УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тэд Сонгинохайрхан дүүргийн 23, 24 дүгээр хорооны “Тумбааш” худалдааны төв, 127 дугаар цэцэрлэг, шинээр баригдаж буй сургуулийн барилгын ажилтай танилцаж, иргэдтэй уулзсан.
МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүдэд хандан иргэд амьдралын боломж тааруу болсоор байгааг өгүүлж байв. Зам дагуу дэлгүүр, гуанз гээд худалдааны бизнес эрхлэгч иргэд сүүлийн хэдэн сар орлого муу, худалдан авагчгүй болсноо ярьж байлаа. Учир нь зам дээр машинаа орхиод дэлгүүр ороод гарахад ачаад явчихдаг болсноос хойш тэр хавийн худалдааны төвөөр үйлчлүүлэх хүн цөөрсөн гэнэ. Тэгээд ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан, 1500 төгрөгөөр зарагддаг хонины элгийг гурав, дөрөв хуваан авдаг болсныг ч өгүүлж байсан. Бас өөрийгөө элэгний церрозтой хэмээн тодорхойлсон нэгэн эмэгтэй группийн мөнгөө жил бүр зээлээр авч эмчилгээндээ хэрэглэдэг тухайгаа өгүүлж байв. Ингээд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.
-Та Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдийн амьдралд ямар дүгнэлт өгөв?
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн нэг сарын хугацаанд буюу чуулган эхэлснээс хойш орон нутаг, үндсэн нэгжид ажиллалаа. Иргэдийн амьдрал ямар байгаатай танилцаж аж байдлыг нь сонслоо. Хөдөө орон нутгийн хувьд Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол Улаанбаатар хотод Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт явж иргэдийг сонслоо. Хүмүүсийг сонсоход амьдрал хэцүү болж байгааг л ярьж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ядуурал өмнөх жилүүдээс нэмэгдчихэж. Өмнөх жилүүдтэй харьцуулбал хүнсний захуудад худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ багасчээ. Бас нэг онцлог нь жижиглэнгээс жижиглэсэн байдлаар худалдан авалт хийж байна. Хонины тал элэг эсвэл хоёр ширхэг хавирга ч юм уу ийм байдлаар худалдан авдаг болчихож. Энэ бүгд цаанаа юуг илэрхийлж байна вэ гэвэл ерөнхийдөө хүмүүсийн амьдрал муудаж, Монгол орны амьжиргаа дордож байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Энэ байдлыг засах, өөрчлөлт хийх талаар засгийн эрх баригчид тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Харамсалтай нь өнөөгийн засгийн эрх барьж буй нөхдүүд ард иргэдийн амьдралд ямар нөхцөл бий болсныг судалж үзэхээсээ урьтаж өөрсдийнхөө хийж байгааг л сайн, зөв гэсэн байдлаар хүмүүст ойлгуулахаар зүтгэдэг болсон. Тэгээд бусдыг буруу, өмнөх хийгдэж байсан бүх зүйл буруу, алдаатай байсан гэж ойлгуулахаар ажиллаж байна. Газар дээрээ олон түмэн тэгж дүгнэхгүй байгааг бид харлаа. Өнөөгийн Засгийн газрыг муу ажиллаж байна гэдгийг уулзалт хийсэн газар бүрт хэлж байсан. Бас улс орны өр, төсвийн байдалд санаа зовних иргэн ч олон байна.
-Жишээлбэл?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон объектууд, өнөөдөр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 250 хүүхэд хүмүүжиж байгаа, цэцэрлэг нэмж барих шаардлагатай байгаа гэх мэт зүйлүүдийг ярьж байна. Мөн өр ихэсч байгаад харуусах хүн цөөнгүй таарсан. Монголын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ их хурдацтай өслөө. Үндсэндээ 1990 оноос хойших 20 гаруй жилийн дотор тавьсан зээлтэй тэнцэхүйц өрийг хоёрхон жилийн хугацаанд хийлээ. Тэгээд тавьсан өрийн мөнгөөр үр дүнтэй бүтээн байгуулалт хийгдэж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр “Чингэс” бондын 40 хувийг жил гаруй ашиглаагүй. 100 гаруй тэрбум төгрөгийг Чингэс бондын хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн байх жишээтэй. Энэ мэтээр орж ирж байгаа мөнгийг үр дүнгүй ашиглаж, төсвийн бүрдүүлэлтэд анхаарал тавихгүй бол цаашид эдийн засаг санхүүгийн байдал улам хүндрэх нь. Энэ асуудалд эрх баригчид нэгийг бодож тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Сөрөг хүчний хэлж, ярьж байгааг ажил болгохгүй байгааг иргэд ярьж байна. Бид сүүлийн хоёр жилд 30 гаруй хууль санаачилж өргөн барьснаас хоёр, гурван хуулийг л хэлэлцсэн байгаа. Ер нь сөрөг хүчний хэлж, ярьсныг анхаарч үздэггүйгээс төр засгийн ажил алдаатай болж байгааг эрх баригчид ойлгоосой. Иргэд ингэж л ойлгож байна.
-Ирэх оны төсвийн чанарын тухайд ямар ойлголттой байна вэ. Иргэдэд хэр наалдаж, үр өгөөжөө өгөх бол?
-Төсвийн байдал нэлээд хүндхэн байгаа. Орж ирэхдээ л ийм байсан. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж байна гэдэг нэрийдлээр орон нутагт баригдах бүтээн байгуулалтын нэрсийг бичээд шаардагдах хөрөнгийнх нь арван хувьд ч хүрэхгүй мөнгийг тавьчихаж байгаа юм. Ингээд аль ажлаа явуулах вэ гэдгээ өөрсдөө шийд гээд орхиж байна. Орон нутагт эрх мэдлийг өгч байна гэдэг нэрийдлээр төв Засгийн газар хариуцлагаас зайлсхийсэн ийм төсвийг оруулж ирсэн. Үүнд бид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөөтэйгүүр анхны буюу аравдугаар сарын 1-нд өргөн барьсан төсөв бол дөрвөн төрлийн татварыг нэмэхээр хуулийн төсөл оруулж ирснийг бид эсэргүүцсэн. Сая төсвийг татаж аваад дахин өргөн барихдаа энэ алдаагаа зассан байна билээ. Хямралтай үед татварыг нэмнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Мөн төсвийн эх үүсвэрүүдийг бүрэн дүүрэн дайчлах, зардлаа танах талаар Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байна. 2012 онд 147 мянган төрийн албан хаагчтай байсан Монгол Улс өнөөдөр 180 мянган төрийн албан хаагчтай болчихлоо. Хоёр жилийн дотор 30 гаруй мянгаар төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн. Энэ хэмжээгээр төрийн албаны зардал өсч байна. Төрийн албыг цөөн, хөнгөн шуурхай бүрэлдэхүүнээр хийх тал дээр санал санаачилга гаргаагүй нь 2015 оны төсөв, улс орны аж байдалтай нийцээгүй.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН өргөн барьсан ч хэлэлцээгүй байна?
-УИХ-ын 28 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулъя гэдэг тогтоолын төслийг өргөн бариад 17-18 хонож байна. Уг нь Монголд мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал 14 хоногийн дотор шийдэгддэг. Гэтэл байнгын хороогоороо ч хэлэлцээгүй байх жишээтэй. Хоёр удаагийн байнгын хорооны хурал дээр завсарлага авсан, хойш нь тавьсан. Энэ нь ямар нэгэн сайн зүйлийг авчрахгүй. Өнөөдөр улс орны эдийн засгийг ийм нөхцөлд оруулсан хүмүүс өөрсдөө засч чадахгүй. Заавал чадалтай, чадвартай улс орныг илүү томоор харж чадах хүн гарч ирж байж л асуудлыг урагшлуулна. Ингэж цаг хугацаа хожиж байгаа явдал бол улсын эдийн засгийг, улсын сан хөрөнгийг улам доройтоход нэрмээс болж байгаа үйлдэл. Эрх баригчид өөртөө дүгнэлт хийж ойрын хугацаанд асуудлыг шийдэх ёстой. Бид байнгын хороо, УИХ-ын даргын зөвлөлийн хурал бүр дээр энэ асуудлыг ярьсаар байгаа.
-МАН засагт хамтрах сонирхолтой байгаа гэдэг үнэн үү?
-Бид Засгийн газарт орох гээд ч юм уу эсвэл Засгийн газарт оруулаагүй учраас өс өвөрлөж асуудалд хандаж байгаа юм биш. Монгол Улсын нийт сонгогчдын 40 орчим хувь МАН-д саналаа өгсөн. Бид Засгийн эрх бариагүй ч хяналт тавьж ажилла гэдэг үүднээс сонгогчид ийм хэмжээний санал өгсөн байх. Бид хяналтын үүргээ бүр илүү гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа.
Л.МӨНХТӨР