Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн билээ. Тэгвэл уг газрыг түшиглэсэн Төв Азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төв байгуулахаар шав тавилаа.
Луут хотын туурийг анх газрын зургийн программаар олж байсан түүхтэй. 2019 оны долдугаар сард эндээс ханз бичигтэй ваар олж байжээ. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг Шаньюй гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг яаралтай малтах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Хот 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан, зөвхөн дрон нисгэж агаараас зургийг харахад мэдэгдэнэ. Монголын археологчид Луут хотыг олохгүй байсан шалтгаан нь өндөр хана хэрэмгүй байсных гэж үзэж байна. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотлохоор , 20 орчим оюутны бүрэлдэхүүнтэй судалгааны баг малтлагыг явуулж, шинжлэх ухааны салбарын түүхийн хуудсанд бичигдэх үйл явдлын гэрч болжээ.