УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж Их хурлын дарга М.Энхболд энэ чуулганы явцад хэлэлцэх асуудлуудыг тоймлон ярилаа. Тухайлбал, ОУВС-гийн хамрагдаж буй хөтөлбөр, оффшор болон Чалькогийн өрийг бүрэн төлж дууссан талаар онцлон ярив.
Тэрээр хэлэхдээ “ОУВС-тай хэлэлцээ хийсний үр дүнд хөтөлбөрт нь хамрагдахаар урьдчилсан байдлаар тохироод байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн хяналт шалгалтыг сайжруулах, эдийн засгийн байдал тогтворжих, бизнесийн орчин сайжрах зэргээр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай. Төсвийн тодотголтой хамт татвар, тэтгэврийн насыг нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ олонхи, цөөнх гэж талцахгүйгээр иргэдийнхээ амьралд сайнаар нөлөөлөх шийдэр гаргах нь зүйтэй. Дээр дурдсан эерэг хандлагуудын нөлөөгөөр сэхээнд байсан эдийн засаг энгийн тасагт шилжиж байна. Тиймээс энэ онд илүү сайн ажиллаж эдийн засгаа эмнэлгээс гаргах хэрэгтэй. Саяхан “Чалько”-гийн өрийг төлж дууслаа. Одоо Тавантолгойн нүүрснээс олсон орлого төсөвт бүтнээрээ орж ирнэ.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Энэ онд 1200 км төмөр замын ажлыг эхлүүлэхээс гадна Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудыг холбоно. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нийтдээ 3030 тендер зарлагдахаас 750 нь ялагчаа тодруулаад байна. Тендерийн хугацаа сунжирах тусам буруу замаар ордгийг бид мэднэ. Тиймээс энэ ажлыг хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй.
Иргэд биднээс сахилга бат, ёс зүйг нэхэж байна. Төрийн албанд авлигал, хүнд суртал байсаар байгаа нь нууц биш. Үүнийг цэгцлэх Төрийн албаны тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэнэ. Мөн өнгөрсөн намар УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхийг Хууль зүйн байнгын хороонд үүрэг болгож байна. Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүрт иргэдийн амнаас гарлаа. Тиймээс энэ асуудлыг хойшлуулахгүйгээр шийдэх хэрэгтэй. Төрийн албанд байгаа хүн оффшорт данстай байх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн чухал хуулийн төслүүдийн нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Засгийн газар, УИХ-ын төвшинд байгуулсан ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзэж байгаа юм билээ. УИХ судалгаа шинжилгээнд үндэслэсэн зөвшилцлийн дор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтэд оролцон үг хэллээ.