Categories
мэдээ нийгэм

М.Дагва: Хөрөнгө оруулагчид энэ жил Засгийн газраас хүссэн мэдээллээ авчих байх

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч М.Дагватай ярилцлаа.


-Ирэх сард уул уурхайн хоёр ч том чуулга уулзалт болох гэж байна. Чуулга уулзалтуудаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд төрд хандаж зөвлөмж өгдөг ч ажил болдоггүй гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Гаргасан зөвлөмжөө хэвлэлд нийтэлж мартчихаад “Биднийг зөвлөөд байхад хэрэгжүүлэхгүй юм” гэж шүүмжлээд яваа анзаарагддаг. Энэ бол монгол маягийн тогтолцоо. Тэгснээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм дотор яаж суулгахаа ярих ёстой. Яамны ирэх жилийн төлөвлөгөөнд эдгээр асуудлуудыг тусгая, хэрэгжүүлэх боломжгүйг нь дараа жилийнхэд нь оруулъя гэх мэтээр ажил хэрэгч хандах учиртай. Хэрэгжих боломжгүй бол тодорхой шалтгааныг нь дурдаж ойлголцоод явах нь тийм хэцүү зүйл биш. Товчхондоо зөвлөмж хүргүүлж буй, өнөөхийг нь авч байгаа талууд яаж ажиллах механизмаа бодож олох тухай асуудал л байгаа юм.

-“Дисковер Монголиа”-гийн зохион байгуулагчид төрд хандаж зөвлөмж хүргүүлнэ гэж байсан. Жишээ нь, тэд таны хэлсэн шиг ажил хэрэгч хандаж чадах болов уу?

-Сайдын тушаалаар ажлын хэсэг гарч Засгийн газар хувийн хэвшлийг төлөөлсөн байгууллагатай хамтарч ажиллаж эхэлсэн болохоор үр дүн гарах байх.

-Монголд болдог уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг Канадын PDAC шиг брэнд болговол илүү үр дүн гарах юм биш үү?

-Монголд энэ чигийн хурал чуулган зохион байгуулагдаад арав гаруй жил болчихлоо л доо. Олон улсын сүлжээ хурлууд ч манайд болдог. Жишээ нь таны асуудаг “Дисковер Монголиа”-гийн хувьд Монголоос төрсөн хурал гэдэг онцлогтой.

Уул уурхайн салбар дэлхийн зах зээлээс хамаарч өгсч, буурсаар өнөөг хүртэл яваад ирлээ. Энэ жилийн хувьд Монголоос төрсөн, хөрөнгө оруулагчдад танил болсон хурлаа чанаржуулъя гэсэн сонирхол төрсөн нь төр засаг, хувийн хэвшил аль аль талд нь тод анзаарагдаж байна.

-Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын хурал гэхээр Монголд амьдардаг өнөө хэдэн гадаадууд, дотоодын танил цөөхөн бизнес эрхлэгчид тойрч суугаад ярьдгаа л ярьдаг гэсэн ойлголт төрөх болсон нь нууц биш. Өнөө жилийн “Coal Mongolia”,”Дисковер Монголиа” энэ хандлагыг эвдэх болов уу?

-“Coal Mongolia”-гийн зохион байгуулалтыг нарийн мэдэхгүй учраас тодорхой хэлэх зүйл алга. Харин “Дисковер Монголиа”-гийн хувьд төр засаг нь ч, хувийн хэвшил нь ч чанаржуулах талд толгой дохиж байгаа болохоор сая таны хэлсэн хандлагыг эвдэж чадах байх. Мэдээлэлд ойр байгаа хүний хувьд онцолж хэлэхэд энэ удаагийн “Дисковер Монголиа”-д лав салхи орно. Энэ арга хэмжээг нэг талаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, нөгөө талаас Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа. Ассоциацийн гишүүнчлэлд уул уурхайн компани, уул уурхайд үйлчилгээ үзүүлдэг компаниуд багтдаг. Тэд “Дисковер Монголиа”- г хайгуулын хувьд хөрөнгө оруулагчдын сонирхлыг зүй ёсоор татдаг Монгол гэдэг улсыг нээе гэсэн амбицаар зохион байгуулж эхэлсэн байдаг юм. Тухайн үед нь алт, зэс нүүрс моданд орж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийд цахилгаан машины батарейны түүхий эдэд ордог лити, кобальт гэх мэт элементүүд моданд ороод эхэлчихлээ. Дэлхий ингэж өөрчлөгдөж байхад “Дисковер Монголиа”-гийн дүр төрхийг өөрчлөх, шинэ имижтэй болгох асуудал яригдахаас аргагүй л дээ. Жишээ нь Монгол гэдэг улс тодорхой хэмжээнд нээгдсэн, судлах хэрэгтэй, хөрөнгө оруулалт шаардлагатай олон ордтойг таниулах, Монголыг уул уурхайн хувьд илүү өрсөлдөхүйц түвшний техник технологи эзэмшсэн улс гэдэг байр суурин дээр аваачиж тавих хэрэгцээ бий. Монголын бизнесийн зөвлөл зохион байгуулагчдын нэгээр орж ирсэн нь цаанаа ийм шалтгаантай гэж харж байгаа. Гишүүд болон хэлхээ холбооных нь шугамаар энэ хурлын дүр төрхийг ямаршуу байдлаар таниулж болох вэ гэдэг өнцгийг харж байх шиг. Ямар нэг асуудлыг зөвхөн төр яривал нэг өнцөг, Бизнесийн зөвлөлийн тухайд асуудлыг бизнесийн орчинтой нь холбож ярьдаг бас нэг өөр өнцөг гэсэн шалтгаан мэдээж бий. Эцэст нь хэлэхэд зохион байгуулагчдын хүрээ өргөжсөн нь энэ миний л бизнес, миний л санаачилга гэдгээс илүү Монголын уул уурхай гэсэн нэг брэндийг бүтээж байгаагаа харуулж буй нэг том хэлбэр. Нэг компанийг бизнесийн хувьд сурталчилдаг хурал гэхээс илүү нэг улсыг брэнд хийнэ гэдэг бол маш том зорилго.

-Хөрөнгө оруулагчид мөнгөө хийх боломжтой сонирхолтой төсөл, Монгол гэдэг улсын хууль эрх зүйн орчин, ирэх жилүүдэд гарах бодлогын өөрчлөлтийг сонирхож таарна. Засгийн газар, салбарын яамны зүгээс онцгой анхаарч оролцож байгаа гэхээр хөрөнгө оруулагчдын эрэлтийг нь хангасан мэдээллүүдийг түлхүү өгөх нь ээ?

-Тэгэх болов уу гэсэн хүлээлт байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга хурлуудад их ач холбогдол өгдөг. Канадын PDAC-д биечлэн идэвхтэй оролцсон. Сүүлд гэхэд Казахстанд болсон хуралд ач холбогдол өгч оролцсон. Сайдын хувьд уул уурхайн чуулга уулзалтыг чанартай зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад хүссэн мэссэжийг нь өгөх ёстой гэсэн байр суурьтай ажилладаг. Тэр ч утгаараа “Дисковер Монголиа” руу яамыг зохион байгуулалттайгаар оруулж, тушаал гаргаж ажлын хэсэг байгуулсан болов уу. Нөгөө талаас харвал бас нэг онцлог бий. Монголын хувьд уул уурхай төрийн маш их зохицуулалттай өрнөдөг бизнес. Тийм учраас уул уурхайн салбартай хамаатай хурлуудад бүртгүүлсэн хөрөнгө оруулагчид төрийн байр суурь, төрөөс явуулж байгаа бодлогыг анзаарах гэж ирдэг. Гурав дахь шалтгаан нь манай улс төрийн өмчит уул уурхайн компаниудтай. Төрийн өмчит уул уурхайн төслүүд нь хөдөлбөл хөрөнгө оруулагчдад шинэ боломж гарч ирж болно. Төрийн өмчит уул уурхайн төслүүд нь зөв буруу хөдлөөд эхэлбэл хажууд нь ажиллаж буй хувийн хөрөнгө оруулалттай бизнесүүдэд эерэг сөргөөр ч нөлөөлөх боломжтой. Тэр утгаараа төрийн өмчит компаниуд дээрээ юу хийх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад, бизнесийнхэнд, Монголын уул уурхайн компаниудад маш сонирхолтой сэдэв. Бизнесийнхний хүсдэг өөр нэг зүйл бий. Төр бодлогоо ойлгомжтой бөгөөд тогтвортой байлгаасай, тэр мессэжээ олон улсын түвшинд хангалттай хэмжээнд хүргээсэй гэж харж хүлээдэг. Нийгэмд уул уурхай хэрэггүй, уул уурхайгүйгээр хөгжинө гэсэн популист маягийн хандлага мөн анзаарагддаг. Энэ хандлагыг зөөлрүүлж эерүүлэх, уул уурхайн мэдлэггүй хүмүүст мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагч, засаг төрийн ойлголцлын зөрүүг арилгах гэх мэт эерэг нөлөөг “Дисковер Монголиа” гэх мэт чуулга уулзалтууд нийгэмд өгдөг. Ийм учраас засгийн зүгээс бодитой хэрэгтэй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөх болов уу гэж харж байна.

-Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Таван толгой”-н IPO тойрсон шинэ мэдээллүүдийг лав хүлээж байгаа. Яамны зүгээс ер нь ямар бодлоготойгоор оролцох юм бол оо?

-Хөрөнгө оруулагчдын ямар нэг чуулга уулзалт дээр юу ярихаа хоёр, гуравхан сарын өмнөөс төлөвлөдөг сул тал бидэнд анзаарагддаг. Яамны зүгээс ойрын таван жилд, эцсийн дүндээ юунд хүрсэн байх вэ, тэрэнтэйгээ холбож асуудлуудаа ярья гэсэн чиг барьж байна. Зөвхөн Монголд хөрөнгө оруулах хүмүүсийг онилохоос гадна Монголоос Хятад, Орос, Казахстан руу харахад ямар зураг ажиглагдаж байгааг сонирхсон хүмүүсийг авчрах алсын сонирхол байна. Монгол ба Япон, Монгол ба Солонгос гэдэг контекстээр анзаарвал асуудлууд яаж харагдах нь вэ гэсэн асуулт, хүлээлттэйгээр ирж оролцдог арга хэмжээ болгох амбиц бий. Одоогоор хоёр өдрийн хэлбэртэй л болж байна. Монголд ирэх гэж өчнөөн явдал суудал болж ирсэн мөнгөтэй хүмүүсийг ирэхэд нь нэг долоо хоногийн турш уул уурхай, бизнесээр амьсгалуулсан арга хэмжээнүүд үргэлжилвэл бизнес аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжинө. Өмнө нь “Coal Mongolia”,”Дисковер Монголиа” давхацсан тохиолдол бий. Энэ жил дарааллаад болж байгаагийн цаад зорилго нь энэ л дээ. Австрали, Германы элчин сайдын яамд арав, арваннэгдүгээр сард бизнес эрхлэгчдээ урьж Монголын бизнесийн орчинтой танилцуулаад байх шиг анзаарагддаг. Ингээд харахаар Монголд хөрөнгө оруулах сонирхолтой бүх улсын бизнесүүд есдүгээр сард нэг удаа ирж, долоо хоногийн турш бизнес аялал хийгээд л буцах орчин бүрдвэл аль аль талдаа өгөөжтэй. Одоохондоо хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад 500-600 хүн ирж байгаа. Таван жилийн дараа 4-5 мянган хүн, магадгүй арван жилийн дараа 10-20 мянган хүн ирдэг болохыг үгүйсгэхгүй. “Дисковер Монголиа”-гийн энэ жилийн зохион байгуулалт, яамны бодлого, зохион байгуулагчдынх нь алсын амбиц ерөөсөө энэ. Ер нь анхнаасаа л Монголын тухай мессэжийг дэлхийд хүргэх зорилгоор эхэлсэн арга хэмжээний нэг шүү дээ.

-“Дисковер Монголиа”-гийн хөтөлбөрөөс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллагуудын илтгэл сонирхол татаж байна. Ийм чансаатай илтгэлүүд жил өнжихгүй тавигдаад явчихвал дэлхийн брэнд арга хэмжээний нэг болох ойрхон байж мэдэх л юм?

-Чуулга уулзалтын үеэр Европын сэргээн босголт хөгжлийн банк, зах зээлийн томоохон судалгааны байгууллагаас илтгэл тавина гэж ойлгосон. Маркет анализ гэсэн ойлголт бий. Дэлхий хаашаа яваад байна, үүнээс шалтгаалж зэс, нүүрс, алт, бүр цаашилбал хөрөнгө оруулалт яах вэ гэх мэт нэлээд том түвшинд ярьдаг хүмүүсийг “Дисковер Монголиа” гэх мэт хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд жил бүр урьж авчирч байгаа. Энэ хандлагаа тогтмолжуулаад, ийм төвшний асуудлуудыг хагас өдрийн турш ярьдаг болох байх, алсдаа. Тэгвэл “Монголд болдог тийм хуралд дэлхийн тэр чигийн томчууд ирж ярина гэнэ, сонсъё” гэсэн хөрөнгө оруулагчид ирнэ. Оросын хойхнуур уурхай эрхэлдэг, Хятадад бизнестэй хүмүүс ийм зорилгоор ирдэг болчихвол бүр сайн. Монголчууд дэлхийд нөлөөлөх боломж бас байгаа. Оюу толгой гүний уурхайгаасаа олборлолт явуулаад эхэлбэл, шил дараад Цагаан суварга экспорт хийгээд эхэлбэл, Таван толгой IPO хийгээд хүчин чадлаа нэмчихвэл зэс, коксжих нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөх боломж гарч ирж мэднэ. Ийм зорилгоор зорьж ирэх боломж ч бий. Тэгэхээр Монголын уул уурхайн анализтай илтгэлүүдийн эрэлт ч ирэх жилүүдэд ихэсч таарна. Яг өнөөдөр дутагдаад байгаа нэг зүйл энэ л дээ. Монголын уул уурхайн салбарт R&D буюу судалгаа хөгжлийн институт дутагдаж байгаа. Энд тэнд ганц нэг судлаач алдаг оног юм хийдэг. Статистикийн хувьд тодорхой хэмжмээний мэдээлэл гардаг. Гэхдээ Монгол ийм байгаа нь Хятадын зах зээлд, дэлхийн зах зээлд яаж нөлөөлөх вэ гэдэг түвшинд ярьдаг хүмүүс гарч ирэх гээд байна. Энэ жилийн хувьд үүн дээр том хүлээлт алга. Мэдээж тодорхой хэмжээнд ярих байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *