Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Би өөртөө санаа зовохгүй байна, шүүх, хууль ёс шударга байхгүй бол Монгол доройтно

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар юу яригдав. Танай өмгөөлөгчдийн зүгээс ямар нэг асуудал тавьсан уу, танаас ямар асуултууд асууж байна вэ?

-Урдчилан хэлэлцүүлэг гэдэг нь прокуророос өгсөн материал дээр үндэслэж анхан шатны шүүхээс бэлдэж өгсөн хавтаст хэргүүд дээр ямарваа шийдэл гаргаж болох тухай талууд маргалдаж, гэм буруутай эсэхийг шийдэх Шүүхийн хурлын тов тогтоох явдал юм байна лээ. Миний өмгөөлөгч Оросоо “Таван толгой төсөл хэрэгжээгүй, хэрэгжээгүй учир гэмт хэрэг гэж үзэх бололцоогүй. Прокурор төслийг өргөн барьснаар хэрэг үйлдэгдсэн гэсэн нь буруу, бусад бэлтгэсэн материалууд дутуу, нэг талыг барьсан, дахин мөрдөн байцаалтад нягтлуулах ёстой” гэх мэт санал тавьсан. Шүүх энэ гомдлыг нь Шүүх хуралдаанаар авч үзье гэж тайлбарлаад дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг тогтоосон захирамж гаргалаа.

-Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт тавих боломжтой юм билээ. Таны хэргийн явцыг анзаарахад аТг, прокурор илт улстөржиж хандсан нь ил байсан. шүүхэд тодорхой хүсэлт, гомдол санал тавив уу?

-Надад холбогдох хэрэг гэгчээр өмгөөлөгч прокурорт нийтдээ 11 удаа хандаж миний талд нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулах талаар ажилласан байдаг. Харамсалтай нь өмгөөлөгчийн гомдлыг АТГ, Прокурор ойшоогоогүй, зөвхөн хүнийг яллах улс төрийн ажиллагаа хийсэн. Шүүх хэрхэн шийдэхийг урьдчилж хэлж чадахгүй.

Миний зүгээс Шүүхэд хандаж мөн хүсэлт тавьсан. Намайг хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар яллаж ингэхдээ “Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр” гэж тодотгосон байгаа. Ерөнхийлөгчийн дэмжлэг гэдэг нь юу юм, яахаараа тэр нь хорлон сүйтгэл болчихдог юм гэдгийг тодруулах үүднээс Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч өгнө үү гэлээ.

-Та өнөөдөр (өчигдөр) тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.сайханбилэг, УИХ-ын дарга асан З.Энхболд нараас мэдүүлэг авах ёстой гэсэн байр суурийг хэвлэлийнхэнд илэрхийлсэн. Энэ саналаа шүүхэд тавьсан уу?

-Таван толгой төслийг тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын албан тоотоор өргөн барьсан. Энэ яахаараа гэмт хэрэг болчихдог юм, шалтгааныг нь тодруулах үүднээс тэднээс мэдүүлэг авч өгнө үү гэлээ. Прокурор намайг буруутгахдаа төслийг УИХ-д өргөн барьсан гээд байгаа. Надад тийм эрх мэдэл байхгүй л дээ. Төслийг УИХ-д өргөн барих эрх хэмжээ зөвхөн Ерөнхий сайдад байдаг юм. Мөрдөн шалгаж болноо, зөв шалга, шүүх гэж байгаа бол бүх хүнээс мэдүүлэг аваарай гэж хэллээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэдүүлэг авах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гэсэн. Шүүхэд ингэж хандахдаа ямар үндэслэл хэлсэн бэ?

– Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагуудын Удирдах ажилтны зөвлөлгөөн дээр Таван толгой төслийг гадныханд 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан гэж худал улс төр хийсэн. Бичлэг нь интернэтэд байгаа. Надад үүсгэсэн хэрэг дээр улс төрийн хонзогнол илт харагдаж байгаа. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгаас 100 жилээр, тэгээд бүр үнэгүй өгөх гэж байсан гэж худлаа ярьсныг нь тодруулах ёстой. Мэдүүлэг авах, асууж тодруулах өөр ч асуудлууд бий. Энэ бүгдийг тодруулж мэдүүлэг авсны эцэст намайг шүүх материал бүрэн бүтэн болно гэж хэлсэн. Мөн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гээд байгаа учраас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг авна уу гэлээ.

-Шүүхээс таны хүсэлтэд хариу өгөв үү?

-Шүүх миний хүсэлтэд хариу хэлээгүй. Дараагийн хуралдаанаараа шийдэж өгөх байх гэж бодож байна.

-Хорлон сүйтгэх ажиллагаа гэж буруутгаад байгаа. Ийм зүйл заалтаар буруутгах болсон шалтгаанаа тайлбарлаж байна уу?

-Урьдчилан хэлэлцүүлэг дээр энэ асуудал яригддаггүй бололтой юм билээ. Ирэх долоо хоногоос үргэлжлэх анхан шатны шүүхийн хуралдаанаас таны наад асуултын хариуг олж мэдээлэхийг хичээнэ ээ.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг дээр ямар үндэслэлүүд хэлж байна вэ?

-Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж гадныханд Хятадын Шинхуа, Японы Сумитомо компанид давуу байдал бий болгосон гээд байгаа. Ямар давуу байдал бий болгосон юм бэ гэхээр АТГ, Прокурор хариу өгч чаддаггүй юм. Би сүүлдээ аргаа бараад “Хятадын Шинхуагаас, Японы Сумитомогоос мэдүүлэг ав. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ Монгол Улс олон орнуудтай хийсэн байдаг юм” гэж хэлж үзсэн.

-Таны хүссэнээр нөгөө талаас мэдүүлэг авсан болов уу?

-Аваагүй.

-Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт буруутгал шүүхээр нотлогдохгүй байж магадгүй гэж бодсон уу машин гэх мэт жижиг асуудлыг хүртэл хавчуулчихсан яваа. Яаж ийж байгаад яллана гэсэн улайрал үүний цаана байх шиг. албаны хэрэгцээнд машин авсан асуудал дээр прокурор ямар дүгнэлт гаргасан бол?

-2013 онд Таван толгой цахилгаан станцын төслийг хариуцаж байхдаа Төслийн нэгжид Лексус 570 унаа авсан юм. Би өөртөө аваагүй шүү гэдгээ дахиад хэлье. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулагдах Цахилгаан станцын талбай руу хөрөнгө оруулагчдыг хүргэж авч байх, тэдний аюулгүй байдлыг баталгаатай болгох үүднээс ийм машины хэрэгцээ байсан. ЭХЯ, ЭЗХЯ, Хөгжлийн банк төслийн нэгжид энэ машин авахад зориулж 165 сая төгрөг баталсан юм. Би 130 сая төгрөгөөр авсан. Гэтэл Прокурор яллах дүгнэлтэндээ 130 сая төгрөгийн хохирол ЭХЯ-д учруулсан гэсэн байгаа. Прокурор хүн яллахын төлөө улайрч байсныг үүнээс харж болно.

-Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр та энэ талаар тодруулж асуусан уу?

-Шүүх дээр би 130 сая төгрөгөөр машин авсан нь яахаараа 130 сая төгрөгийн хохирол болчихдог байна аа, машин авахгүй байх ёстой гэсэн үг үү гэж хэлсэн. Шүүх дараагийн хуралдаанаараа учрыг тодруулж өгөх байх аа.

-Мега төсөл хариуцсан сайдын албан үүргээ гүйцэтгэсний төлөө, хэрэгжээгүй гэрээгээр шалтаглаж хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн хэмээн буруутгаж байгааг хэн ч улс төрийн махны машин ажиллаад эхэлчихлээ гэж харна л даа. Үүний эсрэг дэлгэж тавих үндэслэл, шалтгаан, баримтуудыг та өмнө нь манай сонинд хангалттай хэлсэн. Яг энэ мөчид онцолж хэлэх шалтгаан үндэслэл гэвэл та юуг онцлох вэ?

-Шүүхийн хуралдаан дээр би хоёр санаа хэлсэн. “Төрийн хариуцлагатай ажил хийж байсан хүнийг шалгадаг байх нь зөв. Шалгадаг байхын төлөө гар өргөх хүний нэг нь би өөрөө. Гэхдээ зөв шалга” гэж хэллээ. Хоёр дахь санаа нь гэвэл би өөртөө санаа зовохгүй байна. Шүүх, хууль ёс шударга байхгүй бол Монгол доройтох нь санаа зовохоор том эрсдэл. Энэ бол миний итгэл үнэмшил.

-Та өмнөх ярилцлагадаа байдал яаж ч эргэсэн зэрэг болж байгаа бүхнийг ил тод мэдээлсээр явна гэж байсан. Тэр бодол чинь хэвээрээ юу?

-Хэвээрээ байлгүй яахав. Миний хувьд болж буй үйл явдлыг ил тод байлгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *