Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийнхэнд хотын эдийн засгийн тухай лекц тавьсан юм. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.
Бидний хөндөж ярьдаггүй нэг том сэдэв бий. Тэр нь хотын эдийн засаг. Хоёр том асуудал санаа зовоож байна. Монгол улс мэдээж уул уурхайгаа түшиж хөгжинө. Энэ салбараас олсон орлогоо буруу зөв зарцуулаад явж байгаа. Уул уурхайгаас гадна тусгайлан анхаарах ёстой сэдэв бол хотын эдийн засаг. Хот болж хөгжиж байж л улс орон урагшилдаг. Хотын эдийн засгийн тухай лекцээ бэлдэхдээ Оксфордын их сургуулийн материалд түшсэнээ онцолъё. учир нь Англи бол Африкт олон колонитой, Африкийн зовлон бэрхшээлийг таньсан улс. Тэр утгаараа эрдэмтэд, академик хүрээнийнхэн нь Африкийн амьдралд тулгамдсан асуудлаар зөвлөгөө гаргасан байдаг юм.
Тэдний ажигласан Африкийн асуудлуудыг анзаарахаар яг манай улстай адил дүр зураг харагддаг.
ДЭЛХИЙН АНХНЫ ХОТМАНАЙ ЭРИНИЙ 5000 ЖИЛИЙН ТЭРТЭЭ БАЙГУУЛАГДСАН
Дэлхий дээр хамгийн анхны хотын түүх манай эринээс өмнөх 5000 жилийн тэртээ гэж яригддаг. Нэр нь урук (Uruk). Энэ хотыг ухаж шинжилсэн археологичид нэг гайхалтай зүйл хэлдэг. Байшин барилга нь хана ханатайгаа наалдсан байсан гэж.
Эндээс яагаад хана ханаараа нийлэв гэсэн асуулт гардаг. Амьдрал хэцүү, эдийн засаг тарчиг учраас хэмнэлт хийсэн гэх тайлбар хэлдэг. Ханаа залгаж барьсаар яваад анх байшин барьсан хүн нь гэртээ орж чадахаа больж таарна аа даа. Сүүлдээ бүр айлын дээвэр дээгүүр явж гэртээ ордог болж. Тэр үед нэг юм ойлгосон нь дундаа хотын захиргаатай байя гэсэн санаа. Хотын захиргаа нь дүрэм журам гаргаж мөрдүүлсний эцэст улс орон хөгждөг гэдгийг ухаарсан. Нийтийн эрх ашиг гэж байхгүй бол хот болж чадахгүй гэдгээ ойлгоцгоосон. Яагаад хот шаардлагатай болдог вэ гэхээр аль болох хотод төвлөрвөл зах зээл томорно. Үүнийг цар хүрээний эдийн засаг гэдэг. Цар хүрээ ихтэй газар бизнес илүү ашигтай, хөдөлмөрийн бүтээмж өндөр байна. Цар хүрээ ихсэх тусам эдийн засаг төрөлжиж эхэлдэг. Төрөлжих тусам хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхээр хот түшиж эдийн засаг өсдөг зүй тогтолтой. Товчхондоо хот байгуулалтаар дамжиж эдийн засаг төрөлжиж, улс хөгждөг.
Дэлхийн ДНБ-ий 80 хувь нь хотод үйлдвэрлэгддэг. Манайд ч ялгаагүй, ДНБ-ий дийлэнх хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. Яагаад заавал хотын эдийн засаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зөвхөн хотод илэрдэг, хаана ч давтагдахгүй сөрөг үзэгдэл байдаг учраас хотын эдийн засаг гэж онцлохоос аргагүй байдаг юм. Агаарын бохирдол, хог хаягдал, гэмт хэрэг, түгжрэл гэх мэт асуудал хотын эдийн засаг гэсэн ойлголтод багтаж тусдаа яригдах ёстой.
АФРИК, МОНГОЛЫН ХОТЖИЛТ АМЕРИК, ЕВРОПООС ЯЛГААТАЙ
1900 оноос өнөөг хүртэл бүс нутгуудад хотжилт яаж үүссэн бэ гэсэн асуулт анхаарал татдаг. Хөдөө орон нутгаас хүмүүс олноор нүүж төвлөрч суурьшихыг хотжилт гэдэг. Европ, Америк, Хятадад болж байгаа хотжилтоос Африк, Монголынх өөр. Хөдөлмөрийн бүтээмжийг хөдөө аж ахуйд нэмэгдүүлэх замаар Европ, Америк, Хятадад хотжилт бий болсон. Нэг га-гаас 10 центнр ургац авч байсан тариаланч трактор гэх мэт бусад техник ашиглаад нэг га-гаас 50 центнер авдаг болно гэсэн үг. Үйлдвэрлэл нэмэгдчихээр нэг хэсэг тариаланч зах зээлээс шахагдаж таарна. Ингэж шахагдсан тариаланчид мөнгөтэй төлбөрийн чадвартайгаар суурин газар руу шилжих замаар. Европ, Америк, Хятадад хотжилт бий болсон юм. Африк, Монголд огт өөр маягаар хотжилт үүссэн. Хөдөлмөрийн бүтээмж багатай газраас зугтааж нүүсэн. Амьдралаа сайжруулъя гээд хот руу шилжсэн хэрэг.
ХЯТАД 65 САЯ, МОНГОЛД 40 МЯНГАН ОРОН СУУЦ ЭЗЭНГҮЙ БАЙНА
Сүүлд анзаарагдсан нэг сонирхолтой зүйл нь орлого түшсэн хотжилтын үйл явц олон газар өрнөсөн. Хятадад ялгаагүй, эдийн засаг нь сайжраад том том хотуудыг байгуулсан ч сүнсэн хот олноороо байгуулагдсан. Урд хөршид 65 сая орон сууц эзэнгүй байгаа. Яг тэрэнтэй адил хэт их төлөвлөлт хийж, тэрийг ч энийг ч байгуул гээд явсан газрууд сүйрлийн байдалд орсон жишээ өчнөөн. Туркэд гэхэд эртний барилгуудаараа хот байгуулсан ч оршин суугчгүй шахам байна. Энэ бол төлөвлөлтийн маш том алдаа. Мэдээж төлөвлөлт байх ёстой. Гэхдээ зах зээлийн үл үзэгдэгч гарыг ашиглах учиртай. Зах зээлийн үл үзэгдэгч гарыг ашиглахгүй бол уул уурхай түшсэн хотжилт явахгүй байдалд орчихсон.
Уул уурхайн орлого түшсэн хотжилтоос газар, үл хөдлөхийн үнэ цэнэ дээр түшсэн хотжилт онцгой чухал болж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл чухал. Гэхдээ бидний ойлгодог шиг төр урд нь явдаггүй.
ХОТЫН ХӨГЖЛИЙН БАС НЭГ ТЭЭГ НЬ ИПОТЕК
Олон улсын хотуудад цаашаа явахгүй болчихсон асуудал бол ипотек. Банкууд хэзээ ч ипотект өөрсдөөсөө хөрөнгө гаргаж байгаагүй. Арилжааны банкаар дамжуулаад Монголбанк л мөнгө гаргаж байсан. Монголбанк мөнгө гаргана гэдэг чинь төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас авсан зээлээ доллар болгоод урдаас материал авдаг. Өөрөөр хэлбэл төв банк валютын нөөцөө ипотект зарсаар байгаад улс орон уначихсан. ОУВС Монголбанкнаас ипотек санхүүжүүлдгээ зогсоо гэдэг нь эрүүл шаардлага. Хотын талаас харвал ипотекоор олон барилга боссон. Нэг хэсэг хүмүүс байранд орсон нь үнэн. Сүүлийн үеийн мэдээгээр 4000 орон сууц зарагдаагүй байгаа юм билээ. Дутуу баригдсан нь 30 мянга. Худалдаж авъя гэхээр иргэдэд нь мөнгө байхгүй. Ингээд ипотек зогсохоос өөр аргагүйд хүрч маш жижигхэн болж хувирсан. Хотын хөгжилд шинээр хандахгүй бол горьгүй гэдгийг ипотекийн өнөөдрөөс харж болно. Америкт 2005 онд яг энэ үзэгдэл болсон. Уоррен Баффет олон жилийн өмнө ипотекийг “Үйл олноор нь хөнөөх зэвсэг” гээд хэлчихсэн. Би энэ бүхнийг хотын хөгжилд шинээр хандахаас аргагүйд хүрсэн гэсэн санаагаар хэлж байгаа юм.
Хавх гэдэг ойлголт бий. Дунд орлогын хавх гэж байдаг тухай Хятадын эдийн засагчаас сонсч байсан юм. Нэг хүнд ногдож байгаа ДНБ 10 мянган ам.доллар хүрэхээр эдийн засаг өсч дундаж давхаргынхны орлого өсөөд ирдэг. Ингээд дунд орлогын хавханд уначихдаг. Нэг хүнд ногдох ДНБ Монголд 4000, Хятадад 10 мянга, Орост ойролцоогоор бас 10 мянга байгаа. Дунд орлогын хавханд орчихоор эдийн засгаа цааш хөгжүүлэхэд асуудал гарч ирдэг. Гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй зовлон үүсдэг. Ахиу орлоготой болчихоор хүмүүсийн цалин өсчихдөг. Жишээ нь, Хятадын ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн. Өмнө нь Хятадад хямд ажиллах хүчийг нь харж гадны хөрөнгө оруулагчид орж ирж байсан бол орохоо больчихсон. Ажилчдынх нь цалин өндөр, тоолуур өндөртэй хурдны зам нь өртөг их шаарддаг гэх мэт олон асуудал үүссэн. Нэг талаас нь харахад хөгжил ирсэн юм шиг мөртлөө урагшилж, тэлж чадахаа больчихсон. Үүнийг хавх гээд байгаа юм. Энэ хавхнаас гарах их хэцүү юм билээ. Дэлхийн банкны судалгаагаар жараад онд хавханд орсон 100 гаруй орон байж. Хөгжлийн түвшинд дунд орлогод хүрсэн 101 орноос дөнгөж 40 жилийн дараа 13 орон нь л дээд орлоготой болж хөгжсөн байгаа юм. Дунд орлогын хавх гэдэг шиг ийм хавх хотын хөгжилд байдаг.
УЛААНБААТАР ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН СУЛ ЭРХИЙН ХАВХАНД ОРЧИХСОН
Хотод таван төрлийн хавх бий. Хэт шавааралдан түгжрэх хавх. Орлого багатайгаасаа болж нүүж ирж байгаа хүмүүс Африкт шавар байшин хороолол, Монголд гэр хороолол үүсгэчихсэн. Гэр хороолол хүрээгээ тэлсээр байгаа. Хүрээгээ тэлсэн масс арай дажгүй юм гээд хотын төв рүүгээ орох гэж оролдоно. Гэр хорооллын орлого багатай хүмүүс приус унаад явахаас аргагүй. Тэр хямд машинууд түгжрэл болно. Үүнийг хэт шавааралдан түгжрэх хавх гэдэг.
Хоёр дахь том хавх нь газар өмчлөлийн сул эрхийн хавх. Улаанбаатарт газар өмчилсөн хүмүүст нэг зовлон бий. Хэзээ ч хурааж авч мэднэ. Тодорхой хугацаа өгнө, байшин сав барихгүй бол хурааж авна. Газар өмчлөгч газраа хураалгахгүйн тулд хашаа татна, ямар ч хамаагүй байшингийн суурь цутгадаг ч байшингаа босгож чаддаггүй. Газар өмчлөлийн сул эрхээс болж энэ мэтээр газраа үнэгүй болгочихдог. Газрын зөвшөөрөл өгөхдөө юу барихыг нь асуудаг. Гурван давхар байшин дэлгүүрийн зориулалттай гээд авчихсан хүнд зургаан давхар эмнэлэг барих боломж гарч ирдэг. Гэвч өөр зориулалтаар авчихсан учраас боломж нь хумигддаг. Өөрөөр хэлбэл газар өмчлөлийн эрх нь сулраад байдаг. Нэг талаас газар өмчлөгчид нь газраа ашиглаж чаддаггүй, нөгөө талаас төр нь өмчлүүлж өгсөн газраа авч болдоггүй байдал үүсэхийг газар өмчлөлийн сул эрх гэдэг. Бид энэ хавханд уначихсан.
Гурав дахь нь дэд бүтцээ босгоогүй суурьшуулдаг хавх. Хятад ийм замаар яваагүй. Дэд бүтцээ барьдаг, цахилгаан, усаа шийддэг, тэгээд газруудаа зараад явдаг. Ингэхгүйгээр суурьшуулчихаар хэцүү. Дэд бүтэц татах гэхээр бусдын өмчилж авсан газар руу орчих гээд байдаг. Хурааж авах боломжгүй. Ингээд дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавханд унадаг. Манайд ийм жишээ өчнөөн.
Дөрөв дэх нь албан бусын хавх. Эдийн засаг албан, албан бус сектортой. Албан бус нь татварт өртдөггүй, ер нь бол сүүдрийн эдийн засаг. Гэр хороололд ямар нэг дэлгүүр, жижиг аж ахуй эрхэлж байгаа хүмүүс томрох бололцоогүй болчихдог. Томрох бололцоогүй учраас банк, татвартай харилцах ямар ч сонирхолгүй. Тэгээд асар том сүүдрийн эдийн засаг үүсгэдэг. Банк, татвартай харилцахгүй хүмүүс олшроод ирэхээр хотын эдийн засаг бүхэлдээ хавханд унадаг.
За тэгээд гадаадад зарах барааны өндөр өртгийн хавх, дотоод зах зээлд ажиллаж буй үйлдвэр аж ахуйн газруудын хавх, гэх мэт олон хавх бий. Миний амьдарч байгаа байрны эргэн тойронд тав зургаан супермаркет байна. Өнөө супермаркетууд бие биетэйгээ өрсөлдөөн унана, эсвэл өнөөдүүл үгсэж үнээ өсгөөд нэг түвшинд барина. Өөрөөр хэлбэл би тэдний үнээ нэмсэн барааг худалдаж авч амьдарна. Хот хөгжлийг зохицуулахгүй бол энэ мэт олон асуудал үүсээд байна л даа.
Ингээд харахаар хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал. Хотын хөгжил бол хотын захиргааны асуудал гэж харж болохгүй. Тэгвэл мухардчихна. Гэхдээ хотын засаг захиргааны өндөр идэвх шаардах асуудал. Тэд санал санаагаа гаргадаг, тэрийг нь УИХ, Засгийн газар дэмжиж явах учиртай.
Уул уурхай дээр ч ялгаагүй, хотын хөгжил дээр ч адилхан нэг асуудал бий. Иргэдийн оролцоог өндөр болгох ёстой. Харин ч сошиал медиа хөгжөөд иргэд зөв буруу ч гэлээ шаардлага тавьж, тавьсан асуудлууд нь тодорхой хэмжээнд шийдэгдэж, асуудал цэгцрэх өнгөндөө орж яваа хандлага анзаарагддаг. Тэгэхээр мэдээлэл бүхий иргэд гэсэн бүлэг үүсэх шаардлага үүсчихсэн. Тэгэхгүй бол хотын удирдлага ажлаа хийхэд хэцүү. Сэтгүүлчидтэй, мэдээлэл бүхий иргэдтэй, хэвлэл мэдээлэл, олон түмэнд зөв мэдээлэл түгээж зөв ажиллахгүй бол хэчнээн сайхан зүйл хийх гэж яриад нэмэр болдоггүй. Би энэ талаар хотын удирдлагуудад онцолж хэлсэн.
Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН