Нийслэлд ханиад томуугийн өвчлөл ямар түвшинд байгаа, томуугаас урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээнд юуг анхаарах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн их эмч М.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын халдварт өвчин их байна шүү дээ. Энэ жилийн хувьд ямар төрлийн вирусийн гаралтай ханиад элбэг байгаа вэ?
– Томуу өвчний ерөнхий ойлголтын тухай ярих нь зөв болов уу. Томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, хоолой, үе мөч, булчингаар өвдөх шинжээр илэрдэг, вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин л дөө. Томуугийн вирус агаар дуслын замаар халдварладаг. Өвчтэй хүн буюу вирус тээгч ханиах, найтаах, ярихад вирус хамар залгиураас шүлс, салс, цэрээр агаарт цацагдаж, эд юмсын гадаргууд халдварлагдан, агаар дахь тоос, тоосонцроор амьсгалын дээд замд халдвар тархдаг. Нэг найтаалтаар 40000-аас илүү дусал агаарт цацагддаг. Өвөл агаарын чийгшил бага, нарны цацраг хомс байдаг нь томуугийн вирусийг амьдрах нөхцөл нь болдог. Монгол Улсад 2019 оны стастистик мэдээллээр хүн амын дундах өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын замын өвчин эзэлж байна. Амьсгалын замын өвчлөл дотроо томуугийн өвчлөл нийт 9.1 хувийг эзэлж байгаагаас эмэгтэйд- 9.3 хувь, эрэгтэйд- 8.9 хувь эзэлж байна. Ер нь аравдугаар сард “А” хүрээний томуугийн вирус дэгдэлт ихэсдэг л дээ. Тийм учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас томуугийн эсрэг вакциныг жилдээ хоёр удаа хийхийг зөвлөдөг. Гэхдээ Монголын нөхцөлд бол жилдээ нэг удаа буюу аравдугаар сард томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө вакцинаа хийлгэчихвэл илүү үр дүнтэй.
-Ханиад, томуугийн эсрэг ДЭМБ-ын чанарын гэрчилгээтэй вакциныг энэ сарын сүүлээр сурагчдад хийнэ гэсэн яриа байсан. Харин эцэг эхчүүд энэ вакциныг хийлгэх тун дургүй байна лээ. Ер нь энэ вакциныг хийлгэх нь зөв үү?
– Томуугийн эсрэг вакцин гэдэг нь ханиад томуунаас сэргийлэх тарилгын шингэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тухайн жил зонхилон тохиолдож байгаа томуугийн тархвар зүйн судалгаанд үндэслэн гаргадаг. Өөрөөр хэлбэл, зургаан сараас дээш буюу бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, 60-аас дээш насны өндөр настнууд, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүс, эмнэлгийн ажилчид зайлшгүй хамрагдах ёстой. Нөгөөтэйгүүр вакцины эсрэг заалттай хүмүүс гэж бий. Өндөг, сүү, тахианы махнаас харшилтай хүмүүс хийлгэж болохгүй гэсэн үг. Ер нь тухайн вакцины найрлагад орсон зүйлсээс шалтгаалдаг. Томуугийн эсрэг вакцин маань сайн дурын вакцинжуулалт учраас хувь хүний өөрийн саналыг харгалзах хэрэгтэй. Харин сургуулийн хүүхдүүдийг бүгдийг нь хамруулах гэж байгаа бол албан ёсоор эцэг эхчүүдэд нь танилцуулах ёстой. Багш нар нь танилцуулаагүй хэрнээ вакцин хийлгэчихсэн гээд ирдэг тохиолдол байдаг.
-Вакцин хийлгэсэн тохиолдолд ханиад, томуу хүрэхгүй байх хэдэн хувийн баталгаатай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Ер нь 100 хувь вакцинд найдаж болохгүй. Дор хаяж хоёроос гурван томуугийн вирус дээр л үндэслэгдэж байгаа. Ханиад, томуугийн эсрэг вакциныг тарьснаас хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ энэ төрлийн вакцин хийлгэх нь насан туршийн баталгаа болж чадахгүй. Вакцин хийлгэсэн жилдээ л үйлчилгээтэй.
-Ханиад, томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийх нь олон сөрөг үр дагавартайгаас гадна санхүүгийн хувьд ч илүү зардал болдог. Ер нь хүмүүс дураараа эм тариа хэрэглээд эдгэхээргүй болоод эмнэлэгт хандах тохиолдол бий?
-Ханиалгаж, хоолой өвдөж эхлээд тэдэн хоног тийм эм хэрэглэсэн гээд ороод ирдэг. Антибиотик хэрэглэх тусам биед хэрэгтэйбичил биет цөөрч, дархлаа дарангуйлагдаж байдаг. Шинж тэмдгийн эсрэг түр зуурын эм хэрэглээд л яваад байдаг. Ингэж хэрэглэснээр өвчин улам даамжрах нөхцөл бүрддэг. Түүнчлэн гэнэт хүндрээд, амьсгалын дутагдалд ороод ирэхээрээ эмнэлэгт ханддаг нь маш том сул тал юм.
-Бид эмчийн зааваргүй эм бэлдмэл хэрэглэж болохгүй гэж яриад л байдаг хэрнээ хэрэглэчихдэг. Ер нь энэ байдлыг хэрхэн яаж өөрчилбөл зүйтэй юм бол?
-Бид амбулаториор үзлэг хийхдээ архаг өвчтэй хүмүүсдээ 30-45 хоногийн дараа давтан заавал үзлэгтээ хамрагдаарай гэж хэлдэг. Яг тэр тогтсон хугацаанд заавал ирж үзүүлэх ёстой. Үүнд л асуудал байгаа юм. Гэтэл зарим өвчтөн эмчилгээ хийлгэж байх явцдаа гайгүй болчихлоо гээд эмчилгээгээ хаячихдаг. Эсвэл энэ эмчилгээнд миний өвчин бүрмөсөн эдгэчихлээ гээд алга болчихдог. Хүмүүс эргэх холбоотой байхыг тэр бүр ойлгож хэвшүүлж дадаагүй байна. Гэхдээ бид хэлж, хэвшүүлэх гэж хичээж байгаа. Яваандаа хүмүүсийн ойлголт сайжрах байх.
-Коронавирустэй холбоотой хүн бүр амны маск хэрэглэж байгаа шүү дээ. Энэ нь амьсгалын замын өвчин, тэр дундаа ханиад томуу халдахаас бага ч гэсэн сэргийлж чадаж байгаа болов уу?
-Ер нь цар тахалтай холбоотойгоор хүмүүс маск хэрэглэж байгаа. Энэ нь ч үр дүнтэй байна. Ер нь коронавирус устсан ч цаашдаа олон нийтийн дунд явахдаа маск хэрэглээд сурчихвал амьсгалын замын өвчнөөс сайн хамгаалж чадна. Амны хаалт тогтмол зүүж хэвшсэнтэй холбоотойгоор энэ жил хүндэрсэн ханиад, томуугийн тохиолдол эрс буурсан. Үүнээс гадна гар ариутгагч тогтмол хэрэглэх, унтаж амрах, чийгтэй цэвэрлэгээ хийж, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон хүнтэй өрөөнд суудаг бол 20-30 минут тутам цонхоо онгойлгож агаар оруулж байх хэрэгтэй. Мөн томуугийн ханиадны эсрэг вакцин хийлгэх нь чухал.
Ер нь ханиад томуу тусахгүйн тулд хувь хүн талаасаа дэглэм сайн баримтлах ёстой. Хамгийн наад захын жишээ бол улиралдаа тохируулаад нимгэн дулаан хувцасаа зохицуулж өмсөх учиртай. Гадуур явж байхад нимгэн хувцастай хүмүүс их харагдаж байна. Ер нь ханиад томуу тусч байгаа хамгийн гол шалтгаан нь нимгэн хувцас өмссөнөөс болж байна. Одоогоор манайд нус нь гоожсон, хамар нь битүүрсэн, ханиалгасан шинж тэмдэгтэй хүмүүс их орж ирж байна. Шалтгааныг нь асуухаар доороосоо даарсан гэж хэлдэг л дээ. Үүнээс гадна аминдэмээр баялаг, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ёстой гэдгийг хүн болгон мэддэг хэрнээ яг таг хэрэгжүүлж чаддаггүй. Үүн дээрээ сайн анхаарах ёстой. Мөн 5-6 цаг унтдаг хүмүүс зөв голдирлоороо орж 7-8 цаг унтаж биеэ амраах хэрэгтэй. Мөн өдөрт хамгийн багадаа нэгээс хоёр литр ус уух шаардлагатай. Хүн өдөр тутмын амьдралд оролцохдоо хөдөлж ачаалал авч хөлсөөр эрдэсээ алдаж байдаг учраас түүнийгээ нөхөж явах ёстой.
С.ЛХАМСҮРЭН