Categories
мэдээ эдийн-засаг

Лондонд “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулагдав

ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотноо 2014 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр уул уурхайн Англо-Американ компанийн төв байранд “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт болов. Монгол-Британийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан тус уулзалтад Британийн хөрөнгө оруулагчид, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд, Британи дахь Монголчуудын Холбооны гишүүд, Элчин сайд Н.Тулга болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид оролцов. Тус арга хэмжээний үеэр Англо-Американ компанийн Монгол дахь төлөөлөгч Грэм Хэнкок, Сандерланд /Sunderland University/ их сургуулийн Бизнес хөгжлий менежер Жорж Хант, Чевнингийн сангийн магистрын тэтгэлэгт оюутан, бие даасан судлаач Ч. Эрдэнэдалай, Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбооны гишүүн Жэйн Айзакс, Австралийн Парламентын гишүүн асан Кэрстен Ливермур нар Монгол Улсын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, бизнесийн орчин, боломжуудын талаар тус тус танилцуулга хийв.

Англо Американ компанийн Монгол дахь төлөөлөгч Грэм Хэнкок хийсэн танилцуулгадаа Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахад хялбар боловч хууль эрх зүйн тогтворгүй байдал, гэрээ хэлэлцээрийг чанд мөрдөхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад бэрхшээл үүсгэдэг тухай дурдав. Мөн тэрээр Англо Американ компани нь Монгол Улсын уул уурхайн аж үйлдвэр, бизнесийн орчны талаар мэдээ мэдээлэл авах, Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоох, ирээдүйн боломжийг тодорхойлох, зэсийн хайгуулын төсөлд үнэлгээ хийх, хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бэлтгэл ажлыг хангах зэрэг ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухайгаа ярив.

Сандерланд Их сургуулийн бизнес хөгжлийн менежер Жорж Хант Монгол улсад чанартай боловсролын хэрэгцээ шаардлага их байдаг тухай болоод түүнд хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж байгаа талаар ярив. Тус сургуульд 2014 онд Монголоос 2 оюутан сурч байгаа, 2015 онд 5 оюутан сургахаар төлөвлөж байгаа юм байна. Британи Улс жилдээ 17 тэрбум фунт стерлингийн ашгийг боловсролын салбараас олдог ба жил бүр 300,000 гадаадын оюутан тус улсад суралцдаг гэв.

Бие даасан судлаач Ч.Эрдэнэдалай Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн бодлоо толилуулав. Өнөөгийн эдийн засгийн бууралтын шалтгааныг 2008-2009 онуудад үүссэн нөхцөл байдалтай харьцуулан шинжилж, цаашдаа эдийн засгийн өсөлтийн хэвийн нөхцлийг хангахад засаглалын тогтвортой байдал чухал байгааг онцлов.

Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбооны гишүүн Жэйн Айзакс нь Монгол Улсад 2014 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Mongolia Mining-2014” олон улсын үзэсгэлэнд оролцож, тэнд ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, мэдээ мэдээлэл авах, цаашдын бизнес боломжийг тодорхойлох зэрэг зорилготой байсан тухайгаа ярив. Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбоо нь 1978 онд байгуулагдсан ба тус холбооны гишүүд болох 32 компани нь жилд 1 тэрбум фунт стерлингийн уул уурхайн тоног төхөөрөмжийг экспортлодог байна.

Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж буурсан ч эрдэс, ашигт малтмалын арвин их баялагтай Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай ажиллах боломж их байгааг Британийн компанийн төлөөлөгчид онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *