“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.
-Сонгууль болоход ердөө таван сарын хугацаа үлдлээ. Тэр утгаараа улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал ямар хэмжээнд өрнөж байна вэ?
-Сонгуулийн тойрог өмнө нь байгаагүй том хэмжээтэй болж өөрчлөгдлөө. Бүсчилсэн хөгжил гэж ярьж байгаа ч тойргийг томсгосон гол шалтгаан нь биш болов уу. 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд ”УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолыг баталсан. Ерөнхийдөө сонгуулийн тухай хуульд орсон дэвшил, амжилтыг хойш татсан өөрчлөлт боллоо. Энэ нь сонгуулийн тойрог, мандатыг тогтоолоор баталдаг биш, сонгуулийн тухай хуультай цуг баталдаг байх шаардлагатайг харуулж байна.
Учир нь хуулиар тогтоосон ололт амжилтаа тогтоолоор үгүйсгэсэн бодит жишээ боллоо. Сонгууль бол зөвхөн эрх баригчдын, эсвэл улс төрийн намуудын шийдэх ёстой, зөвхөн тэдэнд хамааралтай зүйл биш. Шударга ардчилсан сонгууль бол иргэдийн сонгох эрхийг баталгаажуулж, баттай эдлүүлэх ардчиллыг хэрэгжүүлэгч гол хэрэгсэл.
-Сонгуулийг шударга, өрсөлдөөнтэй байлгахын тулд сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийн зардалд хяналт тавих боломжтой байх ёстой. Ингэж байж улс төрд шинэ хүмүүс орж ирэх бололцоо бүрдэнэ гэж улс төр судлаачид ярьж байна. Та үүнтэй санал нэг байна уу?
-Тантай санал нэг байна. Зардал буурсанаар улс төр цэвэр, өрсөлдөөнтэй болох суурь болно. Гэвч аймгуудыг нэгтгэсэн, бүсчилсэн тойрогтой болсноор сонгуулийн зардал асар ихээр өснө. Үүнийг дагаад мөнгөтэй, эрх мэдэлтэй нь л ялах сонгууль болно. Урьд өмнө нь болж байгаагүй хувилбар учраас хэн ч эцсийн үр дүнг баттай хэлэх боломжгүй. Бүх л талууд эргэлзсэн, барьц алдсан шинжтэй байна. Гэвч хуучин, эрх мэдэл, мөнгөтэй хүмүүст ашигтай буюу товчхондоо өөрчлөгдөхгүй, шинэчлэгдэхгүй хэмээх сонгуулийн хувилбар болсон нь тодорхой. Энэ өөрчлөлтөд нам хоорондын гэхээс гадна эрх баригч намын дотоод зөрчил, үе хоорондын тэмцэл ч нөлөөлж байгаа нь тодорхой. Намын залуу удирдлагуудад нам доторх тойргоо өмчилсөн, хөгшин улстөрчдийг эвтэйхэн зайлуулах сонирхол байна. Гэвч хамгийн сонирхолтой нь хэнийх нь ч хүссэн үр дүн гарахгүй байж магадгүй.
-Ирэх сонгуулийг бид шинэ тогтолцоо, шинэ хуулиар явуулахаар болсон. Үүнд сонгогчид хэр идэвхтэй оролцох бол. Учир нь сонгууль өгөөд яах ч юм билээ, адилхан л хулгайч гарч ирнэ гэсэн бодолтой иргэд цөөнгүй байна л даа?
-Болохгүй бол засгийн эрх баригчдыг солиод өөрчилдөг нь ардчилсан сонгуулийн хамгийн гол ид шид нь. Энэ эрх, боломжоо үнэгүйдүүлж орхилоо гээд өөрсдийгөө л хохироох нь ойлгомжтой. Тиймээс саналын эрхтэй хүн бүр чухалчилж, зорьж, чанартайгаар саналаа өгөх хэрэгтэй. Ирэх сонгууль бидний нэрлэж сурснаар холимог буюу параллель хувилбараар явна. Мажоритар бүсчилсэн 13 том тойрогт 78 мандат, пропорциональ намын жагсаалтаар 48 мандаттай. Тиймээс сонгогч тойрогт нэр дэвшигч болон намын нэрийг тус бүр дугуйлна. Сонгуулийн саналын хуудас өмнөх сонгуулиудаас нүсэр, төвөгтэй болохоор байна. Магадгүй хүчингүй саналын тоо ч өсөх төлөвтэй байна. Өнөөгийн нөхцөл байдлаас ерөнхийд нь дүгнэвэл сонгуулийн ирц өснө. Тэр дундаа залуучуудын ирц оролцоо буурахгүй, илүү нэмэгдэнэ. Хамгийн чухал нь сонгуулийн систем, санал өгөх процесс, саналын хуудасны мэдээллийг эрт, олон нийтэд сайтар сурталчлах нь чухал.
-Ер нь судлаач хүний хувьд бид энэ сонгуулиар яг ямар хүнийг сонгох ёстой вэ гэдгийг хэлэхгүй юу. Нөгөөтэйгүүр сонголтоо хийхийн тулд ямар шалгуур тавих нь чухал бол?
-Нэгдүгээрт төлөөлөх чадвар. Сүүлийн үед олон нийт болоод улстөрчдөд их буруу хандлага тогтсон нь ажиглагдаж байгаа. “Эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэйчүүд, залуучуудын асуудлыг залуучууд л ярих ёстой. Эдийн засаг, улс төр, уул уурхайн асуудлыг бол том дарга, гишүүн ярьж болно” гэх. Тэр дундаа УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөл, элч болохын хувьд ийм үзэлтэй байж хэрхэвч болохгүй. Ямар ч УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд гэх мэт нийгмийн бүх бүлгийн асуудлыг мэдэрч, тэднийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тэр тусмаа өөрийг нь дэмжээгүй, эсэргүүцсэн сонгогчийг ч төлөөлөх үүргийг хүлээж байгаа. Үүнийг ойлгоогүй хүн ард түмний төлөөлөгч болж ажиллах боломжгүй.
-Мэдээж нийт ард түмнийг төлөөлөх ёстой л доо. Гэхдээ манайд энэ зарчим үйлчилдэггүй байх аа…?
-УИХ-ын гишүүн нэгдүгээрт, иргэдийг төлөөлөх үүрэгтэй. Мөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилт болон гүйцэтгэх засаглалд хяналт тавих чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Хоёр болоод гуравдах чиг үүргийн хэрэгжилт нь парламентын институтийн чадавхтай шууд холбоотой. Жишээ нь, тухайн гишүүн нутгийнхаа дүү, сонгуулийн кампанит ажилд нь голлож оролцсон хүмүүсээр ажлын албаа бүрдүүлдэг. Гэтэл тэдгээр хүмүүс нь сонгууль, улс төрийн “хар цагаан” туршлагатай болохоос хууль тогтоох механизмд ажиллах чадваргүй хүмүүс байх нь нийтлэг. Ирэх сонгуулиар гишүүдийн тоо өсөхөд энэ байдал бага зэрэг өөрчлөгдөнө гэж найдаж байна. Улстөрч хүн бол улс төрийн амьтан учраас таны хүссэн дүрд маш хурдан хувирна. Тиймээс иргэд, сонгогчид тухайн улстөрчийн хөрөнгө чинээ, нийтэд зориулж бүрдүүлсэн түүх, дүр төрх, бэлэг сэлтэд хууртахгүйгээр бодит мэдээлэлд дүн шинжилгээ хийж, чиг үүргийнх нь хүрээнд шаардлага тавивал УИХын гишүүд таны шалгуурт хэтдээ нийцэх л болно. Үүнд нээлттэй мэдээллүүд, болон найдвартай эх сурвалж болдог өдөр тутмын сонин, цахим талбарууд тусална. Харин улстөрчдөөс тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль барих, зам засах зэрэг ажлыг нэхээд байвал улстөрчид дахин сонгогдохын тулд танд үүнийг л амлах болно.
-Нэр дэвшигчдэд бид яг ямар шалгуур тавих ёстой вэ?
-Сонголтоо хийхдээ наад зах нь ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан үгүйг нь харчих хэрэгтэй. Түүнээс бус танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гээд байвал сонгууль хийгээд яах юм, өөрчлөлт гарахгүй. Сонгогчийн хандлага өөрчлөгдөхгүй бол улстөрчид ч өөрчлөгдөхгүй. Энэ цаг үед хүнийг үг яриа, үзэмжээр нь дүгнэхэд хэцүү болсон. Олон нийтийн санаа бодлыг хаашаа ч эргүүлэх боломжтой болсон тул хүнийг урьдчилан таних бараг боломжгүй. Энэ эргүүлгийн хор хөнөөлд эцэстээ бид нийтээрээ л өртөх болно. Тиймээс улстөрчдөд итгэж найдах гэхээсээ илүү хянаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Сайн хүн гарч ирээд нийгмийг өөрчилнө гэж биш, сайн сонгогч оролцоотой иргэд сайн нийгмийг авчирна гэвэл үнэнд ойртоно. Хариуцлага тооцно гэдгийг зөвхөн сонгуулиар хязгаарлаж болохгүй. Сонгогч тухайн хүнд санал, мандатаа өгөөд явуулж байгаа л бол саналаа өгсний маргаашаас нь хяналтаа эхлэх хэрэгтэй.
-Шинэ залуу улстөрчдөд ирэх сонгуулиар найдлага бий юу?
-Маш хэцүү. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн маш өндөр өртөгтэй сонгууль болно. Ер нь танигдсан, хуучин хүмүүст ашигтай сонгууль. Эсвэл асар их хөрөнгө зарцуулах нөөцтэй, намын хатуу дэмжигч бүтцийг өөртөө ажиллуулж чадах хүмүүст давуу талтай. Сонгуулийн бүсчилсэн тойргийн энэ хувилбарыг сөрөг хүчин болох АН, ХҮН дэмжсэнд үнэхээр харамсаж байна. Сөрөг хүчний намын удирдлагууд өөрсдөө жагсаалтаар сонгогдоно гэж тооцоод, залуучуудаа хайрласангүй. Ийм нөхцөлд залуучууд зоригтой байгаасай. Ер нь намын удирдлагууд нь олон зуун залуучуудынхаа идэвх, цаг хугацаа, хүч хөдөлмөр, нэр хүндийг наймаалцчихдаг нь хэвийн зүйл мэт болж. Тиймээс зөвхөн эрх баригчид биш засгийн эрхийн гадна байгаа намууд ч эхнээсээ дотоод ардчиллаа бэхжүүлж, олон түмний нам байх нь чухал. Эцэстээ залуучууд хохироод үлдэж байна. Улс төрийн намууд нийгмийн бүлгүүдийг төлөөллийг хангах үүрэг амлалтаа биелүүлж эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бодитоор дэмжих цаг нь болсон. Энэ үүргээ умартаж ирснээс болж одоогийн парламент болон бусад төлөөллийн байгууллагууд нийгмийн бүлгүүдийг төлөөлөх чадамж сул, тэнцвэргүй, нэг хүйс хэт давамгайлсан бүтэцтэй байна.
-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахын ач холбогдол юу юм бэ. Монгол Улсын хувьд энэ тогтолцоог ашиглах өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлөөр явах цаг нь болсон гэж үзэж байна уу?
-Бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх бүрэн боломж нь одоогийн Засгийн газарт байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдлийг хангалттай нэмэгдүүлсэн. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, төсвөө бүсчилсэн хөгжлийн загвараар оруулж батлуулах бүрэн боломжтой болсон. Тиймээс сонгуулийн тойргоос л шалтгаалж бүсчилсэн хөгжил хэрэгжээгүй гэж үзвэл өрөөсгөл болно. Ганцхан тохиолдолд л бүсчилсэн том тойргийг зөвтгөж болж байна. Хэрэв Монгол Улс засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа бол түүнийг угтаж сонгуулийн тойргоо бүсчилж, улс төрийн бүтцийг урьдчилан бэлдэх нь зөв. Улс төрийн бүтцээ урьдчилж бэлдээгүй нөхцөлд засаг захиргааны бүтцийг өөрчлөхөд маш хэцүү, бараг боломжгүй.
-Эдийн засаг талаас нь та юу хэлэх үү?
-Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн ач холбогдлыг эдийн засагчид нь судалгаа тооцоотой тодорхойлох нь зөв болов уу. Миний мэдэх сэдэв биш. Энгийн логикоор бол гурван ядуу аймгийг нийлүүлэхэд нэг том ядуу аймаг болох нь ойлгомжтой. Тооцоо судалгаа муутай, улс төрийн шийдвэрүүдэд тулгуурлавал сайн үр дүн хүлээх аргагүй.
-Намын жагсаалтыг улс төрийн намууд хэрхэн хийх бол. Нөгөө л нэг гарч ирдэг ах гэгдэх улстөрчид намын жагсаалтаар ороод ирвэл яах вэ. Эсвэл хулгай, луйварт нэр холбогдсон улстөрчид орж ирэхийг үгүйсгэхгүй биз дээ?
-Намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Тухайн нам хэнийг нэр дэвшүүлэхээс шалтгаалж сонгогчдын саналыг авах эсэх нь шийдэгдэх тул аль болох нэр хүндтэй, олон нийтэд таалагдах хүмүүсийг дэвшүүлэхийг хичээх нь тодорхой. Хэрэв нэр хүндгүй, гэмт хэрэгт нэр холбогдсон гэх мэт хүмүүсийг жагсаалтад оруулбал тэр чинээгээр авах санал нь буураад л явна. Маш энгийн. Энд онцлоход жагсаалтад мэргэжлийн хүмүүс оруулах нэрээр хэт сул улстөрчдийн тоо нэмэгдвэл парламентын чадавхад сөрөг нөлөө тэй. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бие даасан байдлыг хангах зохицуулалтыг ч УИХын тухай хуульд оруулах хэрэгцээ байгаа. Үгүй бол жагсаалтаар сонгогдсон гишүүд намын удирдлагуудын кноп, утсан хүүхэлдэй болж, энэ нь Монголын парламентыг хэврэгшүүлж, тогтолцоонд илүү хохирол учруулах эрсдэлтэй.
-Дахиад асуухад яг ямар улстөрчдийг УИХ-д гаргаж ирвэл Монгол Улсын хөгжил бодитой урагшлах вэ. 126 гишүүнтэй парламентын онцлог юу байх бол?
-Дараагийн парламент анх удаа 126 гишүүнтэй болно. Ер нь парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ байсан. Гэхдээ ирээдүйд ямар үр дүн гарахыг бид таах боломжгүй. Мэдээж сонгуулийн системийг өөрчилж, гишүүдийн тоог нэмснээр гарах нэг давуу тал нь сөрөг хүчний тоо, чадавх одоогийнхоос өснө. Сөрөг хүчин сул дорой байгаагийн хор хөнөөл их. Гурван хоногт л хууль баталж байх жишээтэй. Энэ нь хяналтын механизм, сөрөг хүчний хяналт байхгүй гэдгийг харуулах наад захын жишээ болоод байна. Өмнө дурдсанчлан 126 гишүүнтэй парламентын гишүүдийн бие даасан байдлыг хангах нь чухал. Сонгодог парламент гэх нэрээр гишүүд зөвхөн намын бүлгийн шийдвэрийг дагадаг, даргын тушаалыг хэрэгжүүлэгч болж хувирвал парламентын институт аюулд орно.
-Парламентын чадавх сайжирна гэж үзээд байгаа шүү дээ…?
-Парламентын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд УИХ өөрөө хариуцлагатай, манлайлж ажиллах ёстой. Сайн боловсруулаагүй, судалгаа хийгээгүй хэрнээ богино хугацаанд “хууль үйлдвэрлээд” байвал эрсдэл дагуулна. Одоогийн парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих чадамжгүй байна. Засгийн газартаа хариуцлага тооцох нь бүү хэл Засгийн газраас өргөн барьсан хууль парламентаар ногоон гэрлээр батлагддаг жишиг тогтсон. Үүгээр зогсохгүй шүүх засаглал дуулгавартай байх ёстой гэсэн хандлагыг бий болгож эхэллээ. Энэ сайны шинж биш. Ардчилсан, эрх чөлөөт нийгмээ хамгаалъя гэвэл парламентаа бэхжүүлж, тордох хэрэгтэй. Парламентын тогтолцоо бол дотооддоо иргэд бидний эрх чөлөөний баталгаа, гадагшаа бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болох институт.
-Сонгуулийн дараа бүрдэх Засгийн газрын бүтэц ямар байх бол. Урьдчилан хэлэх боломж бий юу.
-Таамаглахад эрт байна. Судалгаагаар эрх баригч намын рейтинг ихээр унаж байгаа ч саналын шилжилт тодорхой гарахгүй байна. Өөрөөр хэлбэл эрх баригч МАН-ын эсрэг саналуудыг шилжүүлж авах улс төрийн хүчин тодрохгүй байна. Энэ бол сөрөг хүчнүүд ажлаа муу хийж байгааг харуулсан үзүүлэлт. Сонгуулийн тойрог эрх баригчдад ашигтай хувилбар болсныг бас тооцох хэрэгтэй. Сонгууль хүртэл улс төрийн олон том “бужигнаан” болох нь тодорхой. Ойролцоогоор ирэх дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газрыг аль нэг тал дангаар бүрдүүлэх үү эсвэл хамтарсан засгийн газар бүрдэх вэ гэдгийг дүгнэх боломжтой болох байх. Онцлоход, сонгуульд өрсөлдөгч намууд засгийн газрын бүтцээ урьдчилан сонгогчдод танилцуулбал давуу тал болно. Тэр дундаа сөрөг хүчний намууд.
-Сонгуульд оролцох иргэдийн ирц хүрэлцэхгүй байвал яах вэ. Мэдээж дахиад л санал хураалт явуулах байх. Тэгсэн ч ирц хүрэхгүй байвал ямар арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай байдаг вэ?
-Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Нэмэлт санал хураалтын дүнг өмнөх санал хураалтын дүн буюу авсан санал дээр нэмж тооцдог. Ингээд нийт дүнгээр нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцдог. Тиймээс дахин ирцээс шалтгаалсан асуудал гарахгүй.
-Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийхдээ хэвлэл мэдээллийн ямар суваг, төрлийг ашиглах нь илүү үр дүнтэй, ач холбогдолтой байх вэ. Энэ талаар та тодорхой зөвлөгөө хэлэх боломж бий юу?
-2022 онд цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэсэн Сонгогчийн зан төлөвийн судалгаагаар сонгогчидтой хийх биечилсэн уулзалт нь хамгийн нөлөөтэй сурталчилгааны суваг гэсэн үр дүн гарсан. Гэвч энэ удаад сонгуулийн тойрог маш том болсон мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног буюу хэт богино. Ийм нөхцөлд иргэдтэй биечлэн уулзаж амжихгүй. Томоохон, хүн ам төвлөрсөн хэсгүүдэд л биечилсэн уулзалт хийх боломжтой. Тиймээс энэ сонгуульд хэвлэл мэдээлэл тэр дундаа өдөр тутмын сонин болон сошиал сүлжээний нөлөөлөл гол нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байна. Гэхдээ сошиал сүлжээнд хиймэл оюун ухаан, хуурамч дүрслэл ашигласан маш их мэдээлэл гарах нь тодорхой. Үүнийг дагаад цахим орчинд тарах хуурамч мэдээллээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн том асуудал байна.