Categories
мэдээ цаг-үе

М.Даваасүрэн: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байж улс хөгжинө

Үндэсний үйлдвэрлэгч “Ган хийц” ХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого хэр оновтой байна вэ.?

-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 28 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг тууштай цогцоор нь хэрэгжүүлж ирсэнгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг чинь Монгол Улсын гарал үүслийн гэрчилгээтэй, дэлхийд танигдах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр дотроо нэмүү өртөг бүтээж байгаа компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авах, дотоодын нөөц бололцоог дотооддоо шингээхийг хэлээд байгаа юм. Засгийн газрын 2016 оны долдугаар сард гарсан 336 дугаар тогтоолоор Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүний нэрсийг гаргасан. Гэтэл дотоодод үйлдвэрлэж болж байгаа бүтээгдэхүүнийг хямд үнэтэйгээр хил гаалиар татвар бага төлж оруулж ирж байна. Үндэснийхээ эрх ашгийг бодохгүй байна. Ингэж төрийн бодлого хэрэгжүүлэх дунд шатан дээрээ ирэхээрээ замхарч байна. Манай улсад эрчим хүчний тулгуурын хувьд гэхэд урд хөршөөс хамгийн муу материалаар хямд өртөгтэй үйлдвэрлэснийг нь Монголд оруулж ирдэг. Гадаад улс орнууд Монголоос бүтээгдэхүүн авах тухай ярьж, авч байгаа бол манай монголчууд өөрсдөө ажил хийх болохоороо хамгийн түрүүнд гаднаас худалдаж авах бодлогыг барьчихдаг. Засгийн газар, яам, тамгын газрууд нь тендер нэрээр гадаад зах зээл рүү мөнгө урсгадаг. Тендер гэдгийн ард авлигал хээл хахууль байгаа нь тодорхой. Хэрвээ манай улс төр засгийн бодлогоороо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аваас дэлхийн түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүнийг бид хийж чадаж байна. Төмөр замын хувьд гэхэд Зүүн бүсийн төмөр замын бетон дэрний хэрэгцээг хангах үйлдвэрийг дотооддоо байгуулчихсан, бетон дэр үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор 10 гаруй тэрбум төгрөгийн валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээх боломж нь байна. “Таван толгой”-гоос Дорнод хүртэл барьж байгуулах 1100 км урттай төмөр замд хоёр сая гаруй бетон дэр шаардлагатай гэсэн тооцоолол байгаа. Хэрвээ үүнийг импортоор худалдаж авбал хэдэн арван тэрбум төгрөг зарцуулна. Хөгжлийн хувьд зүүн бүсийг хангасан бодлого явуулах аваас Дорнод, Сүхбаатар аймгийн дагуух бүх төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэж болж байна. Энэ төрлийн манай компани хөрөнгө оруулалт татаж, техник технологио сайжруулж хамгийн сүүлийн ноу хауг оруулж ирэн олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажиллаж байна. Цаашлаад ч төмөр замаа модоор хийж буй Орос руу төмөр замын дэр мод гаргах бололцоо нь ч байна. ОХУ-ын Чит муж, Иркутск, Алтай чиглэлийн Монголын хилийн залгаа Оросын төмөр зам бүгд модоороо байгаа. Төмөр замын хүнд даацын хурдны галт тэрэг тавиад эхлэх юм бол төмөр замын бетон дэр зайлшгүй шаардлагатай болно. Манай компани энэ тухай оросуудтай, гэрээ хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа. “Ган хийц” ХК Дорнодод яагаад үйлдвэр байгуулсан бэ гэвэл эх орондоо хийж бүтээж чадах зүйлээ өөрсдөө хийцгээе, эх оронд минь хэрэгтэй юм шүү гэсэн сэтгэлгээгээр хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ байгуулсан. Гэтэл төр засгийн бодлого нь яавал гаднаас зөөж авчрах тухай бодлого тувт баримтлах гээд байдаг талтай.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр чанарын бөгөөд үнийн хувьд өндөр байдаг гэдэг шалтгааны улмаас дотоодын нийлүүлэлт хийгдэх бололцоо хумигдмал байдаг гэж тайлбарладаг шүү дээ?

-“Ган хийц” ХК эрчим хүчний бүх төрлийн тулгуур баганыг үйлдвэрлэж байна. Лав манай компанийн хийсэн бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чадвартай, чанартай. Биднээс ав л даа. Бидэнд итгэж үз л дээ. Гэтэл тендерийн хорооноос нэг комисс байгуулагдаж, жинхэнэ үйлдвэрлэл явуулж нэмүү өртөг бүтээж буй аж ахуйн нэгжүүдээ ерөөсөө олж хардаггүй. Сая Засгийн газар зоримог шийдвэр гаргаж нефтийн үйлдвэр байгуулахаар болчихлоо. Нефтийн үйлдвэр байгуулахад тухайн үйлдвэрт шаардлагатай эрчим хүч, барилгын олон ажлууд хийгдэнэ. 27 км төмөр зам барина гэж байна. Энэ бүхэндээ дотоодын нөөц бололцоог ашиглах вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Манай улс яг ямар стандартаар явах вэ гэдгээ тодорхой болгоогүйгээс асуудал үүсдэг. Жишээ нь, төмөр замын стандартыг евро стандартаар мөрдөнө гэж заасан байхад урд, хойд хоёр хөршийн стандарттай таарна, таарахгүй тухай яригддаг. Евро стандартыг Монголд нутагшуулах гэж байгаа бол хоёр их гүрний стандартад нийцүүлсэн аль аль талдаа хэрэглэж болохуйц боломжоор хангаж өгөөгүй нь хөгжлийн бас нэгэн чөдөр тушаа болж байна.

-Барилгын салбар царцанги байдалд орчихсон байна. Аж ахуйн нэгжүүд нь ч өртэй, худалдан авах чадвар ч буурчихлаа. Энэ салбарын хөгжлийн бодлогыг хэрхэн явуулах нь зүйтэй байв?

-Аливаа нэг улсын хөгжлийг бүтээн байгуулалтаар нь тодорхойлдог. Бүтээн байгуулна гэдэг өөрөө барилгын материалаа үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ байшин барьж бүтээн байгуулалт хийхийг хэлж байгаа юм. Барилга гэхээр зөвхөн орон сууц барьснаар төсөөлөөд байдаг. Монголын хөгжил, бүтээн байгуулалтын асуудлыг барилгын салбараас салгаж ойлгож болдоггүй. Барилга гэдэг том бүтцийг дотор нь аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, замын барилга гэх мэтээр ангилж үзэж болно. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл барилгын бүтцийг бүх яамдууддаа тараан хуваан авч байршуулдгаа больчих хэрэгтэй. Өнөөдөр Боловсролын яам барилга барьдаг. Боловсролын газар нь боловсролынхоо ажлыг хий л дээ. Сургуулийн барилга барих асуудал ер нь боловсролын яаманд ямар хамаатай юм бэ. Эрүүл мэндийн яам нь эмнэлэг барих асуудлаа хариуцсан барилгын чиглэлийн яамаар хийлгэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар алсыг харсан хөгжлийн бодлоготой явъя гэвэл салбар хариуцсан яамдыг үндсэн ажилд нь оруулж, хариуцсан ажлыг нь л хийлгэхээс эхлэх хэрэгтэй. Одоо орон сууцны стандартыг баталж, мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүн тав тухтай амьдрахын нөхцөлгүй орон сууж барьж, зах зээлийн өртгөөс өндөр үнэтэй, ипотекийн зээлэнд хамруулж ард иргэддээ дарамт үзүүлж болохгүй. Дотооддоо чанартай дээд зэргийн барилгын материал үйлдвэрлэж, хамгийн сүүлийн үеийн ноу хау, технологийг оруулж ирэн, хамгийн хямд өртөгтэй орон сууц барихыг төрөөс дэмжчих хэрэгтэй. Тэгээд урт хугацаатай бага хүүтэй зээл олгочих аваас иргэд өөрсдөө барилгаа барьчихна. 1 м.кв талбайг 1.1 сая төгрөгийн өртгөөр барих бололцоо байхад 2.5 сая төгрөгөөс дээш өндөр үнээр борлуулж байна. Ингэж мөнгө угаах бодлого манайд хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд сайд болсон хүн сургуулийн ч юм уу, барилга барих тендер зарлах ажил л хийдэг. Уг нь яамд, сайд нар чинь хөгжлийг цогцоор нь харсан, иргэдээ дэмжсэн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг хийх хэрэгтэй байхгүй юу. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байж үүний дараа улс хөгжинө. Үндсэн хуульдаа бүсчилэн хөгжүүлнэ гэсэн нэгхэн өгүүлбэрийг оруулчих. Тухайлбал, Хэнтий аймгийг аялал жуучлалын бүс болгочихъё. Сүхбаатар аймгийг хүнд үйлдвэрийн хөгжлийн хот, Дорнодыг хөнгөн, хүнсний үйлдвэрийн төв болгоё. Ингэж бүсчилэн хөгжүүлж, жалга довны яриагаа больчихвол яасан юм бэ.

-Агаарын бохирдлыг бууруулахад их л мөнгө зарцууллаа. Үр дүн гарсангүй. Агаарын бохирдлыг бууруулах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр, арга замыг хэрэгжүүлж үзлээ. Ирэх оны тавдугаар сарын 1-нээс эхлэн түүхий нүүрсийг түлэхгүй байх тухай шийдвэр гарсан. Энэ буруу гэж бодож байна. Энэ шийдвэрээ эргэж харах тухай бас яригдаж байгаа юм билээ. Хятадууд 15 жилийн өмнө агаарын бохирдлоо бууруулах гээд орон даяараа шахмал түлшийг хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж үзсэн. хятадын бүх аймаг, хотуудад шахмал түлшний үйлдвэрийг олноор байгуулсан. Тэгтэл хятад өнөөдөр шахмал түлшнээсээ бүрэн татгалзаж, эрчим хүчээр бүх асуудлаа шийдвэрлэхээр болчихлоо. Сүүлийн үеийн технологид найдаж байна. Жишээлбэл, 17 литр цэвэр усаар орон сууцыг халаадаг технологийг хэрэглэх болсон. Сүүлийн хоёр жилд Бээжингийн агаарын бохирдлын хувь тэг хэмжээнд зааж байна. Бусад улс орнуудад ч шахмал түлш хийдэг асуудал зогсонги байна. Яагаад вэ гэвэл аливаа улс оронд шударгаар ажил хийдэг хүмүүс цөөн байдаг юм байна л даа. Яг стандартынх нь дагуу шахмал түлш үйлдвэрлэж байгааг нь бүрэн хянаж чаддаггүй гэсэн үг. Дээд зэргийн утаагүй шахмал түлшийг гаргахын тулд илчлэгтэй коксжих нүүрсийг хэрэглэдэг. Коксжих нүүрсийг багахан хэмжээний муу нүүрстэйгээ хольж, наад зах нь 120 кг даах хүчин чадалтай хатуу бодис болгож түлш гэх мэт хатуу стандарт баримтлах ёстой байдаг.

-Тэгвэл Монголд ямар арга тохиромжтой вэ?

-Өвлийн улиралд цахилгаан эрчим хүчийг тэглэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг төр ялгаварлан гадуурхаж хамгийн утаа ихтэй хэсгийг шөнийн тарифт оруулчихаж байна л даа. Эрчим хүчний даац ачаалал хэтрэх эрсдэл байна гэсэн тайлбарыг хэлдэг ч яг үүнд л төр бодлогоор зохицуулж ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийд бол эрчим хүч, мөн газ байж болно. Улаанбаатарт нүүрсээ түлдэг 220 мянга айл өрх бий. 220 мянган айл өрхийг жилдээ нэг өрхийн хэрэглээг таван мянган килограммаар тооцоход 1.2 сая тонн шахмал түлш хэрэгтэй болох нь. Шахмал түлш нүүрсний хэрэглээнээс хамаагүй хэмнэлттэй гэж тооцохоор ядаж 600 мянган тонн шахмал түлш жилдээ хэрэгцээтэй байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн, стандартын дагуу шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр манайд үнэндээ хэд байгаа билээ. Байхгүй шүү дээ. Шахмал түлш нэрээр л явж байгаа болохоос биш стандарт хэмжээний хувьд нийцэхгүйг үйлдвэрлэн гаргаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зуух, яндан, шахмал түлш гурвыг цогцоор нь шийдвэрлэж байж үр дүнд хүрнэ. Зуух, яндан, хатуу түлш стандарттай байх ёстой. Манайд цогцоор нь шийдээгүйгээс болж өнгөрсөн хугацаанд үр дүн гарсангүй. Мөн хувь хүн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй байна.

-Та салбартаа 35 жил тасралтгүй ажиллаж, олон ч үйлдвэр байгуулсан. Төр өнөөдөр ажил хийх болохоор зовлон, шалтаг ер мундахгүй гарах юм. Төрд яг юу дутуу байгаагаас хөгжил урагшаа ахихгүй байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг харах аваас хөгжих боломж нь бүрэн байна. Даанч төр, засагт ажиллаж буй боловсон хүчин нь чадваргүй, төр нь замбараагүй, хариуцлагагүй байна. Засаг солигдох болгонд л өмнөх Засгийн газрын хийж байсан хэрэгтэй бодлогыг тогтвортой үргэлжлүүлэн хийдэггүй, хаягддаг. Сая Дарханд төмөр зам салж галт тэрэг унахад буруутан нь дэр мод ялзарснаас болчихсноос биш хариуцлагын асуудал яригдаагүй. Өнгөрсөн 27 жил Монгол Улсын барилгын салбарт ажиллаж ирсний хувьд барилгын салбарт үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж өгье гэж зорьж ажилласан, үйлдвэрүүдээ байгуулсан. Зорьсондоо ч хүрсэн. Ажлыг хийе, бүтээе гэсэн сэтгэлгээгээр хийхэд ажил урагшаа явдаг. Төр дорвитой ажил хийе гэхээр мөнгө байхгүй гэдэг шалтгааныг хэлдэг л дээ. Үе үеийн УИХ-аас хөгжлийн маш олон сайн хөтөлбөрийг гаргасан байдаг боловч зөвхөн цаасан дээр буучихаад амьдрал дээр хэрэгждэггүй. Ажил хийх гэхээр яам, тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсрол нь хүрдэггүй. Ажил хийсэн болж харагдаад дөрвөн жилийг бардаг. Чадварлаг боловсон хүчинтэй төр тулгамдсан шийдвэрлэх ёстой асуудлыг шийддэг. Дөрвөн жилийн настай, сонгуульд ялсан намын ажиллах хүчнээр бүрдсэн төрд бодлого хэрэгжүүлэх чадвар үнэхээр байхгүй болчихож. Жишээ нь гэхэд АН засаг барьж байх үед Үнэ тогтворжулуах хөтөлбөр хэрэгжүүлж, техник технологийн шинэчлэлийг олон үйлдвэрүүдэд хийсэн гэсэн. Дараачийн Засгийн газар гарч ирэхдээ үр дүнг нь шалгаж, зээлийг богино хугацаанд төлүүлэх гэх мэт тогтвортой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой байсан.

Өнөөдөр арилжааны банкны хүү өндөр байгаа нь баялаг бүтээж байгаа хүмүүст маш хүнд тусдаг. Аж ахуйн нэгжүүд авсан зээлийнхээ хүүг төлөхдөө арилжааны банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн хүүг төлдөг, банкны ажилчдын цалинг төлнө, цаана нь үлдэх ашгийг төлж байна. Банкууд нь хадгаламжаар хүний мөнгийг авчихсан учраас зээл гаргаж ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй хэдэн компаниудаа шулаад л амьдарч байна. Ингэж байж бид хөгжихгүй. Уг нь социализмын үед манай улс чинь хөгжлийн 10, 20 жилийн дараах хөгжлийн төлөвлөгөөтэй, яг тэрнийхээ дагуу бодлоготойгоор хэрэгжүүлдэг байлаа. Боловсон хүчнээ бэлддэг байлаа. Энэ хуучин системийг хариуцлагатайгаар хэрэгжүүлж болно. Төр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүх иргэддээ үнэгүй авах боломжийг хангах хэрэгтэй. Ингэхэд л ард түмний амьдрал дээшилнэ. Гэтэл ажил хийх ёстой дарга нар нь хувийнхаа оффшор данс руу төрийн мөнгийг хийгээд байхаар чинь Монгол Улс яаж хөгжих юм бэ.

-Хариуцлагын тогтолцоо алдагдсанаас уруудах шалтгаан болж байгаа гэдэгтэй санал нэг байна?

-Монгол Улсад хүн болгон татвар төлдөг байх хэрэгтэй. Хүн болгон хариуцлага хүлээдэг хуулиа дээдэлдэг байх хэрэгтэй. Тэгш эрх үүрэгтэй байх ёстой. Энэ бүхэн хэрэгждэг байхыг төрөөс хангаад өгчих. Гэтэл өнөөдөр манайд бүх зүйл эсрэгээрээ байна. Хуулиа дээдэлдэггүй, хариуцлага хүлээдэггүй. Улс орнууд хариуцлагын системийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Сингапур, Солонгосоос харж жишээ авч болно. Гэхдээ зөвхөн төрд бүх бурууг чихэлтгүй юм. Сүүлийн үеийн залуучууд их, дээд сургуулиа төгсчихөөд яаж бэлэн зүгээр сууж байгаад мөнгө олох вэ гэдэг дээр анхаарлаа их хандуулдаг болчихож. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө оюун санаагаа чилээж, өдөр шөнөгүй ном үзэж, эрдмийн зэрэг хамгаалж, ажил голохгүй хийдэг хүн олон биш болжээ. Манай монголчууд даанч залхуу хүмүүс. Миний аав “Монгол хүнийг залхуугийн өвчнөөс нь салгахгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй шүү” гэж хэлдэг байж билээ.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *