Categories
мэдээ цаг-үе

М.Ичинноров: Хүний эрхийн төлөөх ажил гэж хүлээж авсан

Байгуулагдаад удаагүй Тахарын албаны Гэрч, хохирогчийг хам­гаа­лах газрын дарга М.Ичин­норовтой ярилцлаа.

-Таныг Хүний эрхийн хуульч гэдгээр нь олон нийт мэднэ. Нэлээн удаан хугацаанд иргэний нийгэм, стратегийн өмгөөлөл хийж байгаад төрийн албан хаагч боллоо. Ажил хэр жигдэрч байна?

-Төрийн албанд нийгмийн төлөө сэтгэл зүрхээ зориулах, санаачилгатай, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн ажиллах нь чухал. Яагаад гэхээр сайн дурын үндсэн дээр юм уу, иргэний нийгмийн түвшинд өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө хийж байсан ажлаа эрх мэдлийн түвшинд, төрийн аппарат, төрийн системд орж хийнэ гэдэг утгаараа их чухал. Гэрч хохирогчийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, эрхзүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхийн төлөө эрхзүйн системтэй улсад заавал байх ёстой. Гэрч хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллах саналыг талархан хүлээж авсан нь албан тушаалд очиж байгаа гэхээсээ илүү хүний эрхийн төлөөх ажил гэж үзсэнийх л дээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн ажлыг төрийн систем дор хэрэгжүүлэх залгамж халаа гэдэг утгаар нь хүлээн аваад ажиллаж байна. Ажил нэлээн жигдэрч байна.

-Саяхан дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөө нээгдсэн. Олон улсын стандарт руу очих эхний алхмыг эхлүүллээ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах нь Маршалын албаны үндсэн чиг үүргийн нэг. Шүүх хуралдааны өмнө, шүүх хуралдааны үеэр гэрч, хохирогчийн аюулгүй, айдасгүй, тав тухтай байдлыг хангасан туслалцаа үзүүлэх өрөөтэй байх санаачилга юм. Миний хувьд энэ албанд томилогдохоос өмнө гэрч, хохирогчийг хамгаалах НҮБ-ын, олон улсын стандартыг нэлээн уншиж судалсны үндсэн дээр гадны шүүхүүдийн “Хүлээлгийн өрөө”-нөөс санаа авсан л даа. Гэхдээ зүгээр нэг хүлээлгийн өрөө биш гэрч, хохирогчид иж бүрэн цогц туслалцаа үзүүлдэг өрөө байгуулахаар зориг шулуудсан. Гэрч, хохирогчид шүүхийн хаалга татахдаа өөрийг нь хохироосон этгээд, тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь ямар ч хамгаалалтгүй нүүр тулдаг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болсон хэргийг шүүхээр хэлэлцэх үед их тохиолддог. Өөрөө хохирчихоод дээрээс нь айж ичин, коридорт зогсч байгаа дүр зургийг сэтгүүлч та нар олон харсан байх. Энэ байдлыг л эхлээд өөрчлөхөөр шийдсэн. Одоо хохирогч, гэрч тусдаа хаалгаар ороод, тэндээ сэтгэл зүйн болон өмгөөллийн зөвлөгөө, эрүүл мэндийн туслалцааг ч авах боломжтой боллоо. Эмзэг хэргийн хохирогчид заавал шүүх танхимд орохгүйгээр веб камераар дамжуулан мэдүүлгээ өгнө. Ингээд шүүх хуралдаан дуусахад өөр хаалгаар төрийн хамгаалалтад гараад явна. Шаардлагатай тохиолдолд нүүрийг хувиргаад танигдуулахгүй шүүхээс авч гарах боломжтой. Энэ бол төрийн үйлчилгээний цоо шинэ боловсон бас иргэнлэг, хүмүүнлэг соёл. Бусад хуулийн байгууллагуудад ийм жишиг тогтоохын төлөө зорьсон юм. Гэрч, хохирогч тусгайлан тохижуулсан тохилог сайхан өрөөнд халуун цай, кофе уугаад сууж байна гэж хуулийнхан ч, иргэд ч төсөөлж байгаагүй биз. Гадаадын зочид төлөөлөгчид жишиг өрөөтэй танилцаад “Сайхан юм хийжээ” гэж магтаж байна лээ. Өөрийнхөө гэрийг тохижуулж байгаа юм шиг сэтгэлээ шингээж ажилласан.

-Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн гэх хэрэг, найман настай охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн Мөнх-Оргилын гэх олны анхааралд байсан хэргээр жишээ болгоход гэрч, хохирогчийн хамгаалал үгүйлэгдэж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалах жишиг рүү орсон нь сайн хэрэг. Үүнээс ч эрт орох ёстой байсан юм биш үү?

-Ер нь ингээд харж байхад төрийн ажил, төрийн үйлчилгээг сэтгэлтэй хүн хийх ёстой юм байна гэж ойлгосон. Аль ч газар төрийн ажилд сэтгэл, хайр дутагдаад байна уу гэж бодогддог юм. Дээрээс нь төрийн үйлчилгээний хоцрогдол хаа сайгүй байна. Өнөөдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлж байна. Тэгвэл нөгөө талаас тэд жирийн нэгэн Дорж, Дулмаад үйлчлэхийн төлөө тэнд сууж байгаагаа ухамсарладаг баймаар байна. Манай эрхзүйн системийн шинэтгэлийн хүрээнд дорвитой өөрчлөлт хийж урагшлах хэрэгтэй. Бүх салбарт НҮБ-ын гаргасан стандарт, хууль тогтоомжийн жишгээр эрхзүйн шинэчлэл хийж, түүнийг хэрэгжүүлж чадах боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Саяхан би НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн зөвлөх багш болоод ирлээ. Ингээд явж байхад манайх хэт хоцрогдсон нь шууд л мэдрэгдэж байна лээ.

-Тахарын албыг олон нийт юу хийдэг, ямар байгууллага гэдгийг төдийлөн ойлгоогүй байж магад. Тэр бүү хэл УИХ-ын зарим гишүүд хэрэгцээгүй алба байгууллаа, татан буулгах хэрэгтэй гэж шүүмжилж байхыг сонссон. Ер нь яагаад энэ алба байх хэрэгтэй юм бэ?

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг, хамгийн гол нь гэрч, хохирогчийг хамгаалдаг төрийн систем 20 жилийн өмнө эхлэх байсан. Тахарын алба гэдэг нэр нь өөрөө хуучинсаг нэр томъёо байж магадгүй. Хуульдаа заавал монгол нэр томъёо ашиглах ёстой гэдэг утгаар ингэж нэрлэсэн болов уу. Энэ бол Маршалын алба. Анхнаасаа гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүргээ бодлого баригчид, олон нийтэд илүү ойлгуулж таниулах ёстой байсан байх. Энэ нь маш чухал функц шүү дээ. Хохирогч хамгааллын асуудал олон жил хэдэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхний нуруун дээр явж ирсэн. Тэгвэл өнөөдөр л төрийн нэрийн өмнөөс гэрч, хохирогчийг хамгаалах асуудал тавигдлаа. Бид аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна хохирогч, гэрчид сэтгэл зүйн болон эрүүл мэндийн туслалцааг ч үзүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газрын эрх зүйн шинэчлэлийн чухал алхам. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэчлэлийн дорвитой алхмуудын нэг мөн. Эрх зүйн системийн хоцрогдлоос хурдан салах хэрэгтэй. Олон чухал дэвшил авчрахыг хүсч байна.

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаална гэхээр шүүгч нар дархан цаазтай мэт байна гэж ойлгогдох тал бий. Аюулгүй байдлыг хамгаална гэдгийг чухам юу гэж ойлгох нь зөв бэ?

-Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах гэдэг талаас нь ойлгох нь зөв. Жишээ нь, шүүгч өөрөө дэгээ сахиулаад, зарим тохиолдолд халдлагад өртдөг байсан бол одоо Тахарын албаны офицериуд эдгээр ажлыг хийж, хамгаалж байна. Энэ ажил ингээд жигдрээд явчихна. Хамгийн чухал нь гэрч, хохирогчийг хамгаалах хуулиа сурталчлах, таниулах, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөрөө батлах, гэрч, хохирогчийг хамгаалалтад авдаг тусгай байр байгуулах, санхүүжилтээр хангах гээд шийдэх асуудал маш их байна. НҮБ, “Хохирогчийн эрхийн судалгааны төв” ТББ-аас хийсэн судалгаагаар гэрч, хохирогчид хамгаалалтад байдаггүйгээс амиа хорлох, гэрчийн мэдүүлгээс буцах, өөрөө хэрэгтэн болох тохиолдол олон байгааг тогтоосон. Жилд дунджаар 3000-5000 гэрч, хохирогч аюулгүй байдлын хамгаалалт авах шаардлага байгаа нь судалгаагаар гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тухайд авч үзье л дээ. Хүчирхийлэлд өртсөн хүн аль нэг төрийн бус байгууллагаас туслалцаа авахад тэнд байрлах өрөө тасалгаа, өдөр хоног нь ч хязгаартай. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч давтан халдлага, заналхийлэлд өртсөн тохиолдолд төрийн нэрийн өмнөөс эхлээд сануулна, тэгээд тусгаарлана. Төрийн нэрийн өмнөөс хохирсон иргэнийг хамгаалаад ирэхээр хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар есөн төрлийн хамгаалах арга байгаа. Үүнээс хоёрыг нь манай Гэрч, хохирогчийг хамгаалах алба шүүгч, прокурорын ямар нэгэн зөвшөөрөлгүй хэрэглэх боломжтой. Тухайлбал, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ. Манай алба дээр тусгай бүлэг ажиллаж байна. Мөн эрэн сурвалжлагдаж байгаа ялтныг хайх, мөрдөн шалгах чиг үүрэг Тахарын албанд бий. Байгуулагдаад удаагүй байхдаа оргоод дөрвөн жил болсон хоригдлыг баривчилсан. Эрэг шураг хөдлөөд эхэлчихлээ. Одоо иргэд ийм хамгаалалт байгааг, нөгөө талаас өмгөөлөгч, шүүгч, прокурор хуулиа яаж хэрэглэхээ мэдэх хэрэгтэй байна. Уг нь сайхан бүтэц, систем бий боллоо.

-Шинэ юм эхлэхэд заавал хүндрэл, бэрхшээл, сорилт тулгардаг шүү дээ. Ажлаа урагшлуулахад асуудал их гарч байна уу?

-Ерөөсөө л сэтгэлгээний л асуудал. Ялангуяа шинэ бүтэцтэй, шинэлэг чиг үүрэгтэй байгууллагыг шинэ сэтгэлгээгээр удирдах ёстой. Хуучирсан тогтолцооны сэтгэлгээгээр удирдвал гацаанд орно. Прокурор, шүүгч зөвшөөрөл өгснөөр бид гэрч хохирогчийг хамгаалах заалтуудыг хэрэгжүүлнэ. Гэтэл шүүгч, прокурорууд журам нэхэх гээд байдаг. Битгий журам нэхээч, хуулиа л барь гэхээр “Үгүй ээ заавал журам хэрэгтэй шүү дээ” гэж хэлэх хүмүүс байна. Энэ мэтээр хайрцаг дотор сэтгэх, ажиллах хандлага байдаг нь үнэн. Бид юуг шүтэх ёстой вэ гэхээр зарчим. Үндсэн хуулиа, эсвэл органик хуулиа баримтлаад шийдвэр гаргахад хаа ч буруудахгүй. Гэтэл дандаа журам яриад суучихдаг. Хамгийн гол нь энэ хүнд би яавал туслах вэ гэдэг талаас нь бүх шийдлүүдийг, хувилбаруудыг хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын хүмүүс бодох учиртай. Хуучирсан сэтгэлгээг бүрмөсөн халах цаг болсон. Тахарын ажилтны гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүний төлөө, хүний эрхийг хангах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг баримталсан байвал ямар ч нөхцөлд буруудахгүй, тийм учраас хүмүүст туслахын тулд зоригтой шийдлүүдийг хайж бай гэж би хүмүүстээ хэлдэг.

-Таныг хүний эрх ярьж байгаад албан тушаалд очлоо, чимээгүй боллоо гэж шүүмжилж байж магадгүй?

-Гэрч хохирогчийг хамгаалах шинэ тогтолцоог хүний эрхийн хуульч хүнээр хэрэгжүүлэхээр томилсон нь харин ч нүдээ олсон гэж хэлэх хүмүүс олон болов уу. Би өөрөө дэвшилтэт сэтгэлгээтэй хүн. Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт хийхийн төлөө хийсэн ажлууд маань нийгэмд ямар нэгэн шинэчэлт, өөрчлөлт, сэтгэлгээний дэвшил авчирч чадсан гэж боддог. Албан тушаалаар биш нөлөөллийн түвшинд эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн. Нөлөөлөл үзүүлж чадсан, цаашдаа ч үзүүлнэ. Таны ярьж байгаа шүүмжлэл бол цөөн хүмүүсийн л бодол байх. Миний үзүүлсэн стратегийн өмгөөлөл бүхэн нийгэмд эерэг нөлөөлөл авчирсан. Хамгийн сүүлд Г.Алтанхүүгийн хэрэг дээр ажиллалаа. Магадгүй дарагдаж болох байсан хэргийг ил гаргаж тавьснаараа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход төр анхаарал хандуулахад нөлөөлж чадсан. Хэргийн тухайд ч гэсэн шударга шийдэгдэх тал руугаа явж байна. Би албан тушаалд очлоо гээд хүний эрхийн төлөөх тэмцлээ орхиогүй. Харин ч төрийн аппарат дор улам хүчтэй өрнүүлж байгаа.

-Таныг Дээд шүүхэд ажиллаж байсан гэдэг. Олон нийт таныг хүний эрхийн төлөө ажилладаг гэдгээр илүү мэддэг байх?

-Тийм шүү дээ. Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетыг төгсөөд Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байгаад тун удалгүй тушаал дэвшиж Улсын Дээд шүүхэд ирж байлаа. Тухайн үед дүүргийнхээ шүүхийн архивыг шинэчлэх ажлыг санаачлан хийж байсан нь надад итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн гэж боддог. Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд ажиллаж байхад хүний эрхийн төлөө ажиллах сэдэл төрсөн гэх үү дээ. Яагаад гэхээр манай эрхзүйн системд хүний эрх маш ихээр зөрчигддөг. Гэмгүй хүн шүүгдэгчийн ширээнд сууж байгааг олон л харж байлаа. Ингээд АНУ-д хүний эрхийн чиглэлээр сургуульд сурч, НҮБ, олон улсын ТББ-уудад ажиллаж байлаа. Ажлын туршлага маань ч, сэтгэлгээ минь ч аль аль нь төрийн ажлыг хийх давуу тал болов уу л гэж боддог юм.

-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байлаа. Одоо ч Засгийн газар бүрдтэл тогтворгүй байдал үргэлжлэх нь. Энэ нь танай байгууллагад нөлөө үзүүлж байна уу?

-Хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлж байна. Амьдрал ядуу байсан ч тогтвортой байдал нь амьдралын баталгаа болж байдаг. Өнөөдөр эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал бүх шатанд мэдрэгдэж байна. Хүмүүс улс төрийн хуйвалдаан, бохир заваан, өөрсдийн эрх ашгийн төлөөх тэмцлийг харж байна шүү дээ. Ер нь улс төрөөс залхсан байна. Эдийн засаг хүнд болсон нь төрөөс эхлээд, иргэдэд арвич хямгач, тооцоотой, хэмнэлттэй байх ухаан суулгаж магадгүй. Төрийн систем, удирдлагын тооцоогүй, үрэлгэн байдлыг өөрчлөх болов уу гэж найдаж байна. Эдийн засгийн савалгаанд улс төрийн савалгаа нөлөөлж байдаг нь харамсалтай. Хүмүүс тогтвортой байдлыг л хүсдэг шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *