“Үлэмж биет” А.Ичинноровын багын найзтай уулзахаар Батцэнгэл сумын нутаг дахь Хутагтын амыг зорьсон юм. Тэнгэр хангай хуйсагнаж, бороо ганц хоёр дуслах ажээ. Мөн Хутагтын эхний модот уулсын хэнхдэгээр манан буужээ. Холоос хангай нутгийн уулс сүрдэм харагдана.
“Хадаа аварга жижигхэн биетэй Бадарч гэдэг хүнтэй үй зайгүй найзалдаг байсан гэдэг. Ичко бид хоёр яг тэдэн шиг. Нэг нь динозавр шиг том, нөгөөх нь хариугүй жижигхэн биетэй. Манай сумын үеийнхэн, сургуулийнхан бид хоёрыг тэмээ, ямаа хоёр явж байна гээд л их шоолдог байлаа. Бид хоёр ёстой л хар багын найзууд” хэмээн ярих залууг Б.Гомбосүрэн гэдэг. Батцэнгэл сумын хоёрдугаар багийн малчин.
“ЯПОН ХЭЛ ЯАЖ СУРСНЫГ НЬ ГАЙХААД БАЙГАА. БИД ХОЁР ГАДААД ХЭЛЭНДЭЭ МУУ Л АВДАГ БАЙСАН ДАА”
Ичкогийн багын найз Б.Гомбосүрэн саяхан шинэ гэр барьж, хурим найр хийжээ. Гэргий нь амаржаад удаагүй болохоор сумын төвд дулаан газар хэд хоног байж шинэ хүнээ торниулахаар явсан байв. Харин гэрийн эзэн Б.Гомбосүрэн аавынхтайгаа айлсан намаржиж байна. Намрын сүүлч сараас өвөлжөө рүүгээ нүүх гэнэ. Түүнтэй найзынх нь талаар хөөрөлдлөө. Түүнийг нутгийнхан нь Өөдөө хэмээн дууддаг байна.
–А.Ичинноров та хоёрыг бүүр багын найзууд гэж сонсоод таныг зориод ирлээ. Найзынхаа ямархуу хүүхэд байсан талаар ярихгүй юу?
-Ичкотой саяхан утсаар ярьсан. Япон явснаас нь хойш холбоо бариагүй ч сэтгэлдээ бол мөнхийн найзууд шүү дээ.Тэгээд мэргэжлийн сумод амжилттай яваа юм чинь аягүй бол утсаа авахгүй байх гэж бодсон ч “Залгаад үзье. Хуримаа хийсэн гэдгээ хэлнэ” гэж бодоод залгасан. Тэгсэн хэдхэн дуудуулаад л утсаа авч байна лээ. “Зурагтаар чиний барилдахыг хараад л байгаа шүү. Найз нь хөдөө малаа хариулаад л байж байна даа” гээд ярьсан. Бид хоёр дөрөв дэх өдрийн барилдааны үеэр ярьсан юм аа. Ичко яг л хэвээрээ байна лээ. “Найз нь бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмцээндээ ороод л байж байна. Хуримаа хийсэнд баяр хүргэе. Тэгж байгаад найзындаа тухтай очно” гэж байна лээ. Би Ичкогоос “Чи япон хэл яаж сурсан юм бэ” гэж сонирхоод асуусан. Бид хоёр гадаад хэлэндээ тааруу, муу л авдаг байсан. Орос, англи үг ерөөсөө хэлж чадахгүй. Хэл дультраад, дандаа буруу хэлдэг байсан байх өө. Тэгээд яаж Япон хэл сурсан гэдгийг асуусан. Тэгсэн өөдөөс японоор яриад гайхшруулсан. Япон хэлээр ус, цас шиг л ярьдаг болсон байна лээ. Тэгээд намайг шоолж инээж байснаа “Хичээвэл их амархан сурдаг юм байна. Чи япон хэл сурна гэвэл би зааж өгнө шүү” гэж байна лээ. Бас манай ямааг хамт самнаж, хөглөж байсан дурсамжаа ярьж зөндөө инээлдсэн.
–Ямархуу хүүхэд байв?
-Ичко бага байхын л уургүй, тайван, сайхан ааштай хүүхэд байсан. Бүдүүн биетэй мөртлөө их хурдан гүйнэ. Бага байхдаа бусад хүүхэдтэй хөөцөлдөөд гүйхээр бүгдийг нь бариад авдаг байсан. Ангийнхаа хүүхдүүдийг хочилж шоолдог, хамгийн сахилгагүй, их үймүүлдэг хүүхдүүд байлаа. Ер нь Д.Дашдорж бид гурав салахгүй найзалдаг байсан. Өглөө хичээлд явахдаа, өдөр хичээлээ тараад, орой бараг л нэгнийдээ хонох шахна. Хаврын сурагчдын амралтаар хамт ямаа самнана. Манайх Ш.Алтанхуяг ахынхтай хаваржаа ойрхон. Тэгээд л жижиг гэрт ямаа оруулж байгаад самнана гэж үзүүлж гарна. Сумын төвд байхаараа таалагддаг охидууд дээрээ очиж дуудна. Манай хүн ангийн нэг охинд сайн. Бид хоёр тэр охиныд мөн ч олон удаа очсон доо. Оччихоод юу ч ярихгүй зогсож, зогсож бараг шөнө болсон хойно ээж, аавд нь хөөгдөх шахам явцгаана.
–Тоглож өссөн найзыгаа барилдахыг зурагтаар харах сайхан биз?
-Үнэхээр сонин, огшоод л явчихна. Барилдаан нь дөнгөж эхлэх үед нь би хот орж таарсан. Тэгээд хотод байдаг найзууддаа “Энэ миний багын найз” гэж хэлэхээр хүмүүс надад хүртэл баяр хүргээд байна лээ. Тоглож өссөн найзыгаа барилдахыг нь зурагтаар хараад сууж байх үнэхээр сайхан байдаг. Ирэх жилийн зун ирэхээр нь хэдэн гүүгээ уяж байгаад сайхан хүлээж авна, найзыгаа. Надтай утсаар ярихдаа “Уулзах юмсан гэж байнга боддог” гэж байна лээ гэв.
“ХОНЬ ХАРИУЛЖ ӨССӨН НАЙЗ МИНЬ ЮМ ШҮҮ”
Ичиножо Ичинноровын багын найзтай ингэж ярилцаад Ш.Алтанхуягийн гэр лүү эргэн явлаа. Биднийг очих үед зүүн хойноос мотоцикльтой залуу давхин ирэв. Мэнд мэдэлцээд цөөн зүйлс ярив. Адуундаа явж байгаа гэнэ. Мөн “Ш.Алтанхуяг ахаас хэдэн адуугаа сурахаар явж байгаа” гэв. Тэгсэн гэрийн эзэгтэй Н.Болортуяа “Хүүе, Даашка ойрд үзэгдэхгүй юу болов. Манай хүүгийн ангийн хүүхэд байгаа юм. Хамгийн ойр байдаг найзуудын нэг. За, Даашка найзынхаа талаар сэтгүүлчид яриад өгөөрэй. Ах, эгч хоёр нь яриад дуусчихсан” гээд инээв. А.Ичинноровын ангийн найз Д.Дашдоржоос цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр сургуулиа төгсөөд малчин болсон байна.
–Найзынхаа барилдахыг үзэж байна уу?
-Үзэлгүй яах вэ. Байнга л үзэж байгаа. Миний найз үнэхээр сайн барилдаж байгаа. Ирэх сарын башёг нь догдлоод л хүлээгээд байгаа. Ичко бид хоёр нэг ангид сурдаг. Бас манай хоёр гэр олон жил өвөлжиж, хаваржиж байсан. Бид хамт хонь хариулдаг байсан. Сургуульд орохын өмнөөс хургатай хонь хариулах, ишиг эхэд нь тавьж өгөх, тугалдаа хамт явах гээд байнга хамт байсан. Бид хоёр тугал уургалж тоглоод хүмүүст мөн ч их загнуулдаг байсан даа.
–Чамайг хүүхдүүд дээрэлхэхээр өмөөрдөг байсан гэсэн?
-Ичко өөрөөсөө болж хүнтэй ер муудалцахгүй. Харин ангийнхаа хүүхдүүдийг бусад хүүхдээс их өмөөрдөг. Дээд ангийнхантай биднийг өмөөрөөд олон удаа зодолдож байсан. Би Ичкотой сургуульд орохоосоо эхлээд есдүгээр анги төгстөлөө барилдахдаа нэг ч удаа давж үзээгүй. Уг нь сургуулийнхаа том биетэй бусад хүүхдийг ямар нэгэн аргаар давчихаад л байдаг юм. Ичког ерөөсөө барахгүй. Ичко тавдугаар ангид байхдаа есдүгээр ангийн ах нартай барилдаад давдаг байсан. Их бяртай шүү дээ. Бид хоёрдугаар ангид байхдаа өвлийн амралтаар бяруу уургалж тоглож байгаад Ичко цасан дунд чирэгдээд уургаа алдчихсан. Өдөржин уургаа салгаж авах гэж хөөцөлдөж байлаа” гэв.
Биднийг ийн ярилцаж байх зуур гэрийн эзэд ирсэн зочиддоо хонь гаргаж байв. Н.Болортуяа эгч гаргасан хонины гэдсийг арилгах зуураа “Хотын хүүхдүүд та нар хоол унд муутай л явдаг хүмүүс. Шөл ууж, ядаргаагаа тайл. Бас өөх идэж чадахгүй юм биш биз дээ. Манай хонь энэ жил тарга сайхан авчээ” гэх. Хөдөөний малчин монгол айл ийм л зочломтгой байдаг даа хэмээн бодогдох ажээ. Малынхаа үр шимийг бүрэн хүртэж байгаа малчин Ш.Алтанхуягийнх бууж, мордох нутгийнхан, холоос зорьж ирсэн зочин гийчиддээуруул чимчигнүүлж, тос хөвсөн айраг хул хулаар нь сөгнөж, цөцгий нь урссан хуруу зузаан өрөм таваглаад их зочломтгой. Бүр хүүгийнхээ авчирч өгсөн гэх архийг хүртэл задалж, амсуулаад цааш нь тавих ажээ. Сумо бөхийн ертөнцөд олон түүхэн амжилт эвдэж, шинэ хуудсыг нээгээд байгаа А.Ичинноров гэх залуугийн төрж өссөн гэр, аав, ээж энгийнээс энгийн, тайван сайхан юм. Бид өглөө эртлэн тэдэнтэй дахин уулзах ерөөл тавиад сумын төв рүү хөдөллөө. Гэрийн эзэгтэй сүүнийхээ дээжийг өргөсөөр, Ш.Алтанхуяг ах бидний араас харсаар хоцорсон юм.
Хүрэн морь гэдсээ нум болтоо татаж уяа дэрлэн зүүрмэглэх, намаршаад зүс нь гундсан унага бэлчээрт гарсан эхийнхээ хойноос зэлэн дээр цолгиун дуугаар янцгаан, газар цавчлан зогсох тансаг дүр зураг, дун цагаан гэрүүд алсарсаар бид уул давлаа. Улсдаа хамгийн олон бөхтэй сум хэмээн алдаршаад байгаа Батцэнгэл сумынхан Ичиножо Ичинноровоор хэрхэн бахархаж байгаа талаар сурвалжлахаар сумын төв рүү орлоо.
Э.ХҮРЭЛБААТАР
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН