-“ТАВАН ТОЛГОЙН ТӨСӨЛ МОНГОЛД АШИГГҮЙ” ГЭСЭН ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ-
М.Энхсайханы өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Цэлмэгтэй ярилцлаа.
-Хууль зүйн сайд саяхны чуулган дээр Ерөнхийлөгчийг шүүгчдэд тушаал өгч улстөрчдөд ял өгүүлсэн гэсэн утгатай мэдэгдлийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Хууль зүйн сайд Х.Нямбаатар нотлох баримт байгаа учраас дээрх мэдэгдлийг хийсэн байх. хэрэв тодорхой албан тушаалтныг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан бол сайд өөрөө хариуцлага хүлээнэ шүү дээ. Энэ асуудлыг шалгаж үнэхээр хэн гэдэг шүүгч Төрийн ордонд ямар ажлаар дуудагдсан, хэзээ яаж нэвтэрсэн, хэнтэй уулзсан бүртгэл нь байгаа учир үнэн худал эсэхийг тогтоох боломжтой, тогтоох ч ёстой.
-М.Энхсайханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэсэн, та шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу?
-Улсын дээд шүүхээс М.Энхсайханд холбогдох хэргийг хянаад эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан байхад төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь буруу гэж үзээд ерөнхий ангийн зүйлчлэлийг өөрчилж түүнд оногдуулсан 4.6 жилийн хугацаатай хорих ялаас зургаан сарын хорих ялыг хасаж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. өмгөөлөгч д.оросоо бид хоёр энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Тийм учраас Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргасан. Тодруулж хэлбэл, нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн гомдол гаргаад байна.
-Яг ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бол?
-Гомдлын үндэслэл нь маш тодорхой. Таван толгойн төсөлтэй холбоотой баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сард Уих-д өргөн барьсан байдаг. өөрөөр хэлбэл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчлэх ёстой байсан.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа тохиолдолд 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудал хөндөгдөх нь Эрүүгийн эрх зүйн суурь зарчим.
Анхан болон давж заалдах шатны шүүх “…М.Энхсайханы Таван толгойн төслийг УИХ-д өргөн барьсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг, 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хоёр гэмт хэргийн шинжийг давхар агуулсан бөгөөд энэ нь М.Энхсайханы хувьд хоёр гэмт хэрэгт ял шийтгэгдэхээр нөхцөл байдал үүссэн учир 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилбэл эрх зүйн байдал нь дээрдэнэ” гэж дүгнэсэн.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлүүдийн аль аль нь үлэмж (тухайн үеийн ханшаар есөн сая төгрөгийн хэмжээг ойлгоно) хэмжээний хохирол шаардаж байж гэмт хэрэгт тооцогддог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Онцолж хэлэхэд, М.Энхсайханы Таван толгойн төслийг УИХ-д өргөн барьсан үйлдэл нь ямар ч хохирол, хор уршиг учруулаагүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учир М.Энхсайханы эрх зүйн байдлыг хүндрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл огт байхгүй.
-М.Энхсайханыг анх зандалчлах гэсэн зүйлээр буруутгаад эцэстээ жип машины асуудал болгож дууссан. энэ мэт жишээнээс харахад таны үйлчлүүлэгчийг улс төрийн шалтгаанаар буруутгасан гэх нотолгоо хангалттай бий. уншигчдад эргэн сануулах үүднээс улс төрийн шалтгаантай гэж хардах нотолгоонуудаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Таван толгойн төсөлтэй холбоотой баримт бичгийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаад 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан атлаа уг үйлдлийг нь давхар “Хорлон сүйтгэх” гэж зүйлчилсэн. Нэг үйлдлийг ингэж хоёрөөр зүйл ангид заасан хоёрөөр гэмт хэрэг гэж үзэж давхар ял шийтгэхийг оролдож болохгүй л дээ. Шүүх үүнийг арай ч хэтэрнэ гэж үзээд хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарлаад прокурорт буцаасан. Зүй нь хэрэгсэхгүй болгох учиртай байсан юм.
-тэгвэл м.энхсайханыг ялаа эдлээд гараад ирсэн хойно нь “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байгаа гэсэн хэрэг үү?
-2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулна” гэсэн зарчмын заалт бий. Таны хэлсэнчлэн М.Энхсайханыг “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байсаар байна.
-Таны үйлчлүүлэгчийг Таван толгойг цогцоор нь хөдөлгөх гэрээг боловсруулсан гэж буруутгахдаа хамтын зарчмаар ажиллаагүй гэсэн шалтгаан хэлдэг. ажлын хэсэгч өчнөөн хүн ажиллаж байхад ингэж буруутгах нь хэр үндэслэлтэй вэ. Ер нь энэ гэрээ монгол улсад ашиггүй байв уу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-М.Энхсайхан дангаараа Таван толгойн гэрээний төслийг боловсруулаагүй. Ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамж/, үндсэн ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт гишүүд гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнг шүүх үгүйсгэж дангаараа шийдсэн мэтээр дүгнэсэн.
Таван толгойн төслийг Монгол Улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын төрийн бодлогын гол зорилт байх ёстой. Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийн тухайд харилцан ашигтай нөхцөлөөр л гэрээг байгуулах боломжтой шүү дээ. Энэ бол хэн ч ойлгохоор энгийн логик. Прокурор, шүүхийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүхий гэрээний зүйл заалтуудыг нь түүж аваад М.Энхсайханыг яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний зүйл заалтаас огт дурдаагүй.
-Таван толгойн гэрээний төсөлд туссан Монголын талд ашигтай зүйл заалтуудаас сонирхуулаач?
-Монголчуудын арван жилийн хугацаанд маргалдаж одоог хүртэл тавьж чадаагүй байгаа Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс угаах, боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай заалтууд байсан. Харамсалтай нь Монголын талд ашигтай энэ заалтуудаас нэгийг нь ч дурдахгүйгээр ялласан.
-Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх ямар дүгнэлт өгсөн бэ?
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн байгаа. /2020.01.10-ны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх үндсэн заалт/М.Энхсайханд холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 30-нд давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж 964 тоот магадлалыг гаргасан. Тодруулж хэлбэл энэ өдрөөр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Таван толгойн мега төслийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг шүүх нэгэнт бусдад давуу байдал олгох гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэсэн учир хөөн хэлэлцэх хугацааг төслийн бичиг баримтыг эцэслэж боловсруулж гарын үсэг зурсан 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөр тооцсон ч бай, анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл таслан зогсоогдсон гэх 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрөөр багцаалдсан ч бай хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь түдгэлзүүлсэн. Ингэснээр М.Энхсайханы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх боломж гарсан ч Дээд шүүх хүлээж авсангүй.
-М.Энхсайханаас бусад шүүхээр ял шийтгүүлсэн улстөрчдөд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, заримыг нь дахин шийдүүлэхээр буцаалаа. энэ хүмүүс дахин сонгуульд нэр дэвших эрхтэй юү?
-УИХ-ын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Авлигын хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон бол нэр дэвших эрхгүй болж байна. Тэгэхээр М.Энхсайхан төдийгүй сая шүүхээр шийтгэгдсэн 13 хүний тухайд ийм ноцтой үр дагавар хүлээж байгааг хүмүүс анхаарахгүй байна. Хууль зүйн сайдын хэлдэгчлэн улс төрчдөөс захиалга, даалгавар авдаг шүүгч нартай байгаа бол өрсөлдөгчдөө шүүхээр оруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэж ял тохоод насан туршид нь сонгогдох эрхийг нь хаасан болж таарч байна. Хэнийг сонгох нь сонгогчдын хэрэг учир иймэрхүү олон шаардлага, хаалт тавих хэрэггүй. Улс төрийн өрсөлдөгчдөө хэрхэн баривчлуулж, ял оногдуулж байгааг Оросын жишээнээс бид өнөөдөр харж сууна. ОХУ шиг дарангуйлагч төрийн зарчмаар ажиллаж, өрсөлдөгчдөө зориудаар яллуулж, ийм маягаар хэлмэгдэж ял авсан улстөрчийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн орчныг бүрдүүлэх нь ардчиллаас ухарсан алхам.