Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл үндэсний-бөx

М.Бадарч: Допингийн шинжилгээний хариуны талаар надад мэдэгдсэн зүйл алга. Шинжилгээндээ итгэлтэй байна DNN.mn

Улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, шагналт байр эзэлсэн 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Наймдугаар сарын 8-ны өдөр нийт 48 шинжилгээний 47 нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирсэн гэх мэдээллийг албаны хүн онцолж байгаа юм. Нэг шинжилгээний сорьц ирж амжаагүй гэх мэдээлэл бий. Тэр нь Улсын арслан М.Бадарчийн шинжилгээ гэх. Энэ нь түүнийг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх шуугианыг бөхийн ертөнцөд тариад байна. Энэ асуудлын хүрээнд түүнээс тодруулга авлаа.


-Таныг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл гараад хэд хонолоо. Энэ асуудалд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?-Сайн байна уу. Би Улсын арслан цолны мялаалга наадмаа төрсөн нутаг Архангай аймгийн Цэнхэр сумандаа хийгээд хэд хоног амсхийх завгүй байлаа. Ямар мэдээлэл нийтэд түгээд байгаатай ч бүрэн танилцаж чадсангүй. Ямартаа ч би ямар нэгэн допингийн төрлийн бодис хэрэглээгүй. Үүндээ бүрэн итгэлтэй байгаа. Би өмнө нь ч допингийн шинжилгээ хэд хэдэн удаа өгч байсан. Тус бүр цэвэр гарсан.

-Тан руу шинжилгээтэй холбоотой асуудлаар хэн нэгэн холбогдсон уу?

-Одоогоор үгүй. Шинжилгээний хариу асуудал дагуулсан бол над руу холбогдох байх. Одоогоор ийм асуудлаар холбогдохгүй байна.

Шинжилгээний хариу цэвэр бол холбогдоогүй. Допингийн шинжилгээний талаар тодорхой мэдээлэл надад алга.

Зөвхөн таны шинжилгээний хариу үлдсэн. Энэ асуудал дагуулсан гэх мэдээлэл гараад байна л даа?

-Ийм боломж байхгүй шүү дээ. Эхлээд ойлголтоо цэгцлэх нь зөв байх. Бид шинжилгээ өгөхдөө лацтай саванд шээгээд лацдаад код наадаг. Кодны хувилбар нь надад үлддэг. М.Бадарч гэсэн нэр наадаггүй. Шинжилгээ ирээд л энэ Бадарчийн шинжилгээ ирээгүй байна гэж шууд ялгах боломжгүй. Шинжилгээний хариу кодоор л ирдэг. Тиймээс энэ ташаа мэдээлэл” гэв.

Улсын шинэ арслан М.Бадарчийн зүгээс цахимд тархаад буй мэдээллийг үгүйсгэж байна. Тухайлбал допингийн шинжилгээний хариу кодтой ирдэг. Үүнийг хараад шууд таних боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Допингийн шинжилгээний хариу Монголын Үндэсний олимпын хорооны харьяа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад БНСУ дахь лабораториос ирдэг. Үүнийг нь Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгснөөр хариу тодорхой болдог. Одоогоор Баяр наадам зохион байгуулах комисс руу шинжилгээний хариу ирээгүй байгаа гэнэ. Монголын допингийн эсрэг байгууллагад байгаа гэх.

Допингийн шинжилгээ авах үйл явц нүднээс далд, хаалттай хөшигний ард явж ирсэн нь хэл ам дагуулаад олон жил болж байна. Шинжилгээнд ажилласан эмч допингийн шинжилгээгээр шантаажилж бөхчүүдээс мөнгө нэхдэг асуудал гаарсан гэх мэдээлэл бий. Улмаар энэ асуудалд АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж Ч.Насанбат гэх эмчийг шалгаж хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч тэндээ замхарсан. Тухайн эмчийн үйлдэл допингийн шинжилгээ мөнгө угаах хэрэгсэл болсон гэдгийг харуулж байгаа юм.


Г.Баярсайхан: Допингийн шинжилгээний үйл явц ил тод, нээлттэй байх ёстой


Бид допингийн шинжилгээний үйл явцын талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар холбогдох байгууллага мэдээлэл хийхгүй байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа. Таны тухайд спортын эрүүл мэндийн салбарын хүн. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг юм бэ. Манайх шиг сарын дараа гардаг жишиг бий юу?

-Зардлаасаа шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг л даа. Хамгийн хурдандаа 30-60 минутын хугацаанд л шинжилгээний хариу гарах боломжтой. Тив дэлхийн зэрэглэлийн тэмцээний үеэр хийж буй допингийн шинжилгээний хариу ийм хугацаанд л гардаг. Гэхдээ богино хугацаанд шинжилгээний хариуг гаргах шаардлагатай бол зардал нь тодорхой хэмжээнд өндөр болно.

-Допингийн шинжилгээ авах, хариу нь ирээд зарлах үйл явц маш нууц, хөшигний ард байх юм. Олон улсын жишиг ийм байдаг юм уу?

-Допингийн шинжилгээг хэзээ авсан, хэдний өдөр БНСУ руу ниссэн, хариу нь хэзээ ирэх зэрэг нь тодорхой бус далд байгаа нь хардлага дагуулдаг. Наадамд шөвгөрсөн бөхчүүд долдугаар сарын 12-ны орой допингийн шинжилгээ өгдөг.

Тамирчин допингийн шинжилгээ өгөхдөө эмчийн хяналт дор “А”, “Б” гэсэн хоёр саванд шээдэг. Ингээд савтай шээсийг тамирчин өөрөө лацдаад таглаж кодоо авна. Улмаар “А” савтай шээсийг шинжилгээнд илгээдэг. Хэрэв допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” савтай шээсээ дахин шинжлүүлж болно. Ингэхдээ шинжилгээний зардлаа хувийн зүгээс гаргадаг.

-БНСУ дахь лабораторид шинжлээд буцаж ирэх үйл явцын талаар тодруулахгүй юу. Шинжилгээний хариу ингэж удаад байгаа шалтгаан нь бүрхэг байгаа учраас л танаас тодруулж байгаа юм?

-Тухайн итгэмжлэгдсэндээлаборатори лацтай шээсийг хүлээн авч шинжлээд хариуг нь холбогдох байгууллага руу факсаар илгээдэг. Товчхондоо ийм л үйл явц. Тэгж олон өдөр үргэлжлэх ажил огт байхгүй.

-БНСУ дахь лабораториос л нууцлалтай ирдэг шүү дээ. Гэтэл тэрний шинжилгээ ирээгүй байна гэх мэдээлэл гараад байна. Үүнийг мэдэх боломж бий юу?

-БНСУ дахь лабораториос лацтай ирдэг гэдгийг би онцолсон. Нэр байхгүй кодтой л ирнэ.

Энд ирэхэд нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад лацдаад Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгдөг. Ингээд л нийтэд зарладаг. Допингийн эсрэг байгууллагад хэний ч шинжилгээний хариуг яаж ч оролдож болно. Шинжилгээний үйл явц хөшигний ард далд явдаг болохоор үүнийг хэлж байгаа юм шүү. Удаж байгаа нэг үндэслэл нь энэ ч байж болох талтай.

-Допингийн шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэл бий юу. Нэг өдөр л хийсэн шинжилгээнүүд шүү дээ?

-Шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэлгүй. Тэр дундаа манайх шиг хэдхэн бөх, харваачийн шинжилгээг тэгж удаагаад байх ямар ч шаардлага байхгүй. Манайхаас чөлөөт бөх, боксын шигшээ багийн тамирчид тогтмол допингийн шинжилгээнд хамрагддаг. Хариу нь тэр дороо л гараад ирнэ. Ингэж уддаггүй. Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээ л ингэж уддаг. БНСУ-даа удаад байдаг юм уу, энд ирэхэд нь удаагаад байдаг юм уу. Холбогдох газарт нь хандахад тодорхой мэдээлэл огт хэлдэггүй” гэв.

Мэргэжилтний зүгээс ийм байр суурь илэрхийлж байна. Нэг дор авсан допингийн шинжилгээ ингэж цуварч ирэх үндэслэл байхгүй гэдгийг онцолж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *