“Токио-2020” олимпийн наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50м-ийн уралдаанд Мягмарын Дэлгэрхүү тавдугаар гараанд Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни-Херцеговин, Армени болон Олимпийн багийн тамирчидтай уралдан 24.63 секундэд барианд орсон юм.
Тэрээр өөрийн цахим хуудастаа “Олимпийн наадамд анх удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа. Хэдий Монголын нөхцөлд усан сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа. Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч гэсэн 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт, хөлс хүч олон сар жилийн хөдөлмөр байсан шүү. Дэлхийд тэр дундаа Монгол хүн усан спортоор сүүл мушигдаг байсан үе тэртээ ард хоцорсон. Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.