Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулантай ярилц-лаа. Түүнийг улсын цолонд ойрхон залуу бөхчүүдийн нэг гэдэг билээ.
-Үндэсний бөхөөр хичээллээд хэр удаж байна?
-Би үндэсний бөхийн спортоор хичээллээд найман жил болж байна. Аймгийнхаа ерөнхий боловсролын дөрөвдүгээр сргуулийг 2007 онд төгссөн. Төгссөн жилээ Улаанбаатар хотод ирж “Аварга” дээд сургуульд элссэн.
-Ямар мэргэжлээр төгссөн юм бэ?
-2011 онд “Аварга” дээд сургуулийг үндэсний бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Оюутан ахуйгаасаа л Монгол Улсын начин Адьяахүүтэй багш шавийн барилдлага барилцаж амьдралаа холбожээ?
-Тэгсэн. Завхан аймгийн харьяат Монгол Улсын начин Б.Адьяахүү багшийн удирдлага дор найман жил хичээллэж байна. Намайг анх бөхийн замд татан оруулсан багш бол яах аргагүй Адъяахүү багш. Одоо багшийнхаа хий гэсэн бэлтгэлийг хийж, өгсөн заавар чигээр нь л барилдаж байна. Огт барилдаж үзээгүй хүүхэд өнөөдөр үндэсний бөхөд хамаг амьдралаа зориулаад явж байна.
-Хүүхэд байхдаа хамар хашааныхаа хүүхдүүдтэй ноцолдож ч байгаагүй юм уу?
-Барилдаж байгаагүй. Би Баян-Өлгий аймгийн Алтай суманд 1989 онд төрсөн. Эцэг эхээсээ зургуулаа. Дөрвөн эгч, нэг дүүтэй. Эгч нартай болоод ч тэр үү ерөөсөө ноцолдож явсан удаагүй. Малчин айлын хүүхэд ч гэсэн мал нэг их маллаж байгаагүй. Аймгийн төвд л өссөн.
-Тэгвэл хэн таныг үндэсний бөх рүү тэгж их уруу татчихав аа. Үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Ерөөсөө бөх барилдаж үзээгүй. Анх 2006 онд манай аавын дүү Я.Сьез Алтай суманд болсон цол олгох барилдаанд намайг барилдуулна гээд дагуулаад явсан. Барилдаан хоёр өдөр үргэлжилж би түрүүлж сумын начин цол хүртчихлээ. Бөхийн спортод анх тэгж л дурлаж билээ. Түүнээс л анх барилдах урам зориг орсон. Ингээд дараа жил нь дахин нэг барилдаанд орж сумын заан цол авсан. Заан цолны хамт “Аварга” дээд сургуульд элсэж орох эрхийн бичгээр шагнуулсан юм.
-Арван жилээ ч төгсөөгүй байхдаа сумын заан цолонд хүрсэн юм байна ш дээ?
-2007 онд аравдугаар ангийн сурагч байсан. Тэр үед зургаан залуу зааны барилдаан гээд нэлээн сонирхолтой барилдаан болдог байсан. Аавтайгаа хамт зурагтынхаа өмнө сууж их л сонирхож үздэг байсан. Би “Аварга” биеийн тамирын сургуулийг 2011 онд төгсөөд, төгссөн жилээ аймгийн арслан болсон. Тухайн үед манай аймагт 256 бөх барилдсан. Увс, Хөвсгөл, Ховд зэрэг олон аймгаас бөхчүүд ирж барилдсан. Энэ барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.
-Аймгийн арслангуудын туйлын хүсэл нь улсын цолонд хүрэх. Таныг улсын цолонд ойрхон бөх гэж ярьдаг. Тэгээд ч Баян-Өлгий аймгаас улсын цолтон тасраад нэлээд олон жил болсон байх шүү?
-Яг одоо өмнөө тавьсан миний зорилго бол улсын цол авах. Манай аймагт 1982 оноос хойш улсын цолтой бөх төрөөгүй. Улсын харцага О.Бахыт ахаас хойш. Тиймээс улсын цолонд хүрч нутаг усныхныгаа баярлуулах юмсан гэсэн бодол тээж явдаг.
-Улсын цол хүртэхэд хэр ойрхон байгаа бол. Дотроо өөрийгөө шинжиж л суугаа байлгүй?
-Улсын цолонд гялс хүрчих юмсан л гэж бодож байна. Гэхдээ би заавал тэр цолыг авна гэж ярьж болохгүй. Улсын цолонд хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Хэн сайн бэлтгэлтэй байна, тэр хүн л амжилтад хүрдэг гэж багш байнга захидаг. Бэлтгэлээ сайн хийгээд явбал улсын цолонд тэр чинээгээр хурдан хүрнэ гэж бодоод шамдаж байна.
-Танай аймгаас өөр улсын цолонд хүрэх магадлалтай бөхчүүд бий юу?
-Ойрын тав, зургаан жил манай аймгаас сайхан залуу бөхчүүд гарч ирж байна. Надаас нэг их дүү биш, ганц хоёр дүү тийм залуучууд байгаа. Аймгийн арслан Серик, аймгийн харцага Береке, Мустафа гээд сайхан залуучууд байна.
-Баян-Өлгий аймгийн бөхчүүд хоорондоо хэр холбоотой байна. Аймгуудыг хараад байхад нэгнийгээ улсын цолонд хүргэх гэж их л татаж, түлхэх юм?
-Манай аймагт улсын цолтой бөх гэвэл О.Бахыт ах. Хөгшин настай хүн. Тэгээд ч наадмаар хотод байдаггүй. Өөр улсын цолтой хүн байхгүй болохоор ийш тийшээ дэмжлэгээр явна, тэгж, ингэж зүтгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Бор зүрхээрээ л явна. Намайг улсын цолонд хүрээсэй, хүргэчих юмсан гэж боддог хүн нь ганц миний багш Адъяахүү. Намайг их дэмжинэ. Миний ааваас өөрцгүй санаа тавьж, хаана явна, юу идэж байна, бэлтгэлдээ хэзээ ирэх юм гээд хором бүр санаа тавьдаг хүн. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Телейхан, Бакей нар нутгийн бөхчүүддээ их анхаарал хандуулж, тусалж дэмждэг болсон.
-Үүнээс өмнө бэлтгэл хангахаас эхлээд их л хүнд байсан гэж сонссон?
-Улсын Их Хурлын гишүүн А.Телейхан гишүүн Дулааны IV цахилгаан станцад оруулж өгсөн. Мөн Алтай сумын нутгийн зөвлөлийн дарга Арманбек ах их тусалж дэмждэг. Бид хоёр хуурай ах дүүс. Гишүүд боломжоороо дэмждэг. Нутгийнхаа залуусыг улсын цолонд хүрээсэй гэдэг утгаараа шүү дээ. Наадмаар нэг их айхтар мөнгө төгрөг өгөөд байдаггүй ч бэлтгэл хангах боломж бололцоог бүрдүүлж, дэмжлэг үзүүлдэг. Сургуулиа төгсөөд бөхийн зам мөр хөөсөн надад нэг хэсэг хүнд байсан нь үнэн.Малчин эцэг, эх маань ямар тэр болгон мөнгө төгрөг явуулаад байх чадалтай биш. Эгч нар цалингаараа өнөө маргаашаа залгуулна. Өөрсдөө амьдралтай хүмүүс. Надад бэлтгэл хийх, амьдрах орон гэрээс эхлээд асуудал их тулгарна. Бэлтгэлдээ 100 хувь анхаарч чаддаггүй байсан. Учраа олохгүй, тулж түших хүнгүй яг л оюутан шиг бор хоногийг өнгөрөөж явсан.Береке, түүний дүү бид гурав хөлсний байранд амьдарч, барилдаангүй өдөр цагийн ажил хийж хэд гурван төгрөг олно. Нэгэнт л бөх болно гэж зүтгэсэн учраас буцах эрх надад байгаагүй.
-Одоо бэлтгэлээ хаана хийж байна. Дархан аварга А.Сүхбаттай хамт бэлтгэл хийдэг гэж сонссон?
-Манай аймгийн бөхчүүд “Таван богд”-ын дэвжээн дээр бэлтгэл хийдэг байсан. Тус дэвжээ татан буугдаад саяхан “Өлгийн хүчтэн” гээд дэвжээ байгуулагдсан. Одоо үйл ажиллагаагаа явуулаад гурван сар гаруй болж байна. Тэнд бэлтгэл хийнэ. Мөн Дархан аварга А.Сүхбатын “5D” фитнессд манай бөхчүүд аваргатай хамтарч бэлтгэл хийж байна.
-Залуу бөхчүүдийн хувьд их том боломж нээгджээ. Аваргаас их зүйл сурч байна уу?
-Өө их. Аваргаас сурах юм тун ч их байна. Аварга хэн дуртайтай нь бэлтгэл хийдэг хүн биш шүү дээ. Манай аймаг цөөхөн бөхтэй. Тиймээс Баян-Өлгийгөөс нэг биш, хоёр гурван улсын цолтой бөх төрөөсэй гэж биднийг аварга их дэмжиж байгаа.
-Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Бэлтгэлээс гадна ажил хийж байна уу?
-Дулааны IV цахилгаан станцаас цалингаа аваад явж байна. Хааяа бас ажил хийхгүй бол болохгүй шүү дээ. Тус станцын “Эрчим” клубийн зааланд гэрээт багшаар ажиллана. Зааланд хүүхдүүд тоглуулна гээд янз бүрийн л ажил хийнэ. Хааяа станцын засвар хүртэл хийдэг. Яг тогтсон ажил төрөл бол байхгүй. Хамаг амьдралаа бөхөд зориулж улсын цолны төлөө явж байгаа учраас бэлтгэлдээ л анхаарал тавина. Өдөртөө нэгээс хоёр бэлтгэлтэй. Нэг өдөр хүчний, дараа өдөр нь заалны, нөгөө өдөр нь А.Сүхбат аваргатай бэлтгэл хийнэ гээд их шахуу л үзэж байна. Улсын цолонд гялс хүрэх юмсан гээд бодоод л байна.
-Улсын цолонд хүрчихвэл өөрийн тань амьдрал алга урвуулахтай л адил өөрчлөгдөх нь ээ?
-Миний гол зорилго улсын цолонд хүрэх. Би өнөөдөр тогт-сон ажил ч үгүй, гэр бүл зохиож ч амжаагүй байна. Өөрийн гэсэн бүхнээ золиосолсон. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүлж улсын цол авчихвал нутаг усныхан ч гэсэн сайхан хүлээж авах байх. Тэгээд ч аав минь өнгөрсөн хавар өөд болоод ээж, дүү хоёроо хажуудаа авсан. Бүхнээс илүүтэйгээр ээжийгээ амьд сэрүүн дээр нь баярлуулж, магнайг нь тэнийлгэх юмсан гэж бодож явдаг.
-Наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарах уу?
-Наадмийн бэлтгэлийг Адъяахүү багшийн удирдлагад хийнэ. Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Завхан гээд аймгуудын хамтарсан бэлтгэл хийдэг. Бэлтгэл сайн хүнд аль ч цолонд хүрэх боломж байгаа.Тиймээс хичээх л хэрэгтэй байна.
-Таны өндөр, жин хэд байна вэ?
-Өндөр 178 см. Жин 120 кг.
-Улсын харцага Б.Пүрэвсайхан та хоёр нэг анги бил үү?
-Улсын харцага Пүрэвсайхан, аймгийн хурц арслан Сүхбат, Өвархангай аймгийн заан Дарханбат, сумын заан Цэрэндавга гээд манай ангийн сайхан залуучууд бий. Биднээс хамгийн түрүүнд улсын цолонд хүрсэн нь Пүрэвсайхан. Бид хоёр Адьяахүү багшийн удирдлагад хамт бэлтгэл хийдэг. Их сайхан ирээдүйтэй бөх.
-Та улсын наадамд хэдэн удаа зодоглоод байна?
-Би улсын наадамд гурав зодоглосон. Хамгийн сүүлд 2015 онд наадмаар зодоглож гурав даваад дөрвийн даваанд Увс аймгийн харьяат Бүрэнтөгс арсланд өвдөг шороодсон.Энэ жил жаахан азгүйтсэн. Бүрэнтөгс арслангаас өөр хүнтэй таарсан бол бас яах ч байсан юм билээ гэж боддог (инээв). Улсын арслан хүний барилдаан нэг өөр, аймгийн арслан нэг өөр шүү дээ. Бөх чинь мэргэжил болчихсон. Ч.Санжаадамба заан шиг жигд сайхан барилдаантай бөх тун ховор. Цолноос хамаарч бөхчүүдийн барилдаан хүртэл өөр өөр байдаг. Гэхдээ яахав, нэг их харамсаад байдаггүй. Өөрийнхөөрөө л сайхан барилдаад улсын наадамд гурав давна гэдэг болоо шүү дээ.
-Адъяахүү багш танд ямар мэх түлхүү зааж байна?
-Өөрийн мэдэх бүхнээ заадаг. Хутгах, шуудагнаас давуулж гуядах мэх зэргээс эхлээд олон юм зааж, сургаж байна. Адъяахүү багшийн хувьд миний ааваас өөрцгүй хүн. Өнгөрсөн хавар миний аав Малшы уушгины хорт хавдраар өөд болсон.Тиймээс багш маань аавын минь оронд аав болж нөмөр нөөлөг минь болж яваа хүн. Багшийнхаа ачийг хариулж улсын цолонд хүрэх юмсан гэж л бодох юм.