Categories
мэдээ цаг-үе

М.Бямбажав: Од гэвэл Норовбанзад гуай, хуучны киноны гол дүрүүдийг бүтээсэн алтан үеийнхнийг л хэлнэ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажавтай ярилцлаа.

Дуучин хүн бүр тайзан дээр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Таны нэрийг зарлангуут л үзэгчдийн нүд сэргээд, нүүрэнд нь баясал тодроод ирэх шиг санагддаг юм?

-Би чинь өөрөө цоглог, эмоцитой дуунуудад дуртай. Уянгын дуунууд дуулсан л даа. Гэхдээ голдуу цоглог дуунуудтай. “Намирын гол” дуу байна. Уг нь голын тухай өгүүлсэн дуу. Хадан дундаас, дээрээс харгиж урсдаг гол учир дууны хөгжим нь хурдан байх ёстой.

Та тэр дууны хөгжмийг зохиосон юм уу?

-Миний ая шүү дээ. Уг гол нь хадан дундаас харгилж хүчтэй урсч ирээд намуухан болчихдог юм. Энэ бүхнийг нарийн судалж байж хөгжмөө хийх хэрэгтэй. Би чинь их олон тоглолт хийсэн. Монголын ард түмэндээ их хайртай шүү дээ. Яагаад гэхээр намайг л тайзан дээр гараад ирэхээр сэтгэл нь сэргээд ирдэг нь мэдрэгддэг юм. Би ямар харагддаг юм бол. Явдал алхаа гишгээ түргэнтэй хүн шүү, би. Намайг гараад ирэхээр их дуртай байдаг юм. Ард түмнээ баярлуулаад явж байна гэдэг чинь сайхан. Би 28 жил дуулчихлаа.

Дуучин М.Бямбажав гэхээр л хүмүүс таныг өнөө 1990-ээд онд дуулж байсан төрх, байр байдлаар тань хүлээж аваад байдаг?

-Нас яваад л байна. Би насыг нэг их юманд боддоггүй. Хүн төрөлхтний ёс жаягаар тийм нэг тоо цифр явж л байг. Насанд баригдаж явна гэж байхгүй.

-“Оройтсон бороо” тань 1990-ээд онд жинхэнэ хит болж байлаа. Олон хүний амьдралын дурсамжийг хөглөсөн дуу шүү?

-1990 онд ардчилал гээд л өөрчлөлт болж байсан тэр үетэй зэрэгцэн гарч ирсэн дуу. Би чинь цэргээс дөнгөж халагдаад ирсэн, юу ч мэдэхгүй жаахан хүүхэд. Зохиолчдын хороонд Үлгэрийн танхим гэж байсан юм. Би тэр танхимд ерөөлч, магтаалч байлаа шүү дээ. Азийн язгуур урлагийн наадмаас хамгийн анх Гран при шагналыг авч байлаа. Би чинь ерөөлч, магтаалч, бие биелгээ хийнэ. Аягатай бүжгийг хийдэг хүн байлаа. Юмны учрыг нь мэдэхгүй, Туяа гэж эгчийн нэг шүлгийг авчихгүй юу. Мартын наймны бичлэгт орох юм, энэ шүлэгт ая зохиочих хүн байна уу гэхээр нь би зохиоё гээд авчихсан юм. Тэгээд л би гитар дээр нэг ая зохиогоод дуулж үзлээ. Бичлэгэнд ч ороогүй юм. Эмэгтэйчүүдийг ширээнд суулгаад хүлээн авалт маягийн юм хийсэн. Тэрэн дээр нь очоод гитартай дуулчихлаа. Тэр үед магнитофон гарч байсан үе. Нэг хүн намайг дуулахад кассетанд хураалгаад авчихсан юм билээ. Өө, тэгтэл Дэнжийн мянгын хар зах дээр миний дуулсан өнөө дуу цангинаж эхэллээ дээ, “…Оройтсон бороо” гээд л. Тэр чигээрээ л ард түмэнд хүрсэн дээ. Нэмж дээр нь хөгжмийн найруулга ч хийгээгүй, клип ч хийлгээгүй, яг оригоороо нийтэд түгсэн. Гитартайгаа л хит болчихсон дуу. Цэцэрлэгийн хүүхдүүд ч дуулдаг байлаа. Одоо хүртэл хүмүүс “Оройтсон бороо”-гоо дуулаач ээ гэдэг. Дараа нь “Бэрсүүт жүрж” кинонд хүртэл “Оройтсон бороогоо захиалаарай. Хорин доллар” гээд гардаг биз дээ.

Та кинонд тоглож байсан уу?

-Үгүй. Нэг удаа санал ирсэн юм. Би их азгүй ээ, их гоё кинонд тоглуулах байсан юм билээ. Гэтэл би зураг авахуулах өдрөө гадагшаа явчихсан юм. Тэгээд л өнгөрсөн. Ер нь кинонд тоглохсон гэж боддог. Урилга ирвэл тоглоно шүү. Би чинь жүжиглэх чадвар өндөртэй ш дээ (инээв).

Нэг хэсэг хойшоо яваад байгаа дуулдсан, аль хотод нь байсан бэ?

-Ленинградад жил гаран байсан. 1994 оны үед. Тус хотод Монгол туургатны дацан байдаг юм. Тэнд Монголын язгуур урлагийг сурталчилж цамын бүжиг хийдэг байлаа. Тэндээсээ Финланд руу яваад цаашаагаа Америк гарах гээд чадаагүй юм. Ленинградад “Тогдгор” Галсантогтох ах, бүжигчин Сандагдорж, Болдхүү, Төгсөө гээд баахан бүжигчид байсан юм. Тэнд чинь зүгээр суугаагүй ээ, бид. Бурхан бүтээлцсэн. Дацанд халимаг, якут, буриад, тува гэсэн Монгол туургатны лам нар, Түвдийн том Ринбүүчи нар ирсэн байлаа. Дөрвөн метр өндөртэй бурхан бүтээсэн. Тэрэнд нь би гар бие оролцсон юм. Тэр бурхан, дацан нь одоо ч бий. Монголчууд очиж мөргөдөг. Бурхны шуумлын ажилд нь тусалж, бадамлянхуатай сэнтий гээд бүх юмнаас нь хийлцсэн дээ. Би чинь буянтай, буянтай. Бурхан бүтээлцэхэд оролцсон. Одоо тэр бурхан руугаа нэг очихсон гэж боддог юм.

Та саяхан Өмнөд Монголоор яваад ирсэн гэв үү?

-Зүүн, баруун үзэмчин, хорчингоор яваад ганц хоёр тоглолт хийгээд ирлээ, бид. Чаминчулуун эгч, Магсаржав, “Хар хархан харц”-ыг анхлан дуулсан Өвөр Монголын дуучин Отгонтуяа, Энхбат бид хэд явсан юм. Өвөр монголчууд биднийг мундаг хүлээж авсан. Миний дуунуудыг бүгдийг нь мэддэг юм билээ. Дуулж байгаад “…Үй зайгүй найз аа” гээд л микрофоноо өгөхөөр шууд л “…Үгүйлж явъя аа, нэгнийгээ” гэж үргэлжлүүлээд дуулж байгаа юм чинь. “Оройтсон бороо”-г дагаад дуулаад байсан. Их бахархмаар.

Ойрд тоглолт хийх үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хүмүүс минь амьдрах сайхан” гэсэн бие даасан тоглолтоо хийчихлээ. Дараа нь зургадугаар сарын нэгэнд багштайгаа хамт “Зуу наслаарай ээж ээ” тоглолт хийлээ. Одоогоор жаахан амрангаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. “Заавал уулзах тавилан”, “Сээтэн зүрхний хээ”, “Ижий дээ ирлээ”, “Янзаган нүдтэй бүсгүй”, “Цуутай алтан нутаг”, “Нутагтаа очъё доо” гээд хэд хэдэн шинэ дуу бүтээгээд эхнээс нь дүрсжүүлж байна. Баянгол дүүргийн 50 жилийн ой болох гэж байгаа. Тус дүүргийн долдугаар хороонд манайх амьдардаг юм. Долдугаар хорооныхоо сүлд дууг нь хийгээд өгчихлөө (инээв). Ер нь их л завгүй байна даа. Би дууны үг их голно. Зохиолчдын хороонд байсан. Тогоонд нь чанагдаж үзсэн хүн. Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн гээд энэ бүх мундгууд зохиолчдын хороонд байхад л би жаахан хүүхэд очиж байсан юм чинь.

Ер нь урлагийнхан чинь бараг бүгд л чөлөөт уран бүтээлч юм уу даа. Өөрөө менежерээ хийгээд л явцгаадаг?

-Зарим залуус би менежертэй, туслахтай гэх юм. Тэр хүн ямар албан байгууллага юм уу, ганц хүнд менежер гэж яах юм. Дуучидтай хамтраад л, багштайгаа хамтарч дуулаад явж байна. Гадаадад язгуур урлаг үзүүлэхээр бол үзүүлээд л дотооддоо дуулаад л явж байна. Жуулчны бааз байвал магтаалаа уншаад л, төмөр хуураа тоглоод цуураа үлээгээд л явж байна.

Хөрвөх чадвартай, бүхий л талаа хөгжүүлсэн хүн юм?

-Би чинь уг нь бүжигчин хүн. Аягатай биелгээ, Агсал, баруун Монголын татлагуудыг биелчихнэ шүү. Багаасаа л урлагаар явчихсан болохоор энэ талдаа сонирхолтой.

Танд Ард түмний гавьяат цолыг хэзээ өгсөн юм бэ?

-Долоо, найман жил болж байна. Анх тэр тэмдгийг санаачлаад хүмүүст өгөхдөө надад өгсөн шүү дээ. Сүххуяг, Адарсүрэн ахад өгөхдөө надад бас өгсөн юм. Гэтэл тэр тэмдгийг одоо энгийн нэг зурагчин хүртэл зүүчихсэн яваа харагдах юм.

Та дуу шуутай, хөдөлгөөнтэй, юм бүхэнд оролцсон сурагч байсан болов уу?

-Би чинь багадаа магтаал их уншдаг байлаа. Сумандаа зориулж магтаал зохиочихсон, Өмнөговь сум гэдэг магтаалтай. Тэрийгээ товшуур хөгжим байхгүй юм чинь домбор дээр л точигнуулна даа. Жигмэд гуайн “Архины шог”, “Хүүхнүүдийн яриа”-г их уншина.

…Урд айлын Ундармаа

Уран дархны Хандармаа гээд л тачигнуулж өгдөг, магтаалч хүүхэд байлаа. Морин хууртай магтаал уншина. “Архины шог”-ийг их уншина аа.

Алим жимсний үрнээс

Тарьж гардаг архи бий

Айраг сүүний шимнээс

Нэрж л гардаг архи бий

Орос, Монгол архи бий

Олон янзын бий юм аа

Олж уугаад согтуурвал

Онцын согтуу тэр юм аа

Нууранд байгаа загасыг

Нуруу төмрөөр хатгана

Нууж байсан үгийг

Шилтэй цэнхэр хатгана

Цээлэнд байгаа загасыг

Сэрээн төмрөөр хатгана

Цээжинд байгаа үгийг

Шилтэй цэнхэр хатгана гээд л хэлж өгнө дөө.

Урлагийнхныг түмний нүдэнд харагдахгүй, нам жим болчихоор бор дарсанд оржээ гэцгээдэг. Таныг ч бас ийм яриа тойроогүй?

-ФМ радиогоор дуулахгүй, зурагтаар гарахгүй болчихоор хүнийг юу гэж боддог юм. Гадагшаа явчихсан эсвэл нас барчихсан нэг бол архинд орчихсон гэж ярьцгаадаг. Ийм л гурван зам байдаг юм уу. Тийм биш байхгүй юу. Уран бүтээл их сонин явагддаг болчихсон. ФМ радиод мөнгө өгөхгүй бол дуу явахгүй, зурагтад мөнгөө өгч байж дуугаа зоолгоно. Бидний үед тийм байгаагүй. Харин ч бид очиж мөнгө авдаг байсан. Биднийг хүмүүс нэгэнт л мэддэг юм чинь мөнгөө төлж ФМ, телевизэд хандаад байх шаардлагагүй. Шинэ уран бүтээлчид л тэгж явдаг юм байгаа биз.

Та аялан тоглолтоор хөдөө орон нутаг, хилээр их явдаг байх. Аян замд, очсон газарт янз бүрийн л сонин хачин, хөгтэй явдал тохиолдоно доо?

-Бүх газраар явлаа. Хангалттай, залхталаа явлаа. “Өө, ахиад л чи ирэв үү” гэхийн наагуур л бид их явсаан. Янз янзын юм тааралдана. Засан хүмүүжүүлэх газраар ч явна. Эхийн, хайрын тухай сэдэв чинь мөнхийнх шүү дээ. Дууны шүлэг гэдэг чинь хүнд их хүрдэг. Дуу сонсоод ухаараад ойлгоод гэмшдэг хүмүүс таарч л байсан.

Баян-Өлгий аймгийнхан миний “Хүмүүс минь амьдрах сайхан” дуунд их дуртай. Тэнд тоглолтоор очоод гайхаж байсан. Б.Зангад гуай, Н.Чулуунхүү багш бид гурав тоглолтоор явж байлаа. Тэгтэл намайг л ийш тийш уриад, дайлаад, казаа чанаад л. Би тоорцог өмсчихсөн, эрээн мяраан хээтэй хувцас өмсчихсөн, тэндхийн иргэн шиг л явсан. Гудсан дээр суулгаад дөрвөн талаасаа өргүүлээд явах дайны л юм болдог байлаа.

Алтанцөгц суманд тоглочихоод Цагаан нуур гээд дараа дараагийн сум руу явахад “69” машинтай хүмүүс дагасаар л байсан. Их хурлын гишүүн л явж байгаа юм шиг тэгж л явлаа. Баян-Өлгийнхөн “Найз минь” дуунд ч дуртай. Тэгж л хүндлүүлж явдаг юм. Янзан бүрийн л зүйл тохиолдоно. Нэг удаа “Соёолон” дуугаа дуулж байгаад пиджакаа тайлаад шийдчихсэн юм, үзэгчид рүү. Дотор нь өмссөн цамцны гоё ганган гэж жигтэйхэн. Бүжгийн хувцас шиг л гоё зах, ханцуйтай. Дууныхаа дараагийн бадган дээр үзэгчдийн хэсэг рүү ороод пиджакаа авах гэтэл өгдөггүй. “Өгсөн биз дээ. Бид нарт дурсгачих л даа” гээд өгдөггүй шүү. Би ч хувцсаа авах гээд татаад байдаг. Тэгтэл пиджакны нэг ханцуй нь бүхлээрээ урагдаад. Үзэгчдийн хэсгээс нэг ханцуйгүй гарч ирж билээ. Тэр ханцуй маань нэг аймагт л байгаа байх даа. Говь-Алтайд байна уу, Баянхонгорын цаана л байж байгаа даа. Өрөөсөн ханцуйгүй тэр улаан пиджак минь байгаа ш дээ.

Н.Чулуунхүү гавьяат та хоёр “Эр хоёр загал”, “Соёолон”-г дуулахдаа бүжиглэдэг. Тэр бүжгийг тань Бооёо, Сөрөлт хоёр дуурайгаад үзэгчдийг инээлгэдэг?

-Нөхөрсөг шог байдаг л даа. Тэр чинь эргээд тодорхой хэмжээний сурталчилгаа болчихдог юм уу даа. Бооёо, Сөрөлт хоёрыг тэгж элэглэхийг зурагтаар хараад инээд минь хүрч л байдаг юм.

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр дахь хүү маань дуулна. Их гоё дуулна аа. Өвөрмөц. Поп талдаа дуулдаг юм. Бас хайчилбар зураг хийнэ. Манай ээж их гоё дуулна. Аав ч сайн дуулна. Ээжийн удамд мундаг хоолойтой дуучин байсан гэдэг. Хээр явж байхдаа уртын дуу дуулахаар тэр аяараа сонсогддог ёстой талыг дүүртэл дуулдаг байсан хүн тухай сураг бий. Тэгсэн байтал би уртын дуу ёстой дуулж чаддаггүй юм. Манай удамд ерөөл, магтаал хэлдэг хүмүүс байсан ч байж магадгүй. Би чинь олон дүүтэй. Тэдэн дунд над шиг дуулдаг, урлагийн хүн болсон нь үгүй шүү.

Нутагтаа хэр очдог вэ?

-Жилдээ нэг удаа оччихдог юм, уг нь. Сүүлийн хэдэн жил очиж амжсангүй. Нутгийн минь ерэн жилийн ой ч боллоо. Бас очиж чадсангүй. Амжихгүй юм.

Зохиолын дуунд ханхүү, гүнж мүнж хүртэл гарч ирэх болж?

-Нэг юманд их харамсах юм. Дуурийн театр, цэргийн ансамбльд мундаг дуучид байна. Гоё, гоё дуучид зөндөө байна. Тэднийг л гаргаж ирмээр байна. Гаргаж ирэхгүй бол тэд зэвэрлээ. Нэг дуу хийхийн тулд ямар их мөнгө төлдөг гэж бодож байна вэ. Цэргийн дуу бүжгийн чуулга тоглолт хийе гэвэл очиж үзэх хүн байхгүй. Таньдаг дуучин тань тэнд байхгүй юм чинь та очиж үзэхгүй. Цэргийн ансамбльд Бурмаа, Мөнхбат, Банзрагч, Жавхлан, Болдбаатар нар дуулдаг байлаа гэж бодъё. Цэргийн ансамбль тоглох нь гэвэл хүн бүр очно. Тэгнэ биз дээ. Тэгэхээр дуучдаа дотроо бэлтгэх ёстой байхгүй юу. Энэ хэдэн дуучдаас илүү дуулдаг дуучид тэнд байгаа байхгүй юу. Тэр дуучдыг гаргахгүй тэнд хашаад л байдаг. Үүнийг удирдлагууд нь бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй байна. Бас нэг зүйл байна. Рок попынхон биднийг зохиолын дуучид гэцгээх юм. Тэд өөрсдөө тэгээд зохиолгүй дуу дуулдаг хүмүүс юм уу, би учрыг нь олдоггүй юм.

Та хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?

-Гадуур чинь хүмүүс “Би төдөн саяар дуулж байна” гээд зарлачихсан байх юм. Том мөнгөөр дуулдаг од гээд боддог юм уу, өөрийгөө. Манайд од гээд байх шаардлага байхгүй. Үнэндээ од гэдэг чинь тэнгэрт байдаг. Тээр дээр л гялалздаг болохоос биш од мичидтэй өөрсдийгөө зүйрлэж хэлэх хэрэггүй. Яг од гэж хэлэх юм бол Норовбанзад гуай, дээр үеийн киноны гол дүрүүдийг бүтээсэн алтан үеийнхнийг л хэлнэ. Тэр хүмүүсийг л од гэж хэлж чадна. Түүнээс биш эд нар бол зүгээр л хиймэл дагуул. Сүүлд хөөргөсөн, баттерей нь дуусахаар унадаг хиймэл дагуулууд шүү дээ (инээв). Нээрээ тоглоом биш шүү. Од мод гэхээ больцгоох хэрэгтэй, тэр хүмүүс.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *