Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Засаг нь тогтворгүй бол хэн хөрөнгөө бариад манайд ирэх билээ

МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа. 

-Та 2006 онд өнөөдрийн МҮАН-ыг ҮШН нэртэйгээр байгуулж байжээ. Энэ цагаас хойш найман жил өнгөрсөн байна. Нам байгуулагдаж байх үеийн дурсамжаар яриагаа эхэлье?

-“Мянган жилийн явдлыг нэг өдөр болсон мэт тунгаа. Тустайг болгоо” гэсэн эзэн Чингэс хааны сургаалаар яриагаа эхэлмээр байна. XX  зууны болон Цагаан морин жилийн хувьсгалаас хойших монголчуудын улс төрийн түүхийг нэг өдөр болсон мэт хураангуйлан харвал бид өглөө нь социализм гэж байснаа орой нь либериализм гэж туйлширсан улс болж таарч байгаа юм. Аль нь ч Монголынх биш. Либериализмын тугийн дор бид “орондоо унтах завгүй… хөнжилдөө орох завгүй… “ улс төрийн хэрүүл хийдэг болсон. “Хүний эрх”-ийг бид “амиа хичээгч үзэл” болтол нь хөгжүүлсэн.  Төрийн бус байгууллага нэртэй гадаадын төрийн хэдэн зуун байгууллага Монголд бий болсон. 30 орчим төрлийн шашин Монголд нэвтэрч итгэл үнэмшил эрээн бараан болсон. Товчхондоо Монгол Монгол биш болж байгаад олон хүн санаа зовж байгаа. Тийм хүмүүсийн тоонд бид багтаж байлаа.

-Тиймээс үүнийг өөрчлөхийг хүссэн гэж үү?

-2006 он бол монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо тэмдэглэж, үүх түүхээрээ бахархах, өвөг дээдсийн сургаалыг шинээр үзэж харахад түлхэц өгсөн сайхан жил байсан. Хөөрөл баясал, хоосон бахархал баяраасаа илүүтэй агуулга чухал байлаа. Бидний хэсэг улстөрчид өвөг дээдсийн сургааль номлолыг орчин цагийн хэллэгт оруулж улс төрийн үзэл баримтлал томъёолох тухай бодож байсан юм. Алийн болгон гаднынхны номлолоор явах билээ гэж бодсон хэрэг. Үйл явдлын өрнөл, цаг хугацааны нөхцөл байдал биднийг ҮШН-ыг байгуулах аятай бололцоог бий болгосон. Гол нь энэ нам “Үндэсний үзэл” хэмээх цоо шинэ нэр томьёог улс төрийн эргэлтэд оруулж, үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзлийг тулгын чулуу гэж зарласан.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд манай намынхан “Үндэсний үзэл”, “Монгол иргэншил”, “ Монгол төрийг урлахуй”, “Үндэсний эрх ашгаар засаглахуй” гэсэн сэдвээр судалгаа хийж улс төрийн үзэл баримтлалаа боловсронгуй болгон энэхүү баримтлалаар шинэ Үндсэн хуулийн төслийг бичиж олон түмний анхааралд хүргэсэн. Энэ нь монголчуудын алсын харааг тэлэхэд тустай байсан гэж бодож байна. 

-Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг та дөрвийг АН хөөсөн нь  ҮШН гэдэг намыг байгуулахад нөлөөлсөн байх л даа?

-Тэгэлгүй яахав. Энэ хүмүүс бүгд манай намын үндэслэгчид юм. Харамсалтай нь нэг нөхөр маань талийгаач болж дээ. 

-2011 онд ҮШН  МҮАН болж нэрээ өөрчилсөн. Мэдээж МҮАН-ын угшил гарвалыг хөөвөл ерээд оноос эхтэй. Тэгэхээр яагаад  энэ нэрийг авсан нь ойлгомжтой байх…

-1911, 1921 оны үйл явдлууд бүгд л үндэсний шинжтэй хувьсгал байсан. Яваандаа үндэсний гэдэг нь гээгдсэн. Социалист болсон. Үүнтэй нэгэн адил 1990 оны ардчилсан хувьсгал үндэсний шинжтэй байсан. Яваандаа үндэсний гэдэг шинжээ гээсэн байдаг. Ялангуяа энэ нь Ардчилсан намын нэрийн хувирал дээр ажиглагддаг. Өнөөдрийн эрх баригч АН өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэндээ “Монголын Ардчилсан Нам”, “Монголын Үндэсний Ардчилсан Нам” гэдэг нэртэй байлаа. Эхлээд “үндэсний” гэдэг тодотголоо гээсэн, дараа нь бүр “Монголын” гэсэн тодотголоо гээсэн. Өнөөдөр Монголд гадаад үзэл баримтлалтай “Монголын” нам их байгаа. Сонин байгаа биз. Манайд улс төрийн намууд зөвхөн “Монголын” биш “Монгол” байх ёстой гэдгээр бид намынхаа нэрийг “Монгол Үндэсний Ардчилсан Нам” гэсэн юм. 

-МҮАН үндэсний үзэл, шударга ёсны үзэл, ардчилсан үзлийг гол үзэл баримтлалаа болгосон. Эдгээр үзлийг бүхнээс эрхэмлэн дээдлэх болсон гол санаа нь юунд оршиж байна вэ?

-Монголчууд өөрийн гэсэн иргэншилтэй, өөрийн гэсэн төр засгаа байгуулах үзэл номлолтой ард түмэн. Ардчиллыг гаднаас хайгаад хэрэггүй. Эзэн хаанаа Их хуралдайгаас тодруулдаг байсан улс орон хаана ч байхгүй. Өнөөдөр дэлхий ертөнц анхны бичмэл хуулийг “Магна Карта” гэж үздэг. Гэтэл түүнээс 10 жилийн өмнө монголчууд “Их Засаг” хэмээх хуультай байлаа. Британичууд өөрсдийгөө дэлхийн анхны үндэстэн гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэднээс 200 жилийн өмнө монгол үндэстэн бий болсон байлаа. Орчин цагийн үндэстэн-улсын эх загвар нь Их Монгол Улс байлаа. Товчхондоо Монголын ардчилал 808 жилийн настай. Ингэж хэлэхээр тархиа гадныхнаар угаалгасан олон хүн уурладаг юм. Эхлээд уурлана, дараа нь үл тооно, дараа нь шүүмжилнэ, дараа нь хүлээн зөвшөөрнө. Хүний оюун ухаан энэ замаар явдаг тул би цуцахгүй хэлээд байдаг юм. Шударга ёс хэмээх өвөг дээдсийн сургаал баримтлал асар өргөн. “Харийнхныг дуурайвал Хөх Монгол гутмой, хахаж цацталаа баяжвал хамаг олон жигшмой” гэсэн сургаал үг бий шүү дээ. МҮАН нь хэлж ярьж байгаа үзэл баримтлалаа өмчлөх эрхгүй. Угаасаа бидний өмч биш. Монголчуудын үндэсний ухамсрыг зөв өдөөж зөв сэрээх явдлыг манай нам зорилгоо болгож байгаа юм. 

-Эргээд харахад МҮАН улс төрийн бараг бүх хүчинтэй хамтарч ажиллажээ.  МАН, АН-ын аль алинтай хамтарч Засгийн газар байгуулсан байна…

-Гоё асуулт байна. Нээрээ эргээд харсан чинь манай нам бүх л том улс төрийн хүчинтэй  эвсэлдэж байсан байдаг. МАН-тай Үндэсний эвслийн Засгийн газар байгуулж байсан. Одоо АН-тай Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ороод ажиллаж байна. Бид өнгөрсөн найман жилд Энхбаяр Ерөнхийлөгчийг, Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллаж ирсэн байдаг. Үзэл бодлын туйлшрал төөрөгдөлд байгаа Монголын нийгэмд эвлүүлэгч байж төрийн тогтвортой байдлыг хамгаалах нь манай намын үзэл баримтлалаас улбаатай юм. Манай намын анхны тунхагт нэг үг бий. “Хэрвээ та сонгох эрхээ эдэлж байгаа бол сонгогдсон төр засгаа хүндэл” гэж. 

Төрөө сонгочихоод араас нь төр засгаа нулимдаг явдал бол монгол ёс заншил биш. Дургүй байгаа бол дараагийн сонгууль болтол хүлээх тэвчээртэй байх нь өөрөө ардчиллын шаардлага юм. 

-Гэхдээ танай нам ардчилсан үзлийг эрхэмлэдэг хэрнээ яагаад зүүний чиглэлийн үзэл баримтлалтай МАХН-тай эвсчихэв ээ гэдэг асуулт ч  хуучирдаггүй… 

-Манай үзэл баримтлалыг хуваалцдаг бүх нам, улс төрчидтэй хамтарч ажиллах нь бидний зорилго. Бид дангаараа юу ч биш шүү дээ. Өөрсдийгөө жижиг гэж үзэх боловч бусдад дагаар орогчид бас биш. МҮАН-ын хүч чадал нь итгэл үнэмшилдээ байдаг юм. 

-Шударга ёс эвслийн АН-тай хамтрах асуудлууд дээр МАХН-ынхан давуу эрх эдэлдэг гэсэн яриа бий. Саяхан гэхэд л МАХН дангаараа АН-тай нууц гэрээ хийх гэж байсан нь нийтэд мэдэгдчихлээ. Та болоод танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмзэглэх зүйл ерөөсөө байхгүй ээ. 

-Нөгөө талаар МҮАН-ыг ҮШН байхад нь удирдаж явсан Ц.Цолмон гишүүн МАХН руу явчихлаа. Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. Г.Уянга гишүүн өөр бүлэг байгуулах нь  гэх зэрэг мэдээллүүд нь МҮАН-аас гишүүд нь нүүр буруулаад эхэлжээ гэдэг ойлголтыг төрүүлэх хандлагатай байна. Та юу хэлэх вэ?

-2012 онд сонгогчид УИХ-ын гишүүдийн төлөө саналаа өгөхдөө аль намаас нэр дэвшсэн, уг хүнийх нь чадал чансаа юу билээ гээд олон зүйлийг бодсон байж таараа. Тиймээс УИХ-ын гишүүдийн эрх сонгогчдын захиа даалгавраар хязгаарлагддаг. Үүнийг imperative mandate гэдэг юм билээ. Зарим оронд намаа, бүлгээ өөрчилсөн гишүүдийн тойрог дээр дахин сонгууль зарладаг. Манайд ийм зохицуулалт байхгүй. Зөвхөн тухайн хүний ёс суртахууны асуудал хэмээн орхигдуулжээ. УИХ-ын гишүүний “хүний эрх”  эрх мэдэлтний “амиа  бодох үзэл” цаашдаа моод болж магадгүй байгаа. Ингэвэл Монгол төрд гай болно. Үүнийг цаашдаа бодох асуудал шүү.  

-Хэдийгээр үл ойлголцол байдаг ч та яалт ч үгүй АН-ын угшилтай хүн. АН-ын лидер байхдаа өндөр албан тушаалуудад очиж байлаа. Тиймээс энэ намтай эргээд нийлье гэсэн бодол төрдөг үү.  Энэ намын талаар таны бодол, сэтгэл өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ?

-Том нам. Томынхоо хэмжээгээр дотроо том зөрчил тэмцэлтэй. Аажим боловч үндэсний чиглэлд өөрчлөгдөж буй нам. Бидэнд хамтарч ажиллах олон нийтлэг талбар байгаа гэж бодож байна.

-АН 1996-2004 оны үе шигээ дотроо задарч, бутарч, өөрсдийнхөө Засгийн газрыг татан унагалцаж, хөлөө жийлцэхгүй байх нь одоо юу юунаас чухал гэдэг яриа хөвөрч байна. Та юу хэлэх бол?

-Засгийн газрын тогтвортой байдал онцгой чухал. Эхлүүлсэн ажлуудаа эргэлт буцалтгүй ажил хэрэг болгоход цаг хугацаа хэрэгтэй. 

-Ингэхэд  та Н.Энхбаяр даргыг суллагдсанаас хойш уулзсан болов уу? 

-Суллагдсанаас нь хойш уулзаагүй. 

-Одоо хоёулаа ажил ярья. Парламентын цөөнх болсон Ардын нам Засгийн газрыг хүчтэй шүүмжилж байна. Сайд нарыг нь огцруулах бичгээр УИХ-ыг “дарах” шинжтэй. Одоо ч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулна гэж байна.  Засгийн газар тогтворгүй байхын сөрөг талыг илүү мэдэх хүний хувьд та юу хэлэх вэ? 

-Монголын эдийн засгийн байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эсэхээс ихээхэн хамааралтай. Чингэс бонд, Самурай бондыг бидний монголчууд эргэж төлнө. Буруу ашиглавал бид эрсдэлд орлоо гэсэн үг. Хойч үе маань төлнө. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө угтаа Монгол эрсдэл үүрдэггүй. Гадныхан өөрсдөө эрсдлээ үүрээд Монголд ирдэг. Ганц хүсдэг юм нь тогтвортой эрүүл орчин. Энэ асуудалд Засгийн газрын тогтвортой байдал хамаарна. Засаг нь тогтворгүй бол хөрөнгөө бариад хэн манайд ирэх билээ дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж бүхий л орон мэрийдэг. АНУ том хэрнээ гадаадын хөрөнгө оруулалт тэдэнд чухал байдаг. Хятад гадаадын хөрөнгө оруулалт дээр босч ирсэн түүхтэй. Орос орон мөн адил ийм л асуудалтай байгаа. 

-Нөгөө талаар Ардын намын Засгийн газарт орох хүсэл их байгаагаас энэ бүхэн үүдэлтэй гэж харах хүмүүс ч бий. Та юу гэж бодож байна вэ?

-Хэсэг хүмүүсийн бодлыг бүхэл бүтэн намд нь нялзааж ойлгох хэрэггүй байх аа. 

-Сүүлд С.Баярцогт гишүүн ч МАН-тай хамтарч үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэдэг саналыг гаргасан… 

-АН-ын байр суурь биш гэсэн мэдэгдэл гарсан байна лээ. Хүн хуучнаа санагалзахад буруу юм юу байхав дээ.

-Тэгэхээр та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавьж байгаа вэ? 

-Дунд түвшинд ажлаа сайжруулмаар байгаа шүү. Ялангуяа яамд.

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал муудсан  нь бодит үнэн. Валютын ханш ч өссөөр байна. Дотоодын компаниуд түрүүчээсээ дампуураад эхэллээ. Энэ доройтлыг сөрөг хүчин улстөржсөн байдлаар дүгнээд, АН-тай холбож тайлбарлаад байх шиг байна. Эдийн засагч хүний хувьд та хөндлөнгөөс юу гэж харж байна вэ. Эдийн засгийн уналт юутай холбоотой вэ?

-Дэлхийн эдийн засгийн байдал, хөрш орнуудын эдийн засгийн байдал тийм ч сайн биш байгаа. Бидэнд цаагуураа сөргөөр нөлөөлж л байгаа. Манайх шинэчлэлээ төгс боловсронгуй болгож үр дүнд хүрэхийн төлөө ажиллах  л хэрэгтэй. 

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль ч гаргасан. Ахицтай зүйл танд ажиглагдаж байна уу?

-Гадныхан бидэнд ихээхэн болгоомжтой хандаж байгаа. Манай Монголын талаар  хөрөнгө оруулагчид болгоомжлонгуй өөдрөгөөр харж байгаа гэж дэлхийд бичиж байна. Асуудалтай байна л гэсэн үг. Ажлаа сайн хийеэ. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам шуурхай мэргэжлийн байх хэрэгтэй байна. 

-Гацаанд орчихоод байгаа Оюу толгойг урагшлуулах тал дээр танд ямар санал байна.Чухам юун дээр гацчихаад байгаа талаар ямар мэдээлэл байна вэ?

-Оюу Толгойд Монголын 34 хувийн сонирхол байгаа. Дотооддоо маргаан дэгдээдэг үе ард хоцорсон шүү дээ. Хамтрагч нартайгаа маргалдах биш нэгдэж дэлхий рүү харж ажиллах хэрэгтэй байна. Шинэ хандлагаар ажиллах хэрэгтэй. 1990 оноос хойш Монголд том мега төсөл хэрэгжиж байсангүй. Оюу толгой бол үнэхээр том төсөл. Нэг мега төслийн араас нөгөө мега төслийг залгуулж түүнээсээ дараа дараачийн мега төслүүдийг хөгжүүлж хөгжил рүү хүрдэг зам байна. Үүнийг л ашиглах хэрэгтэй. 

-“Чалко”-гийн өрөн дороос босч чадахгүй байгаа Таван толгойн асуудал ч хүнд байна. Таны байр суурь, саналыг сонсох нь зөв байх?

-Буруугаа өөрсдөөсөө хайх гэдгээр явах хэрэгтэй. Хүнээс мөнгийг нь аваад идсэн нь үнэн. Түүнийг төлөх хэрэгтэй. Урд өмнөх өрөө төлөхгүйгээр, санхүүгийн сайн түүхгүйгээр “Эрдэнэс Таван толгойд хөрөнгө босгох магадлал тун бага. Би байдал дээрдэж байгаа гэсэн ойлголттой яваа. 

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *