Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болдсайхан: Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 75 хувьтай байна

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой цаг үеийн асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.


-Боловсролын үнэлгээний төвөөс эЕШ өгөх хүүхдүүдэд тусгайлан зориулсан цахим сайтыг нээсэн гэсэн. энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Боловсролын үнэлгээний төв help.eec.mn сайтыг ажиллуулж эхэлсэн байгаа. Уг сайтад тв хичээлүүд, ЭЕШ-ын зөвлөмжүүд, видео хичээлүүд, мөн 2018, 2019 оны ЭЕШ-ын даалгавруудыг түлхүүрийнх хамт байрлуулсан. Түүнчлэн уг сайтаар цахим хичээлүүдийг заах бөгөөд хүүхдүүд уг хичээлийн үеэр асуулт асуусан тохиолдолд тухайн багш асуултад нь хариулах юм. Мөн шалгуулагчдаас ирдэг түгээмэл асуултуудыг хариултынх нь хамт уг сайтад байршуулсан байгаа.Боловсролын үнэлгээний төвөөс уг сайтдаа өдөр болгон шинэ мэдээ, мэдээллүүдийг оруулдаг. Өмнө нь “Элсэгчийн сонин”-г жилд хоёр дугаар бэлтгэн гаргадаг байсан. Харин энэ жил уг сонины найман дугаар гаргахаар зорьж байна.

-Одоогоор хичнээн хүүхэд эЕШ-ыг өгөхөөр бүртгүүлээд байна вэ?

-Урьдчилсан байдлаар Улсын хэмжээнд 32 мянган шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн тооцоотой байсан. Одоогоор эдгээр хүүхдүүдийн 75 орчим хувь нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад бүртгэлийн явц бага хувьтай байгаа. Энэ нь танхимын сургалт явагдахгүй байгаагаас шалтгаалж багшийн оролцоо бага болсонтой холбоотой.Гэхдээ энэ сарын 15 гэхэд ЭЕШ-ын бүртгэл гүйцэд хийгдэж амжихаар төлөвтэй байгаа. Төвөөс алслагдсан зарим сум суурингийн хүүхдүүд холбоо барих боломжгүй байгаа тул нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Хил хамгаалах ерөнхий газраас мэргэжилтнүүд бидэнтэй ирж уулзсан. Тэдний хэлснээр, хилийн алслагдсан заставуудад 2500 орчим хүүхэд байна гэсэн. Эдгээрээс 75 хүүхэд нь энэ жил ЭЕШ өгөхөөр байгаа. Тэдгээр хүүхдүүдэд гарын авлага, CD-г яаж хүргэх талаарх асуудлаар Хил хамгаалах ерөнхий газартай тохиролцсон. Энэ сарын 15-нд ЭЕШ-ын бүртгэл дуусна. Энэхүү хугацааг дахин сунгахгүй, мөн нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг анхааруулж байна. Бүртгэл дууссаны дараа хичнээн хүүхэд ямар хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн тоог нэгтгэж, дараагийн ажлыг зохион байгуулна. Жишээлбэл, 21 дүгээр сургуулийг 120 хүүхэд төгслөө гэхэд, тэдгээрээс 50 хүүхэд нь монгол хэлний хичээлийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн гэж бодъё. Тэгвэл эдгээр 50 хүүхдүүдийг нэг танхимд 10-аас 15-аар нь ялгаад хэрхэн ЭЕШ-д бэлтгэх давтлагыг өгөх вэ гэдэг асуудлыг шийднэ. Тиймээс ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Шалгалт авах байруудыг бэлтгэх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Боловсролын үнэлгээний төв өнгөрсөн жил 30 шалгалтын байранд шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн. Харин энэ жил 50 шалгалтын байранд шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж байгаа. Ингэснээр хүүхдүүдийн шалгалт өгөх байр болон оршин суугаа газар илүү ойрхон болно. Одоогоор шалгалтын төвүүдийн сонсох төхөөрөмжийн ажиллагаа хэвийн байгаа эсэх болоод хяналтын камеруудын ажиллагаанд шалгалтыг хийж байна.

-ЭЕШ өгөх шалгуулагчдад гарын авлага болон CD-г тараана гэсэн. Энэ ажил ямархуу шатандаа явж байгаа вэ?

-Гарын авлага болон CD-г аймаг орон нутаг руу эхлээд илгээж байна. Мөн өчигдрөөс дүүргүүдэд тараагдаж эхэлсэн. Түүнчлэн ЭЕШ өгөх өмнөх оны төгсөгчдөд ч уг гарын авлага, CD-г өгөх ёстой.Тиймээс ЭЕШ өгөх өмнөх оны төгсөгчид өөрийн оршин суугаа аймаг, дүүргийнхээ боловсролын газарт бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхтэйгээ очоод хариуцсан мэргэжилтнээс нь уг гарын авлага, CD-г авах боломжтой. Үнэ төлбөргүй тараагдаж байгаа.

-Хэрвээ хөл хориог дахин сунгасан тохиолдолд ЭЕШ болон монгол хэл, бичгийн шалгалтын зохион байгуулагдах хугацаанд өөрчлөлт орох уу?

-Хэрвээ хөл хорио дахин сунгагдсан тохиолдолд монгол хэл, бичгийн шалгалтын зохион байгуулагдах хугацаа өөрчлөгдөнө. Бид уг шалгалтыг энэ сарын 25-нд авахаар төлөвлөсөн байсан ч хөл хориог тавдугаар сарын 1 хүртэл сунгасан. Хэрвээ хөл хориог дахин сунгасан тохиолдолд монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамтад нь авахаас өөр аргагүй байдалд хүрч болзошгүй. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хангаж байна. Хэдийгээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хичээлүүдийн агуулгыг нөхөх, шалгуулагчдад давтлага өгөх ажлыг зохион байгуулж байгаа боловч агуулгыг бүрэн нөхөж чадахгүйд хүрвэл хүүхдүүдийн судлаагүй агуулгыг шалгалтын агуулгаас хасч тооцно. Гэхдээ ЭЕШ-ыг зөвхөн арванхоёрдугаар ангийн хичээлийн агуулгаар авдаггүй.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *