Categories
мэдээ цаг-үе

Людвиг ван Бетховен

Хүн төрөлхтний түүхэнд өөрийн бүтээлээрээ мөнхлөгдсөн суут авьяастны нэг бол Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен. Венийн сонгодог сургуулийн төлөөлөгч гэгддэг түүний бүтээлүүд өнөөдөр хүртэл тоглогдсоор байгаа. Тэрээр симфони, дуурь, сонат гээд хөгжмийн бүх л төрлөөр бүтээл туурвисан. Түүний төгөлдөр хуур болон хийлд зориулсан бүтээлүүд нь хамгийн гайхамшигтайд тооцогддог.

Людвиг ван Бетховений “9 дүгээр симфони”, “Сарны сонат”, “Фиделио” дуурь, хожим нь Европын Холбооны сүлд дуу гэгдэх болсон “Баяр баяслын ода” зэрэг бүтээлийг дэлхий даяараа сайн мэднэ. Сонгодог болон романтизмын үеийн томоохон төлөөлөгч хэмээн тодорхойлогдсон Бетховенийг аав нь багаас нь хөгжмийн зохиолч болгохоор бэлдсэн гэдэг. Тэрээр 1770 онд Бонн хотноо төрсөн бөгөөд аав Иохан Бетховен нь хааны ордны дэргэдэх сүмийн дуучин байжээ. Хүүгээ Моцарт шиг агуу хөгжмийн зохиолч болгоно хэмээн мөрөөдөж байсан боловч санасанд нь хүрээгүй гэдэг. Үнэндээ Бетховен нь Моцартаас ч дутахгүй нэртэй уран бүтээлч болж чадсан. Хөгжмийн зохиолч Кристиан Готлоф Нефе гэгчийг Бонн хотноо ирэхэд Бетховен шавь орсон байна. Багш нь бяцхан хүүг авьяастай гэдгийг ч мэдэрчээ. Багшийнхаа ачаар Бетховений анхны бүтээл олны хүртээл болсон. Ингээд 12 настайдаа хааны ордны хөгжимчний туслахаар ажиллах болсон. Гэтэл Бетховений өвөө нь нас барж гэр бүл нь санхүүгийн хувьд тун хүнд байдалд оржээ. Тиймээс ч хүү аргагүйн эрхэнд сургуулиасаа гарсан. Гэсэн хэдий ч биеэ даан латин, франц, итали хэл сурсан байна. Түүнээс гадна маш их ном уншдаг байснаа хожим нь нэгэн захидалдаа дурдсан юм. Уг захидалдаа “Эрдмийн ямар нэгэн зэрэг горилох санаагүйгээр багаасаа л суут хүмүүсийн мөн чанарыг ойлгохыг хичээсэн” хэмээн бичжээ. Тэр үед Бетховен аль хэдийнэ хөгжим зохиогоод эхэлчихсэн байсан. Гэхдээ түүнийгээ олны хүртээл болгохыг яарсангүй. Хожим нь Боннд байхдаа тэдгээр бүтээлүүдээ янзалж улам сайжруулсан гэдэг.

Залуухан Бетховен 1787 онд Вена хотод ирж агуу Моцартад өөрийнхөө бүтээлийг тоглож сонирхуулжээ. Моцарт түүнийг нь сонсоод дуу алдан “Тэр бүх хүмүүсээр өөрийнхөө тухай яриулж чадлаа” хэмээн хэлсэн гэдэг. Ийнхүү хоёр агуу хөгжмийн зохиолч уулзсан түүхтэй. Уг нь Бетховен Моцартад шавь орох бодолтой байсан гэнэ. Харамсалтай нь ээж нь хүндээр өвдсөн тухай мэдээ ирж аргагүйн эрхэнд Бонн руу буцжээ. Удалгүй эх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж 17 настай хүү өрх гэрээ авч явах хариуцлагатай үүрэг хүлээсэн байна.

Бетховений төрсөн байшин

Найрал хөгжимд ажилд орсон хэдий ч сурч боловсрох хүсэлд автсан залуухан хөгжмийн зохиолч их сургуулийн лекцэнд сууж эхэлжээ. Гэтэл Францад хувьсгал гарсан. Их сургуулийн нэгэн профессор хувьсгалыг магтан дуулсан шүлгийн түүврээ хэвлүүлж Бетховен ч түүнийг дэмжсэн байна. Тэр үед “Эрх чөлөөтэй хүний дуу” нэртэй бүтээлээ туурвижээ. Нэрт хөгжмийн зохиолч Гайдн тухайн үед Англиас Боннд ирж Бетховений бүтээлүүдийг сонсоод өндрөөр үнэлсэн юм. Гайднд шавь орохоор шийдсэн Бетховен Венийг зорьжээ. Гэвч багш, шавь хоёрын аль аль нь сэтгэл дундуур үлдсэн юм. Бетховений ярьснаар багш нь өөрт нь хангалттай анхаарал тавиагүй аж. Харин шавийнх нь хэт зоригтой шинэ санаа, уйтгартай ая хоёрт багш нь сэтгэл дундуур байсан гэдэг. Ийнхүү Бетховенийг өөр багшид хүлээлгэн өгчээ.

Нэрт хөгжмийн зохиолч маань Венад ирсэн даруйдаа хөгжимчний хувьд алдаршсан гэдэг. Түүний төгөлдөр хуураар хэрхэн тоглохыг сонссон хүмүүс өөрийн гэсэн онцлогийг нь биширсэн байна. Гадаад төрхөөрөө ч бусдаасаа эрс ялгардаг байсан тухай бичсэн байдаг. Хувцаслалтдаа төдийлөн анхаардаггүй байснаас гадна арзайсан үсээ самнадаггүй байжээ. Нэлээд зөрүүд, хурц ааштай түүнийг төгөлдөр хуур тоглож байхад нь нэгэн эр хажууд байсан эмэгтэйтэйгээ яриад байсан гэнэ. Үүнд бухимдсан хөгжмийн зохиолч “Би ийм гахайнуудад зориулж тоглохгүй” гэж хэлээд шууд л босч явжээ.

Бетховен энд нойрсож байгаа

Бас нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье. Бетховен гүн Лихновскийнд зочилж байх үед тохиолдсон явдал. Гүн Лихновский нь түүнийг шүтэн бишрэгч байсан. Гэрт нь цугларсан зочдод зориулан төгөлдөр хуур тоглохыг хүссэн боловч Бетховен дургүйцэн өрөөндөө орж хаалгаа дотроос нь түгжжээ. Гүн өрөөнийх нь хаалгыг эвдүүлэхэд Бетховен тэднийхээс шууд л явсан байна. Маргааш нь түүнд “Гүнтэн! Миний ямар байгаа нь өөрийн маань ач гавьяа. Гүнтэнгүүд бол хэдэн мянгаараа байдаг, байх ч болно. Харин Бетховен бол ганцхан” гэсэн захидал илгээсэн байна. Хэдийгээр ширүүн ааштай ч найзууд нь түүнийг маш зөөлөн сэтгэлтэй хүн хэмээн ярьдаг байсан гэнэ. Ямар ч бэрхшээл тулгарахад заавал тусална.

Нэрт хөгжмийн зохиолч Венад ирснээсээ хойш бүтээлүүдээрээ олны танил болжээ. Төгөлдөр хуур, хийлд зориулсан хэдэн арван бүтээлүүдээ туурвиж нэг болон хоёрдугаар симфонио бичсэн. 1796 оноос нэрт хөгжмийн зохиолчийн сонсгол нь муудаж эхэлсэн байна. Дунд чихний үрэвслийн улмаас сонсголгүй болсон хэдий ч бүтээлээ туурвисаар байсан гэдэг. Сонсгол нь дахин сэргэхгүй гэдгийг ойлгосон тэрээр Хайлингенштат хэмээх жижигхэн хотод амьдарч бүтээлээ туурвисаар байжээ. Тэр үед бичсэн захидлуудыг Хайлингенштатын захиас хэмээн нэрлэсэн юм. Түүндээ “Хийх ёстой юмаа хийж амжилгүйгээр энэ ертөнцөөс явна гэдэг миний хувьд төсөөлөхийн аргагүй” хэмээн бичжээ.

Алдарт хөгжмийн зохиолч Бетховений “Сарны сонат”-ыг мэдэхгүй хүн үгүй. Энэ бүтээлээ өөрийн шавь гүн Жульетта Гвиччардидад зориулсан гэдэг. Сэтгэлтэй хосууд сартай шөнө уулзаж буй мэт намуухан аялгуу нь дурласан сэтгэлээс төрсөн нь гарцаагүй. Нэрт хөгжмийн зохиолч маань шавьдаа хайртай байсан бөгөөд түүнтэй гэрлэх бодолтой байжээ. Харамсалтай нь Жульета Гвиччардид нь гүн Галленбергийг илүү авьяаслаг хөгжмийн зохиолч хэмээн сонгосон байна. Хэдийгээр нэрт хөгжмийн зохиолчийн хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн ч “Сарны сонат” агуу бүтээл нь мөнхөрсөн юм.

Бетховенийг уран бүтээлээ ид туурвиж байхад Францад хувьсгал гарч Наполеон өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн. Үүнд ихэд эгдүүцсэн Бетховен түүнд 3 дугаар симфонио зориулахаас татгалзсан байна. Хамгийн гол нь өөрийгөө хязгааргүй эрх мэдэлтэй болголоо хэмээн агуу хөгжмийн зохиолч дургүйцсэн аж. Тэрээр Наполеоны эсрэг үзэл бодлоо нэг бус удаа илэрхийлж байсан боловч маш нэр хүндтэй түүнийг эрх баригчид баривчилж зүрхлээгүй гэдэг. Энэ нь суут хөгжмийн зохиолч маань үзэл бодлоороо цаг үеэсээ түрүүлж байсныг гэрчилнэ.

Сонсголгүй болсныхоо дараа Бетховен гэрээсээ гарахаа больжээ. Энэ үедээ хамгийн сайн бүтээлүүдээ туурвисан. Түүний нэг нь “Фиделио” дуурь. Харамсалтай нь энэ бүтээлийг их хожуу үнэлсэн бөгөөд анх Вена хотноо тогложээ.

1824 онд Бетховений алдарт 9 дүгээр симфонийг анх тайзнаа тоглосон. Тэрээр найрал хөгжмийг өөрөө удирдаж симфонийг тоглож дуусахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж байсан гэдэг. Харин Бетховен үзэгчид хэрхэн баяр хүргэж байгааг сонсоогүй гэдэг. Хөгжимчдийн нэг түүнийг үзэгчид рүү эргүүлэхэд тэрээр танхимд цугларсан хүмүүс баяр хүргэж байгааг харжээ. Алга ташилт үргэлжилсээр байсан тул цагдаа нар түүнийг хүчээр зогсоож байсан гэдэг.

Жульета Гвиччардид

Бетховен зөвхөн уран бүтээл туурвиад зогсохгүй олон шавьтай байсан. Тэдний нэг нь дээр дурдсан гүн Жульета Гвиччардид. Түүнээс гадна Тереза Брусвин хэмээх бүсгүйд багшилсан. Маш авьяаслаг хөгжимчин бүсгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ багш, уран бүтээл хоёртоо үнэнч байсан гэдэг. Германы нэрт төгөлдөр хуурч Доротея Эртман ч нэрт хөгжмийн зохиолчийн шавь байжээ. Тэрээр Бетховений бүтээлийг тоглож алдаршсан бөгөөд багш нь түүнд Сонат №28-аа зориулсан юм.

Людвиг ван Бетховен нь Гёте, Шиллер зэрэг Германы алдарт уран бүтээлчидтэй найз байжээ. Нэг удаа Бетховен, Гёте хоёр Теплице хотод цугтаа салхилж байсан гэнэ. Гэтэл эзэн хаан Францтай таарчээ. Хааныг харсан Гёте зам тавьж өгөөд малгайгаа аваад ёслоход Бетховен хажуугаар нь ажил ч үгүй өнгөрсөн гэдэг.

Нэрт хөгжмийн зохиолч амьдралынхаа сүүлчийн өдрүүд хүртэл уран бүтээлээ туурвисан. Эрэгтэй дүүгээ нас барсны дараа хүүхдийг нь өөр дээрээ авч хүмүүжүүлсэн юм. Хөгжимчин болгохоор хамгийн сайн сургуульд оруулсан байна. Харамсалтай нь дүүгийнх нь хүү мөрийтэй тоглоомд орж амиа хорлохыг хүртэл завдсан байна. Энэ нь Бетховенд сэтгэл санааны хувьд маш том цохилт болж бие нь эрс мууджээ. Тэрээр бөөрний өвчний улмаас 1827 оны гуравдугаар сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүнийг оршуулахад 20 мянга гаруй хүн ирж салах ёс гүйцэтгэсэн байна.

Одоогоос бараг арван жилийн өмнө буюу 2007 онд Бетховений шарилд шинжилгээ хийсэн. Үсийг нь шинжлэхэд биед нь нэлээд хэмжээний хар тугалга байсныг илрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл түүнийг эмчилж байсан эмч нь буруу эм хэрэглэсэн гэдэг. Хэдийгээр Бетховен хорвоогийн мөнх бусыг үзүүлээд олон жил өнгөрсөн боловч түүний зохиосон аялгуу дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *