Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмед Язал тус улсын үндэсний “Турк Эйрлайнс” компани Истанбул-Улаанбаатар хооронд өдөр бүр суудлын тоо харгалзахгүйгээр шууд нислэг үйлдэх боломжтой болсон талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Одоо үйлдэж буй нислэг нь долоо хоногт 500 суудлын хязгаартай юм байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Истанбул-Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэх боломжтой байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдоод хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаанд маш их хөгжил дэвшил гарсан. Сүүлийн хоёр жил болон өнгөрсөн жилүүдэд харахад хоёр улсын хооронд ихэнх салбарын хамтын ажиллагаа хөгжсөн боловч худалдааны салбарт ахиц гараагүй байна. Уг нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн байгалийн баялаг, хөдөө аж ахуй, ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг Турк улсад худалдаж авах зах зээл бэлэн байдаг. Хоёр улс эрт дээр үед нэг газар нутагт зэрэгцэн амьдарч байснаас улбаатай ард түмний хэрэглэж байгаа хоол хүнс, хэрэглээ зэрэг нь хоорондоо адилхан. Тийм учраас Турк улсад үйлдвэрлэдэг маш олон бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх боломжтой юм. Ийм байгаа ч хоёр улсын хоорондын худалдааны эргэлт маш бага. Өнгөрсөн 2018 онд худалдааны эргэлт 30 хувиар нэмэгдсэн. Гэвч дөнгөж 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Монгол Улсын гуравдагч хөрш орнуудтай хийсэн гадаад худалдааны эргэлттэй харьцуулахад энэ тоо Турк улсыг хамгийн сүүлийн байранд оруулж байгаа юм. Ингэж байгаа шалтгаан нь бизнэс эрхлэгчид Монголоос Туркэд, Туркээс Монголд ирэхэд, бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд хүндрэлтэй байгааг хэлдэг.
-Шалтгаан нь юу юм бэ?
-Одоогийн байдлаар хоёр улсын хооронд шууд нислэгээр ачаа зөөх боломжгүй. Тиймээс нэг бол хуурай газраар ачаагаа тээх, эсвэл усан замаар ачаа тээх сонголт тулгардаг. Хуурай замаар ачаагаа зөөхөөр маш хурдтай явлаа гэхэд 15 хоног, усан замаар бол хоёр сарын дараа бараа бүтээгдэхүүн Монголд авчирдаг.
Харамсалтай нь, энэ асуудлыг Монголын хэвлэл мэдээллээр “Турк Эйрлайнс” компани нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийг оролдож байна гэж бичиж байна. “Турк Эйрлайнс” компани Монгол руу нислэг үйлдэхийг хүсээд байгаа юм биш, Туркийн Засгийн газар “Та бүхэн Монгол руу шууд нислэг үйлдээч” гэсэн хүсэлтийн дагуу тэд ажиллахыг зорьж байгаа хэрэг. Худалдааны харилцаанаас гадна эдийн засаг улс төр батлан хамгаалах бусад олон салбарыг хөгжүүлэхийн тулд шууд нислэг яалт ч үгүй чухал шаардлагатай байгаа юм. Бид энэ хүсэлтээ Монголын холбогдох байгууллага албан тушаалтнуудад тавьсан.
-Өдөр бүр шууд нислэг үйлдвэл хэрхэн үр дүн гарах талаар та бүхэнд ямар судалгаа байна вэ?
-Монгол Улсад долоо хоногт 500 суудалтай нислэг үйлдэх хязгаартай. Харин “Турк Эйрлайнс” компани 289 суудалтай том оврын онгоцтой. Одоо нислэг үйлдэж байгаа жижиг онгоц цаг агаарын таагүй байдлаас болж нислэг оройтохоос эхлээд сөрөг үр дагавар олон бий. Ачаа тээвэрлэх боломжгүй, Бешкек дээр зогсож түлшээ цэнэглэдэг. Ийм маягаар жилд 20 мянга хүрэхгүй зорчигч тээвэрлэдэг. Жилийн карго тээврийн багтааж 100 тонн хүрэхгүй байна. Энэ нь Туркийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Монгол руу авчирч чадахгүй, Монголын бизнес эрхлэгчдийг Турк руу, Европын бусад улс руу гарахад нь тусалж чадахгүй байна.
Үүнээс гадна аялал жуулчлалын салбарт Монгол Улсад оруулж болох маш их ашгийг алдаж байна. Монголд ирээд хоёр жил амьдарсан хүний хувиар хэлэхэд Монгол бол үзэж харах үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдралын хэв маягаараа гайхамшигтай орон.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Истанбулд жилд 90 сая зорчигч хүлээж авах хүчин чадалтай шинэ нисэх буудал ашиглалтад орсон. Одоогийн байдлаар “Турк Эйрлайнс” компани Монголд жилд 19-20 мянган зорчигч авч ирдэг. “Турк Эйрлайнс” компанид Монголын тал өдөр бүр шууд нисэх том оврын онгоцоор суудлын тоо хязгаарлахгүйгээр нислэг хийх зөвшөөрөл өгвөл жилд 90 мянган зорчигч тээвэрлэж авч ирэх боломжтой. Харин ачаа тээврийн хувьд нислэг бүрээр 20 тонн карго ачаа тээвэрлэнэ. Ингэснээр хоёр улсын хоорондын худалдаанд маш том нэмэлт өөрчлөлт гарахаас гадна Монголын экспортлогчид Истанбулаар дамжаад Европын орнууд руу бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэнэ.
Эдийн засагт хувь нэмэр оруулах өөр нэг зүйл бол Монгол Улсад төлж байгаа татвар төлбөрүүд ч нэмэгдэх юм. “Турк Эйрлайнс” 2012 онд нислэг үйлдэж эхэлснээс хойш өнөөдөр хүртэл жижиг оврын онгоцоор 110 мянган зорчигч тээвэрлэсэн байдаг. Хэрэв 2012 оноос хойш суудлын тоо хязгаарлахгүйгээр нислэг үйлдэж эхэлсэн бол 540 мянган зорчигч авчрах байсан судалгаа гарсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс руу 52400 жуулчин тээвэрлэж ирсэн. Харин том оврын онгоцоор 470 мянгад хүрэх байв. Карго ачаа 600 тонноос 44 мянгад хүрэх боломжтой байлаа. Зөвхөн мах тээвэрлэлээ гэхэд 110 сая ам.долларыг оруулахаар байсан байгаа юм.
-Энэ талаар манай улсад ямар санал хүсэлт тавьсан байдаг вэ. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Агаарын тээврийн хэлэлцээнд зааснаар шууд нислэг авахын тулд үндэсний авиа компаниуд хоорондоо тохиролцох ёстой гэсэн зүйл заалт байдаг. Бидний гацаад байгаа асуудал бол Монголын үндэсний авиа компани “МИАТ”-тай ойлголцож чадахгүй байна. Надад ирсэн мэдээллээр МИАТ-ынхан ““Турк Эйрлайнс” компани өнгөрсөн хугацаанд нислэг үйлдсэнээр МИАТ компани зорчигчоо алдсан. Тэд дахиад нислэгийн тоогоо нэмбэл бидний үйлчлүүлэгчид улам багасч, компани дампуурах эрсдэлд хүрнэ” гэсэн мэдээллийг хүмүүст өгсөн байсан. “Турк Эйрлайнс” компани өнгөрсөн хугацаанд нислэг үйлдэж байхад МИАТ болон бусад компани зорчигчдоо алдаагүй. Үүнийг батлах судалгаа хангалттай байгаа. Манай үндэсний компани өдөр бүр нислэг үйлдсэн ч МИАТ хохирохгүй. Бидний зүгээс ийм саналыг хүртэл тавьсан. “Истанбулаар дамжаад Европ руу нисээч. Европ руу явах зорчигчдыг “Турк Эйрлайнс” гаргаж өгье гэж. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ойлголцоогүй байна.
Энэ асуудлыг Монголын Засгийн газрын түвшинд дэмжиж байгаа, өдөр бүр нислэг үйлдүүлэх сонирхолтой байгааг би мэдэж байна. Мэдээж бидний хувьд алдаж хохироод байгаа зүйл байхгүй. Монгол Улс ийм маягаар жилд 100 гаруй сая ам.долларын алдагдалд орж байна. Ах дүүгийн найрамдалт харилцаатай анд нөхдөд хохирол учирч байгаад харамсаж байна.
Б.ЭНХ