Categories
мэдээ цаг-үе

М.Энхболд, У.Хүрэлсүх нар сэм уулзлаа

МАН-ын бүлгийн 33 гишүүн Засгийн газраа огцруулснаас хойш Төрийн ордон эл хуль болоод байсан. Эрх баригч бүлгийн ганц нэг гишүүн ирж байсныг эс тооцвол энэ долоо хоногт дорвитой үйл явдал ч болсонгүй. Уржигдар харин МАН-ын бүлэг хуралдаж Бага хурлынхаа товыг тогтсоноор Ардын намынхан “амь орж” эхэлсэн гэхэд болно. Өчигдөр үдээс өмнө Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарын гишүүд өрөөндөө бичиг цаас болон албаны ажилтай сууж байсан бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн яамныхаа газар, хэлтсийн дарга нартай төсвийн тодотголын төслийг танилцуулахаар ирснээс өөр үйл явдал өрнөөгүй. Харин 13 цаг өнгөрөөж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар Засгийн газар огцорсноос хойш анх удаа спикерийн өрөөнд сэмхэн “болзсон”-ыг хэн ч мэдсэнгүй. Тэдний уулзалтыг намын гишүүд нь ч мэдээгүй гээд бодохоор ихэд нууцалсан бололтой юм. Тэд юу ярилцав гэдгийг хүн бүр сонирхож байгаа. Хамгийн сайнаар бодоход намынхаа эв нэгдлийг хангая. Бүлэг доторх талцсан асуудлуудаа шийдье. Зангидсан гар шиг буцаад эвлэе гэж ярьсан байж болох ч тэдэнд ийм орон зай үлдсэн үү гэдэг нь бас л бүрхэг. М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх эсрэг ажилласан гэдэг мэдээлэл гарч, “Херо” студийн Б.Баатартай утсаар ярьсан ярианаас эхлээд намынхаа гишүүд бүү хэл жирийн иргэдийг хүртэл талцуулаад авсан. Битүү хатуу үгээр намын даргадаа “илгээмж” хүргүүлж байсныг аль аль нь мартаагүй. Харин тэдний уулзах шалтгаан юу байв. Засгийн газрын бүтэц үү, эсвэл дараагийн Ерөнхий сайд, намын дарга хэн байх вэ гэдэг асуудал уу. Муугаар бодоход өөр хоорондоо албан тушаалын тохироо хийв үү. Эх сурвалжийн хэлснээр Засгийн газрын зарим сайд нар дээр тохироо хийсэн бололтой. Тэдний уулзалт нэг цаг орчим үргэлжлээд У.Хүрэлсүх өрөөнөөс гарч явсан байна.

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболдын өрөөнд нөлөө бүхий зарим гишүүд цуглаж эхэлсэн юм. Засгийн газрыг огцруулснаас хойш усанд хаясан чулуу шиг алга болоод байсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдээс гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар М.Энхболдын өрөөнд цуглалаа. Тэдний араас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар орсон юм. Тэдний өрөөнд ямар нэгэн чухал яриа өрнөх нь гарцаагүй боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү М.Энхболд даргын өрөөний үүднээс буцав. Учир нь намын гишүүд нь цугласан тул УИХ-ын даргатай уулзах боломж түүнд гарсангүй бололтой. Тэрээр “Ерөнхий сайд ирж байна” гэсээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг угтан алхаж ямар нэгэн зүйл ярьсаар буцаж ирлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өрөөндөө сууж байгаа гэсэн ч энэ удаагийн хурал руу орсонгүй. Нэг цаг орчим Их хурлын даргын өрөөнд хуралдсаны эцэст тэд гарч ирсэн юм. Хуралдаанаас гарч ирэхдээ өнөөдөр 11 цагт бүлгийнхээ хурлыг хуралдуулах шийдвэрт хүрчээ. Тиймээс сүүлийн үед Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нарын өрөөнд хоёр хуваагдан хуралдаж байсан МАН-ын бүлгийн гишүүд хагарсан ан цаваа нийлүүлэхээр болж бүлгийн хурлаа зарласан юм.

Тэднийг хуралдаж дуусахын өмнөхөн буюу 15 цаг өнгөрөөгөөд МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд цуглаж эхлэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын өрөөнд орцгоосон юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг нар мөн ирсэн байлаа. Намын даргын өрөөнөөс гарч ирсэн гишүүд тэндээ хундага тулгав уу, орохоосоо өмнө “халаалттай” байв уу. Ямартай ч Их хурлын даргын өрөөнөөс “хэвийн бус” гарч ирцгээсэн тэд бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд цай уунгаа нэг цаг уулзаад тарцгаасан юм. Харин Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ Их хурлын даргын өрөөнөөс хар гүйхээрээ шахам гарч ирэн гурван давхрын баруун талаас зүүн тийшээ гүйж яваа харагдав. Бүлгийн даргын өрөөнөөсөө гарсан гишүүд нэгнийхээ өрөөнд цуглаж хундага тулгаж байлаа. Тас тас хөрөхсөн гишүүдийн дуу Төрийн ордны нам гүмийг эвдэж байсан юм.

Өөр нэг мэдээлэл ирсэн нь Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх 14 аймгийн Засаг даргыг БНСУ-д амралтын журмаар явуулсан бололтой. Нэг сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарах ёстойг 21 аймгийн Засаг дарга нарт үүрэгдсэн ч тэд ийнхүү хилийн дээс алхан алга болжээ. Тэднийг ийнхүү явуулсан шалтгаан нь энэ сарын 24-ний өдөр хуралдах намынхаа Бага хурлын төлөөлөгчдийг хайрцаглах даалгавартай байсан гэдгийг эх сурвалжууд хэллээ.

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын уулзалтаар яригдсан зүйлс тодорхойгүй байсан тул зарим гишүүд нь хэд хэдээрээ нэгнийхээ өрөөнд цуглан таамаг дэвшүүлж суулаа. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж ээлжит бус чуулганы тов, нам доторх хагарлаа эмхлэх сурагтай.

Э.ЭНХ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *