Мисс М.Дашбалжидтай ярилцлаа.
-“Mrs Glam World 2022″ тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэнд баяр хүргэе?
-Тэргүүн байраа тэмцээний нэрээр нэрлэсэн. “Mrs Glam World 2022″ тэмцээний “First runner up” гэдэг нь тэргүүн байр биш, монголчилбол хоёрдугаар байр гэсэн үг. Юун түрүүнд үүнийг залруулах хэрэгтэй байх. Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Амжилттай оролцохын төлөө өөрийгөө дайчилж, маш их тэвчээр хатуужил гаргасан. Мөн олон зүйлийг богино хугацаанд сурах шаардлагатай болсон. Ямартаа ч хүсэн хүлээсэн тэмцээнээ амжилттай дуусгаж олон улсын тавцанд эх орноо сурталчилсандаа үнэхээр баяртай байна. Миний амьдралын дахин нэг мартагдашгүй шинэ хуудас нээгдэж байна.
-Тэмцээний онцлог, зорилго юу вэ?
-Тэмцээн Энэтхэг улсад жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг. Энэ жил Энэтхэг улсын Кочин хотод хоёр ангилалд найм хоног үргэлжиллээ. Бусад тэмцээнээс ялгаатай тал нь зөвхөн гадаад төрх бус бүхий л зүйлийг ижил тэнцүү харж шүүдэг.
Тэмцээний онцлогийг орчуулбал “Хараа, сэтгэл булаам эмэгтэй” гэсэн утгатай. Тэмцээн олон улсын эв нэгдлийг бататгах, Энэтхэг улсын өв соёлыг олон улсад сурталчлах, таниулах зорилготой.
-Таны хувьд мөн “Шилдэг тайзны алхаа” төрөлд түрүүлсэн. Тэмцээндээ хэдий хугацаанд бэлтгэсэн бэ?
-“Шилдэг тайзны алхаа” төрөлд олон жил судалж, хуримтлуулсан туршлага маань их хэрэг болсон. Тэмцээний санал тавдугаар сард ирсэн. Бэлдэх хугацаа хангалттай байсан учраас яаралгүй тайван байж байгаад долдугаар сараас даашинзаа бэлтгэж, визнийхээ ажлыг бүтээгээд явсан.
-Таны тайзны алхааны анхны багш хэн бэ?
-Топ модель О.Уянга багш. Намайг анх 2017 онд “Gloria” загварын агентлагт элсэхэд багш маань инээгээд маш гоё угтаж байсан. Тэгээд л шинэ үсгийн багш гэдэг шиг А-Я хүртэл бүхнийг зааж сургасан.
Мөн юмсыг өөрөө үлгэрлэн харуулж бидэнд заадаг, маш мундаг эмэгтэй. Одоог хүртэл би багшаасаа үлгэр дуурайл авдаг. Зөвхөн загварын салбар гэлтгүй хувь хүн, амьдралын амжилт, биеэ авч яваа байдал зэрэг нь үнэхээр гайхалтай.
-Тэмцээндээ юуг илүү чухалчилж бэлтгэв?
-Миссийн тэмцээн бол зөвхөн гадаад гоо үзэмж биш хүнээс олон зүйл шаарддаг. Тайзан дээр гараад нэг минутын дотор шүүгчдэд, бусдадаа өөрийгөө бүрэн ойлгуулах, өөрийнхөө тухай аугаа ойлголтыг өгнө гэдэг маш хэцүү. Шүүгчдийн асуултад нэг минутад багтаж хариулна. Олон зүйлийн талаар товчхон хариулж сурна.
Би одоогоор дөнгөж сурч эхэлж байгаа учраас энэ чадвараа төгс болгохоор хичээж байгаа. Энэхүү тэмцээнд эх орноо сурталчлахаар очиж байгаа учраас өдөр тутмын үйл ажиллагаандаа орчин үеийн шийдэлтэй монгол загварын хувцас өмсөхийг хичээсэн.
Үндэсний хувцас өөрөө Монгол Улсыг маань олон улсад сурталчлах зүйл. Тиймээс аль болох эх орныхоо түүхийг харуулсан хувцас сонгож авч явахыг хичээсэн.
-Та “Mongolia’s Next Top Model” шоунд оролцож байсан. Тухайн үед хамт оролцож байсан охидтой холбоотой байдаг уу?
-Загвар өмсөж эхлээд удаагүй байхдаа “Mongolia’s Next Top Model” шоунд оролцсон. Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй дурсамжуудын нэг хэсэг. Карьерийн минь хамгийн том эхлэл, гайхалтай үр өгөөжтэй тэмцээн болсон. Шоунд оролцсон охид бүгдээрээ нэг байшинд байрлаад нэг гэр бүл шиг байсан учраас бид бие биедээ дассан байсан. Одоо Ю.Балжидмаа, Б.Жагзмаа хоёртой холбоотой байдаг. Ихэнх нь сураг алдарсан (инээв). Мөн Оюука бид хоёр хоёулаа ээж болоод удаагүй болохоор ээжийн зөвлөгөө солилцдог.
-Өөр телевизийн шоу, кинонд тоглох бодол байдаг уу?
-Ажлын саналууд ирвэл хүлээн авна гэж бодож байна. Би кинонд тоглох сонирхолтой. Дүрийн сонгон шалгаруулалт зарлагдвал үзээд алдана аа. Кинонд тоглох миний дотроо хадгалдаг нууцхан мөрөөдлүүдийн нэг. Хүний амьдрал богинохон, бид ирээд л буцна. Хөгшрөөд эргээд үзэхэд хүний хийж бүтээсэн зүйл, тэр тусмаа дэлгэцийн уран бүтээл хэдэн зуун дамнаад архивлагдаж байдаг учраас таалагддаг.
-Дараагийн зорилго, оролцохоор бэлтгэж буй ямар тэмцээн байна вэ?
-Монголд ирээд охинтойгоо нэг сар амраад дараагийнхаа зорилго руу биеэ бэлтгэхээр төлөвлөж байна.
Цаашдаа нэг том үйл ажиллагаанд оролцохоор зорьж байгаа. Сарын дараа гэхэд олон нийтэд ил болох байх, бусад хүмүүсийнхээ ажлыг хүндэтгээд одоохондоо нууцалъя.