Categories
мэдээ цаг-үе

Лувсандамбын Батцэнгэл: Цэдэнбал даргын даалгавраар домогт Жуков жанжныд 14 хонож биеийг нь эмнэж байлаа

Ю.Цэдэнбалын дэргэд 15 жил ёслолын шадар туслахаар нь ажилласан Лувсандамбын Батцэнгэл гуайтай ярилцлаа. Өдгөө 90 насны босгон дээр тулж ирээд байгаа эл буурал эрхэм бол дөчин хэдэн оноос хойших Монголын түүхийн гэрч болсон нэгэн юм. Ялангуяа 1963-1978 оны хооронд Бал даргын шадар туслах байхдаа Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн хүрээнд болсон үйл явдлын цаад нарийн учрыг мэдэх ганц хүн нь гээд хэлчихэд буруудахгүй.“Би чинь Бал даргыг ард түмэнд бас ч гэж таниулж өгсөн хүн шүү” гэв. Энэ нь Цэдэнбалын тухай нэмэр хачиргүй үнэнийг өгүүлсэн ном бүтээлээ хэлж буй хэрэг. Тэрээр Бал даргын тушаалаар ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар домогт жанжин Г.К.Жуковт Москва дахь гэрт нь очин ардын эмчилгээ үзүүлж, амьдралынх нь сүүлчийн он жилүүдийг хуваалцаж явсан гээд яриа хөөрөө бүр нь сонин сонин түүх агуулна. Бид хоёр энэ удаад Халх голын дайн болоод гурван дайнд оролцож явсан аавынх нь тухай хөөрөлдлөө.


-Батцэнгэл гуай, та бид хоёр тохирсон ёсоор Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан аавын тань тухай ярилцана. Бал даргын дэргэд байсан он жилүүд, таны хэлснээр “матаасчдын шуурган дундуур” явсан талаар дараа нь тухтай ярья.Танай аав Цэрэндоржийн Лувсандамба нь Монголын анхны домогт нисгэгчдийн нэг бөгөөд 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, мөн эх орны баруун хязгаар Байтаг Богдын тулгаралтад оролцож, дайны талбарт байлдааны үүрэг гүйцэтгэж явсан гавьяатан юм?

-Аавыгаа амьд сэрүүн байхад бид нисэхийн түүхт ойнуудыг хамтдаа тэмдэглэж, баяр хөөр болдог байж билээ. Хурмастад хангарьд шиг халин дүүлэн нисч явсан аав минь тэнгэрт хальсаар уджээ. Гэвч мөнхөд дуурсагдах гавьяатай аавынхаа тухай Халхын голын түүхт ойн босгон дээр эргэн дурсахад бахтай байна.Аав маань залуугийнх нь цог золбоо бадарсан идэр насандаа нисэх хүчний дайчдын эгнээнд орж дайчин нөхөдтэйгөө мөр зэрэгцэн Монгол Улсын тусгаар тогтнолыг өмгөөлөн хамгаалж, эх орныхоо тэнгэрт харийн түрэмгийлэгчидтэй тулалдаж явсан Монголын анхны нисгэгчдийн нэг байв.

Аав залуудаа үг дуу цөөтэй, ажил үйлсийнхээ талаар ярих гэж байхгүй, дүү бид хоёр бага ч байж бидэнтэй юугаа ч ярих билээ. Бид хожим их, дээд сургууль төгсч, ажил амьдралд орж, ухаан сууж эхэлсэн тэр цагт харин аавынхаа ажил үйлсийн талаар сонирхож эхэлж байгаа юм. Тэр жил буюу жаран есөн онд Халхын голын ялалтын 30 жилийн ойн үеэр 1936 оны тавдугаар сард хэвлэгдсэн “Ардын үндэсний эрх” сонинг олж үзээд , тэр үед аавын тухай бичсэн сонин мэдээг дуулгахаар очлоо. Хагас зуун жилийн өмнөх түүхийг ярьж байна шүү дээ, би. Аав Халхын голын ялалтын 30 жилийн ойн медалиар шагнагдсан бөөн баяртай сууна. Би ч бас тэр медалиар шагнагдсан тул ээжээрээ мялаалгахаар ирсэн юм. Аав миний энгэр дээрх шагналыг харснаа “Чамайг юу боллоо гэж шагнаж байгаа юм бэ” гэж байна. Би аавын санааг ойлголоо. Хариуд нь “Аавыгаа дайнд явахад нь дагаж уйлаагүй гэж шагнасан юм” гэж хошигнон өчив .Харин би эл шагналыг хүртэхдээ Халхын голын ялалтын 30 жилийн ойн медалийн эх зохиох уралдаанд оролцож, миний зохиосон эх шалгарсан тул зураачийн хувьд шагнагдсан болохыг аав ээждээ хэлсэн.

-Гучин зургаан оны “Ардын үндэсний эрх” сонинд аавын тань тухай чухам юу гэж бичсэн байв?

-“Цэрэндоржийн Лувсандамба болбоос Төв аймгийн Борнуурын ардын хөвгүүн.1932 онд 17 настайдаа Улаанбаатар хот дахь нисэн хянагчийн сургуульд орж, нэгэн жилийн дараа төгсөж ахлах нисэх хянагч ба парашютын албаны даргын тушаалыг хүлээжээ. 1936 оны гуравдугаар сарын 31-ний өдөр манай улсын хил хязгаарыг нэвтрэн дотогш орсон Японы цэргийн ангитай байлдаж, нисэн хянагч Лувсандамба тэдгээрийг бөмбөгдсөн ба пулемётоор галласан бөгөөд байлдааны дараагаар нисгэгч нь шархадсан учраас буусан онгоцны нөхдөдөө тусалсан байна” гэж бичсэн байв. Түүнийг уншиж өгөөд ааваас “Тэр шархадсан нөхөр гэдэг нь хэн байсан юм бэ” гэж асууж тодруулахад аав ингэж хариу өгүүлсэн юм. “Зүүн хязгаарт Япон Манжийн цэрэг удаа дараа хил зөрчиж , байдал түгшүүртэй байсан цаг. Хэрэв дайсан довтолбол манайх тэдний халдлагад агаараас хариу цохилт өгөх зорилгоор 1935 оны өвөл тусгай отрядыг Баянтүмэн, Тамсаг булагт шилжүүлэхэд би Баянтүмэний отрядад хуваарилагдсан.Тэгэхэд отрядын даргаар Шагдарсүрэн, комиссараар Бадамхатан, штабын даргаар Машбат нар томилогдсон байлаа.Биднийг Баянтүмэнд очиход цас ихтэй, тун хүйтэн өвөл байж билээ. Бид өдөр нь сургууль дадлага хийж, шөнө нь онгоцныхоо ойролцоо байлдаанд бэлэн байдаг байв. Байлдааны түргэн жагсаалын дохио өгөхөд бүрээ дуугаргаж, штабын байрны дээр “улаан туг” босгосон байлаа. Бид нислэгийн талбайд яаравчлан цугларч отрядын дарга Шагдарсүрэн байлдааны үүрэг өгөхдөө “Японы цэрэг Адаг дулааны хавиар хилийн харуул руу довтолжээ. Бид түүнийг тосч устгана. 1200 метрийн өндрөөс бөмбөгдөж, 400 метр хүртэл доошилж дайсныг буудаж устгана. Онгоц тус бүр 12 бөмбөг зүүж ниснэ” гэж тушаав. Мөн цааш нь “Манай отрядын 12 онгоц гурав гурваараа дөрвөн хэсэг болж ниснэ.Иймд би түрүүчийн хэсгийг зүүн талыг Дагва, баруун талыг Лувсандамба, сүүлчийн хэсгийг Мөнхөө удирдана гэж отрядын дарга маань мэдэгдлээ” хэмээн өгүүлсэн сэн. Аавын ярианаас анзаарахад тэр үеийн онгоц хоорондоо одоогийнх шиг радио холбоогүй байжээ. Иймд байлдааны ажиллагааг удирдах хүмүүс тус бүр “улаан”, “цагаан” дарцаг өргөхөд онгоцноос дайсан руу бөмбөг хаяж, буудах журамтай байж. Байлдааны үүрэг авсан тэд толгойн онгоцоо дагаж ниссээр дайсны ар талд гарч наран талаас нь дайрсан байна. Японы цэрэг Алаг морьтын харуулыг чиглэж явахад нь дайрч, “улаан” дарцгаар дохио өгч бөмбөгдөв. Аав эхлээд гурван ч бөмбөг хаяжээ. Энэ тухайгаа “Миний хаясан бөмбөг цэцэн тусч байгаад урамшин дахин бөмбөг хаяв. Бөмбөгдөж дуусмагц “цагаан”дарцаг өргөж дохио өгөхөд манайхны онгоцнууд шумбан доошилж пулемётоор дайсны зүг гал нээлээ. Бид 5-6 удаа дайралт хийв. Нөхдөөсөө салахгүйг хичээж, эргэн тойрноо харахад миний ард яваа Мөнхөөгийн онгоцны хөдөлгүүрээс уур савсаж байна. Мөн отрядын даргын онгоц тулалдаанаас гарч доошилж ослын буулт хийж байгаа харагдав. Отрядын дарга Шагдарсүрэн Адаг дулаанаас нэлээд зайтай газар цасан талд онгоцоо буулгав. Би бусад онгоцнуудыг агаарт хүлээлгэж, дайсны гэнэтийн довтолгооноос сэргийлэх арга хэмжээ аваад, өөрийн онгоцыг нөхрийн онгоцны ойролцоо буулгаж түүн дээр очиход тэрээр дал мөрөөрөө нэвт шархадсан байв.Би Шагдарсүрэнгийн шархыг боож өгсний дараа “Та шархтай байна. Миний онгоцонд суу” гэхэд “Би өөрөө онгоцоо барьж явж чадна” гэж хэлээд Шагдарсүрэн өөрөө онгоцоо жолоодож Баянтүмэнгийн нисэх онгоцны буудалд эсэн мэнд буусан юм даа” гэж байлдааны үйл явдлыг ёстой кино шиг л ярьсан. Тэр шархадсан хүн гэдэг нь отрядын дарга Шагдарсүрэн байсныг аав минь дурсан ярьж билээ.


Зураг дээр зүүнээс урд эгнээнд Ч.Батцэнгэл, Ю.Цэдэнбал, Л.Лувсандамба, В.А.Судец нар

-“Агаарын зоригт баатар” гэж алдаршсан Чоймболын Шагдарсүрэн байх нь. Энэ хүн бол яалт ч үгүй Монголын ууган нисгэгчдийн нэг гэдгээрээ түүхэнд үлдсэн. Тухайн өдрийн тулаанд танай аавын онгоцонд дайсны 42 сум туссан байсан гэдэг?

-Тийм ээ, Шагдарсүрэн баатрыг шархдаад байж байхад нь буугаад шархыг нь боож өгч байсан гэдэг. Нисэх ангийг удирдаж байсан хүн шархадсан гэхээр дайсны талд болдоггүй юм билээ. Тэгээд нэрийг нь нууцалдаг байсан, хожуу нэрийг нь хэлдэг болсон. Тэр өдрийн тулалдаанаас аав буцаж ирээд онгоцоо шалгаж үзэхэд 42 ширхэг бууны сум оносон нүх байсан, мөн суудлынх нь нэг тулгуурыг их бууны сум сэтэлсэн байсан гэдэг. “Их бууны сум голлож тусаад дэлбэрсэн бол тэгээд өнгөрөх байлаа. Би ч мөн ус уух хувьтай золиг шүү” гэж хожим дурсаж байж билээ. Ийнхүү Халхын голын тэнгэрт дайсны сумны өмнөөс сөрөн тулалдаж эх орноо хамгаалж явсан агаарын шонхруудын нэг аавын минь гарамгай гавьяаг БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн13 дугаар хурлын тогтоолоор “Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон”-гоор шагнасан. Дөчин таван оны дайн есдүгээр сард зарлагдахаас нэг хоногийн өмнө аавыг Цэргийн яамны жанжин штабт дуудаад Дарьгангад байгаа цэргийн штабт нууц бичиг хүргэх тушаал өгчээ. Дарьгангад нисээд очтол Монгол Улс Японд дайн зарлачихсан, Монгол Зөвлөлтийн арми их давшилтад орсон байж гэнэ. Нэгэнт тушаал авсан цэргийн хүн буцах эрхгүй учир араас нь Синси сум руу очсон байна. Нууц бичгээ өгөөд буцах гэтэл залуу жанжин Лхагвасүрэн “Чи буцахгүй, энд зөвлөлтийн сөнөөгч онгоцны 350 дугаар ангийн бүрэлдэхүүнд орж байлдааны үүрэг гүйцэтгэнэ” гэж тушаажээ. Ингэж аав минь Монголын нисгэгчдээс 1945 оны дайнд ганцаараа үүрэг гүйцэтгэсэн.Бусад нь Хэнтийд нисэх онгоцны дадлага хийгээд яг явах гэж байтал дайн дууссан байдаг. Аав шархадсан цэргүүдийн эмнэлэгт хүргэж өгнө, фронтуудын хооронд холбоо барих үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол Хянганы нуруун дээгүүр эргэлдэн нисч дайсны хориглолтыг тагнан, хаана хаана чиг нь байна гэдгийг газрын зурагт тэмдэглэх даалгавартай. Дайсны хориглолт хаана хаана нуугдаж байгаа агаараас авсан зургаа сумангийн нөхдөдөө хэлж тэд нь их буугаар буудаж сөнөөдөг ийм л нарийн тактиктай байж. Нянтайсүрэн гуайн хуягт бригадын давшилтыг ийнхүү хангаж байсан нь аавын минь баатарлаг гавьяа мөнөөс мөн. Наад зах нь хүчилтөрөгчийн аппарат, радио холбоо гэж байхгүй, тэр өндөрт Хянганы нуруун дээгүүр ниснэ гэдэг чинь амь дүйсэн ажил шүү дээ. Маршал Чойбалсан Жэ Хэ хотод “Дуглас” онгоцоор буухад зөвлөлтийн сөнөөгч онгоцны 350 дугаар хорооны дарга Островский “Зөвлөлт-Монголын хамтарсан нисэх анги байлдааны үүргээ амжилттай биелүүлж байна. Ялангуяа Монголын нисгэгч нөхөр Лувсандамба хөнгөн онгоцоороо байлдааны чухал үүргийг сайн биелүүлж байна” гэж маршалд рапорт өгөхдөө илтгэсэн байдаг. Аавын минь байлдаанд оролцсон онгоцных нь зургууд бүгд бий. Жэ Хэ-д байхад нь Маршал очиж байх үеийн зураг ч бий. Би даргын (Ю.Цэдэнбалыг хэлж байна) дэргэд байхад нэлээд нарийн зүйлүүдийг нь судалж, олж авсан юм. Бас нэг түүхтэй зургийн тухай өгүүлэхэд, Маршал В.А.Судец 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Цэдэнбал даргын урилгаар манайд ирсэн. Тэгж ирэхэд нь Монгол Улс Судец гуайг баатар цолоор шагнасан юм.

-Зөвлөлтийн баатар, нисэх хүчний маршал өнөө алдарт Судец?

-Судец гуай бол дэлхийн гурван улсын баатар хүн. Халхын голын тэнгэрт Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан тулалдаж БНМАУ-ын баатар цол шагнагдсан. Эх орныхоо тэнгэрт Гитлерийн фашистуудыг бут ниргэн ялалт байгуулж ЗХУ-ын баатар цол хүртсэн. Мөн Югославын тэнгэрт ард түмнийг нь атаат дайснаас хамгаалан тэмцэж Югославын ардын баатар цол хүртэж алдраа мандуулсан хүн. Гучин дөрвөн оны хавар нисэх бригадын зөвлөх Судец 2000 метрийн өндөрт нисч байгаа У-2 онгоцноос шүхрээр буусан явдал нь Монголын нисэх хүчний түүхэнд онцгой үйл явдал болсон. Цэргийн нисэх хүчинд шүхрийн спорт үүсч хөгжсөнтэй холбогдуулан нисэн хянагч аавыг минь шүхрийн албаны даргаар анх томилсон хүн нь Судец гуай юм. Далан нэгэн онд Судец маршалтай аавыг уулзуулсан. 1936 онд өөрөө дарга болгож байсан хүнээ шууд таниад аав тэр хоёр тэврэлдэн уйлалдаад сүйд болж билээ. Бал даргад “Би энэ хүнийг анх шүхрийн албаны даргаар томилж байсан юм” гэж хэлэхэд дарга хариуд нь “Энэ чинь манай Батцэнгэлийн аав байна шүү дээ” гэж байсан сан. Гучин долоон оны наадмаар Монголд байхдаа наадамчдад цэргийн сургууль үзүүлсэн юм билээ. Шүхрээр буух, онгоцноос бөмбөг хаях, агаараас буудах сургуулийг үзүүлжээ. Наадмын үеэр К-5 нисэх онгоцонд хүмүүсийг суулгаж үзүүлснээ дурсдаг. Лам нар хүртэл онгоцоор анх нисч үзсэн байна. Мань хүн лам нараас “Тэнгэрт бурхантай уулзав уу гэж асуухад олж хараагүй” хэмээн хариулсан тухай инээдтэй яриа ч ярьдаг байсан Судец баатрынд Моквад гэрт нь очсон. Намайг гэртээ урьсан юм. Генерал Содномдаржаа гуай бид хоёр хамт очсон. Баахан л дайн дажны тухай ярьж билээ. Явах болтол “Би чамд бэлэг өгнө” гэлээ. Надад модон хуйтай маузер буу бэлэглэж байсан. “Эх орны дайны үед ч, дараа нь энх цагийн үед ч надаас салаагүй сайн нөхөр минь” гэж надад дурсгасан бэлгээ хэлж байсан. Би чинь ингэхэд Бал даргын даалгавраар Жуков жанжин, Судец маршал нарын биеийг эмнэж байсан хүн.

-Бас л сонин сайхан сонсогдож байх чинь. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Ардын эмч Хайдав гуайгаар монгол эм барихыг заалгаад, хэдэн өдөр ардын эмнэлгийн хүрээлэн дээр өнжлөө. Эмээ яаж буцалгаж, яаж хөргөх, ямар тунгаар өгөх гээд тэр бүгдийг асууж эргэж дадлага хийж шалгуулж байсан. Тэгээд л домогт Жуков жанжин дээр очсон. Москвад тусгай гоё хашаатай гэрт нь морилсон. Монголоос нэг тарган ирэг алуулаад махыг нь аваад явсан. Монгол эм залж байгаа учир тарган хонины махаар шөл хийж өгөх хэрэгтэй болсон нь тэр. Шөлийг нь хурцдана гэж айгаад тос багатай өгч байв. Жуков гуайн гэрт 14 хонож биеийг нь эмнэсэн. Баатар маань гэрээсээ гараад 300 метр явдаг боллоо. Бал дарга руу утасдаад “Чиний явуулсан хүний эм танг уугаад хашаан дотроо 300 метр явдаг боллоо” гэж баяртайгаар хэлж байсан. Жуков гуай дайны хүнд цагт хүйтэн нойтон явж байгаад бие нь дордсон байсан. Нас өндөр болсон үед залуугийн хайхрамжгүй юмнууд нь гарч ирдэг юм билээ л дээ. Мөн миний бие 1945 оны чөлөөлөх дайны Монгол-Зөвлөлтийн байлдаан ы группийг ахалж байсан ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, армийн генерал Исса Александрович Плиев гуайг гэрт нь очиж эмнэж байсан. Плиев жанжныд сар гаран болж байсан. Дайнаас хойш Бал даргатай их ойр байсан хүн. Монгол эм тан ч хэрэгтэй үедээ хэрэг болдог шиг байна лээ. Тэгж би амьдралдаа эмч хийж дэлхийн домогт баатруудыг эмнэж явсан толгой.


Маршал Чойбалсан Жэ Хэ хотод онгоцоор буугаад байгаа нь. Онгоцны дэргэд зүүнээс дөрөв дэх нь Ц.Лувсандамба. 1945 он.

-Байтаг богдын тулгаралтад оролцож байсан тухайд ярихгүй юу?

-Баруун хязгаарт Байтаг богд орчмоор манай улсын хилийг зөрчиж ирсэн Гоминданы болон Оспаны дайчдыг бут цохих тулгаралтад оролцох нисэх отрядыг U-15 сөнөөгч онгоц, мөн По-2 онгоцоор зэвсэглэж Уушгийн ус гэдэг газар байрлуулжээ. Гоминданы цэрэг Байтагийн Хужирт Улиастай голын бэлчирт байрласан байж. 1947 оны зурадугаар сарын 1-нд Монголын Засгийн газар тулган шаардах бичгийг явуулж гурав хоногийн дотор манай хилээс гарахыг тулган шаарджээ. Гэтэл дайсан дурьдсан хугацаанд гарч яваагүй учир 6-р сарын 4-ний өглөө дайсны байрлал руу бөмбөгдөх тушаалыг манай нисгэгчид хүлээн авч, шууд бөмбөгдсөн байна. Эл бөмбөгдөлтийг Зайсанов эхэлж дараа нь Гунгаа тэгээд, Жамбалдорж сүүлд нь Дагвадорж сөнөөгч онгоцноос бөмбөг хаяж, По-2 онгоцоор араас нь явж байсан Нямдорж, Лувсандамба, Дашдаваа, Өлзий-Утас, Лүндэгдамба нар мөн бөмбөгджээ. Би аавыгаа тэнгэрт дархлагдсан заяатай хүн гэж биширдэг юм. Аав маань дайн тулаанаас гадна ердийн нөхцөлд ч ногдсон үүргээ биелүүлэх явцад түүнд амь өрссөн нислэг нэг бус удаа тохиолдож байсан.1943 оны тавдугаар сард Лхагвасүрэн жанжинтай Өндөрхаанаас Сайншанд орохоор нисч явтал аавын жолоодож явсан Я-6 онгоцны таван салаа моторын хоёр нь тэс үсэрч, мотор унтран нам гүм болжээ. “800 метрийн өндөрт тохиолдсон боловч нисгэгч маань онгоцоо агшин зуур эзэмдэн авч аажмаар доошлуулан шүхэрлэх мэт зөөлөн буулгав. Нисгэгч гэмтэл учирсан мөчид самбаатай тайван ажиллаж байгаа нь газарт эсэн мэнд буух итгэл төрүүлж байв” гэж хожим залуу жанжин Лхагвасүрэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” номондоо бичсэн байдаг. Аав минь Халхын голын дайны баатарлаг хөвгүүн, домогт Лхагвасүрэн жанжинг “Та айх аюулгүй, амийг чинь би хариуцна” гэж хэлээд Дорноговь аймгийн Их хэт суманд онгоцоо амжилттай газардуулж байсан. Мөн 1947 оны намрын сүүл сард цэргийн госпиталын мэс заслын их эмч Дамбийням гуайг Говь-Алтай аймагт байрлаж буй цэргийн ангид хүргэхээр Эгийн даваан дээгүүр нисч явтал гэнэт мотор нь унтарчээ. Аав Дамбийням гуайг тайвшруулаад Эгийн даваа алсаас өгсдөг учир онгоцоо давааны намаас өндөр тийш шүхэрлэн буулгасан байдаг. Онгоц газардах үед бул хар чулуу тааралдаж өрөөсөн дугуйгаа гэмтээжээ. Ямар чиг байсан тэд амь осолдолгүй буусан юм. Онгоцны мотор агаарт нисч явахад нь унтарсан шалтгаан нь шатахуун дамжуулах хоолойг тамхины иш бөглөснөөс болсон гэж тогтоосон. Зүүний сүвэгчнээс ч нарийн нүхтэй шатахууны шүүлтүүрээр тамхины иш орсон гэдгийг үнэмшихэд бэрх. Зориудхийсэн эсэх нь оньсого мэт тайлагдалгүй үлджээ. Монголын нисэх хүчний түүхэнд гурван дайнд гурвууланд нь оролцсон нисгэгч манай ааваас өөр байдаггүй. Үнэхээр л баатар болох гавьяатай хүн. Гэтэл баатар бүү хэл шоронд хүртэл орж явсан. Дөчин хоёр онд дайсны онгоцыг магтаж өөрийнхөө онгоцыг муулсан гэж аавыг шоронд хийж байсан. Яахав, 42 сумны нүх орсон манай онгоц төмөр муутай гэж хэлснээс үүдэн матаас очихгүй юу. Би бол аавыгаа их өмөөрдөг. Хүү нь өмөөрөхөөс ч өөр яахав, ер нь олон юмнаас хасагдсан хүн. Үр ач нар нь харин ийм л зоригт өвөөгийнхөө гавьяаг дурсаж яваг гэж баатар цолоор шагнагдаагүй ч баатарлаг үйлсийг нь бодоод сэтгэлээ зогоож амьдардаг юм даа, би.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *