“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-Сонгууль болж өнгөрлөө. Гурван нам хамтарч ажиллахаар Засгийн газрын Мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа гэсэн. Намууд ямар хөтөлбөр дэвшүүлсэн бэ?
-Хамтарсан Засгийн газраа байгуулсан гурван Нам мөрийн хөтөлбөртөө ингэж тусгасан. МАН өнгөрсөн дөрвөн жил хүнд үйлдвэрлэлийг дэмжих маш сайхан хөтөлбөртэй олон үйлдвэрийг ашиглалтад оруулах байсанч хэрэгжилт маш муу байсан. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах 20 гаруй үйлдвэр хаалгаа барьсан. Шинэ хөтөлбөртөө түүхий эдийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулна. Боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
Ардчилсан нам “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Аж үйлдвэрийн салбарыг экспортын чиг баримжаатай болгоно. Татвар санхүүгийн бодлогоор дэмжинэ.” ХҮН нам “Ашигт малтмалын АМНАТ болон өсөн нэмэгдэх АМНАТ-ийн тооцох аргачлалыг өөрчилнө, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хэлэлцүүлэг өнгөрсөн жил явагдаж байсан яагаад өргөн баригдаагүй юм бол?
-Ашигт малтмалын тухай хууль бол манай улсын хөгжилтэй маш холбоотой суурь хууль. Энэ хуулийг маш олон удаа өөрчлөөд энэ том салбарын хөгжлийг тушаад ГХО-ыг хүлээлтэд оруулсан. Манай улсын 3 том орд л улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж энэ салбарын нүүрийг тахлаж байна. Хуулийн төслийг 4 жил боловсруулаад хэд хэдэн удаа нийтээр хэлэлцүүлсэн боловч салбарынхан хүлээж аваагүй маш их эсэргүүцсэн, хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамнаас хамгаалж чадаагүйгээс өргөн баригдаагүй. Хайгуулын салбар зогсонги байдалд орж, үйлдвэрүүдийн тоо өсөх биш буурч, ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлох бодлого ноёлж ирлээ.
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг боловч АМНАТ-ийн дарамт маш их байлаа. Үүнээс болж АМНАТ-ийн өр 2 их наяд гаруй төгрөг болсон. Шинээр байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмалын тухай хуулиа эрс өөрчилж ГХО-ыг татаж, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг цогцоор нь дэмжсэн хуулийн төслийг энэ ондоо багтааж батлуулах түүхэн хүлээлт үүсээд байна.
-Хөрөнгө оруулагчид ямар асуудлыг сонирхож хүлээж байна?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүйгээс хайгуулын салбар уналтад орж улсын нөөц нэмэгдэх боломжоо алдсаар байгаа, хайгуулын үйл ажиллагаа хумигдсан тул олборлолтын салбарт шинэ ордууд нээгдэхгүй байгаа, өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ, үндэслэлгүй олон улсын жишиг үнэ зэргээс шалтгаалаад үйлдвэр хаалгаа барьж шинэ үйлдвэрүүд хүлээлтэд орсон. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, тодорхой хувийг шилжүүлэхэд урьдчилгаа татвар төлүүлдэг болгосон. Бид дэлхий нийтэд байхгүй ийм тоглоомын дүрмээ засахгүй бол томоохон Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хүндрэлтэй асуудлуудаа хурдан шийдэхгүй хойшлуулаад хөгжих боломжоо алдсаар байна.
-Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмждэггүй бол?
-Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрснээс хий, бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллана, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамдууд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байгаа. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг, жишиг үнэ гэж өндөр үнээр АМНАТ ногдуулдаг, зараагүй металлд АМНАТ ногдуулдаг. 2024 оны УИХ-ын сонсголоор АМНАТ-ийн асуудлыг шийдвэрлэх хугацаатай үүрэг Засгийн газарт өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд ганцхан нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулдаг, баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-өөр дарамталж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны 3 сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татваруудаа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Т.Энхтүвшин нар хуулийн төсөл өргөн барьсан боловч энэ УИХ руу шилжсэн.
-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар саналаа хэлнэ үү?
-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Тухайлбал, төмрийн баяжмалаа 1 тн-ыг 60$ зарсан байхад 100$ зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Энэ нь компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулж татварын өрөнд оруулдаг.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль мөрдөгдөж эхлээд жил гаруй боллоо. Нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмалын жишиг үнийг тогтоож АМНАТ ногдуулдаг эрх зүйн орчинг бий болгож хувийн хэвшлийн компаниуддаа татварын дарамтыг бууруулах боломж их байна. Татварын дарамт буурснаар тэдний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
-Ямар ашигт малтмалыг баяжуулж, боловсруулж өндөр ашиг олох боломжтой вэ?
-Жоншны нөөцөөр дэлхийд 4-т ордог томоохон тоглогч болох боломжтой. Жоншны хүдрээ ямар ч боловсруулалтгүйгээр экспортолсоор байна. Дөрвөн вагон жоншны хүдэр нэг вагон жоншны баяжмалтай тэнцдэг. Жоншийг баяжуулаад бүтээгдэхүүн болговол 10-80 дахин их үнэлгээтэй бүтээгдэхүүн болгох төсөлтэй залуучууд байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход бас л давхар АМНАТ саад болж байгаа.
Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журамтай болоод олон жил боллоо. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчдээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсныг олон удаа өөрчилж экспортлогч компаниудынхаа өрсөлдөх чадварыг бууруулж, тэд төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүй болгосон. Стандарт, хэмжил зүйн газар нүүрс, угаасан нүүрс, Төмрийн болон жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний стандартыг шинэчилсэн боловч Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулахгүй хойшлуулсаар байгааг Шинэ Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажилгүйдлийг олноор бууруулж, иргэдээ ядуурлаас хамгаалж, улсын болон орон нутгийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой. Иймд шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжсэн эрх зүйн орчноо яаралтай шинэчилж аж үйлдвэрүүдээ сэргээх боломжоор хангаж ажиллаасай.
Ө.Манлай