Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтнуудын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд шаардлага тавин, жагсаал хийлээ.Тэд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан, ажил хаялтын өмнөх суултыг ес хоногийн турш хийж, үсээ хусан тэмцсэн. Үр дүнд нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээр”-ийг зөвшилцсөн. Гэвч хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан хариу ирүүлсэн байна.Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн өнөөдрийн жагсаалыг хийж байгаа аж.
Жагсаал нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулах, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах тухай юм.
Жагсаалд оролцож буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаа таслалгүй, ээлжээсээ буун шууд ирсэн. Зарим ажилтнууд өглөө 08:00 цагийн орчимд ээлжээ хүлээлцэхээр явсан байна.
Уг жагсаалд оролцож буй эмч, сувилагч нарын төлөөллөөс зарим зүйлийг тодруулахад:
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч М.Амарзаяа “Бидний амьдрах нөхцөл үнэхээр хүнд байгаа. Засгийн Газар гараа сунгахыг хүлээсээр өдийг хүрсэн. Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь 100 хувийн зээлтэй, цалингаас цалингийн хооронд амьдардаг. Нэг сувилагч 4-5 сувилагчийн ажлыг зэрэг хийдэг.Нэг сувилагчид ногдох орны тоо 30 байдаг. Ачаалал их, цалин бага нөхцөлд ажиллан, ар гэртээ цаг зарцуулж чаддаггүй. Тиймээс цалингаа нэмүүлэхийн төлөө бүхий л цаг заваа гарган, ээлжтэй хоноод, өглөө хүлээлгэж өгөн нойр хоолгүй тэмцэж байна” гэв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны нарийн бичиг Э.Оюунбилэг “Бид цалингаа 50-аас доошгүй хувиар нэмүүлэхийг зорьж байгаа. Статистик мэдээллээр Монгол Улсад цалингийн дундаж хэмжээ 996 мянга гэдэг. Гэтэл сувилагчийн дундаж цалин 400 мянган төгрөг. Шинэ сувилагч 400 мянгыг, шатлал нь нэмэгдэхэд 40 мянган төгрөг нэмэгддэг. 10-20 жил ажилласан сувилагч 500 мянга хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Үүнээс татвар төлөх, зээл төлөх зэргээр гар дээрээ 100 хүрэхгүй мянган төгрөг л авдаг. Тиймээс цалинг 50 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр нэмүүлэхэд 750 мянган төгрөг болно. Энэ нь статистикийн дундаж хэмжээнээс доогуур дүн. Гэсэн ч үнэхээр цалин нэмэгдэж байвал дуугүй байх болно. Бид эмч болохын тулд маш олон жилийн хүч хөдөлмөрийг зарцуулдаг. Тиймээс “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр”-ийг бүртгэхгүй бол2018 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Хэрэв ажил хаяхаар бол бүх эмнэлэг зэрэг ажил хаях уу, үгүй юу гэдгийг ажил хаях төв хорооны ажлын хэсгээс шийднэ. Хүний амь нас хариуцсан эдгээр хүмүүсийг ажил хаяхад хүргэхгүй байгаасай” гэлээ.
12 цагийн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажлын байрандаа байхгүй талаар жагсаалд оролцож буй иргэд ярьж байлаа. Жагсаал өглөөний 07 цагаас эхэлсэн. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны байрны дөрвөн хаалганд хуваагдан суусан ч сайд орж, гарч харагдаагүй байна.
Э.АНУДАРЬ