Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Лувсандамбын Дашнямтай уулзаж хөөрөлдлөө. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч тэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул бөгөөд бичиж туурвиж, дуун хөрвүүлсэн тавь гаруй номоо уншигч олноо өргөн барьжээ.
-Монгол бахархлын өдөр хаяанд ирлээ. Монгол уламжлал академийн ерөнхийлөгч, соён гэгээрүүлэгч хүний хувьд танд бахархалтай санагдана биз?
-Эзэн богд Чингисийнхээ төрсөн өдрийг бид “Монгол бахархлын өдөр” гэж нэршүүлж, энэ өдөр улам утга агуулга, олон хэлбэртэй болж, юундаа бахархав гэдгээ мэддэг хүн олон болж буйд би их баяртай байгаа. Цаашдаа Монгол бахархлын өдөр бол омойтож огшдог, Чингисийн нэрийг барьж орилдог өдөр биш монголчууд бид ямар сайхан өвтэй, соёлтой хүмүүс билээ, хэн билээ гэдгээ таньж мэддэг тийм сайхан өдөр болно. Ер нь болж ч байна. Монгол бол аман бүтээл, аман зохиол, аман туульс, аман тууж, аман түүхийн асар их өвтэй орон. Үндсэн амьжиргаа нь мал аж ахуй болохоор мал ахуйтайгаа зэрэгцүүлээд оюунаа хөгжүүлэх, бодож бясалгах, байгалийг ажиглах, шинжих унаган боломжтой нөхцөлд амьдардаг болохоор эдийн соёлыг бүтээхийн хажуугаар оюуны соёлыг их бүтээсэн ард түмэн. Олон зууныг дамнаад энэ соёл маань хатуу гараар орж, хатуу үеийг дамжин үрэн таран болох нь болсон боловч агуу их соёл болохоор судлаад барахгүйгээр үлдсэн. Монгол орныг хүн төрөлхтний түүхийн архив гэж хэлж болно л доо.
-Монголчууд хүн төрөлхтний түүхэнд соёл гэхээр юм үзээд өгье гэсэн ч юу ч үлдээгээгүй ард түмэн гэх хүн ч байдаг даа?
-Хүн төрөлхтний түүх хадан дээр нь, газрын хөрсөн доор нь чухам Монголд л хадгалаастай байгаа юм. Үйлдвэрлэл, газар тариалан хөгжөөд ирэхээр энэ соёлд их халтай байдаг. Одоогоор бид харин аз болж тэрийгээ хадгалж чадсан учраас хүн төрөлхтөн түүхээ судална гэхэд Монгол руу харж, Монголд ирэхээс өөр үггүй болчихож байгаа юм. Монголын биет бус соёлын өв гадаадын ямар орнуудад байна гэдгийг эрж сурвалжилж, олж мэддэг сонирхогч хүмүүс, зориуд аялж судалж, сурвалжилдаг судлаачдын анхаарал энэ зүгт хандсан таатай үе ирж байна. Монгол судлалын холбоо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд санаачлан гадаадад байгаа монгол соёлын өвийг хорин таван ботиор хэвлэн гаргах болсон. Эхний ботиуд гарсан.
-Ямар ботиуд гараад байна?
-Эрмитажид Ноён уулын булшнаас олдсон олдвороос гадна юу байна гэдгийг мэддэг боллоо. Хархорин, Ноён уулын олдворууд бүгд ном болоод гарсан. Солонгос, Японд байгаа соёлын өвүүд байна. Скандинавын орнуудтай тэнд байгаа Монголын соёлын өвийг хамтран ном бүтээл болгох гэрээ хэлцлийг сая хийсэн. Бид соёлоо яаж бүтээснээ мэдэхээс гадна дэлхийгээр нэг яаж тарааснаа мэддэг, тэрийгээ үзээд ирэхээр эргээд өөрийнхөө юу туурвиж бүтээж байсан оюуны чадвараа мэднэ гэдэг үнэхээр бодитой бахархал болно. Бид мэдэхгүй болохоороо юундаа бахархах, юугаа хэлэхээ мэдэхгүй бүхэл бүтэн үе бий болж удаан явсан. Бахархахын тулд юу байгааг мэдэх учиртай юм.
-Шонхор шувуу, хар цагаан сүлдийг монгол бахархлаар нэрлэсэн. Үүнийг та юу гэж бодож байна?
-Арвангуравдугаар зууны Чингис хааны сүлд сүлдрүүд нь хар цагаан байсан гэдгийг түүхэн сурвалжаас мэдэнгүүтээ сэргээсэн. Тэрийгээ хаана, хэдүйд нь догшуулах, цэнгүүлэх юм, хаана хадгалахаа бүр нарийн нягт тогтоогүй мөртлөө бахархлаар зарлаж байна л даа. Нэгэн үе хаалттай боолттой үе байсан болохоор уламжлалт соёлын дутуу түүхий юмнууд байгааг үгүйсгэх аргагүй.
-Тийм дутуу түүхий юм таны анзаарсанаар чухам юу байх шиг байна?
-Нэг том юмыг бодох хэрэгтэй. Монголчуудын амьдралын хэвшил хотын хүмүүс, суурин соёлтой болчихлоо шүү дээ.
-Хүн амын дал гаруй хувь нь суурьшмал болсон байх шүү?
-72.4 хувь нь суурин амьдралтай гэж ЮНЕСКО-гийн шинжээчдийн судалгаанаас харж байлаа. Хорин хэдхэн хувь нь хөдөө байна гэдэг чинь бүгд шахуу хотын хүн болчихож байгаа юм. Хотын хүн болчихоор уугуул нүүгүүл орчинд зохицож байсан олон зүйл хэцүү болно л доо. Цагаан сар болоход зүгээ гаргадаг уламжлал байдаг. Одоо харин байшин барилга нь ертөнцийн зүгээрээ хаашаа ч харчихсан байх юм, зүгээ гаргалаа гэхэд эсрэг зүгт гаргах тохиолдол байх жишээтэй. Цагаан сараар их өндөр настантай ганц хоёрхон айл ууц тавьдаг байсан бол эдүгээ айл болгон тарган хонины ууцаар таваг засаж уралддаг болж. Ингээд ирэхээр уламжлал эвдэгдэж, тэрийгээ гажуудуулж буйгаа ч мэдэхгүй байх маягтай. Хурим найр хийхдээ ч улам гоё болгож байгаа нь гэж нүсэр болгодог, утга учрыг нь алдагдуулдаг явдал газар авлаа. Энэ бүхэн судлаачдаас эргээд том ажил нэхээд байгаа. Энэ бүхнийг цэгцэлж, хамгийн шимтэйг нь сорчлон гаргаж өгч, уншиж мэдэхэд дөхөм болгох ажлууд хийх хэрэгтэй. Ялангуяа сурах бичгүүдэд орж байгаа утга зохиол, түүх, ёс заншлын өвүүдийг маш сайн боловсруулж, цаашид уламжлан өвлөх санаа оноотойгоо орж ирэх ёстой.
-Монгол хүн бүрийн бахархал болох “Монголын нууц товчоо” хөлгөн их судрыг хятад ханз үсгээр уламжлагдан ирсэн гэдэг байсан. Харин Түвдийн номын сангаас худам монгол бичгийн эх арваад хуудас олдсон гэх юм?
-Өмнөд Монголын “Нууц товчоо” цуглуулагч Цогтнаран гэж залуу байдаг. Тэрэнд монгол бичгийн эх хуудсууд байдаг гэсэн. Би яг өөрийн гараар бариад, нүдээрээ хараад уншаад байсан зүйл байхгүй. Сумъяабаатар доктор эдний яриад байгаагаас үзэхэд судлаачдын гар дээр тэр эхийн хувилбар ирчихсэн, тэр битгий хэл харьцуулсан судалгаа хийчихсэн байгаа юм байна. “Монголын нууц товчоо”-г анзаарч байхад цаанаа бичмэл эхтэй нь мэдэгдээд, нэхэгдээд байдаг. Даанч тэр монгол бичгийн эх нь бидэнд байхгүй болохоор яалт ч үгүй болчихоод байгаа. Монгол хэлээр хятадын дүрс үсгээр биччихсэн эхээс хөрвүүлснийг бид мэднэ. Дүрс үсэг чинь зураг үсэг авиалахад хэцүү. Эргүүлж авиалахад олон түвэг учирдаг. Тэр түвэгээ тайлах гэж бас наашаа цаашаа болдог. Цэндийн Дамдинсүрэн гуай бол “МНТ”-г их сайхан сурвалж байна гэдгийг мэдүүт дотор агуулгыг уран зохиолын хэлээр ойлгомжтой сайхан хөрвүүлсэн гавьяатай. Энэ хөрвүүлэг судалгааны эх болгоход түвэгтэй талууд бий. Академич маань өөрөө ч амьд сэрүүн байхдаа энэ тухай ярьж байсан. Дамдинсүрэн гуай Цэнд гүнгийн хөрвүүлэг, Козины орчуулга, орос талын юмаа л голцуу тулгуурласан юм шиг байна лээ. Тухайн үед өөр барьчих эх ч байгаагүй юм чинь. Одоо бол “Нууц товчоон”-ы олон хэсэг, эхүүд ч гарч ирж байна. Тиймээс зарим эхүүдтэй тулгах, нөхөх ёстой зүйл юм. Би Цогтнарангийн цуглуулга, тэр цуглуулгуудын оршил үгүүдээр ном гаргасан. “Нууц товчоо” маань одоо л эхний жинхэнэ эхдээ ойртож, ойлголт нь их нарийн болж, “Нууц товчоо” судлаачдын тоо ч өсөх хандлагатай боллоо.
-Эзэн их хаан Чингисийн мэндэлсэн өдрийг “Зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр төрсөн” гэж түүх шастирт тодорхой дурдсан атал Ерөнхийлөгчийн зарлигаар бүр өвлийн сард тэмдэглэх болсон нь нэг л буруу юм шиг санагдаад байдаг юм даа?
-Их хааны мэндэлсэн үе чинь Нийтийн тоололд ороогүй байсан үе. Арга, билгийн тооллыг харьцуулж үзэхээр найман зуун жилийн дараа гүйгдээд ирэхээр тэр өдөр нь их өөр өдөр болж таарч байгаа юм л даа. Зурхайчдын аргачлалаас шалтгаалж аливаа өдөр зөрөх тохиолдол бий. Тэрнээс болоод бид цагаан сарын шинийн нэгнийг хоёр өөр өдөр тэмдэглэх ч байдаг шүү дээ. Тэрбишдээ илүү байна уу, Намсрайдаа итгэж байна уу, хэндээ илүү итгэж байгаагаараа золгодог доо. Тэрэн шиг л юм. Их хааны төрсөн өдрийг бодож, гаргалгааг нь гаргаад тогтоосон ухаантай юм. Зурхайн ийм зөрүүг монголчууд бүх нийтээрээ мэдэх ёстой.
-Таны орчуулсан Алишер Навойн “Уянгын шүлгүүд” номонд шимтэж үргэлжид унших дуртай сан. Орчуулсан бүтээлийн чинь тоо талийж өгөө байлгүй?
-Нэг ч их олонгүй ээ. Орчуулгын зүйлээрээ боть гаргая гэхэд гурав дөрвөн боть болно л доо. Би чинь Улсын хэвлэлийн газрын уран зохиолын редактороор бас нэг дээд сургууль төгсөх дайтай зургаан жил ажилласан. Миний редакторлосон ном харин олон доо. Бараг хоёр зуугаад шахуу юм бий. Редакторын ажлын хажуугаар ном орчуулна гэдэг их хэцүү. Залуу байсан тулдаа л амжуулж байсан юм болов уу даа. Заримдаа ч “Энэ номыг чи л орчуулах ёстой” гэсэн шахалтаар хийсэн юм бий. Владимир Солоухины өгүүллэгүүдийг ардын уран зохиолч С.Дашдооров маань “Энийг монгол түмэндээ хүргэ” гэж авчирч өгснөөр орчуулсан тохиол байна. Би ер нь хэзээ ч уран бүтээлийн чөлөө авч, мэргэжлийн зохиолч гэж сууж үзээгүй хүн. Ер нь нарийндаа одоо болтол тийм маягтай л явж байна. Нэг ажил хийдэг, тэрнийхээ чөлөөгөөр л амжуулж бичиж ирсэн. Өдий олон жилийн дараа “Уран зохиол бол миний хообий” гэж хэлбэл уран зохиол маань эрхээ биш гомдоно биз дээ. (инээв) Тэр үед уран бүтээлийн чөлөө олгодог нэг тогтоол гарсан юм.
-Ямар тогтоол билээ?
-Төрийн байгууллагад ажил үүрэгтэй зохиолчид жилд нэг удаа 15 хоногийн чөлөө олгож байх тухай юм. Алишер Навойн шүлгүүдийг номын төлөвлөгөөнд оруулчихсан чинь барьж авахад их хэцүү санагдаад. Номоо л уншаад байдаг. Сууж завддаггүй дээ. Тэгээд арван тав хоногийн чөлөө аваад Шаамарт байдаг Монголын зохиолчдын эвлэлийн уран бүтээлийн байшинд нам суусан. Их олон хоног дан орчуулга хийхээр сүүлдээ жаахан ядардаг юм байна лээ. Дунд хэсгийн, оюун халаад ирж байгаа үеийн орчуулга үнэхээр аятайхан байсан. Уншсан улсууд “Их онгодтой орчуулжээ. Хэл мэдэхээс гадна их онгод хэрэгтэй байдаг юм байна” гэдэг юм шүү. Тэгж орчуулсан ном доо. Дараа нь Ж.Лхагваатайгаа Японы хайку шүлгээс хэд хэдийг орчуулсан. “Японы яруу найраг” гэдэг хатуу хавтастай тэр ном манай яруу найрагчдад их нөлөөлсөн байдаг юм.
Үргэлжлэл бий