Өнгөрсөн есдүгээр сард “Инвест Монголиа 2017” чуулган Улаанбаатарт болсон. Дараагийн чуулган ирэх сард Токиод болно. Энэ талаар чуулганыг зохион байгуулдаг Фронтиер компанийн захирал М.Игататай ярилцлаа.
-“Инвест Монголиа” чуулганы талаар танилцуулна уу?
-Энэ чуулганд Монголын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, гадны төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн чөлөөтэй оролцож ямар нэгэн үг, хэл, үзэл бодлын хязгааргүйгээр оролцдог. Төр, засгийн төлөөлөгчид оролцдог ч хурлын үеэр ямар ч зүйлд шүүмжлэлтэй хандах боломжтой. “Инвест Монголиа 2017 Улаанбаатар” чуулганд 1100 гаруй төлөөлөгч оролцсон. “Фронтиер” компани энэ чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Дараагийн чуулганыг ирэх арваннэгдүгээр сарын 24-нд Японы нийслэл Токиод зохион байгуулна.
-Энэ чуулганаар юу хэлэлцэх вэ?
-Чуулганаар ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн ач холбогдол Японы хөрөнгө оруулагчдад үзүүлэх үр нөлөө, Эдийн засгийн түншлэлийн явц, нийт худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчинг хэрхэн сайжруулах, Японы бага хүүтэй зээл Монголын өндөр хүүтэй ББСБ-ууд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхох үндэслэл болж чадах уу, Бондын зах зээлийн төлөв байдал, зээлжих зэрэглэлийг өсгөх аргууд, эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нүүрсний экспорт болон нэмүү өртгийг бий болгох Японы технологи зэрэг арав гаруй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
-Өмнөх чуулганаас зөвлөмж гаргасан гэсэн.
-Бид чуулган бүрийнхээ дараа зөвлөмж гаргадаг. Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмж өнгөрсөн долоо хоногт бэлэн болсон. Удахгүй олон нийтэд хүргэнэ. Гэхдээ энэ зөвлөмж бол зохион байгуулагчдын зүгээс гаргаж байгаа зөвлөмж биш. Чуулганд оролцогчдын үзэл бодол юм.
-Есдүгээр сарын эхээр хийсэн хурлын үеэр эдийн засагт цөөнгүй сайн үзүүлэлтүүд харагдсан. Харин өнөөдөр ямар өөрчлөлт гарсан бол?
-Тухайн үед биднийг хуралдаж байхад эдийн засагт нааштай үзүүлэлтүүд олон байсан. Түүнээс хойш зарим нэг үзүүлэлтүүд дордсон.
-Жишээлбэл?
-Нүүрсний үнэ өссөн ч, экспортын хэмжээ огцом буурсан. Долоогоос арван сар хүртэл Засгийн газар олигтой үйл ажиллагаа явуулсангүй. Үүний уршгаар эдийн засаг суларч байгаа. Одоо л Засгийн газар үйл ажиллагаагаа эрчимжүүлэхгүй цаг алдвал байдал улам хүндэрнэ.
-Шинэ Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн төсөөлж байна?
-Монголын Засгийн газрууд маш богино настай байна. Дунджаар жил гаруйхан насалж байна. Төлөвлөгөө бусад юмнуудаа гаргачихаад хэрэгжүүлж чадахгүй байгаа. Гадны хөрөнгө оруулагчид олон жилийн өмнөөс Засгийн газрын тогтвортой байдал, урт хугацааны тогтвортой мөрийн хөтөлбөртэй байхыг сануулсаар ирсэн ч өнөөг хүртэл үр дүн гараагүй байна.
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихэд хүндрэл учирч байна?
-Асуудал үүсч байна. Жишээлбэл хүүхдийн мөнгийг 60 хувьд нь л олгох шаардлагыг тавьдаг. Гэтэл Засгийн газар нэгэнт өгөөд эхэлчихсэн мөнгийг зогсоох нь нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг.
-Байдал цаашдаа хүндэрнэ гэж таамаглаж байна уу?
-Инфляци өнөөгийн байдлаар 5.3 хувьтай байгаа. Цаашдаа найман хувь болох магадлалтай. Энэ жил ургац хураалтын хэмжээ буурсан. Өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй. Дээр нь гадаад валютын өсөн нэмэгдэж байсан нөөц буурч байгаа. Хэрэв инфляци наймаас дээш хувь болбол өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх эрсдэлтэй. ДНБ-ий өсөлтийг ОУВС найман хувь гэж тооцсон. Гэтэл энэ үзүүлэлт буурах магадлалтай. Бодит байдал дээр таван хувийн өсөлт гарах бололтой.
-Есдүгээр сарын эдийн засгийн үзүүлэлт бодит өсөлт мөн үү?
-Үнэ нь нүүрсний үнийн өсөлттэй холбоотой. “Эрдэнэс таван толгой” компани өмнөх жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан. Гэтэл энэ жилийн эхний зургаан сард 280 тэрбум төгрөгний орлоготой ажилласан. Энэ өндөр орлого эдийн засгийн сайн үзүүлэлт болж харагдсан. Харин өнөөдөр эсрэгээр эргэж байна. Өдөрт нүүрс гаргаж байгаа машины квотыг хятадууд 500-гаар тогтоосон байна. Энэ асуудлыг яаралтай тохирох хэрэгтэй.
-Энэ удаагийн зөвлөмжид дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх урт хугацааны зураглалаа тодорхойлох гэсэн байна. Үүнийг тодруулахгүй юу?
-Дэд бүтцийн бодлого маш тогтворгүй байна. Энэ асуудалд бид зөвлөгөө өгөөд байх хэрэггүй л дээ. Бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Эхний ээлжинд бидэнд юу шаардлагатай вэ гэдгээ эрэмбэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт нүүрс, хоёрдугаар эрчим хүч гэж харж байна. Тэгэхээр энэ асуудлаа шийдэхийн тулд төмөр замаа барих хэрэгтэй. Мэдээж төмөр зам барихад багаар тооцоход хоёр жил шаардагдана. Энэ хооронд Гашуун сухайтын замын асуудлыг шийдэх ёстой. Ингэж бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлээд эхэлбэл монголчуудад ч, гадны хөрөнгө оруулагч нарт ажлаа төлөвлөх боломж гарна. Монголчуудын өр ДНБ-тэй харьцуулахад 217 хувь болчихсон. Харин ДНБ нь аравхан тэрбум доллар. Ийм нөхцөлд том хөрөнгө оруулалтыг өөрсдийн хүчээр шийдэх боломжгүй. Хамгийн ойрын дэмжлэг өмнөд хөршийнх л байх болов уу.
-Японы хөрөнгө оруулагчид Таван толгойд сонирхлоо илэрхийлж байсан. Өөр ямар салбарыг сонирхож байна вэ?
-Японы хөрөнгө оруулагчид банк, санхүү, сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байгаа. Эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн. Таван толгойн төсөл анхнаасаа Японд ашиггүй төсөл байсан юм. Яагаад гэвэл Монголд олборлосон нүүрсийг хятадууд аваад өөрсдөө боловсруулалт хийгээд ашиг олчихож байгаа юм. Тэдэнд бол маш ашигтай.
-Тэгвэл танайх яагаад оролцох сонирхлоо илэрхийлсэн бэ?
– Бид монголчуудын гурав дахь түнш. Таван толгойг дангаар нь хятадуудад өгчихвөл танай эдийн засаг нэг улсын хараат болох байсан. ОУВС-гийн зээл бас танай эдийн засгийг нэг улсын хараат байдлаас аврах зорилго агуулж байгаа.
-Засгийн газар цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Засгийн газар маш хүнд байдалд орж байна. ОУВС-гийн зээлийг авахгүй бол нэг улсын хараат болох аюултай. Аваад бодлогыг нь хэрэгжүүлэхээр дотоодын эсэргүүцэлтэй тулгараад байна.
-ОУВС манай болзлыг хүлээж авах болов уу?
-Хэдийгээр байгууллага боловч бодлогыг хүмүүс хэрэгжүүлнэ. Засгийн газар байдлаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Ядуурлын түвшин 2014 онд 24 хувьтай байсан. Саяхан нэг байгууллагын судалгаагаар 30 хувь давсан байна.
-Олон жил хөрөнгө оруулах тухай ярилаа. Оюу толгойгоос өөр дорвитой хөрөнгө оруулалт алга.
-Засгийн газрын тогтвортой бодлого алга. Засгийн газрууд богинохон настай. Дээр нь байнга Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай ярьдаг. Энэ чинь тогтвортой байдал байхгүйг харуулаад хөрөнгө оруулагчдыг үргээгээд байгаа юм.
Х.БАТТӨГС