Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх, QMC компанийн захирал М.Дагватай ярилцлаа.
-Худалдааны дайн цаашид хэрхэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Ер нь энэ дайны цаашдын өрнөл, манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар байр сууриа хуваалцаач?
-Ямар нэгэн асуудал өрнөж, дэгдэхэд хүмүүс, эсвэл сэтгүүлчид ямар нэгэн нэр томьёо өгчихдөг, тэр нь хэвшээд цааш хэрэглэгдээд явчих тохиолдол цөөн биш. Тэр жишгээр худалдааны дайн гээд нэрлэчихсэн хэрэг. Худалдааны дайн гэж нэрлээд буй процесс өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөгийн өнцгөөс эргээд харахаар энэ нэр томьёо хэдэн жилийн дараа өөрчлөгдөж магадгүй. Түүхэнд өөр нэрээр үлдэж мэднэ. Хүний бие гэнэт муудлаа гэхэд эхлээд түргэний эмч ирж оношлоод яаралтай эмчилгээ хийдэг. Уг өвчтөн дараа нь илүү ахисан шатны эмнэлэгт хандаж нарийн оношоо тодруулж эмчилгээ авдаг даа. Түүн шиг АНУ, Хятад хоёрын дунд өрнөж буй асуудлын хувьд түргэний эмчийн тавьсан анхны онош нь худалдааны дайн.
-Тэгвэл таныхаар нарийн онош нь юу болж таарах вэ?
-Сүүлийн үед тавьж буй оношийг анзаарах нь ээ технологийн хүйтэн дайн гэсэн онош уруу явж байх шиг.
-Өмнөх нийгмийн үеийн хүйтэн дайнтай адилтгахуйц хэмжээний сөргөлдөөн гэж хэлэх гээд байна уу?
-Ер нь тийм. Хуучин нийгмийн үед сөргөлдөгч хоёр тал зэвсгээр байлдах гэхээр хүч нь тэнцчихсэн. Ийм шалтгаанаар олон жил биенээ боомилох маягийн харилцаатай явсан түүхтэй. Сөргөлдсөн асуудал нь яалт ч үгүй маш том байсан учраас харьцаа нь жил ирэх бүр муудаж сүүлдээ хүйтэн дайн болсон. АНУ, Хятадын дунд үүссэн асуудлын хувьд эхэн үедээ худалдаан дээр нэг нь нөгөөдөө хэдэн доллар илүү алдаад, түүнээсээ болж сөргөлдсөн юм шиг анзаарагдаж байсан нь үнэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Технологийн хувьд хэн нь дэлхийд тэргүүлэгч байр суурьтай байх вэ гэсэн асуулт гараад ирсэн. Товчхондоо технологиор тэргүүлэгч, нөлөө бүхий байхын төлөөх өрсөлдөөн хоёр гүрний дунд өрнөж байна. Технологийн хүйтэн дайн эхэллээ гэсэн дүгнэлт, таамаг сонсогдоод эхэлчихсэн. Бүр тодруулаад хэлбэл стратегийн сөргөлдөөн болоод хувирчихлаа.
-Тэгэхээр худалдааны дайн сунжрах нь ээ?
-Өнгөрсөн гуравдугаар сард худалдааны дайны асуудал шийдэгдэнэ гэж байсан ч шийдэлд хүрээгүй. Өнөө ч яг яах нь тодорхой бус хэвээр байгаа. Стратегийн том сөргөлдөөн болсон учраас нэг талд хятадууд газрын ховор элементээрээ, нөгөө талд америкчууд компьютерийнхоо чипээр гэх мэтээр харилцан боолт, хаалт хийгээд эхэлсэн. Ингээд анзаарахаар огт өөр зураг харагдаж байгаа биз. Улс төрийн ч юм уу, стратегийн асуудал дээр худалдааны тарифыг зэвсэг болгож ашиглаж байна гэмээр. Өөрөөр хэлбэл огт өөр асуудал яригдаж байна. Дэлхий дахин хоёр гүрний дунд болж буй үзэгдлийг өөр өөрсдийнхөөрөө оношилж, тавьсан оношоо бага багаар өөрчлөөд яваад байна л даа. Цаг хугацаа явах хэрээр тогтворгүй болж, шинэ шинэ оношийг ахин дахин тавьж, өвчнийхөө үндсэн оношийг олж эмчилж чадахгүй байхаар хүмүүс гутранги онош тавьж эхлэх нь ойлгомжтой. Өнөөхөндөө ийм л зүйл өрнөж байна.
-Худалдааны дайны оролцогчийн нэг тал нь урд хөрш. Манайд үзүүлэх нөлөө нь сонирхол татаад байна л даа…?
-Манайх байтугай улсууд ч тааварлахгүй байна. Дүрэмгүй зодоон гэж хэлэх хүн ч байна. Дүрэмтэй зодоон яах нь тодорхой байдаг. Тэр нь тийшээ цохивол энэ нь ингэж хамгаална ч гэдэг юм уу харах, таамаглах багцаатай өрнөдөг. АНУ, Хятад хоёр дүрэмгүй зодолдож байна гээд хэлчихээр нэг хэсэгтээ л тодорхойгүй байдал үүсчих шиг боллоо. Өнгөрсөн зургадугаар сард Си Жиньпин дарга, Путин ерөнхийлөгч нар “шинэ эриний төлөөх стратегийн иж бүрэн түншлэл” гэсэн малгай доор уулзсан. Шинэ эрин гэдэг үгийн цаана ямар утга бий вэ гэсэн асуулт тавигдаж байна. Ямартай ч их л өөр асуудлуудыг ярьж хэлэлцэх гээд байх шиг. Магадгүй АНУ, Хятадын дунд өнөөдөр өрнөж байгаа асуудал урт хугацаанд ужгирах тийшээгээ хандчихлаа гэж харсан ч байхыг үгүйсгэх аргагүй. Ингэж хараад үүссэн асуудлуудыг шинээр томьёолж байж ч мэднэ. “Экономист” сэтгүүлд АНУ, Хятад, Орос гурван улсын дунд үүсээд байгаа асуудлыг “дурлалын гурвалжин” гэж томьёолсон байна лээ. Хоёр нь хоорондоо ойртож, нэгээсээ холдох мэтийн ойртолт холдолтын янз бүрийн конбинациуд өнгөрсөн түүхэнд үүсэж байсан, одоо үүсээд байгаа, цаашид ч янз бүрээр үүсээд явна гэж. Дэлхийн улс төр, геополитик судалдаг улсууд энэ талаар илүү ярих байх. Намайг ингээд яриад эхэлбэл улсууд шоолох учраас хоёулаа ингэсгээд жолоогоо татвал зүгээр байх.
-Гадаад орчин эдийн засагт яаж нөлөөлөх талаар ярихад эрт байна гэж ойлголоо. Тэгэхээр уул уурхайн салбартаа л найдахаас өөр гарц алга. Уул уурхайн салбар дэнжгэнэхгүй урагшлаад явах замдаа орсон уу, эсвэл бидэнд ахиад хугацаа хэрэгтэй юү?
-Худалдааны дайн гэж нэрлээд байгаа үйл явц асуудлуудаа шийдэж чадахгүй удах тусам хэцүү. Нэг хоёр, магадгүй тав арван жилээр сунжирч ч мэднэ. Ийм зүйл боллоо гэхэд тэр бүгдийг тэсээд гарах уул уурхайн салбарыг бэлдэж чадсан уу гэсэн асуултад шууд хариулахад төвөгтэй. Манай улсын уул уурхайн салбар хөгжлийн хэдэн шатыг дамжих ёстой, давах ёстой шатныхаа аль хавьд нь явааг яг таг хэлэх аргагүй. Ямартай ч урагшлах замдаа яваа. Анх бол их гэнэн, романтик эхэлсэн л дээ. Канад, Австралийн системийг хуулж авчраад тавингуут тэдэн шиг уул уурхайн салбартай болно гэсэн өөдрөг бодлоор эхэлсэн.
-Романтик үе нь тэгээд дууссан уу?
-Дууслаа л гэж харж байна.
-Хөрсөн дээрээ буусан, цаашид яаж урагшлахаа олоод харчихсан гэж ойлгож болох уу?
-Ямар ч байсан мөрөөдөл бодит байдал хоёрынхоо ялгааг олоод харчих шиг боллоо. Мөрөөдөлдөө автсан хүн эргэн тойрноо анзаарах сөхөөгүй хэсэг явдаг биз дээ. Өнөөдөр бол уул уурхайн салбарыг арай өөр өнцгөөс харж эхэлсэн.
-Арай өөр өнцгөөс харж эхэлсэн гэхээр нэгэнт зөв зам руугаа орсон гэсэн үг үү? Эсвэл шинэ гарц эрэлхийлж, өөрөөр бодох, өөрөөр харах цаг ирсэн гэдэг утгаар нь ойлгох ёстой юу?
-Ер нь бол өөрөөр бодох үе дээрээ ирчихээд байна.
-Уул уурхайн салбарыг хөдөлгөхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас аргагүй гэсэн хандлага бий. Ер нь энэ салбарыг ямар загвараар хөгжүүлбэл эдийн засгийг тэтгээд явах бололцоо үүсэх бол?
-Уул уурхайг нэг бол жорын дагуу, эсвэл огт жоргүйгээр явуулах гээд байгаа юм шиг үйл явдлууд өнгөрсөн арав гаруйхан жилийн дотор чухам жирэлзэж, оволзож, өрнөсөн. Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын классик систем зургаар явчихна гэсэн найдвар байсан ч нөгөө талд лицензийн наймаа, банкны барьцаанд тавьсан нөөцгүй лицензүүд гэх мэт асуудлууд гараад ирсэн дээ. Хүсч эхлүүлсэн романтик загвар ажиллаагүйн олон жишээ бий. Нэгэнт эрчийг авсан их ус ямар ч бартаа саадыг тойроод, зад дайраад урсдаг шиг Монголын уул уурхай маань өөрийн замаа гаргаад хөгжиж байна уу гэвэл хөдөлгөөн байна. Гэхдээ түүнийг залуурдаж байдаг бодлого нь салбарынхаа өмнө явна уу, хажууд нь явна уу, ардаас нь дагаад сажилж явна уу гэдэг асуулт тавьж болно биз дээ тийм ээ. Бид өмнө нь уул уурхайн салбарыг ерөнхийд нь хөгжүүлэх гэж оролдсон бодлоготой явж иржээ гээд хэлчихмээр санагдаад байдаг юм. Харин одоо ерөнхийд нь харж, ерөнхийд нь яриад явахаа ч байж, сонсохоо ч байж. Нэг талаас зарим ашигт малтмалын салбарууд хүчтэй гараад ирсэнтэй холбоотойгоор уул уурхай гэсэн нэг малгай дор гэж харахаас илүү зэсийн салбараа яаж хөгжүүлэх вэ, алтан дээр юуг фокуслах ёстой вэ гэх мэтээр ашигт малтмалын төрөл болгоноор харах гэж оролдоод яваа ч түүнийгээ төгс боловсруулж амжаагүй байна уу гэсэн дүр зураг харагдаж байгаа.
-Өмнө нь зэс, алт гэж тусад нь хардаггүй байсан хэрэг үү?
-Тэгж хардаггүй байсан гэж хэлж болохгүй. Алтан дээр жишээлээд хэлэхэд алтаа өөрсдөө олборлодог болъё, эсвэл төрийн өмчит компани л олборлоё гэх мэт байр сууриуд сүүлийн хоёр гурван жил яригдсан. Зөв, буруу нь хамаагүй, алтыг алт гэдэг утгаар нь харах гэж оролдсоор ирсний нотолгоо. Санамсаргүй юм шиг мөртлөө их олон хүчин зүйл биднийг алтан дээр тухайлсан бодлого гаргах чиг рүү түлхээд яваа.
-Алтан дээр тухайлсан бодлого гэдгээ тодруулаач. Алтны хувьд валютын нөөцөд шууд утгаараа нөлөөлдөг гэдэг утгаараа эдийн засагт том орон зай эзлэх салбар. Бид энэ салбараа ер нь яаж хөгжүүлэх ёстой юм бол, тодорхой гарц, гаргалгаа, шийдэл гэвэл юу байна?
-Алтны хувьд төдийгөөс өдий хүртэл шороон ордуудаа ашигласаар ирсэн. Шороон ордын ашиглалт дээр их яригддаг зүйл нь байгаль орчны асуудал. Алтан дээр гуч, жаран жилээр лиценз өгч байгаа боловч хэзээ нэгэн цагт дуусна. Ерэн он гараад анхны шороон ордуудын лицензийг олгож эхэлсэн байдаг юм. Түрүүчээсээ ашиглалтын лиценз нь дуусч, албан ёсоор нөхөн сэргээсэн гээд төр, компани хоёр нэг нь хүлээлгэж өгч, нөгөө нь хүлээж авсан болоод салцгаасан тал бий. Гэтэл нөгөө талд нэг том асуудал үлдсэн. Алт олборлолт хийгдсэн газрыг бүрэн нөхөн сэргээх асуудал. Нөхөн сэргээгдээгүй, нөхөн сэргээлт хийгдсэн ч стандартын дагуу арчилж янзлаагүй газар нутгийн “сорви”-ийг арилгах их ажил ард түмний нуруун дээр, бүр тодруулж хэлбэл төсвийн нуруун дээр ирж байгаа. Нэг талд энэ “сорви”-ийг хэрхэн арилгах, бага хүчин чадлаар олборлолт хийдэг жижиг уурхайнуудаа хэрхэн хариуцлагажуулж, мэргэжлийн болгох вэ гэх мэтийн хуримтлагдсан проблемуудтайгаа болон өнгөрсөнтэйгөө ноцолдох асуудал бий. Нөгөө талд нь алтны салбарын цаашдын хөгжлийн асуудлууд байна. Салбарын сайд алт олборлолтыг тэрбум долларын салбар болгоно гэж байгаа. Тэрбум долларын борлуулалт хийдэг салбар болгоно гэвэл жилдээ гучаас дээш тонн алт олборлодог салбар болох хэрэгтэй. Алтны ордуудын тухайд Оюу толгой шиг том орд байдаггүй. Нэг алтны ордын нөөц 10-70 тоннын хооронд байдаг.
-Тэгэхээр алт тэрбум долларын салбар болж хөгжих боломжтой гэсэн үг үү. Тэрбум долларын салбар болоход учрах саад бэрхшээл гэвэл та юуг онцлох вэ?
-Тэрбум ам.долларын салбар болж хөгжих бүрэн боломжтой. Саад бэрхшээл гэвэл тулгамдсан болон дунд хугацааны гэж салгаж ярих хэрэгтэй. Тулгамдсан асуудал нь алт олборлолт болон тушаалт тасрах эрсдэл. Уржнан 20 тонн, ноднин 20 тонн алт тушааж байсан ч энэ хэмжээ 2020 он гараад тасарч магадгүй байна. Шороон ордын олборлолт зонхилсон салбараас үндсэн ордын олборлолт зонхилсон салбар болох шилжилтийг хийхдээ алт олборлолтыг 20 тонноос унагаалгүй хийж чадах эсэх дээр асуудал байна. Гацууртын алтны төслийг хөдөлгөсөн бол тун аятайхан явчих байсан. Дунд хугацааны асуудал нь цаашид нээж олох ордууд. Бороогийн ордын дайтай 10-15 ордын потенциал бий юу гээд ерөнхий яривал байх шиг байгаа юм. Бороогийн ордын дайтай 10-15 ордыг нээн илрүүлэх хайгуул, судалгааны ажлууд оволзож байна уу гэвэл алга. Ийм л бэрхшээлүүд байна даа.
-Хайгуулаа эрчимжүүлбэл алтны том орд илрэх боломж нөөц хангалттай байх нь ээ?
-Хайгуулаа хөгжүүлнэ гэхээр хөрөнгө оруулалт том асуудал болдог. Алтны хайгуул бол нэлээд хөрөнгө шаарддаг, алдах эрсдэл өндөртэй салбар. Тэр утгаараа алтны хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийхэд эрсдэл нь өндөр. Татвар төлөгчдийн мөнгийг ийм эрсдэлтэй ажилд зарцуулж болохгүй л дээ. Зөвхөн алтны салбарт хөрөнгө оруулалт татах маш тодорхой бодлого, лиценз олгох механизм бий болгоод, түүнийгээ алтны орд илрэх потенциал бүхий гол бүс нутгууд дээрх аймаг, орон нутгийн бүсчилсэн хөгжилтэй нь уяж, ард иргэд, дарга нарт нь ойлгуулаад явах ажлыг тун удахгүй эхлүүлэх байх гэж найдаж байна.
-Алтны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадвал тэрбум долларын эдийн засаг болно гэж ойлголоо. Зэсийн тухайд ямар бодлого барьж ажиллавал дэлхийн зах зээлд голлох тоглогч болох вэ?
-Оюу толгой, Эрдэнэт хоёр нийлээд гурван зуу гаруй мянган тонн зэс олборлож байгаа. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орвол энэ төсөл бараг дангаараа 400-500 мянган тонн зэс гаргана. Эрдэнэтийнхнийг нэмбэл 600 мянга давна. Тэгж чадвал дэлхийд эхний аравт орох юм. Одоо бол зэсийн нийлүүлэлтээрээ дэлхийд хорин хэдэд яваа байх. Марафоны гараанаас эхний тав аравт багтаж гаран дэлхий даяарх спорт сонирхогчдын анхааралд хэсэг өртөөд тун удалгүй ядарч гүйцэгдээд баян ходоод хавьцаа барианд ордог тамирчин шиг байх уу, эсвэл медаль зүүх хэмжээнд өрсөлдөх үү гэдэг л хамгийн энгийнээр хэлбэл манай улсын зэсийн салбарт барих бодлого. Надад дэлхийн зэсийн 10 хувийг ганцаараа олборлодог Чилийн Коделко компанийн ерөнхийлөгчийн өгсөн танилцуулга байдаг. Тэрэн дээр сүүлийн 20 жилд дэлхийд тэргүүлж ирсэн байр сууриа цаашид ч 30-50 жил алдахгүй байх тус компанийн бодлогыг тусгасан байдаг юм. Ганц энэ компани 2018 оноос эхлэн 20 гаруй тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж уурхайнуудаа өргөтгөснөөр ойрын 20 жилдээ санаа зовохооргүй болж байгаа. 20-иос цааш жилийн амбицыг нь Чили улс дахь зэсийн нөөц нь хангаж чадахгүй байгаа тул дэлхийд гарч, Эквадор улсад эхний ордоо олсон, сонирхож буй бусад улсууд дотор нь Монгол ч багтаж байгаа.
Монгол Улсын зэсийн салбарын бодлого бол хэрхэн ойрын 15-20 жилд тогтвортойгоор жилдээ нэг саяас дээш тонн зэс олборлодог болж, түүнийгээ хэрхэн цаашид 50-100 жил алдахгүй байх вэ гэдэг бодлого байх ёстой. Ингээд том хараад эхэлвэл Оюу толгой, Цагаан суварга тойрсон хэрүүл арай л жижиг харагдаж, жижиг бодогдох байх даа.
-Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед дэлхийд зэсийн ханш огцом өснө гэсэн таамаг судалгаа дуулддаг. Ер нь зэсийн салбарт ирээдүйд ашиглалтад орох том ордууд дэлхийд хэр бол, бидэнд үнэхээр голлох тоглогчоор тодрох боломж энэ зах зээлд байна уу?
-Энэ тал дээр нарийвчилсан судалгааны материалууд бий. Оюу толгой бүрэн чадлаараа олборлолт явуулаад эхэлбэл Монгол зэсийн зах зээлд тоглогч байх боломжтой. Зэсийн хайгуулыг нэлээд сайн дэмжээд явчихвал арван жилийн дараа байдал өөрчлөгдөж мэднэ. Эрдэнэт шиг гурван уурхайтай болчиход байдал бүр өөр болно. Тэгэхээр зэсийн хайгуулд анхаарах хэрэгтэй. Хайгуулаа эрчимжүүлж, үр дүнд нь үндэслэж зэс хайлуулах үйлдвэр барих эсэхээ шийдэж, хайлах үйлдвэр барихаар бол Улаанбаатар хотын ус дамжуулах сувгийн зэвтэй хоолойнуудыг цэвэр зэсээр хийх шийдэл гаргаж ирэх, тэр шийдэл гарч ажил болбол хорт хавдрын өвчлөл огцом багасах гэх мэт уялдаатайгаар шийдээд явах олон асуудал бий. Зэсийн хувьд Монгол Улсын вальютын орлогод том нөлөөтэй ашигт малтмал. Тиймээс зэсийн зах зээл дэх савлагааг сайн удирдахын тулд Монгол Улс зэсийн чиглэлээр нарийн судалдаг институттэй болох хэрэгтэй. Судалгааны институтийн чансаагаараа Монгол дэлхийд хаа байсан зуун хорин хэдэд яваа харагдсан. Зэс, нүүрс хоёр Монголын эдийн засгийн хоёр том тулгуур юм бол судалгааны институтийг бэхжүүлж, чансааг нь дээшлүүлэх ажлаа эндээс л эхлэх болно доо.
-Дэлхийн зэсийн зах зээл дээр голлох тоглогч болох эсэх нь Оюу толгойгоос өндөр хамааралтай. Хөрөнгө оруулагч талтай ойлголцолд хүрээгүй гэсэн шалтгаанаар гүний уурхайн бүтээн байгуулалт зогсвол зэсийн зах зээлд гялалзах төлөвлөгөө хойшлох эрсдэл бий…?
-Оюу толгой бол хоёр талын тохироогоор хийгдсэн төсөл. Өмнө нь бол хоёр ч удаа маш огцом гомдлоо тайлж, сайжруулах гэж оролдсон. Одоо ч гэсэн тэр арга барилаараа явж байх шиг байна. Нэг далайлтаар сайжруулах гэхээс илүү бага багаар, жижиг сажиг засвар хийж тасралтгүйгээр сайжруулаад явах учиртай. Тэгэх ч байх.
-Зэс ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх метал гэгдэж байгаа. Коксжих нүүрсний хувьд цаг алдахгүй ашиглахгүй бол үнэ цэнэ нь буурна гэсэн болгоомжлол сонсогддог. Тэгэхээр нүүрсний салбараа арай өөр, илүү хурдтай урагшлуулж таарах байх, тийм үү?
-Зэсийн хувьд нэгдүгээрт, дэлхийн үнээр зарагддаг таваар. Хоёрдугаарт, дэлхийд хэрэгцээ нь өсч байгаа ашигт малтмал. Коксжих нүүрсний тухайд их хэмжээгээр зарж байж ашиг хийдэг бүтээгдэхүүн учраас ойрын хэрэглэгчдэдээ зарвал илүү ашигтай. Гэтэл манай ойрын хэрэглэгчид коксжих нүүрс хамгийн хэрэгтэй байсан үе 2008 оноос эхэлдэг. 2025 он хүртэл энэ эрчээ алдахгүй. Хятадуудын тухайд түүнээс цааш улсдаа шинээр нүсэр том барилга, байгууламжууд барих хэрэгцээ нь огцом буураад ирнэ. Тиймээс зах зээл байгаа дээр маш сайн ашиг хийж авах хэрэгтэй. Коксжих нүүрсний салбарт барих бодлогыг бол хурдтайгаар зах зээлийн боломжийг ашиглан ашиг орлого хийж, дунд ба урт хугацаанд аажим аажмаар алсрах зах зээл дээр өрсөлдөх чадвараа хангаж авах гэсэн байдлаар хялбаршуулж хэлж болно.
-Газрын ховор элементийн ханш ирээдүйд хаданд гарна гэж байгаа. Манай улсыг газрын ховор элементийн нөөц ихтэй улсын нэг гэсэн яриа таамаг бий. Нөөцийн хувьд тийм боломж бий юү?
-Д.Сумъяабазар сайдын хувьд уул уурхайг дотор нь олон тулгууртай болгоё, тус бүрийг нь тэрбум доллар давсан орлоготой салбар болгож хөгжүүлье, тэгж хөгжихөд нь бүх талаар дэмжье гэсэн бодлого, байр суурьтай ажиллаж байна. Нүүрс, зэсийн тухайд аль алийг нь таван тэрбум доллараас дээш орлоготой болгоно гэсэн алсын хараа бий. Алтны салбарыг өмнө онцолсон учраас давтаад яахав. Зайлшгүй харах ёстой бас нэг салбар бол таны асуусан газрын ховор элемент. Хайгуулыг нь хөгжүүлбэл дажгүй нөөц илрэх боломжтой салбар.