Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Ерөнхийлөгч маань Элчин сайдуудыг татаж, томилохдоо гуравдагч хөршүүдээ холдуулаад байх шиг

Түрүүч нь №036(6137) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Таныг Шведэд суух элчин сайдын албанаас эргүүлэн татсан. Ямар шалтгаанаар эргүүлэн татсан бэ гэсэн асуулт өнөөдөр ч олны анхааралд байна?

-Одоогийн Ерөнхийлөг-чийн сонгууль болохоос өмнө намайг элчин сайдаар томилчихсон байсан. Шведийн Стокгольм хотоос Скандинавын таван орныг хамаардаг элчин сайдын алба л даа. Би Шведийн хаанд, Эстонийн ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад бүрэн эрхтэй элчин сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан юм. Энэ зуур Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болоод Х.Баттулга төрийн тэргүүн болсон. Элчин сайдаас татах асуудлын тухайд яг нарийндаа энэ хүний хувийн тооцоо байх. Түүнийгээ үндэслэлтэй болгох гэж хууль хяналтынханд элдэв шалгалт хийх даалгавар өгч байсан. Энэ тухай дэлгэрэнгүй яривал тэр чигээрээ шог үзэгдэл. Х.Баттулга М.Энхсайхан гэдэг хүнтэй тооцоо хийж болно. Гэвч Ерөнхийлөгч нь элчин сайдаа эгүүлэн татах нь улс орнуудын харилцаанд буруу ойлголт өгөх эрсдэлтэй. Миний санаа зовж суусан асуудал энэ л дээ. Томилсон элчин сайдаа эргүүлж татах гэдэг бол зөөлхөн хэлэхэд гоё харагддаг үйлдэл биш. Намайг Норвегид итгэмжлэх жуухаа барих гэж байхад жуух бичиг битгий бариул гэсэн үүргийг шинэ Ерөнхийлөгчийн зүгээс Гадаадын хэргийн яаманд өгсөн юм билээ. Нэгэнт бодлого нь тийм бол гээд жуух бичиг барих ажлаа хойшлуулаад байсан юм.

-Элчингээр томилогдсон хүн тодорхойгүй шалтгаанаар жуух бичиг өргөн барих ажлаа хойшлуулж болохгүй байх. Улс төрийн нөхцөл байдал энэ тэр гээд болсон процессийг хэлсэн үү, эсвэл өөр тайлбар тавьсан уу?

-Монголоо буруу ойлгуулчихгүйн тулд элдэв шалтгаан тайлбар хэлж байсан л даа. Монголын улс төрийн өрнөл, шалтгааныг тайлбарлалтай биш. Норвегийн хааны ордноос надад хандаж итгэмжлэх жуух бичгээ бариач гэж гурван удаа захидал ирүүлсэн. Монголоо эвгүй байдалд оруулахгүйн тулд гурван удаа техникийн бололцоогүй гэх мэт тайлбар хэлж татгалзсан. Эцэстээ байдлаа хэлж ойлгуулаад ирсэн.

-Улс орнуудын гадаад харилцаа талаас харвал ямар нэг үндэслэлгүйгээр элчин сайдыг эргүүлэн татах асуудал байж болохгүй биз дээ?

-Голчлон харилцаа хүйтрэх, хурцадахаар л элчингээ татаж байгаа харагддаг шүү дээ. Швед, Скандинавын орнуудад олон монгол бий. 8-9 мянган монгол иргэн амьдардаг. Европын орнуудаас монголчууд хамгийн олноороо амьдардаг нь Герман. Дараа нь Швед, Скандинавын орнууд ордог юм. Нэгэнт шинэ Ерөнхийлөгч дургүй, ажил боомилж байгаа юм чинь Монголдоо буцъя гэж бодсон. Гэхдээ Монголынхоо талаар зөв ойлголт өгчихөөд буцах ёстой гэж харсан. Ямар ч тохиолдолд тэнд амьдардаг иргэдийн эрх ашиг хөсөрдөхгүй байх нь чухал. Тэр талаас нь хандсан.

Энэ зуур элчин сайдыгаа татах шийдвэрээ төр хууль ёсныхоо хүрээнд гаргахыг хүлээж суусан. Төдий удалгүй УИХ-аас элчин сайдаа татах шийдвэр гарсан ч Гадаад харилцааны яам эцсийн хариуг хэлэхгүй яваад байсан л даа. Сүүлдээ би Гадаад харилцааны сайдад мессэж илгээж, хугацаагаа өөрөө товлож “Ажлаа өгөөд явж очъё” гэсэн. Тэгээд өнгөрсөн жилийн наймдугаар сард ирсэн юм. Элчин сайд нар буцахдаа итгэмжлэх жуух бичиг барьсан орнууддаа яагаад буцах болсон, юу үлдээсэн тухайгаа тайлбарласан уулзалтууд хийдэг юм билээ. Би тийм уулзалт хийгээгүй. Учир нь надад тайлбарлах зүйл байгаагүй. Тийм учраас дипломат шугамаар “Намайг эргүүлэн татаж байна” гэсэн утгатай захиа бичээд ирсэн.

-Шведэд өнөөдөр ч Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүй. Тэнд амьдардаг монголчууд өөрсдийг нь төлөөлсөн элчин сайдгүй удаж байна шүү?

-Би Шведэд очоод итгэмжлэх жуух бичгээ харьцангуй хурдан барьсан учраас жил хагас элчин сайдтай байсан гэж хэлж болно. Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье. Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.

-Гуравдагч хөрштэй тогтоосон харилцаагаа элчин сайд нараа татах хэлбэрээр үймүүлээд байна уу гэдэг сонирхож тавих ёстой асуулт байна. Яагаад тэгж бодоход хүрэв?

-Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм.

-Тэгж харагдахаар юм байна…?

-Харагдахаар барах уу, би дотроо тэгж анзаарчихаад Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно. Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. Тэнд оршин амьдардаг монгол иргэдэд алсдаа сөргөөр битгий тусаасай гэж бодож байна.

-Та Шведэд очоод ажлаа бүрэн эрхийнхээ хүрээнд хийгээд эхэлсэн гэж ярилаа. Хойд Европын орнуудтай ингэж тэгж хамтарна гэсэн ажлын зургаа гаргачихсан байсан уу?

– Шинэ асуудлуудыг өдөөд, яриад явж байсан. Жишээ нь, хойд Европын Швед гэж орон жилдээ бараг тэрбум ам.долларыг олон улсын тусламжийн хүрээнд олон оронд өгдөг. Тэр тусламжийн шалгуурыг нь Монгол давсан учраас хасагдсан л даа. Монголчуудад биеэ даах чадамж нь суусан гэж үзээд хассан юм. Гэхдээ миний сая хэлсэн тэрбум ам.долларын 200 сая нь ардчиллыг дэмжих тусламж. Миний зүгээс “Эдийн засгийн үзүүлэлтээрээ манай улс танай тусламж олгодог хэмжүүрээс ахисан нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анхаараач. Монгол Улс Орос, Хятадын дунд арал болж үлдсэн чөлөөт орон. Ардчиллын төслүүдийг дэмжсэн хэвээр урагшлах шаардлага бидэнд байна. Манай улсад болж буй үзэгдлийг анзаарвал хоёр хөршийнхөө авторитар нөлөөнд автах хандлага багагүй бий. Ардчилал өндөр хөгжсөн танайх шиг улсуудаас суралцах шаардлага Монголд байгаа. Тэр тусмаа Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлийг тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдаг арга зүйн талаас сурах заалгах эрэлт үүссэн” гэж хандсан. Найрсгаар хүлээж авч судалж байсан байх.

Швед маш том ойн аж ахуйтай. Ой нь улам бүр ихэсч байгаа учраас ойн цэвэрлэгээ сайтай. Монгол газар нутаг томтой учраас ой ихтэй. Гэхдээ ойн цэвэрлэгээ байхгүй. Дэлхийн дулаарлаас болоод манай ой сөнөх байдалтай яваа. Ойн аж ахуйд туслалцаа үзүүлээч, хамтраач гээд яриа эхлүүлээд явж байсан. Данид “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн зохион байгуулахад оролцсон. Тэр талаар pax­mongolica.org сайтад бий. Монголын тусгаар тогтнолд даничууд ямар үүрэг рольтой байсан тухай миний хувийн ажиглалт ч байгаа. Норвегид итгэмжлэх жуух бичгээ бариагүй ч дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэж, Ослод “Чингисийн хүүхдүүд” гэдэг монгол киноны нээлтийг хийсэн. Европт нээлтээ хийсэн анхны монгол кино болсон юм. Эргээд харахаар богино хугацаанд бага боловч ач холбогдолтой ажлууд амжуулжээ.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Таван толгойн гэрээ байгуулах ажлын зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж, хэрэгжүүлэгч нь М.Энхсайхан, Таван толгой төслийг хийхдээ гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж мэдэгдсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлээгүй байгаа…?

-Х.Баттулга Ерөнхийлөгч асуултандаа таны хэлснийг дурдаж, шалгаж өгөөч гэсэн асуудлыг прокурорт гаргаж байгаа харагдсан. Х.Баттулга гомдол гаргахдаа Прокурорын байгууллагын Удирдах ажилтны индэрийг ашиглалаа. Ерөнхийлөгч гомдол гаргахдаа би иргэнийхээ хувьд гэж хэлж байна лээ. Иргэд гомдол гаргахдаа хэзээ ч төрийн байгууллагын индэрийг ашиглах бололцоогүй. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хууль, Авлигатай тэмцэх хуульд заасан албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэхийг хорьсон заалтад илтэд харшилсан үйлдэл болсон. Эрх зүйт төр хэвшсэн соёлтой оронд бол хуулийн байгууллагаас анхааруулга, сануулга авахаар үйлдэл. Дээр нь прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тас хориглосон Прокурорын тухай хуулийн заалтад нийцэхгүй хууль бус буруу жишиг байлаа. Яг үүнтэй адилхан үйл явдал АНУ-д болоход хууль хяналтын байгууллага нь ерөнхийлөгч Трампын багийнханд хууль зөрчих үйлдэл рүү орж байна шүү гэж анхааруулж байсан. Бусдаас суралцахад гэмгүй гэж бодож байна. 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэх мэдэгдлийн тухайд худал гүтгэлэг хийсэн. Тухайн үед боловсруулсан төслүүдийг эргэж харвал 100 жил гэсэн үг хаанаас ч олохгүй. Үнэгүй гэсэн үг хайгаад ч байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа нь төсөлд зааснаар гучин жил. Сунгалтын тухайд зөвхөн Монголын тал буюу 30 жилийн дараахь тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр хийгдэх асуудал байсан.

-Засгийн газар гэрээг сунгахдаа тодорхой нөхцөлүүдийг харна гэж байл уу?

-Тийм, Засгийн газар гэрээг сунгахын тулд тодорхой нөхцөлүүд биелэгдсэн эсэхийг шалгаж байж шийдвэрээ гаргах байсан.

-Ямар нөхцөлүүд байсныг сонирхуулаач?

-Төслийн компани Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа хоёроос доошгүй гадаад улсын зах зээлд борлуулсан байх, “Эрдэнэс Таван толгой”-д хамтын ажиллагааны төлбөр төлсөн байх үүргээ биелүүлсэн эсэхийг нь харна гэж гэрээнд тусгасан байсан. За тэгээд “Чалко”-д төлөх өрийг дуусгах, “Эрдэнэс Таван толгой”-н үлдэгдэл өрийг барагдуулах, Таван толгой – Гашуунсухайтын төмөр замыг барих гэх мэт үүргээ биелүүлсэн эсэхийг харж байж хугацааг нь сунгах эсэхээ шийдэх эрх Засгийн газарт байсан. Би хувьдаа Ерөнхийлөгч дээрх төслийг уншиж үзээгүй гэдэгт 100 хувь итгэдэг болчихоод байгаа. Ийм энгийн юмыг ярихаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Гэхдээ юм унших дадал бөх барилдахаас дутахгүй хөдөлмөр шаарддаг гэдгийг ойлгож байна. Ингэж л хэлмээр байна. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга Таван толгой төслийг хоосон улс төржүүлэхдээ өмнөх Ерөнхийлөгчөө буруутгахыг зорьсон байх. Өөрийгөө өндөг шиг өөгүй хүн гэж харуулах нь популистуудын толгойны өвчин гэж улс төр судлаачид онцолдог. Сайн найз явсан, Ерөнхийлөгч байсан хүнийг муу, муухайгаар дуудах нь популист сэтгэлгээний үр хөврөл л дөө. Ийм популист сэтгэлгээнээс Х.Баттулга Ерөнхийлөгч холдож чадахгүй яваа нь олон үйлдлээс нь харагдаж байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байх. Таван толгой төслийг хийж байхад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надад зааж зааварласан зүйл огт байхгүй.

-Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг шалгуулах гэж 178 хуудас баримт өгсөн гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Ц.Элбэгдорж саяхан Х.Баттулгад хандаж прокурорт өгсөн 178 хуудас гомдлоо ил болгочих гэсэн байна лээ. Бодоод байх нь ээ би өмнөөс нь ил болгох юм шиг байна. Таван толгойн гэрээ 178 хуудастай юм билээ. Тийм өчүүхэн юм ярьж болохгүй л дээ. Иймхэн асуудлаар өмнөх Ерөнхийлөгч болон ажил нугалсан хүнийг буруутгаж, гомдол тавиад яваа нь Монголд өрнөж буй эмгэнэлт үзэгдэл.

-Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөлгөөний үеэр “Эрдэнэс Таван толгой улсын төсөвт 500 тэрбум төгрөг төллөө. Ийм ашигтай бизнесээ хятадуудад өгөх гэж байж” гэсэн утгатай зүйл ярьсан. Таны ажилласан гэрээ УИХ-аар батлагдсан бол хэр ашиг өгөх байсан бэ?

-Ерөнхийлөгчийг тэгж хэлсний дараа хэрвээ Таван толгой төсөл хэрэгжсэн бол гээд тооцоог нь хийж үзсэн л дээ. Нэг их наяд 250 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсан юм билээ. Энэ бол зөвхөн төсөвт өгөх мөнгө нь. Дээр нь төмөр замтай болж, жилд 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барьж, байгаль орчны бохирдлыг эрс багасгаж, 1072 хувьцааг амилуулах байсан. Үүнээс гадна төмөр зам барьж байна гээд “овоолсон шороо”-ныхоо мөнгийг төслийн компаниар төлүүлэхээр байсан. Х.Баттулгын учруулсан хохирлыг Х.Баттулга төлөхгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь төсөл бүтээгүй л дээ.

“Эрдэнэс Таван толгой”-г муулж байгаа юм биш. Энэ компани өнөөдөр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Ордыг сорчлон ашиглаж байна. Ашигт малтмалын хуульд “Сорчлон ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий. Сорчилж ашиглахын хамгийн том аюул нь Таван толгойн ордын насыг богиносгоно. Ордын ерөнхий үнэлгээ унана. Ерөнхийлөгч нь ийм юмыг ойлгохгүй яваа нь харамсалтай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шат дараатай цацна. Хэн нэгэнтэй хэрэлдэх гэсэндээ биш. Алдаан дээрээ суралцах ёстой гэдэг үүднээс мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй юм байна гэж бодсон шүү.

-Таван толгойн гэрээг УИХ буцаасан үйл явдлыг олонх “УИХ-ын дарга аргагүй зоригтой байлаа. Хятадуудад зарах гэж байсан Таван толгойгоо аваад үлдлээ” гэж олзуурхаж алга ташсан. Тэр үед яг ямар процесс өрнөсөн юм бэ?

-Би ажлын хэсэг ахалсан, Засгийн газрын өмнөөс гэрээ хийж яваа сайд л байлаа шүү дээ. УИХ-ын даргыг үг хэлж байхад эсэргүүцэж тайлбар тавих хэмжээний албан тушаалтан биш гэж хэлэх гээд байна л даа. Тэгэх хэмжээний албан тушаалтан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Ч.Сайханбилэг тайлбар тавих ажлаа хийгээгүй. Миний хувьд хийсэн бүх ажлаа засагт тайлагнаад, гарын үсэг зурах хэмжээнд хүргэснээ хэлсэн. Тэр үед би З.Энхболд, Ч.Сайханбилэг гэдэг нэг намын улс хоорондын зөрчилд оролцох шаардлагагүй гээд дуугүй суусан. Одоо тэр цагаас хойш таван жил өнгөрч. Мэр сэр дуугарна гэж бодож байна.

-Та 2020 онд УИХ-д нэр дэвших үү?

-Тийм бодол алга.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хамгийн либерал гэгддэг Ашигт малтмалын хууль батлагдсан, үр дүнд нь Оюу толгойг олсон, гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн, уул уурхайн boom гэж хэлж болох үзэгдэл бий болсон. Орон сууцыг хувьчилсан, ажлын өдрийг тав болгосон, импортын татварыг тэглэсэн, үр дүнд нь эдийн засаг тэлсэн, бизнес хөгжсөн. Энэ мэт реформын олон шинэчлэл хийсэн. Үүнийг л хийж чадаагүй дээ гэсэн харамсал байдаг уу?

-Надад харамсах юм байхгүй. Буцаад Монгол маань буруу тийшээ олон удаа алхсанд харамсдаг. Урагшлуулах гээд хөвчийг нь хэт хүчтэй татсанаас болсон байх гэж заримдаа боддог юм. Аливааг зөв чиг рүү сайн хийх тусам ойлгоогүй улсууд буцаагаад чангаахдаа

хэтэрхий хорлонтой татдаг юм билээ л дээ. Ингээд бодохоор шинэчлэлийг аажуу хийх ёстой байсан ч юм шиг. Гэхдээ аажуу хийсэн бол бүр замрах эрсдэлтэй нүүр тулсан байхыг үгүйсгэх аргагүй.

-1992-1996 оны Засгийн газрыг хамгийн тогтвортой гэж ярьдаг. Нөгөө талд хамгийн унтаа, шинэчлэлийг урагш-луулаагүй засаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Шинэчлэлийг алгуурлуулсан гэдэгтэй нь та санал нийлэх үү?

-Алгуурлуулахаар барах уу, таг зогсоочихсон. Тэр үед би “Алдагдсан цагийн өртөг” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлж байсан юм. Гэхдээ буруутгаад хэрэггүй л дээ. Шинэ хуучны зөрчил хурцадсан цаг байсан. Хуучны төлөөллийн хамгийн шилдэг арга нь гацах. Шинэ рүү явах чадахгүй юм чинь тэгэхээс ч аргагүй.

-Олзуурхмаар нь ухраагүй гэж үү?

-Яг үнэн. Ухраагүй.

-Дэлхий рүүгээ харж байж алхахаас аргагүй болчихлоо л доо. Тэр дундаа эдийн засгийн харилцаан дээрээ таны хэлдгээр ертөнцийн хандлагыг анзаарах зайлшгүй хэрэгцээ үүсчихсэн. “Блүүмбэрг” дэлхийн ДНБ 2006 оныхоос уруудаж түүхэн доод хэмжээ рүү уналаа гэж байна. Худалдааны дайны нөлөө юу?

-Болж байгаа үзэгдлийн орой нь Америк, Хятадын маргаан. Дэлхийн эдийн засаг талаас харвал АНУ, Хятад бол нэг, хоёрт жагсдаг том эдийн засгууд. Тэдний хоорондын зөрчилдөөнөөс бүх асуудал, дэлхийн зураглалуудыг харах хэрэгтэй болох байх. АНУ, Хятадын зөрчил тийм амар шийдэгдэхгүй. АНУ Хятадын хооронд маргаантай асуудал олон ч том асуудал нь бүтцийн өөрчлөлт хий гэж Хятадыг шахаж байгаа явдал юм. Бүтцийн өөрчлөлт гэж юу болохыг хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Бүтцийн өөрчлөлтөд нь 100 гаруй гомдол багтаж байгаа гэдэг юм. Хятад улсыг зах зээл дэх төрийн оролцоогоо зогсоо гэсэн л дээ. Урд хөрш төрийн оролцоогоо зогсоох уу.

-Зогсоохгүй гэх байлгүй.

-Зогсоохгүй гэж яваад өөрөө унахыг үгүйсгэхгүй. Болж буй үзэгдлийг урт хугацаагаар дүгнэвэл Хятад өнөөдөр уналтын байдал руу орчихсон. Орос ч ялгаагүй. Тэгэхээр дүр зураг тун эвгүй байгаа.

-Тэгэхээр худалдааны дайн дуусах цаг мөдгүй гэсэн үг үү?

-Хэлэлцээрүүд амжилтгүй болоод байна л даа. Энэ долоо хоногт ч хэлэлцээр үргэлжилнэ. Үр дүнд хүрэхгүй байгаа учраас хоёр тал хэлэлцээрийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Ирэх сарын нэгэнд уулзах учиртай. Хэлэлцээрээ Америк 60 хоног, Хятад 90 хоног сунгаж магадгүй гэсэн яриа хөөрөө бий. Гэхдээ гуравдугаар сарын нэгэн болоогүй учраас хараахан тохиролцоонд хүрээгүй байна.

Нэг өнцгийг онцолъё. Өмнө нь хоёр тал маргалдаж бие биедээ тариф тогтоож худалдааны дайн хийж байсан. Тарифтай дайн нь бусад улсад нэг их сөргөөр нялзсан юмгүй. Гэтэл одоо болж буй үзэгдэл арай өөр. Хэрвээ энэ байдал даамжирвал бусад оронд сөрөг үр дүн нь нялзана. Хятад санхүүгийнхээ хувьд Америкаас өгөх цохилтыг зөвхөн өөр дээрээ авах биш бусад улстай хуваалцахын төлөө явах байлгүй дээ. Тэгэхээр бидэнд ч тойруу замаар цохилт өгч магадгүй гэж харах ёстой. Тийм амархан шийдэгдэхгүй. Хэцүү.

Америк Хятадын хоорондын маргааны өөр нэг том асуудал бол “Made in China 2020” гэсэн хөтөлбөрөөс үүдэлтэй. Үүнийг нь манайхан мэдэж байгаа болов уу?

-Олонх нь анзаарахгүй яваа байх аа?

-Товчдоо Хятад улс 2020 он гэхэд бүх зүйлийг хийдэг болно гэсэн хөтөлбөр. Өндөр технологийн бүх үйлдвэрлэлийг хийнэ гэж байгаа. Тэгэхээр “Made in China 2020” хөтөлбөр олон орныг өөрийн үйлдвэртэйгээр урагшилж хөгжих бололцоогүй болгоно. Үйлдвэрлэгч байх боломжийг нь хаана гэсэн үг. Хааж ч байна. Хятадын энэ хөтөлбөр бүрэн хэрэгжвэл Солонгос, Японы өчнөөн үйлдвэр дампуурна. Монголд үйлдвэр сайн хөгжөөгүй. Гэхдээ үйлдвэрлэл хөгжүүлэх боломжууд бий. Бидний өмнө байгаа шинэ боломжууд Хятадын энэ хөтөлбөрөөс болж хаагдах өндөр эрсдэлтэй. “Бүх дэлхийд хийдэг, хэрэглэдэг бүтээгдэхүүнийг яахаараа зөвхөн Хятадад хийнэ гэж. Бүх улс Хятадаас худалдан авалт хийнэ гэж юу байдаг юм. Тэгж болохгүй” гэсэн зөрчил, маргаан л болж байна. Хятадад яагаад ийм боломж бий болчихов гэсэн асуулт тавигдаж таарна. Хятадын төрийн оролцоо энэ улсад тийм боломж, давуу тал өгсөн. Төрийн оролцоо зах зээлийг жам ёсоор нь, өрсөлдөөнтэйгөөр хөгжүүлдэггүй юм. Төрийн компаниудаар дамжуулж зах зээлийг дарамталж яваа учраас зах зээл унаад байна л даа.

Маргааны өөр нэг том сэдэв нь оюуны өмч хулгайлдаг асуудал. “Made in China 2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оюуны өмч хулгайлж байгаа хэрэг л дээ. Маргаан хийх гэхээр хятадууд “Бид ямар толгойд нь буу тулгаад технологийг нь авсан биш дээ” гэдэг юм.

Америкийн компаниуд хямд ажиллах хүч гээд Хятадад бизнес хийдэг. Хямд ажиллах хүчин дээр ашиг хийх гэж очсон улс өөрийн эрхгүй оюуны өмчөө шилжүүлчихдэг. Ийм шалтгаанаар хоёр улсын дунд энэ асуудал дээр том зөрчил үүсч байна.

-“Галзуу баян Азиуд” гээд орлогоороо тэргүүлсэн киноны продюсер нь Оюу толгойг нээсэн “Айвенхоу майнз”. Уул уурхай л хөрөнгө оруулах ашигтай салбар гэсэн ойлголт моодноос гарч эхэлсний нэг жишээ гэцгээж байна. Улс орнууд хөрөнгө оруулалт татах ширүүн өрсөлдөөнд орсон, ашигт малтмалын их нөөцтэй улсад доллар хүссэн хүсээгүй орж ирнэ гэсэн хандлага үеэ өнгөрөөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөрөнгө оруулалт урсамтгай болсон. Өмнө нь нэг газарт хөрөнгө оруулаад арав, хорин жил ажилладаг, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах гэж зүтгэдэг байсан. Тэр хандлага өөрчлөгдсөн. Дургүйг нь хүргэвэл хөрөнгөө татаад өөр тийш хийх бололцоо бүрдчихсэн. Дэлхий глобальчлагдсаны л том илрэл.

Ойрын жишээ гэвэл Хятадаас хөрөнгө оруулалт гадагшлах өнгөтэй байгаа. Хямд ажиллах хүчтэй учраас гэсэн шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид Хятадыг сонгодог байсан юм. Гэтэл өнөөдөр ажиллах хүч нь хямдхан биш болсон. Хятад ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн статистик бий. Хятад улс зам, гүүр, төмөр замын асар их бүтээн байгуулалт өрнүүлсэн. Баахан мөнгө зарж барьсан учраас хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх гээд зам, гүүрээр зорчсоны төлбөр гэж авна аа даа. Тэр төлбөр нь Америктай харьцуулахад их. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд том зардал. Бараагаа тээвэрлэх зардал нь өсчихөөр хөрөнгө оруулах сонирхол багасчихаж байгаа юм.

-Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаануудыг нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Бодлогогүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх популизм газар авсан, дэд бүтэцжээгүйг нь онцолно.

-Ингээд харахаар Оюу толгой шиг том төсөл хэрэгжүүлэх цаг мөдгүй нь ээ?

-Мега төсөл хийж сурахаас нааш, мега төслийг ойлгох хүртлээ хэрэгжүүлж чадахгүй. Тогтолцооныхоо хувьд бас хийж чадахгүй болчихоод байгаа юм.

-Том төсөл хэрэгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл тогтолцоогоо засахаас аргагүй гэсэн үг үү?

-Тийм

-Тогтолцоогоо засч янзалтал энэ хэвээрээ байх нь гэж ойлголоо?

-Ер нь тийм. Гэхдээ хэвээрээ байж чадах эсэх тухай асуудал бас зовлонтой. Социализмын үед байгуулагдсан цахилгаан станцууд тэтгэвэртээ гарах болчихсон. Буруу хандлагатай учраас шинээр барьж чадаагүй яваа. Техногенний сүйрэлд улам бүр ойртоод байгаа даа.

-Техногенний сүйрэл гэж юуг хэлээд байна?

-Биднээс үл хамаарсан зүйлийг хэлж байгаа юм. Хуучин тоног төхөөрөмж, машин механизм, манайд бол цахилгаан станцууд байна. Манай станцууд хөгширсөн. Хэзээ л бол хэзээ том осол гарах өндөр магадлалтай. Том осол гарлаа гэхэд ямар ч аврал байхгүй.

-Жаахан олзуурхмаар юм байна уу, ер нь?

-Хүн. Монгол хүн хавьгүй нүдээ нээчихсэн. Дундаж хятад, дундаж орос хүнтэй харьцуулбал монгол хүний нүд нээгдсэн. Зөв л ажиллах хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйгаа хөгжүүлбэл хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ зараад дажгүй амьдарна гэж ярьдаг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Уламжлалт эдийн засаг гэвэл мал аж ахуй л байна. Гэхдээ манай мал аж ахуй хөдөлмөрийн бүтээмж өндөртэй эдийн засаг биш. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг чухал ойлголтыг эргэлтэд оруулмаар байгаа юм. Мал аж ахуйн ахуйн хувьд хөдөлмөрийн бүтээмж маш доор.

Орчин үеийн хүнд ойлгуулахын тулд нэг зүйрлэл хэлье.Товчхондоо ан амьтан шиг л зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хээр бэлчээд явж байгаа малаасаа үе үе барьж авч идчихээд яваа улс шүү дээ, бид. Ямар нэг таваарлаг зүйл огт хийдэггүй. Мал аж ахуйн дийлэнх нь хонь, ямаа. Нэг хониноос их сайндаа 1.4 кг ноос авна. Бусад улсад үүнээс хавьгүй ихийг авдаг. Бидний хониноосоо авдаг ноос маш бүдүүн. Цаг уур нь ширүүн учраас бүдүүн ноостой хонинууд бий болчихсон. Махны чиглэлийн үхэр байхгүй, тэр чигийг хөгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл малын эрүүл мэнд тун муу. Өвчлөл өндөртэй. Тэр утгаараа хөдөлмөрийн бүтээмж муутай эдийн засаг. Ийм суурин дээр босч чадахгүй л дээ.

Харин уул уурхайгаа түшиж, энэ салбараас олсон орлогоороо уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж босгоно илүү бодитой сонсогдоно.

Газар тариалан монголчуудын хувьд шинэлэг үзэгдэл. Жараад онд л анх газар хагалсан. Бид сая 200 мянган га газрыг сарны хөрс болгочихсон улс шүү дээ. Зах зээлд шилжиж байж зарим хэсгийг нь эргэж ашигласан байдалтай яваа. Байгалийн бохирдол үүсгэж, хөрс шороогоо сэндийчиж, үржил шимгүй болгож байж тариагаа бэлдэж суугаа улс шүү дээ. Ийм том үнэ төлж талхаа бэлддэг. Бодит байдлаа ингээд харахаар олон улсын харилцаанд чаддаг юмаа хийж оролцох учиртай. Энэ чиглэлээр хийх ажлууд өчнөөн бий.

Өөрөөр хэлбэл уул уурхайн орлогод түшихээс өөр зам байхгүй. Гэтэл уул уурхайгаа үзэн яддаг сэтгэхүй, хандлага янзаараа байгаа нь харамсалтай санагддаг. Уул уурхайг үнэхээр үзэн ядаад байна уу гэхээр баялгийн сан байгуулъя гэж яриад суух юм.

-Уламжлалт аж ахуй болох мал аж ахуй, газар тариалан нь хөдөлмөрийн бүтээмж муу учраас хүмүүс хотдоо шамбааралдсан гэсэн таны дүгнэлт содон сонсогдсон шүү?

-Хөдөлмөрийн бүтээмж муутай салбараас иргэд хот газар руугаа нүүдэллэдэг л дээ. Байшин барилга нь шавааралдсан, хүн ам ихтэй, эргэн тойрон гэр хорооллоор хүрээлсэн нийслэлтэй болсон шалтгаан ердөө энэ. Өнөөдрийн нийслэлийн зовлон хөдөлмөрийн бүтээмж муутай мал аж ахуйгаа хаячихаад хотод ирсэн хүмүүсээс үүдэлтэй. Хэрвээ тэнд хөдөлмөрийн бүтээмж өндөр, таваарлаг, ашиг өндөр бол хэн ч хот руу нүүдэллэхгүй.

Ийм нөхцөлд хотын бодлого муу хэвээр явбал шавааралдсан хэвээр аж төрнө. Шавааралдана гэдэг утгын цаана эрүүл мэнд, өвчин зовлон, гэмт хэрэг, агаар, хөрсний бохирдол гэсэн асуудал, зовлон бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *