Загвар өмсөгч М.Дашбалжидтай ярилцлаа.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө товч танилцуулбал. Загвараас өөр чиглэлээр ажилладаг уу?
-Намайг М.Дашбалжид гэдэг. Айлын ууган охин. Үндсэн мэргэжлийн хувьд ХААИС-ийг маркетинг, менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Загвараас гадна мэргэжлээрээ хувийн компаниудад ажиллаж байсан. Одоогоор маркетингийн чиглэлээрээ үргэлжлүүлэн сурах бодолтой байгаа.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ жилтэй холбоотой сайхан дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач.
-Шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээдэг хүүхэд байлаа. Ээжийг ёолкоо засахыг хүлээгээд л орой унтахаасаа өмнө өнгийн гэрлийг нь харж унтах дуртай байж билээ. Тэр үед гар утас, интернет байхгүй зассан ёолкоо харж чин сэтгэлээсээ баярлаад л, хивснийхээ хээг тоолж байгаад л унтчихдаг байснаа бодохоор гэгээлэг, сайхан санагддаг.
-Хөл хорионы үеэр хүн бүр гэртээ байгаа. Энэ үеийг хэрхэн өнгөрүүлж байна?
-Хөл хорио тавигдсанаас хойш загварын шоу, зураг авалтууд хийгдэх нь мэдээж багассан. Өнгөрсөн жилээс хойш нийтээрээ карантинд байгаа хэдий ч миний хувьд энэ цаг үеэ ашиглаад төрөл бүрийн онлайн сургалтуудад хамрагдаж байгаа. Гадаад хэл, нүүр будалтын болон оёдлын гэх мэт олон сургалтанд сонирхож суралцлаа.
-Бүх охид багадаа загвар өмсөгч болохыг хүсдэг. Таны хувьд харин модель болох багийн мөрөөдөл байсан уу. Загварын кариераа хэрхэн эхлүүлж байв?
-Бага байхад гэр бүлийнхэн маань загварын чиглэлээр явуулахыг дэмждэг байсан ч тухайн үед сагс тоглодог, спортод илүү дуртай байсан болохоор сонирхоогүй. Дараа нь оюутан болоод огцом жин нэмээд гэнэт л өөрийгөө таргалснаа анзаарч, жингээ хасахаар шийдээд, буцаад 19 кг хаясан. Жингээ хасаад өөртөө илүү итгэлтэй болж анх “Gloria” агентлагт бүртгүүлэхээр очтол топ модель О.Уянга багш маань намайг Малайзаас модель сонгон шалгаруулахаар ирсэн хүмүүс дээр шууд дагуулаад очиж байсан. Би бараг алхаж ч чадахгүй мөртлөө шууд л загварын томчуудын өмнө гарчихсан. Тэр өдрөөс хойш энэ салбарт дурлаж, тууштай явахаар шийдсэн.
–“Miss Universe” тэмцээний үеэрх комедиан Ханугийн бичлэгээс хойш цахим орчинд нэг хэсэгтээ нэлээд шуугисан. Дараа нь эвлэрсэн байх шиг байсан. Тухайн үед яаж хүлээж авч байсан бэ?
-“Mongolian Next Top Model” тэмцээнд оролцсоноос хойш олноос ирэх шүүмжлэл, хэл аманд бараг дасчихсан байсан. Тэгэхэд бол нэлээн цочирдож хүлээж авсан. Одоо бодохоор хөгжилтэй ч юм шиг санагддаг. Мэдээж тухайн үед хэцүү байсан ч гэсэн аливаа асуудлыг цаг хугацаа эмчилдэг гэдэг шиг хэсэг хугацааны дараа энэ асуудал мартагдсан. Дараа нь Ханутай эвлэрээд ойлголцож, бараг найзууд болцгоосон шүү. Хануг санал тавихад бага зэрэг эмээж байсан ч “Зүгээр ээ, хөгжилтэй байдлаар хүмүүст эвлэрсэн гэдгээ харуулъя” гэсэн болохоор туслаад шоуных нь рекламанд нь орсон. Коронагаас болоод хийгдээгүй ч гэсэн над руу урилгаа явуулсан. (инээв)
-Тэр шуугианаас хойш хэлний мэдлэгтээ анхаарч байна уу?
-Тэрнээс хойш танхимын сургалтанд суухаас халгаад онлайнаар л голдуу сурч байна. Тухайн үед хөтлөгчийн гаргасан зохисгүй үйлдэл бид нарыг улам байдалд оруулахаар харагдуулсан юм болов уу гэж боддог.
-Дахиад миссийн тэмцээнд орох уу. Мисс, модель хоёр юугаараа ялгаатай вэ?
-Хоёр, гурван томоохон тэмцээний урилга ирээд, бэлтгэлээ хангасан байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшилчхоод байгаа. Миний хувьд биен дээрээ олон том шивээстэй болохоор гадаадад миссийн тэмцээнд оролцоход асуудал гардаг. Би аль алинд нь л дуртай. Хүмүүс мисс болохыг амар хялбараар төсөөлдөг. Би ч тийм бодолтой байснаа нуухгүй ээ. Гэвч оролцоод үзсний дараа миссийн тэмцээнд оролцох нь өглөө бүр эрт босч өөрийгөө бэлдэх, олон орны хүмүүстэй харилцах гээд хувь хүнээс маш олон ур чадваруудыг шаарддаг гэдгийг мэдэрсэн. Моделийн үүрэг бол дизайнерийн урласан хувцсыг амилуулдаг гэдэг утгаараа хувиралт шаарддаг ажил.
-“Mongolian Next Top Model” тэмцээнд орсны дараа амьдралд нь олон эерэг өөрчлөлтүүд гарсан уу. Түрүүлье гэсэн зорилт мэдээж байсан байх.
-Загварын дамжааныхаа гүнзгий шатыг төгсөж байхад шоу зарлагдаад багштайгаа цуг очоод бүртгүүлсэн. Тухайн үед загвар өмсөөд удаагүй болохоор энэ тэмцээнээс маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Эргээд бодоход амьдралынхаа нэгэн сайхан дурсамжийг тэнд бүтээсэндээ баярладаг. Бусад охид яг түрүүлье гэж бодож орсон байх. Миний хувьд өөрийгөө сорих бодолтой л оролцож байсан болохоор анхнаасаа тэгж улайраагүй юм болов уу гэж боддог. Одоо харин дараагийн тэмцээнүүдэд орохдоо түрүүлэхийн төлөө явна шүү гэж боддог болсон.
-Өндөр, жин нь хэд вэ?
– 177 см, 53 кг.
-24 кг нэмээд буцаад жингээ хасч чадсан юм билээ. Жин хасахдаа бүсгүйчүүд юун дээр илүү анхаарах вэ? Таны хувьд ямар аргаар жингээ хасч байв?
-Хамгийн гол нь тууштай өөртөө үнэнч байх нь чухал. Жингээ хасч байгаа охид огцом хоолоо сойж, эрүүл мэндээ хохироож байгаа харагддаг. Би ч бас анх хоол идэхгүй хоосон яваад байвал турна гэж ойлгодог байсан. Энэ нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг ойлгосон. Түргэн хоол, алкохол, чихэрлэг хүнсийг хатуу хорьж, орой 18 цагаас хойш хоол идэхгүй, өдөрт нэг удаа махан хоол иддэг байсан. Хажуугаар нь фитнесс дээр гүйлтийн зам дээр алхаж, кардио дасгалуудтай хослуулсан 2 цагийн бэлтгэл хийх маягаар 4 сарын дотор илүүдэл жингээ хаясан.
-Багаасаа ажил хийж эхэлсэн гэсэн. Анхны цалингаа хэзээ авч байсан талаараа хуваалцвал?
-Би харьцангуй эрт биеэ даасан. Анхны цалингаа 7-р ангидаа авч байсан. Хамаатныхаа дэлгүүрт ажиллаад зуугаад мянган төгрөг авчихаад баярлаж, хөөрөөд гэрийнхэндээ бүгдэд нь юм аваад орж байснаа санадаг юм.
-Өсвөр насандаа ямар охин байсан бэ. Шилжилтийн насанд охид сэтгэл зүйн хувьд олон асуудалтай нүүр тулдаг үе байдаг?
-Би тархины гаралтай өвчтэй байсан. Тэрнээсээ ичдэг байсных юм болов уу шилжилтийн нас эхлэхэд өөртөө итгэл муутай, бүрэг, хичээлдээ явах дургүй болчихсон байсан. Өсвөр насны хүүхдэд энэ маш хүндээр тусах нь ойлгомжтой. Өөрөөсөө ичээд, сэтгэлээр их унадаг дуугүй, бүрэг хүүхэд байсан. Ээж бид хоёр эмнэлгээр явж эмчлүүлээд, би сургуулиа сольж шинэ орчинд ороод илүү өөрийгөө нээсэн л дээ.
-Моделийг залуу насны ажил гэдэг. Хэр удаан энэ салбартаа ажиллах бодолтой вэ. Гэр бүл төлөвлөлт тал дээр тодорхой төлөвлөгөө бий юу?
-Цаг нь болвол бурхны тааллаар л болог гэж бодож байгаа шүү. (инээв) Цаашдаа моделийнхоо ажлыг хаяхгүйгээр үндсэн ажилтайгаа зэрэгцүүлээд хийнэ гэж боддог.
–Амьдралд тохиох сайхан хайртайгаа учирсан гэж боддог уу. Хайр дурлалын тал дээрх таны бодол?
-Миний хувьд найз залуутайгаа жил гаруй хугацаанд үерхэж байна. Минийхээр хүмүүс бие биенийгээ байгаагаар хүлээн зөвшөөрч хайрлана гэдэг л хайрын хамгийн гоё орц нь юм шиг санагддаг. Ямар ч тэнэг үйлдэл гаргасан нүдэнд нь эгдүүтэй харагдаад байж байвал тэрийг л хайр гэх юм болов уу гэж боддог. Ер нь хайранд цензур тавих учир дутагдалтай байх.
-10 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ? Хамгийн том мөрөөдөл гэвэл?
-35 хүрэхээсээ өмнө өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй, сайхан гэр бүлтэй, нийгэмдээ байр суурьтай болох зорилгууд бий. Хамгийн том мөрөөдөл гэвэл дэлхийн “Miss Universe” тэмцээнд амжилттай оролцох явдал.
-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа.
-Баярлалаа намайг урьж ярилцсан та бүхэнд мөн баярлалаа. Уншиж буй хүмүүстээ удахгүй гарах гэж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Ч.БИНДЭРЪЯА