Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

М.Дэлгэрхүү: Бассейнаар дамжиж коронавирусийн халдвар авсан тохиолдол нэг ч байхгүй

Токио 2020” олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол Улсаас 41 тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцох болзол биелүүлж, цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаа юм. Монгол Улсаас усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин өрсөлдөх болзол хангаад байгаа. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тамирчид олимпийн наадмын бэлтгэлээ Туул голд базааж байна. Бид олимпийн эрхээ аваад буй спортын мастер М.Дэлгэрхүүгээс тодруулга авлаа. Түүний хувьд 2019 онд усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн эрхээ аваад байгаа юм.


Олимпийн наадмын бэлтгэлдээ хэзээ гарсан бэ. Өмнө нь хаана бэлтгэл базааж байв?

-Олимпийн бэлтгэлд гараад гурван сар орчим болж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж усан бассейны үйл ажиллагааг зогсоож бэлтгэл хийх боломжгүй болсон. Олимпийн наадам хаяанд ирээд буй энэ үед бэлтгэл сургуулилтгүй байж хэрхэвч болохгүй. Цаг үеийн нөхцөл байдалд тааруулаад л Туул голд бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тамирчин хүний тухайд олимпийн наадам хаяанд ирээд буй өдрүүдэд өдөр хоног бүр л үнэ цэнэтэй байх. Ер нь усан спортын тамирчдын тухайд бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байдаг вэ?

-Тийм. Нэг өдөр ч бидний хувьд үнэ цэнэтэй. Өнөөдрийн хувьд УОК-ын зүгээс олимпийн наадамд оролцох хоёр тамирчинд зөвшөөрлийн бичиг гаргаж өгч байна. Мэдээж үүнд талархаж байгаа. Гэсэн хэдий ч Монголын усан спорт сонирхогчдын холбоонд өөрсдийн гэсэн бассейн байдаггүй. УОК-ын зүгээс улсад харьяалалтай усан бассейнд бэлтгэл хийх чиглэл өгсөн байна лээ. Харамсалтай нь манайд олон улсын стандарт хангасан бэлтгэл хийх боломжтой бассейн ганцхан л байдаг. Тэр нь хувийн “Орчлон” сургуулийн бассейн. Маргаашнаас тухайн бассейнд бэлтгэл хийх байх. Гэхдээ бидний ард энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан олон мянган залуус бий. УОК-ын зүгээс ямар үндэслэлээр бассейнуудыг хааж байгааг ойлгохгүй байна. Монголоос бусад бүх улс оронд усан бассейныг нээчихсэн. Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш бассейнаар дамжиж халдварласан удаа байхгүй. Ийм байхад л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боосон шийдвэр гаргаж байгаад нь харамсаж байна. Үнэхээр бассейнаар халдвар дамжаад байдаг бол үйл ажиллагааг нь хязгаарлахаас өөр арга байхгүй.

Зориулалтын бассейнд бэлтгэл хийх хүсэлтээ УОКт хэзээ хүргүүлсэн бэ?

-Шийдвэр гарснаас хойш гурав дахь хоногт хүсэлтээ өгсөн. Өнөөдөр асуудлыг маань шийдэж өгч байна. Үндсэндээ таваас зургаа хоногийн бэлтгэл алдагдчихлаа. Гурван долоо хоногийн дараа л олимпийн наадмын нээлт болно. Энэ бол бидний хувьд асар үнэтэй цаг хугацаа. Олимпод явчихаад ирэхэд биднийг амжилт гаргасангүй гэж ад үздэг. Бодит байдал дээр ийм нөхцөлд л бэлтгэл сургуулилт хийж байна. Энэ бүхнийг харгалзаж биднээс амжилт нэхэж сэтгэл зүйн дарамтад битгий оруулаач ээ.

Туул голд хэдэн удаагийн бэлтгэл хийв. Ямар үр дүн гарав?

-Дахин онцлоход, олимпийн наадам хаяанд ирчихээд байхад зүгээр суух эрх байхгүй. Олимпийн эрхийн ард олон жилийн хөлс хөдөлмөр явж байгаа болохоор тэр шүү дээ. Арга ядахдаа л өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж Туул голд гурван удаагийн бэлтгэл хийсэн. Цаг хугацаа хором мөч бүр надад үнэтэй байсан болохоор л тэр.

Бэлтгэл сургуулилт базаахад дэмждэг байгууллага бий юү?

-Бассейны бэлтгэлийн хажуугаар хүчний бэлтгэл сургуулилт базаах шаардлагатай байдаг. Хамгийн багадаа сард 300-400 орчим мянган төгрөгийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ бүхэн бидний халааснаас гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *