Categories
мэдээ цаг-үе

М.Баярмагнай: Эр хүн шиг эр хүн байж чаддаг хоёр ахтайгаа нэг хамтлагт байгаадаа баярладаг юм

“Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмагнайтай ярилцлаа.


-Танай хамтлагийн тоглолтын реклам цахим ертөнцөд шуугиан тарьж байна шүү. Богд хаант үеийн монголчуудын амьдралыг гаргахдаа “Хар даа” гэж тодотгоод л. Одоо хүмүүс юмыг шоглохдоо “Хар даа” гэх үгийг их хэрэглэж байна?

-Бид их л юм хийх гээд бодож төлөвлөөд ажиллаж байна даа. Энэ нийгмээ хар даа, анхаар даа, анзаар даа гэсэн санаагаар уг рекламаа хийсэн л дээ. Хоорондоо ярьж байгаад л уг рекламныхаа санааг олсон.

-Интернэт дэх wikipe­dia.org нэвтэрхий тольд таныг “Том бие, хүүхэн шиг дуугардаг, гэнэн, сайхан дуулдаг, том хамартай эр” гэж тодотгосон байна лээ. Бүтээдэг дүрүүдийг нь хараад ингэж тодорхойлсон байх?

-Тийм үү. Тэр мэдээллийг олж уншаагүй. Өөрт оногдсон дүрээ л бүтээхийн төлөө чадан ядан явж байна даа.

-Танай “Тусгаар тогтносон инээд” инээдмийн хөтөлбөр өнгөрсөн сарын 28-наас эхэлсэн билүү?

-Тэгсэн. МҮЭСТО-нд өдөр бүр 19 цагаас эхэлж 21 цаг 45 минут өндөрлөж байгаа.

-Хошин шогийнхон тоглолт нь эхлэхээр өдөр бүр нарийн хуваарийн дагуу ажиллаж ачаалалтай байдаг юм шиг байна билээ?

-Орой болтол ажиллалаа гээд маргааш өдөр хүртэл нь унтаж амарна гэж юу байх вэ. Хүний л амьдрал хойно өглөө нь үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэнэ. Тоглолтын бэлтгэл гээд хаячихсан, орхисон байсан ажлуудаа амжуулж гадуур баахан явж байгаад орой нь тоглолтдоо орно.

-Сарын хугацаанд нэг тоглолтоо өдөр бүр тоглоно гэдэг нэг бодлын хэцүү л дээ. Гэхдээ өчигдөр хэлж байсан үг, үйлдэл нь өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөх ч юм уу, ямар нэг өөрчлөлт гардаг байх гэж боддог?

-Өөрчлөгдөлгүй яахав. Тайз гэдэг болохгүй юмаа болгох боломжийг байнга олгодог. Кино бол нэг л муу эсвэл нэг л сайн тоглосон бол тэр чигээрээ үлддэг. Дахиж давтах боломжгүй. Янзалж болдоггүй. Тайз бол алдаагаа засахад дөхөмтэй.

-Тийм болохоор хошин шогийн тоглолтыг сүүлийн долоо хоногт нь л үзвэл дээр юм байна?

-Үгүй л дээ. Тийм зүйл байж болохгүй. Дүрээ л баяжуулж сайжруулна уу гэхээс бүхэл бүтэн тоглолтын чанарт өөрчлөлт орохгүй л дээ.

“Тусгаар тогтносон инээд” тоглолтын рекламны хэсгээс

-Та СУИС-ийг төгсөөд УДЭТ-т жүжигчнээр жил гаруй ажиллаад хошин шогийн урлаг руу орсон байдаг. Яагаад театраас гарсан юм?

-Хүний амьдралд чинь янз бүрийн л юм байна шүү дээ. Театрт ороод жил гаран ажилласан юм. Цалин мөнгөнөөс эхлүүлээд асуудалтай. Над шиг шинэ жүжигчин олон. Тухайн үед 27300 төгрөгийн цалин авдаг байсан. Тэр үед хошин урлагийн театр 40 мянган төгрөгийн цалин өгнө гэж урьсан юм. Оюутны байранд амьдардаг байсан юм чинь арван хэдэн мянган төгрөг хаа юм бэ. Тэгээд л хошин урлагийн театрт орж байсан даа.

-Та оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрт ороод сонгодог дүрүүдийг бүтээнэ гэж боддог л байсан байх?

-Бодолгүй яахав. СУИС-д байгаа бүх л хүүхэд театрт орох юмсан гэж л мөрөөддөг шүү дээ. Мань мэт нь ямар Ромеод тоглох биш дээ. Янз бүрийн бодсон юм байна аа, чухам юу болдог юм бол доо. Нас залуу байна болох байлгүй.

-Хошин шогийнхонд түгээмэл гаргадаг дүр, үзэгдэл бий л дээ. Байнга хөнддөг сэдэв нь хөдөө, сумын төвийнхөн эсвэл нууц амраг байдаг. Тэгээд эрчүүд нь эмэгтэй болж жүжиглэдэг. Үүнээсээ татгалзмаар юмаа гэж шүүмжилдэг?

-Түгээмэл гэдэг чинь өнөөдөр амьдрал дээр болж байгаа үйл явдлыг л бид харуулдаг. Амьдралаас өөр юм хийгээгүй шүү дээ. Жишээ нь, аав, ээжийн тухай таван сайхан санаа байхад тавууланг нь нэг тоглолтод оруулж болохгүй. Хүмүүс үзэхэд сонирхолтойг нь бодож монгол ахуйгаа санасан, омогшсон зүйлийг нь байлгамаар байгаа юм. Манай хамтлаг жил гарны хугацаанд тоглоогүй байсан.

-Хошин шогийнхон “Монголд хошин шогийн зохиолч байдаггүй. Хэрвээ сайн зохиолчидтой болвол бид өөрсдөө ингэж санаа олох гэж зовохгүй” гэж ярьцгаадаг юм?

-Мэдээж шүү дээ. Хүссэн хэмжээнд нь хүртэл бичих зохиолч байхгүй байгаа юм чинь. Дээр үеийн хошин зохиолууд нь цаг үетэйгээ нийлэхгүй, хоцрогдчихсон. Тухайн үедээ манай эмэгтэй жүжигчид нэг номерынх байж нэг дүрийг аваад явчих хэмжээнийх байгаагүй. Яахав эмэгтэй дүрдээ тоглодог байсан. Жавхаа (Ш.Жавхлан), Чука (Г.Чулуунцэцэг) хоёр маань одоо бүхэл бүтэн ээж, найз бүсгүйн дүрийг хийгээд явчих чадалтай болчихсон болохоор бид нар тэр дүрд нь гарах шаардлагагүй болчихож байгаа юм. Тухайн үед тийм учиртай байсан юм. Залуу хүн нэг том дүрийг дааж авч гарна гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө аргагүйн эрхэнд туфль углаад, хөхөвч зүүгээд гардаг л байсан. Сүүлийн үед эрчүүд нь эмэгтэй дүр бүтээхгүй байгаа шүү дээ, манай хамтлаг тэр тусмаа.

-Дээр үед чинь хүмүүс дэмждэг хамтлаг, дуучидтайгаа уулзах гэж холоос зорьж ирж гарын үсгийг нь авч хамт зураг татуулах буюу эсвэл шуудангаар захидал бичдэг байж. Одоо тийм шүтэн бишрэгч байна уу?

-Тийм шүтэн бишрэгчид байдаг. Гэхдээ ганц хоёр. Одоо чинь цахим ертөнц хүчтэй хөгжөөд хүмүүсийн хоорондын амьд харилцаа үгүй болоод байна. Хуучин чинь гаднаас зочин орж ирэхээр ширээндээ урьж суулгаад цайгаар дайлангаа гэр бүлийнхээ гэрэл зургийн цомгийг гаргаж ирээд дээр үеийн зургуудаа тайлбарлаж сонирхуулдаг сайхан соёлтой байсан шүү дээ.

Одоо тийм юм байхгүй. Бүх юмаа гар утсандаа авч явдаг. Энэ сошиал ертөнц манайд хэтэрхий буруу тал руугаа явж нэгнээ муулах, элдвээр хэлэх нь их байна. Манайд буруугаар хөгжөөд байна, энэ сошиал. Мэдээж тоглолт хийхэд зар сурталчилгаа, реклам явуулахад хэрэг болж л байгаа юм л даа. Хэтэрхий муухайгаар л хөгжиж байгаад харамсдаг.

-“Маск” продакшныг П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан та гурав анх нийлж байгуулж байсан. Бусад продакшн салж нийлээд бутраад янз янз л болж байхад эв нэгдэлтэй, анхны бүрэлдэхүүнээрээ байгаа нь танай продакшн юм уу даа гэж харагддаг?

-Анх л сэтгэл зүрхээрээ нэгдэж, бид 11 жилийн өмнө “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлаж байсан. Одоо болтол бид хамт байгаа ч дандаа бүх юм сайхан байна гэж юу байхав. Аливаа юман дээр, уран бүтээл дээр хэрүүл тэмцэл, инээд наргиа бүхий л юм байгаа юм чинь. Эр хүн шиг сайхан хоёр эр хүнтэй хамтарч ажиллаж, мөр зэрэгцэн зүтгэж нэг продакшныхан гэж дуудуулж яваадаа бахархдаг. Чадахгүй юмыг минь зааж зөвлөж явдаг хоёр ахдаа баярлаад баршгүй. Их баярлаж явдаг.

-Дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байгаа юу, танайх?

-Манайх “Хайр харуусал” гэж ганц л кинотой. Ирэх нэгдүгээр сард кино хийх төлөвлөгөөтэй байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *