Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш, доктор М.Баярпүрэвтэй ярилцлаа. Тус сургуулийн төгссөн электроникийн инженерүүд Японы Тошиба компаний хамтрагч байгууллагад ажиллахаар болсон юм.
–Танай тэнхимийг төгссөн электроны инженерүүд Японд мэргэжлээрээ ажиллахаар болсон. Тэдний талаас шинэ ажилтан авахдаа ямар шалгуур тавьж байв?
2010 оноос манай тэнхим Япончуудтай хамтран ажиллах болсон. 2011 оноос манай төгсөгчид Японы компаниудад ажилтнаар орж эхэлсэн. Эхний явсан залуучууд маань ур чадвараа үнэлүүлж, танигдсан учраас SONY, Panasonic зэрэг том компаниудад ажиллаж байна. Ингэснээр дараа дараачийн ажилчдаа манай төгсөгчдөөс шалгаруулж авах сонирхолтой болсон. Энэ жил 23 төгсөгчийг шалгаруулж ажилд авсан. Эдгээр залуучууд микросхемийн үйлдвэрлэл, чип дизайн, хими технологийн процесс үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллана. Тэгэхээр их нарийн технологи дээр ажиллаж сурна гэсэн үг. Мөн цаашдаа шинээр төгсөж буй оюутнуудад японд ажиллах боломж нээлттэй байгаа. Учир нь японы хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчний эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Нарийн технологийн инженерүүд дутагдаж байгаа учраас Японы Засгийн газраас энэ тал дээр анхаарч, уян хатан бодлого баримтлах болсон. Гадны компаниуд ажилтан сонгож авахдаа тухайн хүний хийсэн бүтээлд голчлон анхаардаг. Жишээ нь, Японы SONY компанид үндсэн ажилтан ажиллаж байгаа манай төгсөгч энд суралцаж байх хугацаандаа хийсэн судалгааныхаа үр дүнг хэрэгжүүлээд сайнаар үнэлэгдсэн тохиолдол байна. Мөн үүнээс гадна хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ёстой. Үнэхээр манай сургуульд хичээгээд сурсан инженер хаана ч очсон гологдохгүй. Гол нь хичээл зүтгэл, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ялангуяа бакалаврын түвшний сургалтын хөтөлбөр дэлхийн томоохон сургуулиудынхтай ижил хэмжээнд хүрсэн.
–Тэнхимийнхээ сургалт, хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?
Манай тэнхим электроникийн инженер, сүлжээ холбооны технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэж байна. Би Японы Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалаад 2010 онд Монголд ирсэн. Ирснээсээ хойш дэлхийн түвшинд бүтээгдэхүүн хөгжүүлэх чадвартай электроникийн салбарын инженер бэлтгэхийг зорин ажиллаж байна. Электроник дотор PCB /printed circuit board-хэвлэмэл хэлхээний самбар/ гэж байдаг. Хагас дамжуулагч чипийг зохиомжилж угсраад өнөөгийн бүхий л технологид хэрэглэдэг. Ийм электрон системийг PCB түвшинд хөгжүүлэх технологи Монголд хэдийнээ ороод ирсэн. Жишээ нь, “IT ZONE” компанийн инженерүүд үүнийг хөгжүүлээд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. 1988 онд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн дэргэд Монел компани байгуулагдсанаас хойш хэрэглэж байна. Гэхдээ энэ технологи одоог хүртэл шинэчлэгдээгүйгээс болж гадны технологитой өрсөлдөх чадвар буурч байна гэж бодож байна. Тэгэхээр дараачийн алхам маань илүү нарийн технологийг оруулж ирэх юм. Үүний тулд хагас дамжуулагч чипний түвшний технологийг Монголдоо нэвтрүүлэх, энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Энэ түвшний инженерүүд маш олон салбарт ажиллаж боломжтой.
–Таны бодлоор манай оронд электрон, нарийн технологийн компани байгуулах боломжтой юу? Бидэнд суурь бааз бий юу?
Дотооддоо электроникийн нарийн технологийн компани байгуулахыг мөрөөддөг. Чадал хүрэх юм байдаг. Хүрэхгүй юм бас байна. Ирээдүйд Монголд дэлхийн хэмжээний том компани байгуулчих юмсан гэж боддог. Үүнийг биелүүлэхийн тулд хэдхэн хүн зүтгээд нэмэргүй. Инженерүүдээ дэмжсэн төр засгийн зөв бодлого хэрэгтэй. Хэдийгээр энэ чиглэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа ч ахиц гардаггүй. Японд ажиллахаар болсон залуучууд тэндээс туршлага хуримтлуулаад эргээд ирнэ. Тэр үед нь ажлын байр, ажиллах орчин нөхцөл нь бүрдчихсэн байвал их сайхан зүйл болох байх. Электрон чиглэлийн үйлдвэр байгуулахад дор хаяж 10 тэрбум доллар шаардлагатай. Харин зөвхөн чип дизайн түвшинд ажиллана гэвэл хүний оюун ухаан, шинжлэх ухааны мэдлэг, чадвар сайн байхад болно. Чип дизайн нь программ дээр ажиллаж, хагас дамжуулагчийн загвар зохиохыг хэлдэг. Тиймээс материаллаг бааз тийм ч их шаардахгүй. Арай бага зардлаар буюу 10 сая долларын санхүүжилт бий болгосноор энэ салбар луу орох боломж үүсээд байна. Дардан зам гэж байдаггүй. Хялбар байсан бол хүн болгон компани байгуулах байсан. Тиймээс бид бага багаар материаллаг баазаа нэмэгдүүлээд явж байна.
–Та багш хүний хувьд залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?
Японы Хоккайдогийн их сургууль анх байгуулагдахад Уиллиам Клар гэдэг америк хүн багшилж байсан. Тэр хүн Японоос явахдаа “Boys be ambitions” буюу залуус аа том мөрөөдөлтэй, амбицтай байцгаая гэж хэлсэн байдаг. Энэ үгийг залуучуудад хэлмээр байна. Монголын залуучууд том мөрөөдөлтэй болох хэрэгтэй. Амбиц гэдэг үгийг манайд буруу утгаар ойлгодог. Гэтэл японд энэ үгийг эерэгээр хүлээн авч, залуучууддаа хэлсээр байдаг.
Э.ЯНЖМАА