УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.
Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хуралдах журамд оруулахыг шийддэг. Захирамж гарч байж шийдэгдэх ёстой. Өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж эцсийн шийдвэрээ гаргана. Энэ асуудлаар би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн ойрын хугацаанд УИХ-ын чуулган хийх боломжтой хугацаа нь ирэх долоо хоногийн мягмар гариг. Энэ өдөр 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх бодолтой байгаа талаар санал бодлоо солилцсон. Ингээд өнөөдөр 13:00 цагт энэ асуудлыг хэлэлцэх шийдвэр гарна. Энэ асуудлыг 29-ний өдөр хэлэлцэх боловч тодорхой учир шалтгаан бий. Хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа ч хуулийн хэрэглэх явдал дэгийн тухай хуульд зааснаар төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдснээр энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Тиймээс УИХ-ын гаргасан шийдвэрүүдийг хэвлэдэг Төрийн мэдээлэл сэтгүүл пүрэв гаригт эрхийн хэвлэлийн байгууллагад өгсөн 28-ны даваа гаригт Төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэнэ. Тэгэхээр энэ хууль хэрэгжих хугацаа 28-ны өдрөөс эхэлнэ. Нөгөө талаас энэ асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, сая орж ирсэн учир энэ долоо хоногт хэлэлцэх нь дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал үүснэ. Тиймээс хуулийн дагуу 29-ны өдөр хэлэлцэхээр болсон. Би өмнө нь хэлсэн. Ямар нэгэн албан тушаалтай зууралдаад байгаа асуудал байхгүй. хуулийн дагуу заагдсан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх, огцроход болохгүй зүйл байхгүй гэж хэлсэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж, удахгүй болох үндэсний баяр цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томигдож, төрийн шинэ удирдлагууд олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх аа. Яг хуваарийн дагуу бол пүрэв гаригт УИХ-ын чуулган хуралдах ёстой. Түүнийг хоёр хоног нааш нь татаж, мягмар гаригт хуралдуулахаар захирамж гаргаж энэ асуудлыг шийдэх бодолтой байна. ингээд 13:00 цагт эцсийн шийдвэр гарах болно оо.