine) гэж нэрлэдэг. Ийм төрлийн томоохон ордууд АНУ-ын Нивада мужийн цөл, Өмнөд Америкийн Атакамагийн цөлийн жижиг давст нууруудад байдаг.

-Манай оронд энэ төрлийн орд бий юу?

-Манай оронд Brine төрлийн орд байхгүй. Hard rock буюу хатуу чулууны хэд хэдэн литийн илрэл бий. Манай Сүхбаатар аймгийн литийн орд хатуу чулууны төрөлд ордог.

-Лити яг юунд хэрэглэгддэг вэ?

-Орчин үеийн ухаалаг гар утас, электрон багажнууд дахь бүх цэнэглэгддэг батарейн үндсэн түүхий эд нь лити байдаг. Сүүлийн үед Америкийн алдартай “Тесла” групп цахилгаан машин ихээр үйлдвэрлэж байна. Тус цахилгаан машины батарейд литийн металл чухал хэрэгтэй элемент болж байгаа. Литийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа учраас ойрын жилүүдэд эрэлт нь огцом өсөх төлөвтэй байна.

-Цахилгаан машинаас өөр зүйлд ашиглагдах болов уу?

-Лити байгаль орчинд ээлтэй “green technology” тал руугаа хөгжинө. Тухайлбал, нөхөн сэргээгдэх эрчим хүчид литийг ашиглаж байна. Нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нар, салхи, уснаас авдаг ч ялангуяа нар, салхины эрчим хүчийг тогтмол хадгалах бололцоо бага байдаг. Салхигүй, наргүй үед эрчим хүч гаргаж чадахгүй. Энэ үед тус эрчим хүчийг хадгалж, түгээж байх том хэмжээний батарейнуудыг сүүлийн үед хийж эхэлж байна. Үүнийгээ “Еnergy stor­age solutions” гэж нэрлээд байгаа. “Тесла” группээс сүүлийн үед иймэрхүү ажлуудыг түлхүү хийж эхэлсэн. Нар, салхины эрчим хүчний энергийг хадгалах томоохон дэд станцуудыг литийн батарейгаар хийж байна. Литийн батарейнууд эрчим хүчийг хадгалж, тогтмол гүйдэлтэй байхаар зохицуулж ажиллана гээд цаашдаа хэрэглээ нь илүү нэмэгдэнэ.

-Хэзээнээс бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх вэ. Чухам ямар бүтээгдэхүүн байх вэ?

-Манай уурхай болон үйлдвэр одоогоор төслийн хэмжээнд явж байгаа. Бид хоёроос гурван жилийн дотор төслөө дуусгаж, үйлдвэрээ ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бидний үйлдвэрлэх литийн карбонат гэдэг бүтээгдэхүүн маань литий ион батарейн үндсэн түүхий эд болдог.

-Зах зээл байгаа гэсэн үг үү?

-Урд хөрш агаарын бохирдолд анхаарлаа хандуулж томоохон хотуудын нийтийн тээвэр, автомашиныг бүгдийг нь цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжүүлнэ гэсэн шийдвэр гаргачихсан байгаа. Энэ бүх цахилгаан машинд лити орно шүү дээ. Мөн бүх төрлийн электрон хэрэглээ улам л ихсэх байх. Зүүн өмнөд Ази, Хятад, Солонгос, Япон гэх улс орнууд зай ихээр үйлдвэрлэдэг учраас литийн карбонат ихээр ашиглагдана гэсэн үг. Тиймээс Монгол орны хувьд литийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох бодит бололцоо байна.

-Лити олон улсын зах зээлд хэдэн төгрөгийн ханштай байгаа вэ?

-Нэг тонн литийн карбонатын үнэ 6-9 мянган ам.долларын үнэтэй байгаа. Цаашдаа эрэлт өсч байгаа учраас үнэ нь илүү нэмэгдэх магадлал өндөр.

-Танайх литийн карбонат хийх хангалттай нөөцтэй юү?

-Нөөцийн хувьд хангалттай байгаа. Хатуу чулуунаас литийн карбонат гаргаж авахад боловсруулалтын өндөр технологи шаарддаг. Хүдрээ буталж нунтаглах, хөвүүлэн баяжуулах, уусгалт, химийн боловсруулалт зэрэг технологиудаар орж байж литийн карбонат эцсийн бүтээгдэхүүн болж гарна. Ерөнхийдөө манайх шууд зайны үйлдвэрт очих эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байна.

-Химийн боловсруулалт хийх учраас байгаль орчны бохирдолтын тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Үүний тулд хариуцлагатай уул уурхайн талаар ярих нь зүйтэй. Мэдээж томоохон төслүүд анх техник эдийн засгийн үндэслэл хийхдээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үндсэн суурь судалгааны ажлаа олон улсын түвшинд хийдэг. Уурхай эхлэхээс хаагдах хүртэл байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн судалгааг бид өндөр түвшинд хийж байгаа. Байгаль орчинд хор нөлөө нь бага байх орчин үеийн Герман, Австралийн технологийг сонгосон. Эргэлтийн усныхаа 85 орчим хувийг бид эргүүлж ашиглана. Энэ мэт байгаль орчинд аль болох бага нөлөөлөх талаас нь анхаарч ажиллаж байна.

-Литийн карбонат экспортоор гарч эхлэхээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар хүнд байгаа билээ. Валютаар орж ирэх орлого байхгүй болчихлоо. Татвар төлөх аж ахуйн нэгж хомс боллоо. Тэрнээс болоод эдийн засаг хямарч, долларын ханшийг барьж чадахгүй байна. Мэдээж манай компани эдийн засгийн эргэлтэд өндөр нөлөө үзүүлнэ. Манайх 100 хувь үндэсний компани. Бүтээгдэхүүнээ экспортлохоор орлого нь валютаар орж ирнэ. Аж ахуйн нэгжийн бүх төрлийн татварыг төлнө. Дээрээс нь орон нутгийн туслан гүйцэтгэх компаниуд ажилтай болно.Үйлдвэр ашиглалтад орвол ойролцоогоор 800 орчим ажлын байр бий болно. Орон нутгийн иргэд ажлын байртай болчихсон учраас тухайн орон нутгийн хөгжил өсч эхэлнэ, бүтээн байгуулалтууд явагдана гэх мэтчилэн эдийн засгийн хувьд ихээхэн үр өгөөжөө өгнө. Уул уурхайн дунд болоод том хэмжээний төслүүд үр өгөөжөө өгсөөр ч ирсэн шүү дээ. Жишээлбэл, манай Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа уурхай 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Бидний нүдэн дээр тухайн орон нутаг хөгжиж, иргэдийн аж амьдрал дээшилсэн. Манай компани жил бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сумандаа хандив өргөж, ямар нэгэн бүтээн байгуулалт хийдэг. Өнгөрсөн жил сумандаа стадион, хүүхэд залуусын парк байгуулж өглөө. Удахгүй халуун усны газар ашиглалтад оруулах гээд ажиллаж байна. Энэ мэтчилэн зөв явбал уул уурхайн төслүүд үр өгөөжөө сайн өгдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *