204 км урт Дарханы замын ажил 2018 онд эхэлж байв. Тухайн үед 2019 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй эхэлж байсан ч өнөөдрийг хүртэл нээж амжаагүй байна. Энэ замд 2019 онд л гэхэд 260 удаагийн зам тээврийн осол гарч 300 орчим иргэн хүнд гэмтэл авч 25 иргэн нас барсан. 2021 онд ослын тоо дахин нэмэгдэж 88 иргэн Дарханы замд авто ослоор өөд болсон тухай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хэлж байгаа юм. Харин 2022 он гарсаар хэдэн удаагийн осол бүртгэгдэж, хэдэн хүн гэмтэж, хэдэн хүний амь эрсэдсэн тухай нарийн мэдээлэл одоогоор бүртгэж амжаагүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт дээрх замд осол гарч хоёр ч хүн газар дээрээ нас барж, хэд хэдэн хүн хүнд бэртэл авсан юм.
Бид Сүхбаатар дүүргийн иргэн М.Баясгалантай ярилцлаа. 2020 онд түүний эхнэр Дарханы замд зам тээврийн ослоор амь насаа алдсан юм.
-Таны эхнэр Дарханы замд осолдож амь насаа алджээ. Тухайн үед та хамт явсан уу?
-Миний эхнэр 2020 оны долдугаар сард нутаг руугаа (Хөвсгөл) явж байсан юм. Ингэж явахдаа засвартай байсан Дарханы замын хэсэгт осолд орж Зүүнхараагийн эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Осол болсон газар нь очиход нүд халтирмаар нөхцөл байдалтай байсан шүү. Жолоо барьж явсан дүү нь ослоос амьд үлдсэн. Дүүгийнх нь ярьж байгаагаар бол том машины тоосонд булагдаж өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийг хараагүй юм билээ. Ингээд л өөдөөс ирсэн том оврын тээврийн хэрэгсэл “Приус 30”-ийн дээгүүр нь гарчихсан байгаа юм. Машин нь базсан молоконы лааз шиг болчихсон байсан. Ийм ноцтой осолд эхнэрийн маань дүүг буруутгаад л өнгөрсөн. Энэ замын засварыг юу ч биш болгосон нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй юм шиг. Аль эрт 2018 оноос хойш л Дарханы замд өдөр бүр осол гарч байна. Үнэндээ энэ зам цусанд будагдчихаад байна шүү дээ. Үүнийг харсаар байж яагаад замын тэмдэг тэмдэглэгээг нь тодорхой тавьж хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд анхаардаггүй юм бэ. Үүнийг гайхаж байна. Энэ янзаар бол цаашид ч хэдэн зуун хүний амь нас хэдхэн км замд хохирно. Энхийн цагт энэ бол эмгэнэл шүү. Төрийн зүгээс ард иргэдээ хайхардаггүйн тод жишээ л энэ.
-Осол гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үеэр болсон юм уу?
-Тийм юм билээ. Бага зэрэг өгсүүр зам ч таарсан. Урдаа яваа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэхээр яваад л ийм эмгэнэлтэй осол болсон гэсэн. Энэ нь жолоочийн буруу байж болох ч тухайн замд ажиллаж байсан инженерүүд, замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцаж байсан цагдаа нар, цаашлаад зам засварын ажлын хэсэг энэ эрсдэлийг яагаад тооцдоггүй юм бэ. Дарханы замд зам засварын хайрга ачсан тээврийн хэрэгсэл алхам тутам тааралдана. Шороон замд улаан тоос босгоод л ар араасаа явж байдаг. Энэ үед бол үзэгдэх орчин хязгаарлагдмал болж осол гарах магадлал үлэмж хэмжээгээр нэмэгддэг юм билээ. Гарч байгаа ослуудын дийлэнх нь үүнтэй л холбоотой байдаг. Аюулгүй байдлыг хангах үүднээс элс, хайрга ачсан том тээврийн хэрэгслүүдийг тусад нь замаар явуулж яагаад болсонгүй вэ. Ийм зохицуулалт хийсэн бол тэр олон хүний амь хохирч, тэр олон гэр бүлд нөхөж барахгүй гарз тохиох байсан уу. Өнөөдөр ч улаан шороо боссон замаар л том оврын тээврийн хэрэгслүүдтэйгээ зэрэгцээд түгшүүртэй л зорчиж явна. Жилд л 80 орчим хүн нас барж, 200 орчим хүн осолд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан статистик байна лээ. Зам засварын ажлыг удаашрахад хүргэсэн албан тушаалтнуудын толгой дээр энэ хариуцлага ирэх ёстой шүү дээ.
-Дарханы замд амь насаа алдсан энэ хариуцлагыг хүлээх субьект нь юу вэ. Та энэ талаар судалж үзсэн үү?
-Судалж үзсэн. Тухайн замын эзэмшигч нь Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Зам, тээвэр хөгжлийн яам. Нөгөө талаар авто замын арчилгаа, засч сайжруулах ажлыг хариуцсан төрийн өмчит хувьцаат компаниуд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дарханаас Улаанбаатар хот хүртэлх авто замуудад нийт таван авто зам засвар арчлалтын компани хуваарьтай ажилладаг юм билээ. Жишээлбэл, Төв аймгийн замаар явж байгаад эд хөрөнгөөрөө хохирсон бол тус авто зам засварын ажлыг тухайн аймгийн АЗЗА хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу энэхүү хоёр байгууллага иргэдэд учирсан хохирлыг арилгах ёстой. Дарханы замд бол хэдхэн км яваад л дугуй хагардаг. Наашаа цаашаа хэд явахад л ашиглалтаас гарна. Эдийн засгийн хувьд айхавтар хор хохиролтой. Энэ бүхнийг төр хариуцаж хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох ёстой.
-Та дээрх байгууллагууд руу хандаж үзсэн үү?
-Дарханы замд хохирсон хүмүүс нийлж зам арчилгаа хариуцсан байгууллагууд руу албан тоот өгсөн. Гэтэл хариуд нь “ЗТХЯ манайхтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төсвийг нь шийдсэн тохиолдолд энэ үүргийг хүлээдэг. Гэтэл энэ төсвийг шийдэж өгөөгүй. Иймээс бид хариуцах боломжгүй” гэдэг. Хуулийн зохицуулалтыг нь харахад төсвийг нь батлаагүй бол зам арчилгааны компаниуд хариуцах боломжгүй юм билээ. Ингээд харахад хариуцагч нь ЗТХЯ болж байгаа юм. Дарханы замд осолдсон бүхний хариуцлагыг төр хүлээх ёстой. Энэ бол 1930-аад оны их хэлмэгдүүлэлттэй агаар ижил явдал гэж харж байгаа. Төрийн ажил завааруулж гамшгийн замаар явуулж хохироочихоод бүх бурууг жолооч руу чихээд өнгөрч болохгүй.