УИХ-ын гишүүн Д.Гантулга холбогдсон хүчингийн хэргийн талаар хэвлэлийн хурал боллоо. Хохирогчийн эгч Ч.Саранзаяа, өмгөөлөгч хуульч М.Ичинноров нар уг хэвлэлийн хуралд оролцсон юм. М.Ичинноров мэдээлэхдээ “Шүүх эмнэлгийн дүгнэлтэд Д.Гантулга гишүүн санаатайгаар нөлөөлж, хуурамч дүгнэлт гаргуулсан хэмээн үзэж, нотлох баримтуудыг АТГ-т хүргүүлэн, гишүүнийг болон Шүүх эмнэлгийн хүрээлэнг шалгуулах хүсэлт гаргасан” гэв. Харин АТГ-аас энэхүү хүсэлтийг тав хоногийн дотор шуурхай шалган хариу гаргасан ч тэр нь хохирогчийн гар дээр албан ёсоор ирээгүй байна. Уг шийдвэрт “Шүүх эмнэлгийн дүгнэлтэд нөлөөлсөн зүйл байхгүй, авлигын үйлдэл илрээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлж, Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн цагдаа руу эрүүгийн хэрэг үүсгэж шалгах мэдэгдэх хуудас явуулсан” гэжээ.
АТГ тавхан хоногийн дотор нотлох баримт, гэрчийн мэдээллийг харгалзахгүйгээр авилгын хэрэг илрээгүй гэсэн дээрх хариуг өгчээ. “АТГ УИХ-ын гишүүн Д.Гантулгад давуу байдал бий болгон, өөрсдөө авилгын шинжтэй үйлдэл гаргасан” гэж өмгөөлөгч М.Ичинноров дүгнэв. Мөн УИХ-ын гишүүн бусармаг үйлдлийнхээ тухай Төрийн ордонд мэдээлэл хийж, завхай бусармаг үйлдлээ илчлээд олон хүнийг доромжилж гүтгээд байхад хууль хяналтынхан гишүүнийг эргүүлэн татах арга хэмжээ авахгүй харин ч хаацайлсан шинжтэй байгаа тул УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд энэ асуудлаар хандаж, энэ хүнийг эргүүлэн татах асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүссэн хэмээн өмгөөлөгч М.Ичинноров мэдэгдсэн юм. Гишүүнээс эргүүлэн татаж, эрүүгийн хэрэг үүсгэхэд дэмжлэг үзүүлээч гэж тэд хүсчээ.
Хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа өөрийн фэйсбүүктээ нотлох баримтуудыг дэлгэсэн боловч түүний нүүр хуудсыг хаалгасан гэлээ. Ч. Саранзаяа өөрийн нэрийг ашиглан сошиал дээр ямар ч үйлдэл хийж болохоо больсон гэж мэдээлэв. Мөн Ч.Саранзаяагийн нэр дээр хуурамч аккаунт үүсгэн, 500 сая төгрөг аваад фэйсбүүк хаачихлаа гээд алга болсон гэх арга ядсан үйлдэл гаргасан гэв.
Гишүүнтэй ямар холбоотой байсаныг тодруулсан сэтгүүлчийн асуултанд Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай оюутан байхдаа ангийн найзууд байсан” гэв. Тэрбээр мөн “Би мөнгө авсан бол хэвлэлийн хурал хийж явах байсан уу, үнэхээр мөнгө авах байсан бол сонгуулийн дараа Д.Гантулгыг тохиролцъё гэхэд нь өгснийг нь аваад алга болж болох байсан. Хүнд мөнгөөр худалдаж болохгүй нандин зүйл гэж байдаг. Надад итгэж найдаж байгаа олон хүмүүс бий. Тиймээс тэр хүмүүсийн итгэлийг хүндэлж, эцсээ хүртэл явна” гэж мэдэгдлээ.
Б.ӨЛЗИЙБАЯР