УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр хуралдсан МАН-ын бага хурлын талаар мэдээлэл нэг талыг барьсан, хаалттай хуралдааны талаарх өөрийнх нь байр суурийг олон нийтэд мэдээлээгүй” гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов. УИХ-ын дарга М.Энхболд:
-МАН-ын бага хурлын гаргасан шийдвэр нь хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан МАН-ын бага хурал болсонд харамсаж байна. Тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Би тайлбар өгсөн. Харамсалтай нь миний тайлбарыг хэвлэлд өгөөгүй.
МАНАН гэдэг зүйлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож, намайг буруутгах зүйлийг ярьсан. Би МАНАН гэдэг зүйлийг сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд Засгийн газраа хамтарч байгуулан, шийдвэр гаргасан зүйлийг хэлж байгаа гэж үздэг.
Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараагаар 67-гийн том бүлгийг тарааж, МАН, АН тус тусдаа байх ёстой гэж үзэж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргаж байсан.
2006 онд Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой таван нам нэгтгэсэн Засгийн газар байгуулахдаа АН-ыг оруулаагүй. Би 2007 онд МАН-ыг хүлээлгэж өгөхдөө ялалт байгуулсан, МАНАН-гүй намыг хүлээлгэж өгсөн. Надад МАНАН гэх зүйлтэй холбогдсон явдал байхгүй. Би үүнийг хариуцлагатай хэлж байна.
Шударга бусын хонгил гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүргэн н.Дэнзэнгээ “Эрдэнэс Тавантолгой”-н тендэрт оруулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахад өөрийгөө “Намайг шударга бусын хонгилд орууллаа” гэж хэлсэн. “Шударга бусын хонгил” гэдгийн түлхүүр нь хэнд байна вэ гэсн сошиал санал асуулга явуулахад иргэд олон нийт 74 хувь нь Ерөнхийлөгчид байна гэж саналаа өгсөн байна лээ.
Ямар нэг асуудалд оролцоод, түүнийг нь шалгах гэхээр татгалзаж байгааг би буруушааж байна. ЖДҮХС-гаас зээл авсан шалгагдаж байгаа гишүүдийн талаар ярьсан. Надад нэг ч удаа хэн нэгийг шалга, үүнийг битгий шалга гэж нөлөөлсөн зүйл байхгүй. Нэгэнт өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдлээ ашиглан зээл авсан бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгч байгаа мэтээр ярьсан. Би тэр даруйд нь хууль, хяналтын байгууллагад албан бичиг бичиж, мэдээлэл хийсэн. Тэнд нэг сэтгүүлч “Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байгаа юу” гэж асуусан. “Хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа”гэсэн хариулт хэлснийг намайг хэлүүллээ гэж гүтгэж байна.
“60 тэрбум”-ын асуудлаар шалгагдаж байгаа. Үнэн зөвийг нь тогтоох байх. Харамсалтай нь 2016 онд болсон “60 тэрбум” гэдэг асуудлыг манай намын гишүүд өөрсдөө дэвэргэж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, энэ нь ЖДҮХС-гийн холбоотой асуудлыг бүдгэрүүлэхийг оролдож байгаа нь буруу.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг намайг оролцоотой мэтээр, хааж, хамгаалж байгаа мэтээр ярьж байна. Би тухайн үед ОХУ-д Элчин сайдаар сууж байсан н.Хангайг дуудаж, үнэн эсэх мэдээллийг асуусан. Тухайн асуудал бүдэг бадаг яригдсан зүйл байгаа юм шиг байна гэсэн. Сонгууль эхлэхэд тухайн үед сонгуулийн штабд ажиллаж байсан С.Батболдод сонгуулийн дараа шалгуулах чиглэл өгч, мэдээлэл хийлгэсэн. Дараа нь би ажлын хэсэг байгуулж, тогтоол гаргасан. Энэ тогтоолоо хоёр ч Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байна. УИХ хэлэлцээр хийж, үнэн зөвийг нь тогтоо гэсэн чиглэл өгөөд байхад шүүх дээр очоод янз бүрийн шийдвэр гарч байна. Би 49 хувийг ямар нэг байдлаар хаацайлаад байсан зүйлгүй.
ХХБ-ны хувьчлалтай намайг холбоотой гэж байна. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход хувьчлал нь явагдсан байсан. Би ХХБ-ны хувьчлалтай холбоогүй. Намайг бас Улаанбаатар банкны хувьчлалтай холбоотой гэж байна Би Улаанбаатар банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах хөрөнгө байгаагүй учир татан буулгасан. Улаанбаатар банкны хувьчлал миний дараа дараагийн хотын дарга нарын үед явагдсан.
АТГ-ын дарга н.Энхжаргалыг миний хүн гэж яригддаг. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан_ Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилох санал оруулж, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хуульзүйн байнгын хороог хуралдуулж, энэ хүнийг АТГ-ын даргаар томилох дүгнэлт гаргасан байлаа. 2016 оны УИХ-ын байгуулагдаад хуулийн дагуу хэлэлцэн томилсон. Энэ хүнийг чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Би хуульд нийцсэн бол чөлөөлж болно гэж байгаа. Түүнээс хувь хүний хувьд хаацайлж, хамгаалж байгаа зүйлгүй.
Улсын Ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилсон мэтээр Ц.Нямдорж ярьсан. Манай намын бүлгийн хурал дээр Д.Дорлигжав гэдэг хүнийг ерөнхий прокуророор томилох асуудал огт яриагүй. Харин М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилох үед бид цөөнх байсан. Бүлгийн хурлаар хэлэлцье гэсэн. Би ажил төрлийн хувьд л танихаас цаашгүй гэсэн. Тухайн үед Ц.Нямдорж “Би энэ хүнийг танина, Миний бэлтгэсэн хүн” гээд томилуулж байсан. Гэтэл өнөөдөр би томилуулж байгаа юм шиг ярих нь шударга ёсонд нийцэхгүй.
Мөн өчигдөр “Намайг Сингапурт Т.Бадамжунай гэдэг хүнийг явуулж Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр томилуулах санал оруулж байсан” гэж ярилаа. Надад тийм зүйл байхгүй.
Надад уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Харин уул уурхайн салбар ээлж дараа эрэмбэтэйгээр хөгжих ёстой гэсэн байр суурийг баримталдаг. Би Ерөнхий сайд байхдаа 49 ордыг стратегийн орд болгоё гэж санал боловсруулан өгч байсныг тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж 15 ордыг стратегийн орд болгосон. Би “Оюутолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулан өргөн барьж байлаа. Тэнд 95 хувь нь монголчууд ажиллах, 80 мянган хүнтэй хот байгуулах төсөл оруулж байсан.
МАН-ын дарга У.Хүрэлсүх надтай уулзсан. Бид хоёрын дундах яриа гэсн “Би хуулийн дагуу л шийдвэрлэнэ гэсэн. Би хэн нэгний албан тушаалаар барьцаалж, өгөх өгөхгүйн асуудал тавиад байгаа юм биш. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж, зууралдаад байгаа зүйлгүй” гэсэн. Харамсалтай нь намын дарга маань өөрөө дэлгээд ярьчихна лээ.
Би Ц.Нямдоржийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ. Асуудлыг үнэн зөвөөр олон түмэнд ойлголтод өгөх ёстой гэж бодож байна. Сүүлийн 6, 7 сарын турш над руу янз бүрийн дайралт ирж байгаа. Би намынхаа нэг залуутай зууралдаж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлээд яах вэ гэж тэсэж, тэвчиж явсан. Нэгэнт намын нөхөд маань над руу хууль бус шийдвэр гаргаж, төрийн ажлыг гацааж байгаа учир би энэ шийдвэрийг гаргаж байна хэмээлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-“60 тэрбум”-ын асуудлаар томилгоо хийгдсэн үү?
-Би 60 тэрбум”-ын схемээр ажил албан тушаалд томилоогүй. Сөрөг хүчин байхад янз бүрийн асуудал яригддаг. Ихэнх нь бүтээд байдаггүй.
-УИХ-ын даргыг огцруулахаар хичнээн гишүүн гарын үсэг зурсан бэ?
-40 гишүүн гарын үсэг зурсан. Би хуулийн дагуу чуулганы үйл ажиллагааг явуулаач гэдэг.
-Та ҮАБЗ дээр ганцаарддаг гэсэн. Энэ талаар?
-ҮАБЗ дээр би зарим асуудал дээр ганцаарддаг. Би хуулийн дагуу асуудалд ханддаг. Тухайлбал, ШХАБ-ын асуудлаар УИХ дээр хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байсан.
-Таныг буулт хийж, албан тушаалаа өгөхийг шаардаж байгааг юу гэж үзэж байна вэ?
-Буулт хийх, хууль зөрчсөн байдлаар ямар нэг алхам хийхийг би зөв гэж үзэхгүй байна. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан нь хууль бус гэсэн. Би хууль зөрчөөгүй, УИХ-ын гишүүний хувьд гарын үсэг зурж, асуудал хэлэлцэхэд хуралдаан даргалаагүй.